2012-01-25
Ирээдүйгүй улс өнгөрснөөрөө бахархана
 Улаанбаатарчууд бидний аж төрөн суугаа дөрвөн уулын дундах энэ хонхорыг урьд цагт “Хүн чулууны хонхор” хэмээн нэрлэдэг байсан юм гэнэ лээ. Хот хүрээ бий болохоос өмнө энд урьдын эздийнх нь булш бунхан, хөшөө чулуу элбэг байж л дээ. Одоо бидний ажиллаж амьдарч байгаа зарим нэг байшингийн суурийг тэдгээр чулууг оролцуулан барьсан ч гэсэн яриа байдаг. Ийнхүү шинэ үеийнхэн өөрсдийн амьдрах энэ газраа өөрчилсөөр өнөөгийн дүр төрхийг нь бий болгожээ.

Гэтэл энэ газар угаасаа ийм хүн чулуутай байх тавилантай юм уу, монголчууд бид үүнд тийм их дуртай юм уу, нэг мэдсэн “Хүн чулууны хонхор” маань буцаад хүн чулуугаар дүүрч одоо “Хүн чулуун хот” болжээ. Хаашаа ч харсан хүн чулуу, гадна дотны, алдартай алдаргүй, таньдаг таньдаггүй, сайн муу дүүрэн хүн чулуу хотын төвдөө ч их, зах хавиараа бол бүүр бөөнөөрөө эрийлдэн сэрийлдэн хүн айлгана.

Гэхдээ эдгээр чулуун хөшөөдийг мэдээж хотын өнгө үзэмжийг сайжруулахын төлөө хийж байгаа байх. Хийсээр байтал нэг харахнээ тэдгээр нь харин нэлээд олон болжээ. Улаанбаатар хотыг өнгө үзэмжтэй, тохилог сайхан, хүн аж төрөхөд таатай тийм орчин болгох ёстой. Тийм болгохын төлөө ч хичээж байгаа биз ээ. Өнгөрсөн жил лав Баянзүрх дүүрэгт заан дээр суугаа сармагчин тэргүүтэн хэдэн амьтдын хөшөө босгосон байсан. Мөн зүүн тийш Амгалангийн тэнд хэдэн нохойны хөшөө бас босгосон байхыг харав.

          Нохой бол үнэхээр хөөрхөн, хүний үнэнч нөхөр болохоор хөшөө зориулж босгохгүй бол тун болохгүй чухал байх л даа. Гэхдээ нохойны хөшөө босгож суух нь өнөөдрийн хувьд тулгамдсан асуудал яавч биш санагдана. Нохой, сармагчны хөшөө цутгаж суухаас илүү чухал, тулгамдсан, хоолой дээр тулсан зүйлүүд бидэнд зөндөө л баймаар сан. Яг одоохондоо бид сайхан нохойны хөшөө харж явах уу, аль эсвэл хажуу дахь зам нь тохитой, аюулгүй, эвдрэлгүй байх нь илүү чухал уу гэдгийг ялган салган ойлгомоор санагдана. Эхлээд тулгамдсан асуудлуудаа шийдсэний дараа нохой байтугай өт хорхойд ч зориулан хөшөө босгох тийм жаргалтай цаг аяндаа ирэх биз ээ.

          Энэ мэт одоохондоо үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг нь хэлэхээр манайхан юм хийсэн хүнийг шүүмжиллээ гэнэ, юмыг сайн талаас нь харахгүй дандаа харлуулдаг гээд их л дургүй. Ер нь ч тэгээд шулуухан хэлэхэд зарим нэг бүтээн босголт, өнгөц төдий тохижилт нь төсвийн мөнгөнөөс хулгайлах сайхан далим, халхавч болдог шиг байгаа юм даа.

Нэгэн ухаантан ингэж хэлсэн байдаг юм. Аливаа хөрөнгө оруулалтыг гурав хуваадаг гэж. Энэ нь өнгөрсөнд хийх хөрөнгө оруулалт, мөн одоод болон ирээдүйд хийх хөрөнгө оруулалт гэсэн энэ гурван төрөл хөрөнгө оруулалт байдаг аж.

Түүнийхээр хамгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт бол өнгөрсөнд хийх хөрөнгө оруулалт гэнэ. Энэ нь нөгөөх олон өнгөрсөн хүмүүс болон нохой, сармагчинд зориулсан дэмий хөшөө дурсгал, өнөөх төрийн ордонд хэдэн зуун саяар гал түлж зугаацан марзаганах, шашин руу мөнгө хийх, үр ашиггүй бурхан, суварга босгох, утга учрыг нь ойлгуулахын оронд алт мөнгөөр ном бүтээх, элдэв түүхэн ойг далимдуулан идэж уун зардал ихтэй тэмдэглэх эд бүхэн багтана.

Хамгийн энгийнээр хэлэхэд л 800 жилийн өмнө амьдарч байсан Чингисийн нэрээр өнөө үеийн бид дэмий мөнгө сүйтгээд байна гэсэн үг л дээ. Ж.Неругийн нэг сайхан үг байдаг. Өнөөдрийг ойлгох, ирээдүйг урьдчилан харахын тулд түүхийг хүн сонирхох ёстой гэж. Тийм учраас өнгөрсөн түүх мэдээж чухал. Түүхэн ойг үр дүнтэй, хүний тархинд ойлгуулж ирээдүйнхээ төлөө тэмдэглэх болохоос зүгээр л хөрөнгө мөнгө үрэх, наргин зугаацах төдийгөөр тэмдэглэвэл ямар ч хэрэггүй үрэлгэн ажил болох юм даа. Түүхээ хүндлэх хэрэгтэй болохоос түүхтэйгээ зууралдан, өнгөрснөөрөө амьдран, үүнээс шалтгаалж энэ үеийнхэн нь илүү хохирох ёсгүй. Өнгөрсөн үе өнөөдрөөс илүү чухал биш ээ. Хэн хуучинтайгаа зууралдана, тэр бүхнээс хоцрох тавилантай гэдэг билээ.

          Өнөөдөр бол өнгөрснөөс илүү чухал юм. Тийм учраас бид өнөөдөртөө зориулан хөрөнгө оруулалт хийдэг. Юун зааны хөшөө барих, цаана чинь хүн амын дөчин хувь нь ядуу амьдарч байна, ядуурал багасах биш улам нэмэгдэж байна, ядуу амьдралдаа гутарсан хүмүүс архинд орж шөнө бүр л энэ хүйтэнд хэд хэдээрээ хөлдүүс болж байна, ажилгүйдэл, хотын утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, аюулгүй байдал гээд шийдэх асуудал тоймгүй их. Үүнийг шийдэх гэж зам засаж байна, утаагүй зуухаар хангаж байна, орон сууц барьж байна, ард түмнээ ядаж хоолтой байлгах гэхдээ мөнгө тарааж байна. Энэ бүхэн бол хүнтэй холбоотой асуудал, одоохондоо найр наадам, хөшөө дурсгалаас илүү анхаарал хандуулж хөрөнгө оруулах ёстой асуудал мөн билээ.

          Харин ирээдүй бол өнөөдрөөс бүүр илүү чухал юм. Тийм учраас л ирээдүйдээ зориулан хийх хөрөнгө оруулалт бол хамгийн зөв зүйтэй зүйл билээ. Мөнгө тараах гэдэг өнөөдрийн л ажил. Харин ирээдүйдээ буюу боловсролд, эрүүл мэндэд, шинэ техник технологи, өндөр технологи гэх мэт хэтдээ эх оронд маань дэвшил бий болгох, эргээд нөхөгдөх, баялаг бий болгох, эцсийн эцэст хүн хөгжих зүйлүүддээ л цаашдаа илүү их хөрөнгө оруулах нь хамгийн чухал билээ.

          “Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийн гавьяагаараа сагсуурдаг” хэмээн Цицерон хэлжээ. Өнгөрсөндөө их хөрөнгө зараад ирээдүйгээ үл тоомсорловол хөрөнгө хүчээ дэмий барахын ч нэмэр, нөгөө талаас мөхөх тал руугаа л ойртохын дохио болно. Баахан хөшөө дурсгал бүтээн босгож хүчээ барсаар удаан тогтоогүй, мөхсөн үндэстэн ч байдаг л гэдэг. Хөшөө дурсгал мэдээж гоё, гэвч олон гоё хөшөө дурсгал, бунхан нь үлдээд үндэстэн нь өөрсдөө байхгүй бол ямар хэрэг байхав дээ. Ирээдүйгүй улс л өнгөрсөндөө их хөрөнгө оруулна, өнгөрснөөрөө бахархана. Харин манай Монгол улс чинь маш их ирээдүйтэй гэгдээд байгаа биз дээ?

Д.Боролзой

2012.01.25

Бичсэн: Боролзой | цаг: 16:23 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax