Төсөрхөн ардчилсан ерөнхийлөгч маань поп дуучин Д.Болдод төрийн соёрхол хэмээх шагналыг өгөөтөхлөө. Хуучны коммунист шагналын тогтолцоо хэв хэвээр байгаа энэ цаг үед хамгийн коммунист биш шагнал бол төрийн шагнал л даа. Учир нь бүтээлд өгдөг, гарамгай бүтээл туурвисан л бол хэн ч байсан авах боломжтой, ёстой ардчилсан шагнал. Насаараа зүтгэсэн юм хөөрхий, эсвэл жуух бичгээс авахуулаад шагналын шат дамжлага бүрийг дамжсаар одоо л нэг авах цаг, нас нь ч боллоо гэсээр тэмдэг зүүж өгч уйлуулдаг уйтгартай шагнал ч биш. Зүүж чадаагүй нэг нь “Намайг хэзээ гавьяат болох гээд байна”, “Хүмүүс шагнуулсан гээд баяр хүргээд болдоггүй” гээд шагнал горьдоод, гуйгаад, нэхээд байгааг нь харахаар хичнээн өрөвдөлтэй.
Төрийн шагналыг энэ цаг үеийн хамгийн шударга шагнал гэж боддог. Магадгүй манай ерөнхийлөгчийн шударга ёсыг тогтоох зорилготой нь энэ шагнал нийцэж байгаа биз ээ. Мань эрийн сүүлийн хэдэн жилд энэхүү шагналыг олгож байгаа хандлагыг харахаар харин ч нэг сайхан санагддаг. Адраад ч байгаа юм шиг, эсвэл тэгэхээс тэгэх гэж Баабар, Б.Цэнддоо, Д.Сосорбарам нарыг шагнаад байгаа нь (Э.Бат-Үүл гуайд улсын баатар хэмээх коммунист шагнал өгснийг эс тооцвол) их гоё. Учир нь эдгээр нөхдүүд бол “нөгөө талынхан” байсан бол яагаад ч шагнал авахааргүй “эсэргүү нөхдүүд”. Энэ үйлдэл нь олон хүнийг баярлуулдаг, харин түүнээс дутахгүй олон хүний уурыг хүргэж байгаа нь бүүр ч гоё.
Ингээд шагналын талаарх халилаа орхиод гол зүйлдээ оръё. Дуучин Д.Болд хөгжмийн нэгэн шинэ урсгалыг бий болгосныхоо төлөө төрөөс шагнуулсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх шагналыг олгох болсон үндэслэлээ “Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвисан” хэмээжээ. Мэдээж Болд бол магталтгүй сайн дуучин, Болд бол манай үеийнхний үлгэр дууриал болсон тэргүүний залуу, Болд бол энэ цаг үеийн хамгийн хөдөлмөрч залуу. Энэ талаар маргаж болохгүй.
Ерөнхийлөгч маань дуучин Д.Болдыг хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон хэмээн дүгнэжээ. Товчхондоо ерөнхийлөгчийн институц урлаг судлаачийн хэлэх дүгнэлтийг хэлжээ. Дөнгөж “Монгол поп” тоглолт тоглогдоод л бараг маргааш нь шагнал гардуулсан. Яахав цомог нь нэлээд өмнө гарсан байх. Зүй нь дээрх дүгнэлтийг улс төрч биш урлаг, хөгжим судлаачид өмнө нь хэлээд, бичээд, маргалдаад, тэгээд эзэн нь ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд шагналаа авах ёстой.
Нэгэнт хөгжим судлаачид (хэрвээ байгаа бол) энэ талаар үгээ хэлэхээ байсан цаг үе тул хөгжим сонирхогчийнхоо хувьд үзэл бодлоо хуваалцъюу гэсэн юм. Монгол поп гэж хэрвээ байдаг бол энэ урсгалыг зарлан тунхаглаагүй л болохоос арай эрт үүсчээ л гэж бодогддог. Нэгд, иймэрхүү маягаар монгол дээл хувцсаа өмсөөд ардын дууг орчин үеийн поп маягаар дуулсан тохиолдол миний санахаар аль эрт 80-аад онд “Соёл Эрдэнэ” хамтлагийн “Хүүш Дамдин”, “Шалзад баахан шарга” тэргүүтэй олон л уран бүтээл байдаг. Хоёрт, монгол хэлээрээ монгол дуучин ёстой нөгөө “пентатоник” хөгөөр поп урсгалаар дуулсан бол ерөөсөө л бусад гадаад орнуудын поп урсгалаас ялгаатай “монгол поп” мөн санагдана. Тухайлбал, “Камертон”, “Номин талст” зэрэг хамтлагуудыг л монгол попоор дуулсан гээд хэлчихэд ер буруудах юмгүй мэт.
Д.Болдын дуулж байгаа энэ хэв маяг, өөрөөр хэлбэл морин хуур, монгол аялгуу, монгол шүлэг, дээл хувцасны зохицол, эдгээрийг поп хөгжимтэй хольчихоор харин ч этник урсгал талдаа ойр юм уу гэсэн бодлыг төрүүлдэг. Энэ хэв маягаар дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэгээс авахуулаад “Алтан ураг”, “Шуранхай” хамтлаг гээд зөндөө дуулдаг даа. Гэхдээ Д.Болдын хэв маяг хамаагүй далайцтай, хамаагүй сонирхолтой, хамаагүй нухацтай хандаж төгс хийхийг зорьсныг үгүйсгэж болохгүй. Сайхан бүтээл үү гэвэл сайхан бүтээл, харин хөгжмийн шинэ урсгал гаргасан гэдэгт эргэлзэж байна. Явж явж зохиолын, хөдөөний гэгдээд ад үзэгдээд байдаг нийтийн дуучид нь хөгжсөөр, дээл биш костюм өмсөж, хөгжмийн найруулга нь орчин үежсээр попуудтайгаа, хотын гэгдээд байдаг поп дуучид нь монгол дээл, морин хуур гэсээр аялгуу, хөгжим, хэмнэл нь нийтийн дуучидтайгаа адилсаад, ижилсээд хэн нь хэнийгээ гэж хэлэхийн аргагүй нэг цэг дээр огтлолцжээ.
Ерээд оноос өмнө манай урлаг зарим нэг талаар коммунист чиг хандлагатай гэж хэлэгддэг байсан ч гэлээ тэрхүү социалист урлагтайгаа таарсан хэм хэмжээтэй, урсгал чиглэлтэй, олон өнгө аястай, хамгийн гол нь түүндээ үнэлэлт дүгнэлт өгдөг мэргэжлийн судлаачидтай байжээ. Театр, хөгжим, кино, уран зургийн гээд л. Зах зээлд шилжээд унд хоол л чухал болохоос юун урлаг утга зохиол манатай болох үед энэ талын боловсон хүчнийг үнэлэхээ болин гаргуунд нь гаргасны балаг л одоо гарч байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл судлаачдын энэ хомсдол бол олдмол билээ.
Ийнхүү судалгаа шинжилгээг үл тоон эх толгойгоо алдсаар одоо урлаг судлаачдын ажлыг улс төрчид хийдэг болжээ. Дээхнэ драмын театрын найруулагч Н.Наранбаатар “Театрыг төр засаг ойлгохгүй байгаа тул УИХ-д театраас хэдэн төлөөлөлтэй болох хэрэгтэй” гэх маягийн юм ярьж харагдсан. Энэ ч аргаа барсан л хүний яриа байх, гээд ямар бүх асуудлыг тэд шийдэх ёстой гээд мэргэжил бүрийн төлөөллийг оруулвал 76 суудал хүрэлцэхгүй шүү дээ. Урлаг бол улс төрөөс ангид зүйл байх аа. Харин улс төрчид нь олдмол хомсдолд орсон судлаачдаа, эрдэмтдээ, шинжлэх ухаанаа сонсож, ойлгож, шинжлэх ухаанч чиг баримжаатай шийдвэр гаргадаг болчихвол л хангалттай. Мөн нөгөө талаас судлаачид маань ч өөрсдөө идэвхтэй, хүртээмжтэй, үндэслэлтэй, хүнд хэрэгтэй өгүүлэл, шүүмж, судалгаа хийдэг болох хэрэгтэй байгааг дурдъя.
Монгол поп дуучнаасаа авахуулаад хип хопчид хүртэл гадны хамтлагийн аяыг туучихаад өөрсдөө зохиосон мэт хэрхэн нэр төр олдгийг, Никитоны “Хос хунгийн дууль” дууны клип “Guns’n’roses”-ийн “November rain”, аль эсвэл дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” дууны клип Майкл Жексоны “Remember the time” дууны клипийг илүүтэй санагдуулаад байгааг, Монголд хөгжмийн шинэ урсгал үүссэнийг хэн бидэнд хэлж өгөх вэ? Урлаг судлаачид л хэлэх ёстой болов уу.
Д.Боролзой