2010-05-11
Их ажлын дараа сайхаан...

 

Ажил хөдөлмөр хэмээх зүйл хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Хөдөлмөр хүнийг бий болгосон ч гэж ярьдаг л байлаа. Хэдий тийм боловч дандаа л ажиллаад байвал утгагүй биз. Эсвэл эсрэгээр дандаа л амраад байвал тэр амралт маань ч өөрөө ямар утгатайсан билээ. Харин их ажлын дараа, ажлаа дуусгасны дараа амрах юутай сайхан. Сэтгэл тэнэгэр, бодол өөдрөг, ажлын дараах хоол хүртэл амттай.

Социализмын үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зураач Г.Одонгийн “Ажлын дараа” хэмээх бүтээл билээ. Гэхдээ энэ зураг ажил амралтын тухай гэхээсээ нүүдэлчин монголчуудын нэг хэсгийн ахуй амьдрал, зан төрх, ааш араншинг илүүтэй нээн харуулсан зураг. Тэр үеийн уран бүтээлийн гол арга барил болох реалист аргаар уг бүтээлийг туурвижээ. Социализмын үеийн реалист аргаар зурсан бүтээл болгоныг социалист реализмын бүтээл гэж хэлж болохгүйн нэгэн жишээгээр “Ажлын дараа” хэмээх бүтээлийг нэрлэж болох биз ээ. 1954 онд бүтээсэн тосон будгийн энэхүү зураг одоо Уран зургийн галлерейд хадгалагдаж байна.

Г.Одон бүтээлүүдээ түүхийн, аж байдлын, байгалийн, хөрөг гэх зэргээр дүрслэх урлагийн төрөл бүр дээр чадварлаг бүтээдэг авьяаслаг уран бүтээлч байжээ. Г.Одон зуныхаа амралтаар 1947 онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож  явснаа эргэн санаж 1954 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвисан гэдэг. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг ажээ. “Ажлын дараа” бүтээлээрээ 1959 онд Төрийн шагнал, 1975 онд Ардын зураач цол хүртсэн байна.

Г.Одон Ажлын дараа бүтээлээ хийх гэж арав гаруй хувилбар эх зураг зурсан гэдэг. Сахлаг өвс ургасан тал нутаг, хадланчдын майхан, эргэн тойрон морин хадуур, хадланчдын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж харагдана. Хөдөө хээр ажиллаж байгаа хадланчдын хоол хүнс, аяга таваг, нэг нь бүр маслотай талх барьсан харагдана. Улз нутгийн буриад малчдын аж амьдрал. Ахимаг, залуу янз бүрийн насны найман хадланчийн хувцас хунар, нүүр царай нь ч ямар хүмүүс болохыг нь илтгэнэ. Эрхэлдэг ажил, бодол санаа үйл хөдлөл нь өөр өөр. Дүр төрхөөс нь харахад заримных нь хэлж байгаа үг сонсдох мэт. Тэд ажлаа дуусгаад цайлж сууна. Ид ажлын үеэр айл хэсэж архи ууж яваад ирсэн бололтой нэг залууг тэд зэмлэж байна. Энгэр заам нь задгай тэр залуугийн өвөрт шилтэй архи болов уу гэмээр юм цүлхийнэ. Тэр залуу агсан тавьж ханхалзсангүй, харин хамт олон, ахмад хүмүүсээсээ зэмлэл сургаалын үг сонссондоо буруугаа хүлээн уруу царайлан сууна. Дүр дүрслэл тод, ойлгомжтой энэ зураг амьдралаас олсон баримтыг ургуулан бодож уран сэтгэмжээр баяжуулан уран сайхны бүтээл болгохын үлгэр дууриал болжээ. Энэхүү бүтээлийнхээ талаар зураач нь ийнхүү ярьжээ:

Ажлын дараа намайг зурж сурахад тусалсан даа. Сэдвийг нь 1947 оны зун олж билээ. Би хадлан тэжээл бэлтгэх, өвөлжөө бууц засах ажилд ээждээ байнга тусалдаг байсан. Оюутны амралтаар Москвагаас ирчихээд ээжтэйгээ хадланд явлаа. Өвс нуруулдаад ирэхэд ээж минь газар зууханд аргалын утаа суунаглуулан хоол хийж байлаа. Тэр нэг оройн байгаль миний сэтгэлийг гижигдэхэд би хэд хэдэн таталбар хийж билээ. Юуны түрүүн өвсөн овоохойгоо зурсан. Яаж аятайхан зураг бүтээе дээ гэж бодоод янз бүрийн судалбар хийлээ. Дараа нь түүнээ нэгтгэх болов. Баахан хүний зураг өвсөн овоохойнхоо хажууд байрлуулан зурав. Энэ эх зургаа нөхдөдөө үзүүлэхэд өвсөн овоохой биш майхан байвал яасан юм бэ? гэсэн санал гарлаа. Би ч зөвшөөрч овоохойг майхан болгосон. Дахин дахин янзалсаар 1954 оны эцсээр Ажлын дараа зураг дуусч 1959 онд төрийн шагнал хүртэж билээ.

Г.Одон Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г.Одон Мал ба газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос зураач Д.Чойдогтой биечлэн уулзсанаар эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг нь Чойдог багш нь нээж зураач болгосон ажээ. Тэрээр ЗХУ-ын Уран зургийн дээд сургуульд суралцжээ.

          Монгол улсын төрийн соёрхолт, ардын зураач Г.Одон 1951 оноос дүрслэх урлагийн дунд, 1959 оноос УБДС-ийн уран зургийн ангид хичээл зааж 800 орчим зураачийг төрүүлж гаргасан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ.

 

Зургийн тайлбар: Г.Одон “Ажлын дараа” (1954)

Бичсэн: Боролзой | цаг: 12:26 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


баярлах
Бичсэн: arch_tseegii цаг: 16:57, 2010-05-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax