“Дараах” хэмээх үгийг бид “дараахь”, “дараахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “удаах, дараагийн, тэртээх, хойдох” гэх мэт утгатай гээд “дараах” хэмээн бичнэ гэжээ.
Мөн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дараах” хэмээн бичих нь зөв хэмээжээ. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “дараахь” хэмээн байх аж. Гэвч энэ толиос хойш гарсан толиуд дээр энэ үгийг “дараах” хэмээн бичих нь зөв хэмээн журамлаж өгчээ. Энэхүү “дараах” гэдэг үгийг монгол бичгээр “дарагахи” хэмээн бичдэг бөгөөд үүнийг нь баримтлан зарим хүмүүс “дараахи” гэх мэтээр буруу бичдэг бололтой. Зөөлний тэмдэг болон “и”-гүйгээр “дараах” хэмээн бичих нь одоогоор бидний баримталж буй зөв бичгийн дүрмэндээ нийцэх юм.