Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д адил төстэй байхыг хичээхийг “дууриах” гэж бичнэ гэжээ. Сүүлийн үед энэ үгийг дууриах, дуурайх хэмээн хоёр өөрөөр бичих нь элбэг тааралдах боллоо. Чухам аль нь зөв юм бол?
Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д мөн дээрх толийн адилаар “дууриах” хэмээн бичнэ гэжээ. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д ч бас “дууриах” хэмээн байна. “Дуурайх” хэмээн алга.
Харин Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дуурайх” гэсэн байх бөгөөд “дуурайл”, “дуураймал” хэмээн бичих нь зөв хэмээсэн байна. Энэ толинд л бусдаас зөрөөтэй байх бөгөөд үүнээс хойш хэвлэгдсэн толь бичгүүдэд “дууриах” нь зөв хэмээн журамлаж өгчээ. “Дууриах” нь зөв болохын учир нь монгол бичгээр “дагурияаху” хэмээн бичдэгтэй холбоотой билээ.