2010-04-28
Хугараагүй нэгэн багана - Фрида

 

“Амьдрал бол тэмцэл” хэмээх үнэн үг байдаг. Нөгөө талаар тэмцэл өөрөө амьдрал ч юм шиг. Хүн бүхнийг амжуулах гэж цагтай уралдан тэмцэнэ, үзэл бодлоороо хэн нэгэнтэй тэмцэлдэнэ, амьдрал ахуйгаа өөд татах гэж нойр хоолоо хасан тэмцэнэ, өвчин зовлонтойгоо ч тэмцэлдэнэ. Хүн хэдий чинээ тэмцэнэ, төдий чинээ сайхан амьдардаг. Тэмцэлгүй шулуун дардан амьдрал угаасаа утгагүй ч байх даа. Зарим хүмүүс нь амьдралын шуурганд хөл алдана, харин зарим нь тийм их зовлонг яаж давж гарч чадав гэмээр үхэлтэй ч тэмцэлдэн агуу их ялалтыг байгуулдаг. Ингээд амьдралд ялалт байгуулсан нэгэн хүний түүхийг өгүүлье.

Жүжигчин Сальма Хайек “Фрида” (2002) хэмээх киноны гол дүрд тоглосноор Оскарын шагналд нэр дэвшин харин өөр хоёр төрлөөр Оскар авсан байдаг. Энэ нь Мексикийн зураач эмэгтэй Фрида Калогийн бодит амьдралын түүхээс сэдэвлэсэн кино юм. Сальма Фридагийн дүрийг ч гайхалтай бүтээсэн, үнэхээр ч гайхалтай намтар түүхтэй эмэгтэй бол Фрида билээ.

Магдалена Кармен Фрида Кало Калдерон (Magdalena Carmen Frida Kahlo y Calderуn) нь Фрида Кало нэрээрээ алдаршсан Мексикийн зураач бөгөөд реализм, символизм, сюрреализм зэрэг урсгалаар уран бүтээлээ туурвидаг байжээ. Германы еврей, мексик, энэтхэг хольцтой алдарт зураач Фрида 1907 оны 7 сарын 6-нд Мексикийн Мехико хотын хаяанд орших Коёокан нэртэй жижиг тосгонд төржээ. Зургаан настайдаа туссан өвчнөөсөө болж баруун хөл нь хатангиширч зүүн хөлнөөс нь нарийхан болсон бөгөөд үүнийгээ нуух гэж олон давхар трико, урт бошинз өмсөх болсон гэдэг. 18 насандаа авто осолд орж нуруу нугас, хавирга, тааз нь хугарч хүндээр гэмтсэн бөгөөд үүнээс болж амьдралынхаа туршид нийтдээ 35 удаа хагалгаанд орсон гэдэг.

“Би саа өвчин туссандаа гутрахгүй байх хүчийг өөрөө өөрөөсөө олж чаддаг байлаа. Гэтэл дахиад л надад золгүй явдал тохиолдлоо. Амьдрал яагаад ингэж надад хатуу хандаж байгааг ойлгохыг хүссэнгүй. Гагцхүү  золгүй явдлын эсрэг сөрөн тэмцэх ёстой гэдгийг мэдэж байлаа” гэж Фрида Кало бичжээ. Ослын дараагаар тэрээр зургаар оролдох болж, өөрийн өвчин шаналал, бүтэлгүй гэрлэлт, тоо томшгүй олон хагалгаа зэрэг өөрт нь тохиолдсон явдлыг зургаар илэрхийлэх болжээ. Фридад зориулж зориулалтын тавиур хийж, орных нь өөдөөс толь хийж өгчээ. Хамгийн анхны зураг нь түүний өөрийн хөрөг байсан бөгөөд “Би өөрийгөө зурдаг, яагаад гэвэл олон цагийг би өөрөө өөрийгөө харж ганцаараа өнгөрүүлдэг гэж байжээ. Тэрээр нийт 143 зураг зурснаас 55 нь өөрийнх нь хөрөг зураг байдаг. Ийнхүү өөрт тохиолдсон азгүй явдлуудыг зургаар илэрхийлэх болжээ. Өөрийнх нь хөрөг зурган дотор инээмсэглэсэн зураг нэг ч байдаггүй гэдэг.

Фрида тухайн үеийн алдартай зураач Диего Ривератай заавар, зөвлөлгөө хүсч очин танилцсан бөгөөд 20 насны зөрүүтэй ч 1929 онд түүнтэй гэрлэжээ. Тэр хоёрыг зургийн сонирхлоос гадна коммунист үзэл санаа нь гэрлэхэд хүргэсэн ажээ. 1930 оны үед нөхрийнхөө ажлыг дагаж Америкт амьдарсан бөгөөд тэдний гэр бүлийн амьдрал тогтвортой байгаагүй ба салсан ч 1940 онд дахин гэрлэсэн байдаг. 1939 онд Фрида Парист зургийн үзэсгэлэнгээ гаргах үеэр Луврын музейгээс түүний Жааз хэмээх зургийг худалдаж авсан нь Луврын музейн хувьд 20-р зууны Мексикийн уран бүтээлчийн бүтээлийг худалдаж авсан анхны тохиолдол байжээ.

Тэрээр хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан ч түүний ослоос авсан гэмтэл нь хүүхэдтэй болох боломж олгоогүй аж. Гурван удаа жирэмсэлсэн  ч тэр нь харамсалтайгаар төгсөж байсан хэдий ч бүхнийг даван туулах тийм сэтгэлийн хаттай бүсгүй байлаа. Тэгээд Фрида хүүхэд зурж эхэлсэн бөгөөд ихэвчлэн үхсэн хүүхэд зурдаг байжээ. Фрида Кало маш их тамхи татаж, согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг байсан бөгөөд бэлгийн амьдралын хувьд бисексуал байсан гэдэг. 1937 онд Диего Фрида хоёр гэртээ Оросын хувьсгалч Лев Троцкийг орогнуулж Лев Троцкий Фридад сэтгэл алдарч байжээ. Дашрамд дурдахад, Сталины урт гар хаа хол орших латин Америкт ч хүрдэгийг харуулж Оросын Октябрийн хувьсгалын удирдагчдын нэг Троцкийг 1940 алуулсан билээ.

Фридагийн зургууд үнэхээр “тасархай”. Үнэхээр өндөр мэдрэмжтэй нь уран бүтээлээс нь харагддаг. Аймшигт өвдөлтийг мэдэрч түүнийг тэсч амьдарна гэдэг агуу их тэвчээр билээ. Энэхүү аймшигт өвдөлтийг тэрээр өөрийн бүтээлээр илэрхийлсэн юм. Энэ бол түүний 1944 онд зурсан “Хугарсан багана” (The Broken Column- La columna rota) хэмээх 40 х 30.5 см хэмжээтэй тосон будгийн бүтээл билээ. Энэ зураг одоо Мексикийн Мехико хотын нэгэн музейд (Museo Dolores Olmedo Patino, Mexico City) хадгалагдаж байна.

Энэ нь өөрийнхөө осолд орж өвдөж зовсон бие хийгээд ганцаардлаа дүрсэлсэн зураг гэдэг. Залуудаа хүнд осолд орж хамаг биеэ хадуулж байсан билээ. Хамаг биеийг нь хадаасаар хатгаж шивэх мэт зовлон шаналал... Гэхдээ энд зөвхөн биеийн хугарал биш итгэл найдвар нь ч хугаран унаж түүнийг засч боох гэж байгаа мэт... Эмэгтэйн зовлон шаналан тэсэхийн аргагүй байгаа мэт. Фрида удаан хугацаагаар өвдөж шаналсны эцэст 1954 оны 7 сарын 13-нд 47 насандаа уушигны өвчнөөр нас баржээ. Түүний гайхалтай сэтгэлийн тэнхээ өөрт нь заяагдсан энэ амьдралаа туулахад тусалсан юм. Фридад эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс татагддаг байсан нь хүний бие хэмээх хэлбэр биш сэтгэл ухаан хэмээх агуулга илүү дур булаам байдлыг бий болгодог гэдгийг баталж харуулдаг юм.

 

Тайлбар: Фрида Кало “Хугарсан багана” (1944)

 

Бичсэн: Боролзой | цаг: 14:02 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Hmagiin gaihaltai emegtei
Бичсэн: Зочин цаг: 11:44, 2013-04-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax