ШУА-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (2008)-д “нэлээд” хэмээх үгийг “үйл хэргийн хэмжээ, үйл байдал бага бус, санаснаас арай илүү болох нь” гэсэн утгатай үг хэмээн тайлбарлажээ. Энэхүү “нэлээд” хэмээх үгийг “нилээд” гэж бичсээр байгаа нь элбэг тохиолдох зөв бичих дүрмийн алдаа болно.
Монгол бичгээр энэхүү үгийг “neliyed” хэмээн бичих ба үүнээс “нэлээд” гэж бичих нь зөв болох нь харагдана. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д мөн л нэлээд гэж байхаас нилээн гэсэн үг алга байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-д нэлээд ч гэж байна, нилээд ч гэж байна. Энэ толийг баримтлагч хүмүүс “нилээн” гэж бичдэг байж болох юм. 1966 онд гарсан энэ толь бичгээс хойш нэлээд толь бичгүүд гарсан бөгөөд тэр толиудад нэлээн, нэлээд гэж бичих нь зөв болохыг журамлаж өгчээ.