2010-01-25
Хүн төрөлхтөний хамгийн анхны "уран зураг"

Бичиг үсэг сурч хараахан амжаагүй байгаа бяцхан хүүхдийн хамгийн анхны уран бүтээл харандаа цаас нийлүүлэн зураг зурахаас л эхэлдэг билээ. Харин хүн төрөлхтөний сэтгэлгээний “балчир” байх үеийн хамгийн анхны баримт, дурсгал гэвэл хадны сүг зураг билээ. Бичиг үсэг үүсэхээс нэн эрт үеийн эдгээр зургууд нь нэг талаар тэр үеийн хүмүүсийн хэрхэн аж төрж, юу бодож сэтгэж, хүсэж мөрөөдөж байсан талаарх асар үнэтэй мэдээллийг бидэнд дамжуулж байгаа бөгөөд нөгөө талаар үүнийг эртний урлагийн бүтээл гэж ойлгож болно.

Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин суун амьдарч байсныг илтгэх олон баримт байдгийн нэг нь монголын бараг бүх аймагт тааралдах хадны сүг зураг билээ. Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг дунд чулуун зэвсгийн үеэс эхлэн зурж эхэлсэн ажээ. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Ховд аймгийн Манхан суманд байх Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно.  Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг. Зосон зураг нь Өвөр байгаль, Төв болон Дорнод Монголын нутагт  өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогддог байна.

Хадны сүг зураг нь үндсэндээ биднийг өнгөрсөнд хүргэх жим, асар үнэ цэнэ бүхий зурган бичиг юм.  Судлаачид хадны сүг зургийн хийц, зурсан арга барилыг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог байна. Хадны сүг зургаас бид хэдий үед ямар багаж хэрэгслээр уг дүрслэл бүтээгдсэнийг, тухайн цаг үед ямар амьтад энэ газар амьдарч байсныг, хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг, хэзээнээс шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласныг, нийгмийн байгууллын үе шатуудыг, тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг судлан мэдэх боломжтой.

         
     Монгол нутгаас олдсон хадны сүг зургууд нь нь урласан арга барил, сэдэв агуулгын хувьд бусад улс орныхтой адил нийтлэг мэт боловч уугуул нутгийнхны өвөрмөц онцлог төрх, зан заншил, ахуйгаа тусган харуулсан уран сэтгэмжийн дүрслэлээрээ өвөрмөц байна. Судлаач Ч.Болдбаатар “Хад чулуунд зурж, сийлсэн зураг, сүг, тамга тэмдэг нь зөвхөн бодит дүрслэл ч биш, уран сайхны үүрэг зориулалттай ч биш харин нэгэн сав шим ертөнцийн ахуй, ёс суртахуун, шүтлэг, танин мэдэхүй, зан үйлийн зэрэг хүчин зүйлсийн харилцааг илэрхийлэх, урин залах домог зүйн ухамсрын цөм” гэжээ. Энэ нь хадны зураг, дүрслэлийн цаад далд утга санаа, бэлгэдэл, аж байдлын ёгт зураглалыг хэлсэн хэрэг билээ.

Бид хүүхэд байхаасаа л “Эвэртэй тэмээний домог үлгэр”-ийг уншсаар ирсэн. Хамгийн сонин нь, монгол нутгийн хэд хэдэн газраас тэмээг эвэртэйгээр дүрсэлсэн хадны сүг зураг олдсон байна. Тэмээ мэдээж эвэртэй байж байгаад эврээ буганд алдаагүй нь лавтай. Тэгэхээр энэхүү эвэртэй тэмээний зураг нь бидний ярих дуртай тэр домог үлгэрийн ямар олон жилийн настай, ямар эртний уг сурвалжтай болохыг харуулж байгаагаараа үнэхээр гайхамшигтай. Монгол нутаг нь хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орноор баялаг нутаг мөн билээ.

 Зургийн тайлбар: Янгирын толгойгоор хас тэмдэгийг дүрсэлсэн нь (Төв аймаг)

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих