Аймшигт долоон сарын нэгэн бидэнд ямар сургамж үлдээсэн бол... Үнэхээр тэнд тийм эвдэж сүйтгэхийн дон туссан “хүн сүрэг” байв уу, эсвэл хийж байхаа олж ядсан адал балмад этгээдүүд байв уу, морин хуур эвдэж, урлагийн бүтээл сүйтгэж, жүжигчдийн хувцас, малгай давхарлан өмсөж гүйлдсэн зүгээр л хий хоосон “марзганагчид” уу, үнэхээр шударга бус сонгуульд дургүйцсэн энгийн шударга иргэд маань байв уу?
Аливаа шударга бус зүйлд дургүйгээ хүрвэл бид жагсаад үгээ хэлчихдэг, баярлавал Сүхийн талбай дээрээ хэний ч албадлагагүйгээр цуглаад баярласан шиг баярлачихдаг эрх чөлөөт, ардчилсан монголын иргэд билээ л. Гэхдээ хэний ч буруу байлаа гээд хайран сайхан таван халуун амь энэ ертөнцөөс салан оджээ. Хүн энэ хорвоод ганцхан удаа л амьдардаг. Хэдий бид нэгнийгээ янз бүрээр хэлдэг ч гэлээ, элдэвийн өөдгүй муу амьтадаар энэ дэлхий дүүрэн байлаа гээд адгийн муу хүн ч энэ хорвоод амьд явах эрхтэй. Бид урлаг, соёлыг дээдэлдэг өндөр ёс суртахуунт ард түмэн ч гэсэн хугарсан морин хуурынхаа төлөө эхлээд уйлах уу, хүн гэдэг эрдэнэ амьд явах эрхээ эдэлж чадаагүйд хамгийн их харамсан гашуудацгаах уу, бодох л асуудал. Бидний цээжинд нэг нэгнээ хайрлахын төлөө л зүрх цохилж байдаг бус уу.
Төр бол мэдээж олон үүрэгтэй, гэхдээ биднийг удирдан залж жолоодох үүрэг нь нэгдүгээрт биш байх гэж би боддог. Бид төрд татвараа төлдөг, төр тэр мөнгөөр биднийг ирээдүйн сайн сайханд тэмүүлэн амар амгалан аж төрөх, эрүүл мэнд, тав тухтай байдал гээд бүхий л талаар аюулгүй амьдрах орчинг нь эн түрүүнд бүрдүүлэх нь хамгийн гол үүрэг нь байдаг болов уу.
Хамгийн энгийнээр төрийг өрх гэрийн тэргүүн, өөрсдийн аавтайгаа жишиж бодъё, бид хүүхдүүд нь болог. Гэтэл аав маань хүүхдүүддээ өөрөө гар хүрээгүй юм гэхэд учраа олохгүй сандарч байгаа хэдэн хүүхдийнхээ эв зүйг нь олох эцэг хүний уужуу сэтгэлээ гаргалгүй яагаад хооронд нь “зодолдуулчихав” аа. Эцсийн эцэст хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд шорон ч хүнийг залхаан цээрлүүлэхээсээ илүүтэйгээр иргэнээ болж бүтэхгүй зүйлд өртөхөөс нь сэргийлэх, хамгаалах, ухааруулах, ер нь л хүнийхээ төлөө ажиллах үүрэг хүлээсэн газар гэж би ойлгодог. Харин дарангуйллын нийгэмд бол шорон хүнийг залхаан цээрлүүлэх, төрийн машинаар үзэл бодол, эрх чөлөөг нь няц дарах үүрэг нь илүүтэй байдаг нь ёстой өөр асуудал биз ээ.
Би нэгэн хүний яриаг сонсоод мөн ч их гутаж билээ. Нам засгийнхаа эсрэг боссон хүнийг алах нь зөв, бусдад нь сургамж болоход тэр зэргийн золиос байхгүй яах юм бэ гэв үү дээ. Харин өөрийнх нь үр хүүхдүүдээс санамсаргүй тэнд үхчихсэн байвал энэ хүн энэ үгээ хэлээд сууж чадах болов уу. Хүний хүүхдүүд бол үхэж болдог, өөрийнх нь бол үхэх байтугай гарт нь ганц өргөс орчиход яах бол доо. Энэ хэдэн он бэ, энэ хүн хэн бэ? Эз нь таарвал хэн маань ч, хаана ч үхэж болно шүү дээ. Бусдын эрх баталгаатай л биш байвал өөрсдийн маань ч амь нас баталгаатай байж чадна гэж үү. Монголчууд бид нэгнээ хайрладаг, хүндэлдэг, хүн нь хүнээрээ л үлдэх юм сан даа.
Дээр өгүүлсэн зүйлс энэ удаад хөндөхийг хүссэн гол зүйл маань биш, оршил болог. Хамгийн гол нь дээрх үйл явдал шударга сонгууль болсон эсэхэд эргэлзсэн олон нийтийн эсэргүүцлээс болсон гэж үзвэл одоо бидний хэрэглэж байгаа сонгуулийн хуулинд, эсвэл сонгуулийг зохион байгуулсан алдаа бидэнд сургамж болох учиртай. Хүний амийг хөнөөхөд хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэг, хөөрхий таван хүний амь бидний цөөхөн монголчуудын цаашид илүү ухаантай, хэрсүү болох их ухаарлын төлөөс болог дээ ядаж.
Гээд би өнгөрсөн энэ хэрэг явдалд “төр” хэмээх хийсвэр, эзэнгүй зүйлийг буруутгаж чадахгүй байгаа учир бүх асуудал сонгуулийн хуулиндаа, түүнийг хэрэглэж байгаа бидэнд байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлээр хандан сонгуулийн хуулийг төгс төгөлдөр, ядаж арай дээр болгоход нэмэр болох болов уу хэмээн доорх хэдэн санааг бичихээр шийдсэн бөлгөө.
Хэрвээ сонгуулийн хууль маань үнэхээр л шаардлага хангахгүй байгаа бол даруйхан өөрчлөх учиртай, аливаа оронд ардчилсан нийгэм оршин тогтнож байгаагийн хамгийн чухал шалгуур бол сонгуулиа шударга, нээлттэй, маргаангүй хийж засаглал нэгээс нөгөөд тайван замаар шилжиж байх үйл явц билээ. Бид нэг хэсэг “1 тойрог-1 мандат” гэсэн зарчмаар явсан, харин энэ маань хэтэрхий жалга довны төлөөлөл давамгайлаад байсан тул улсын нийтлэг эрх ашгийг чухалчлан сүүлийн сонгуулиараа тойргоо бүүр томсгож ч үзлээ. Бидний төсөөлж байсан тэр том тойргийг өнөөх олигархууд маань бас л худалдаад авч чадаж л байна, будилуулж л байна, хүссэн үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр сонгууль бүрийн дараах хэрүүлийн алим болсон сонгуулийн хуулиа нэг мөр, нэг хэсэгтээ өөрчлөөд байхааргүйгээр засах шаардлагатай болжээ. УИХ дээр ч хэлэлцэж шийдэх асуудлуудынх нь хамгийн чухал нь сонгуулийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах энэхүү асуудал байгаа байх. Намууд өөрсөддөө давуу тал бий болгох явцуу сонирхлуудаа түр хойш тавиад энэхүү хуулийг амжилттай шийдэж чадвал магадгүй Таван толгойн асуудлаас ч илүү нийгэмд эерэг нөлөө үзүүлэх байх.
Энгийн иргэн хүнд 4 жилд нэг удаа, нэг минут орчим төр барилцах завшаан олддог гэх. Энэ нь эрх барих төрийн дээд байгууллага болох УИХ-ыг сонгох сонгуулийн нэг өдөр л дөө. Үнэндээ шударга сонгогчийн хувьд Хувьсгалт нам, Ардчилсан нам, өөр бусад нам эрх барих нь ердөө ч чухал биш шүү дээ, ёстой нөгөө “энэ хэдэн хонийг Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэгчээр. Бид л заавал тэр нь гарч, энэ нь ч гарахгүй байх ёстой гэсэн үзэл бодолдоо хөтлөгддөг болохоос өөрийнх нь өгсөн санал бүр цаанаа шударгаар тоологдож, өөрийнх нь дэмжсэн хүн ялагдсан ч хамаагүй үнэн дүн гарах нь л хамгийн чухал юм. Нэр дэвшигчийн хувьд ч үнэн юм нь үнэнээрээ, ядаж л ялагдсан нь ялагдлаа элдэв хардалт, хэл амгүйгээр хүлээн зөвшөөрчихвөл өөрт нь ч амар. Гол нь бүх үйл явц ил тод харагдах ёстой. Эсвэл сонгууль болгоны дараа жагсаад цуглаад байх уу.
Эрхэм гишүүн 76 нөхдөөрөө төлөөлүүлэн төрийг Монголын ард түмэн барьдаг юм гэвэл одоогийн Монголын төрийг хөдөөнийхөн барьж байна гэж хэлж болохоор байна, яагаад? Монголын нийт хүн ам одоогийн байдлаар 2,7 сая гаран болжээ. Бараг тал нь хотдоо чихцэлдэн амьдарч байна, энэ нь багцаагаар 1,3 сая болно. Үүний 60 орчим хувь нь арван наймаас дээш настай сонгогчид байна гэж бодвол хотын сонгогчдын тоо 800 мянга орчим байна.
Хичнээн олон аймаг, сум гээд хөдөөд хот суурин олон ч мөн л 1,3 сая орчим хүн амьдарч байна. Хөдөө хүүхэд олон байна гэж үзээд насанд хүрэгчдийг нь 40 орчим хувь гэхэд 540 мянга орчим сонгогч хөдөө байна. Ингээд ойроолцоогоор нийт сонгогчдын тоо хотод 800 мянга, хөдөөд 540 мянга байна гэж үзье л дээ. Одоогийн сонгуулийн хуулиар бол УИХ-ын 76 суудлаас 20 нь Улаанбаатарт оногдож байна. Уг нь хувь тэнцүүлж бодвол нийт суудлын ядаж 50 орчим хувь нь Улаанбаатарт оногдох ёстой. 76 суудлын 20 нь 26,3 хувь болох ба энэхүү 26,3 хувийг хотын 60 хувийн сонгогчоос бүрдүүлж байна. Ихэнх буюу 56 суудал болох 73,7 хувийг хөдөөгийн 40 хувийн сонгогчдоос бүрдүүлж байна.
Улаанбаатарын сонгогчдын тоондоо дүйцээд УИХ-ын суудлын 60 хувь нь оногдох ёстой гэвэл одоо байгаа 20 суудал биш хотод 46 суудал нь оногдох ёстой юм. Хөдөөнөөс одоо 56 суудлыг сонгож байгаа ба байх ёстой нь хөдөөд 30 суудал болно. Уг нь сонгуулийг засаг захиргааны нэгжийн хуваалтаар биш сонгогчдын тооноос хамааруулан явуулах учиртай. Энэ бол “1 тойрог-1 мандат” буюу 1992-2004 онуудыг хүртэлх 4 удаагийн сонгуулийг явуулсан можаритар аргаа хэрэглэсэн тохиолдолд сонгуулийн хуулинд оруулж болох өөрчлөлтийн тухай яриа юм.
Уг нь ерөнхийлөгчийн сонгууль шиг Монгол улс бүхэлдээ нэг том тойрог болоод сонгогчдын намд өгсөн саналаар хувь тэнцүүлэн суудлаа авцгаавал хамгийн шударга, хамгийн маргаангүй, хамгийн тэнцүү төлөөлөлтэй парламент бий болно. Энэ тохиолдолд намууд дахь дотоод ардчилал, шударга өрсөлдөөний шалгуур өндөр байхгүй бол бас л УИХ-д олигархийн төлөөлөл бүүр их ороод ирэх сул тал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
Одоо сонгуулийг холимог системээр хийх боломжийн талаар ярья. Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт шууд можаритар байдлаар санал хураагаад 30 суудлыг нь сонгоно. Үлдсэн 46 суудал дээр хувь тэнцүүлэн намын нэрээр санал хураагаад 46 суудлаа авсан саналын хувиараа намууд хувааж авна. Өөрөөр хэлбэл 46 суудлаа 100 хувь гэж тооцно гэсэн санаа. Можаритари байдлаар сонгох 30 суудал нь нөгөө “жалга довны” төлөөлөл нь байг, 46 суудал нь бидний байнга ярьдаг улс нийтийн эрх ашгийн төлөөлөл нь байг л дээ.
Санаж байгаа байх, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хөдөө Хувьсгалт нам ялаад олонх болсон байдаг бол ерөнхийлөгчийн сонгууль ерөнхийдөө хувь тэнцүүлсэн хэлбэртэй тул нийт сонгогчдын саналаар хотод Ц.Элбэгдорж олонхийн дэмжлэгийг авч ялсан байдаг.
Гэхдээ энэ гажигтай гэмээр сонгуулийн тогтолцооны давуу талыг манай эрх баригчид тун овжноор ашигладаг шүү дээ. Нөгөө алдарт ямаанд мөнгө өгөөд л, малчдад хуц ухна тараагаад л, бараг хүн явдаггүй хөдөө рүү болохоор зам тавиад л, хотын бид олуулаа мөртөө муу замаар яваад л, тойрог болгонд 1 тэрбум төгрөг хуваарилаад л, хотод хамгийн их хүнтэй мөртөө хамгийн бага мөнгийг зарцуулаад л, хүн хамгийн сийрэг суудаг хөдөө хамгийн их мөнгийг зарцуулдаг гэх мэт үрэлгэн тогтолцоо амь бөхтэй оршсоор л байгаа юм даа. Одоо цаашид ийм баймааргүй байна.
Тэгэхээр хөдөөгийнхөн маань төр бариад, хотын бид төрөө дутуу барилцаад байна л гэсэн үг болж байна. Эцэст тэмдэглэхэд, хэн ялах нь хамаагүй, шударга сонгуулиар хүн бүр төрөө барилцах эрхээ тэнцүү эдэлцгээе!
Асуудал хөндсөн их сайхан бичлэг болжээ. Уг нь иймэрхүү зүйлсийг залуус бид аль болох хэт улс төржилгүй маш сайн ярьж, хүн бүр бодол санаагаа хэлж, сонсож байвал бусдаасаа мэдэж сонсох зүйл ч их, ядаад хэл яриа, харилцааны соёл маань бага болов ч дээрдээд л байдаг юм шиг байгаа юм