Алдарт зохиолч Ж.Барамсайн “Үхэр бол амьд амьтан мөн” хэмээх егөө өгүүллэг бий. Гайхамшигтай зохиол, иймэрхүү зүйл амьдралд мөн ч олон тохиолддог доо. Ийм юм хийчихгүй юмсан гэж бодохоор өөрөөсөө ч айдаг юм. Түүний өгүүллэгийн загвар, санаагаар бас нэгэн өөр зүйлийг түншээд авахад болмоор санагдаад үүнийг бичлээ.
Ер нь амьдралын хуулиар хүчтэй, ухаантай, боловсролтой нь бусдыгаа удирдаад, чиглүүлээд явах жамтай, нөгөөдүүл нь түүнийг хүлээн зөвшөөрөх ч ёстой. Дарга хийхийг бараг хүсэх зүйл ч биш, маш хэцүү, боловсрол, ухаан, хичээл зүтгэл шаардсан хүнд ажил л даа. Гэтэл өнөөгийн нийгэмд бусдыгаа “гөлөг, нохой” хэмээн дууддаг, өөрийгөө л мөнхийн дарга байх заяатай, магадгүй өөрийгөө “дарга” гэдэг тусдаа төрлийн хүн гэж боддог хүмүүс мэр сэр байх шиг. Хааны торгон цэрэг хийж амьдарсаар байгаад “Торгууд” хэмээх ястан бий болов гэдэг шиг л.
Хүн бол хүн, хүн бүр тэгш эрхтэй, ёстой гахайнд л илүү тэгш эрх нь байдаг байх. Хүндэтгэл хүлээсэн мундаг сайхан хүмүүсийн толгой дахь мэдлэг боловсрол хэмээх агуулгыг биш, унаж яваа машиныг нь, барьж буй утсыг нь, ааш аяг бараг гар барилтыг нь гэх мэт хэлбэрийг дууриадаг зарим нэг “заримдаг” залуучуудад хаяглалаа, үүнийг. Удирдах ажил хийж буй бүх хүмүүсийг хавтгайруулан шүүмжлээгүйг ухаалаг уншигчид минь ойлгоно биз ээ.
(фельетон)
Удиртгал
Манай оронд социализмын үед даргыг тийм чухал нарийн бүтэцтэй хүн төдийгүй унацтай ажил болохыг тодорхой мэдэхгүй байсан бөгөөд дарга болцгоохыг төдий л сонирхдоггүй байсан болов уу. Харин сүүлийн үед дарга нарын жинхэнэ мөн чанарыг таних талаар бид нэлээд амжилт олж байна. Миний бие энэхүү нэг сэдэвт зохиолдоо даргыг бусад хүнтэйгээ адилхан хөдөлж явдаг, идэж уудаг ба үржиж өсөх, үхэж үрэгдэх зэрэг байгалиас заяасан онцлогтой нэгэн төрлийн амьтан төдийгүй хүний нэг төрөл гарцаагүй мөн болохыг олон талаас нь батлахыг оролдсон билээ. Мөн даргын сэтгэл зүйн нарийн зөрчил болон балар цагийн дарга орчин үеийнхээс ямар ялгаатай болохыг харьцуулан судлахыг зорьсон билээ. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдаг гэдэг үгийг сануулахын ялдамд судалгаа шинжилгээний минь бүтээлд буруу хазгай, дүгнэж тулгамдаж осолдсон зүйл байх аваас эрдэмтэн нөхөд, нийт уншигчдын саналыг дуртайяа хүлээн авах болно.
1-р бүлэг: Дарга ангийн тухай товч ойлголт
Костюм зангианаас салдаггүй магадгүй тэрэнтэйгээ төрсөн гэмээр, 9911 гэсэн утас голдуу хэрэглэдэг, өндөр дуутай, их зантай, том жийп машинтай, махлаг биетэй, толгой тус бүр нэгтэй хоёр хөлөөрөө явдаг харц дээгүүр хүнийг дарга гэнэ. Дарга хүн нийтийн унаанд ард түмэнтэйгээ хамт явах байтугай гудамжинд алхаж явахтай таарах нь юу л бол, ийм байдалд орох нь дарга хүний хувьд том доромжлол болно.
Шинжлэх ухаан даргыг хүнээс үүссэн гэж үздэг байхад шашин бол даргыг бурхан бүтээсэн хэмээн номлодог! Үнэнийг хэлэхэд дарга анх эмэгтэй хүнээс үүссэн юм. Эмэгтэй дарга нарыг голдуу “төмөр хатагтай”, эрэгтэй дарга нарыг “төрийн хар хүн” гэж нэрлэх бөгөөд ирээдүйд дарга болж амьдрах сонирхолтой сахал нь ч ургаж гүйцээгүй пээдгэр нөхдийг “дарганцар”, “залуу лидер” гэх мэтээр нэрлэнэ. Манай ардын аман зохиолд “Бяруу болоогүй байж бухын явдлаар явах” гэсэн хэллэг байсныг бодоход эрт балар цагт ч иймэрхүү нөхдүүд мэр сэр байсан нь шинжлэх ухааны гарцаагүй баримтаар нотлогддог юм. Энгийн хүн төрөл бүрийн ажил хийж болдог байхад дарга нар ямар ч гэмт хэрэгт холбогдсон ч насан туршдаа дарга байдаг нарийн зохион байгуулалттай байна. Түүнчлэн дарга хийх эрхээс үргэлж хасагдаж хөөрхий болж нүд үзүүрлэгдсэн нөхдийг “ард түмэн” гэдэг ба тэд нь нэг ёсондоо даргын зарц юм. Дарга гэдэг үг нь монгол хэлний “дарах, дарамтлах” гэсэн үгнээс үүсэлтэй тул тэдний ийм байгаад нь гайхах хэрэггүй мэт.
Одоо манай оронд олон төрлийн дарга байгаагаас зонхилох хэсгийг дурьдвал: Төр засгийн тарган туранхай олон сайд, дэд сайд нар, яам агентлагийн эмэгтэй эрэгтэй хурган ишгэн дарга нар гэх мэт. Нэгээс олон дарга байдаг газрыг Засгийн газар, УИХ гэх буюу “хурган дарга” нар олноор төвлөрсөн байгууллагыг манай улсад яам, агентлаг гэж нэрлэж байна. Товчдоо бүгдийг нэлэнхүйд нь “Дарга ангийнхан” гэнэ.
2-р бүлэг. Дарга бол хүн мөн
Манай оронд ерөнхийдөө 2 төрлийн дарга байдаг байна. Төрийн төлөө хэмээн ажилладаг мөртөө зөвхөн хар амиа бодон төрийн албанд ажиллаж байгаа бүлэг этгээдүүд нь нэлэнхүйдээ “дарга анги” юм. Харин зөвхөн өөрийн төлөө ажиллаж байгаа атлаа дандаа бусдын төлөө сайн үйл бүтээж явдаг хэсэг бүлэг ухаалаг, сэргэлэн нөхдүүдийг хувийн компанийн захирлууд гэнэ. Харин сүүлийн үед тэдгээр захирлууд хөшүүн хойрго дарга ангийн эгнээнд багтахыг олноороо эрмэлзэх болсон нь харамсалтай бөгөөд энэ талаар цаашид нарийвчлан судлах асуудал юм.
Дарга хүнийг харахад энгийн хүнтэй адилхан идэж ууж, хайрлаж дурлаж байгаа болон хэлбэрийн хувьд бусад хүнтэйгээ адилхан боловч тэдний нэг хүний ходоодонд багтахаас илүү ихийг идэхийг хүсэхийг нь харахад хүн гэж хэлэхэд эргэлзээтэй санагддагийг энд зориуд дурдаж байна. Түүний хэмжээнээсээ хэтэртэл иддэг нь үнэн боловч бие бялдарын хувьд бусадтайгаа адилхан байгааг харгалзан “ард түмний” нэг хэсэгт багтаах нь зүйтэй мэт санагдана. Гэвч хулгай хийх авьяасаараа бусад гадаад орны дарга нараас шал өөр билээ. Энгийн нүдээр ажиглахад хулгай хийж худал хэлж байгаа нь анзаарагдахгүй бөгөөд тэдний амьдралын хэв маяг, ард түмнээсээ тасарсан хангалуун амьдрал нь харин үнэн байдлыг нь илчилдэг юм. Ийнхүү ард түмнийхээ төлөө төрийн албанд ашиглагдан боол болж байдгаараа нэг ёсны “албан хаагч” бөгөөд хүний төрлийн амьтанд оруулж тооцоход харшлах зүйлгүй гэсэн дүгнэлт хийж болно.
3-р бүлэг. Дарга хүний нэг төрөл байсан юм
Монголчууд эрт дээр үеэс удирдагчдаа ардчилсан зарчмаар сонгосоор ирсэн баялаг туршлагатай билээ. Хүчтэй, ухаантай нь хаан болдог байлаа. Балар цагийн дарга нарыг омгийн ахлагч, удирдагч гэж нэрлэж байснаа сүүлхэн үеэс хаан гэж нэрлэх болжээ. Тэр үеийн дарга нар өөрсдийгөө тийм сайхан амархан ажил хийж байсан гэж боддог байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд овог отгоо хамгаалах, орон нутгаа өргөжүүлэх гэх мэт олон үүрэгтэй байснаас маш их стресстэй байсан нь гарцаагүй. Ийм их стресс одоогийн дарга нарт байсан бол ингэж олноороо дарга болохыг хүсэхгүй байсан болов уу. Ийнхүү хуучин цагт дарга нарын үүрдэг байсан “хариуцлага” хэмээх зохисгүй явдлыг манай шинэ цагийн удирдлагын ухаан бүрэн төгс яллаа.
4-р бүлэг: Дарга хүний сэтгэл зүйн онцлог
Төр засгийн ямар ч насны дарга нар хөшүүн хойрго байдгийг үндэслэн дүгнэлт хийхэд бүх дарга меленхолик темпераменттай байна. Гэвч амин хувийн болон бусад ажлаа амжуулж байгааг харахад энэ дүгнэлт төдийлөн үнэмшилтэй сонсогддоггүй юм. Тэд сэтгэлийн хөдөлгөөнөө телевизээр гарах эсвэл анд явах зэргээр илэрхийлэх ба бүүр олон юм хэлэх бол хэвлэлийн бага хурал хийдэг. Ингэж хэвлэлийн бага хурал хийхийг PR хийх гэнэ. Дарга нь зохих хэмжээний ууртай амьтан. Ялангуяа өөрийнх нь эрх ашигт нийцээгүй асуудлыг хэлэлцэж буй хурал дээр олуул орилж бахиралдан эсэргүүцэл илэрхийлдэг. Тэд дайсагналцах үедээ нэгнийгээ шууд дуэльд дуудаад шүүхийн танхимд тулалддаг. Тулалдаанд мөнгөтэй дарга ямагт дийлнэ. Гэтэл мөнгөгүй дарга яаж амиа аргацаах вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Хүн судлаач нэгэн эрдэмтэн бичихдээ “Мөнгө болон танил тал эсвэл нэг намынхан бол түүний дайснаас биеэ хамгаалах зэвсэг мөөн! Харин мөнгөгүй даргыг байгаль “Нэг худаг” хэмээх газар амьдрахаар зориулсан ч байж магад” гэжээ. Энэ дүгнэлтээс үндэслэн үзвэл мөнгөгүй дарга бол угаас заяа муутай эрхтэн дутуу төрсөн болох нь бидэнд ойлгогдож байна.
Мөн зарим дарга нар нэгийг нь хэл ам идэж байхад түүнийг хамгаалахын оронд хар амиа хоохойлоод зугатаж байдаг хамтач биш гол дутагдалтай юм. Сүүлийн үед дарга ангийнхны хүмүүжил суларснаас хурган төлгөн дарга нар муухай ааштай болсон төдийгүй зарим залуу дарга ах захаа алдаж юу ч болоогүй байж аавын цээж гаргах явдал гарч байна. Тухайлбал хурган дарга нар байтугай цэцэрлэг, сургуулийн ангийн даргын сонгуульд өрсөлдөж ялахын тулд чихрээр хахуульддагт гайхах зүйлгүй юм. Иймээс дарга ангийнхны дотор тодорхой ажил зохиож өсвөр насны дарга нарын хүмүүжилд онцгой анхаарал тавих цаг болжээ!
5-р бүлэг. Ирээдүйн дарга нарын хувь тавилан
Ирээдүйн дарга нар ямар байх вэ? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна. Миний хувьд дарга нарыг хоол тэжээл их хэрэглэдэггүй, ядаж хулгай хийдэггүй, үхэж үрэгддэггүй мөнхрүүлэх бодолтой байна. Түүгээр ч зогсохгүй өрх бүр нэг даргатай болгох аргыг сүвэгчлэн хайж байгаа юм. Ер нь бол санал болгох хэдэн зүйл байна:
1. Дарга судлалын институт байгуулж залуу эрдэмтдийг дарга нарын дотоод сэтгэлийг нээн ажиллахад чиглүүлж төрөл бүрийн шинэ төрөл бий болгох. Тухайлбал: Өндөр хурд бүхий ажилладаг ерөөсөө хоол иддэггүй дарга, хулгай хийдэггүй дарга, хөдөө орон нутагт зориулж чоно айлгагч хөдөлгөөнтэй хиймэл мануухай даргыг бий болгомоор байна.
2. Мөнгөгүй дарга нарт нийлэг эдээр хиймэл мөнгө хэвлэж өгөхийн зэрэгцээ төрөлхийн мэдлэггүй дарга нарыг дархан цаазтай болгон хуулиар хамгаалах хэрэгтэй. Гол нь мэдлэг муу нь мэдэгддэггүй байвал зохино.
6-р бүлэг: Дэлхийн эрдэмтдийн санал ба миний бодол
Одоогоор хүн судлаачдын дотор хоёр янзын санал байна. Нэг хэсэг эрдэмтэд нь дарга нарыг тэнгэр язгууртай үүрд тэр хэвээрээ байх ёстой амьтан гэж байхад нөгөө бусад эрдэмтэд даргыг хүний төрөлд багтааж хүн гэж үзэж байна. Миний хувьд дээрх хоёр саналыг үндсэнд нь зөвшөөрч байгаа боловч өөрийн гурав дахь саналыг дэвшүүлж байна. Дарга нь амьд амьтны бүх шинжийг хадгалсан болохоор түүнийг хүний нэг шинэ төрөл гэж үзэж байна.
Ерөнхий дүгнэлт
Дээрх судалгаанаас үндэслэн дарга хэмээх энэхүү нийгмийн бүтээгдэхүүн бол нэгэн төрлийн хүн юм байна гэсэн дүгнэлтийг хийж болох мэт санагдлаа. Ингээд дарга бол амьтан амьтандаа жинхэнэ амьтай голтой үнэхээр гарцаагүй амьд амьтан болох нь бидэнд нэгэнт тодорхой боллоо.
Уншиж ашигласан ном зохиол:
1. Мичнээс хүн болоход хөдөлмөрийн роль
2. Үхэр бол амьд амьтан мөн
3. Нянгар хаданд гарсан нь
4. 1000 онигоо
2009 он
Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Ж.Барамсай
Удирдлагын ухааны дэд эрдэмтний зэрэг горилсон хүн судлаач Д.Боролзой