2010-01-08
“Бүрэг” хэмээх газрын нэрийн тухайд

Түлхүүр үгс: Булган аймгийн Бүрэгхангай сум, эртний түрэг, газрын нэр, үгийн гарал

          Нэгэн цагт бидний амьдран буй энэхүү газар нутагт монголчууд биднээс өөр угсааны Сяньби, Жужан, Түрэг (М.Э. 540-745 он), Уйгар, Кидан зэрэг төрт улсууд нутаглаж байсан үе бий. Эдгээр улсууд нутаглаж байсны ул мөр нь элдэв булш бунхан, хүн чулуу, бичиг үсгийн гэх мэт биетээр олдож буй дурсгалаас авахуулаад газар усны нэрэнд хүртэл үлджээ. Ер нь газар усны нэрийг ажиглахад тэнд нутаглаж байсан ард түмэн л уул усандаа голчлон нэр өгдөг ажгуу. Тухайлбал, одоо бидний үед учир утгыг нь ухаарахаа нэгэнт больсон Сэлэнгэ (Төмөртэй гэсэн утгатай хамниган нэр), Байгал нуур (Байкөл буюу эртний түрэг хэлээр Баян нуур), Хөвсгөл нуур (Көк сү көл буюу эртний түрэг хэлээр Хөх уст нуур) [Ринчен, 1966, 27, 78] зэрэг хамниган, түрэг үгс нь тухайн үндэстэн энд нутаглаж байсны баталгаа болж байна.

Монгол орны умард хэсэгт Хангайн уулархаг мужийн ойт хээрийн бүсэд орших Булган аймгийн нэгэн сумын нэр болсон “Бүрэг” хэмээх уулын нэрийн утгын гарлын талаар өгүүлье. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт бүр Хүннүгийн үеэс, ер нь монгол нутагт төрт улсууд үүссэн цагаас эхлээд л эндэхийн газар шороон дээр эртний монгол угсааны аймгууд аж төрсөөр ирсний ул мөр биетээр олдож буй дурсгалаас авахуулаад газар усны нэрэнд нь хүртэл үлдсэн гэж үзэж болно.

          Аливаа газар усны нэрийг гол шинжээр нь ангилвал, хэлбэр дүрс заасан “Ширээ”, “Дөш уул”, эрдэс баялгаар нэрлэсэн “Эрдэнэт”, “Оюу толгой”, амьтнаар нэрлэсэн “Хандгайт”, “Ёлын ам”, цаашлаад тоо хэмжээгээр нэрлэсэн “Таван Богд”, “Гурван сайхан” гэх мэт жишээ татан яривал тун олон. [Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, УБ 1983] Бид утгыг нь ухаарахгүй болсон “Хэрлэн”, “Сэлэнгэ”, “Орхон” зэрэг нэрс ч арвин.

Бидний сонирхон буй “бүрэг” хэмээх үгийг тайлбар толиос үзвэл ердөө л хоёрхон утгатай байна. Нэг нь бүрэг дорой буюу, хүний зан аалийн  нэр, нөгөө нь тод биш бүрэг бараг харагдах гэсэн утгатай үг юм. [Цэвэл, 1966, 118]     Уулын нэр бүрэг дорой зан ааштай холбоотой байна гэж мэдээж байхгүй, далайн төвшнөөс дээш 1850 гаруй өндөр хараа бараатай уулыг бүрэг бараг харагдахаар нь нэрлэнэ гэж огт байж таарахгүй. Тийм учраас “бүрэг” гэдэг нэрийг өнөөгийн бидэнд ойлгогдохгүй болсон нэрсийн хүрээнд авч үзэж судлууштай санагдана.

          Эл үгийн утгын талаар судлаачид ч саналаа хэлжээ. Тухайлбал, “...Хятан гүрнийг үндэслэгчийг сурвалж бичигт Абаоцзи хэмээсэн байдаг бөгөөд энэхүү Абаоцзийг оршуулсан газрыг “Му-е-шань” гэдэг бөгөөд “шань” нь “уул, нуруу” гэсэн утгатай, “м” ба “б” авиа олон хэлнээ харилцан сэлгэдэг, тохирдог авианууд тул “Му-е” нь “бүрэг”(хангай) байж болох юм...” гэж Кидан улсын үетэй (10-12 дугаар зуун) холбон эрдэмтэн Б.Сумъяабаатар зохиолдоо дурьджээ. [Сумъяабаатар, Наваан, 1987, 44] Мөн эрдэмтэн О.Сүхбаатар энэхүү нэрийн утгыг төвдөөр ‘brug буюу луу гэсэн утгатай, өөрөөр хэлбэл төвд нэр хэмээн тайлбарласан байдаг. Ер нь хожуу шашин, соёлын холбооноос шалтгаалсан төвд нэртэй Говьсүмбэр аймгийн Чойр уул (Чойр нь төвдөөр номын дацан), Жанчивлангийн рашаан (Жанчивлан нь төвдөөр бодь тив, хийд), Хэнтий аймгийн Норовлин (Норовлин нь төвдөөр эрдэнийн хийд) нэрт уул [Сүхбаатар, 1997, 216, 101, 148] зэрэг жишээ зөндөө байдаг ч дээрх үгийн утгын талаар өөр нэгэн санал байгаа учраас энэхүү өгүүллийг бичлээ.

Дашрамд дурдахад, энэхүү “Бүрэг” хэмээхтэй холбоотой үгүйг хэлж мэдэхгүй ч төстэй дуудагддаг гэмээр нэг үг “Монголын нууц товчоо” (МНТ)-нд бий. Тэмүүжин Бөртэ үжинг гэртээ авчран суугаад, нутаг сэлгэн нүүж буусан Хэрлэний эх Бүрги эрэг гэдэг домогт газрын талаар МНТ-нд 6 удаа дурдсан байдаг. [Шагдар, Дамдинсүрэн, 2006, 29-30] Жишээлбэл, МНТ-ны 96-р зүйлд “…Senggűr γoroqan-ača neűjű Kelűren műren-ű teriűn Bűrgi ergi-de nuntuγlan bauju Čotan eke-yin sitkűl keen qara buluγan daqu abčiraju bűlee (Сэнгүр горхиноос нүүж Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан буув. Чотан эхийн бэлэг хэмээн хар булган дах авч ирсэн бөлгөө [Цэрэнсодном, 1993, 67] ) [Дашцэдэн, 1985, 39] гэх зэргээр байна. Багануураас Мөнгөнморьт орох замын дэргэд Хэрлэнгийн баруун гарт байх 10-аад метр өндөр эргийг МНТ-нд гардаг Бүрги эрэг гэж үздэг. Энэхүү газар Тэмүүжин гэрлэснийхээ хойтон жил зусаж байсан ба Бөртэ хатангаа мэргэдүүдэд алдсан тухай МНТ-нд дурдсан байна. Энэ газрыг ганц Бөртэг булаалгасан гэхээс илүү Монгол аймгууд нэгдэх эхлэлийг бий болгосон газар гэж үздэг ажээ.

Эртний түрэг үгийн толийг шүүрдэн үзвэл “бүрэг” гэдэг үгтэй төстэй хэд хэдэн үг байна. Энэ нь: буюур (bujur)-тушаах, ноёлох, захирах гэсэн шиг утгатай үйл үг, энэ үгнээс гаралтай буюурук (bujuruq, bujruq) гэх “захирагч” гэсэн утгатай нэр үг байх ба үүнийг албан тушаал, цолын нэр хэмээн тайлбарлажээ. [Древнетюркский словарь, 1969, 121]

Монгол нутагт Жужаны дараа бусад нүүдэлчний дундаас товойн гарч, тэднийг зонхилох болсон аймаг нь Түрэгүүд байв. [БНМАУ-ын түүх, 1966, 128] Зургадугаар зууны дундуур түрэг хэлтэн овог аймгуудын улс төрийн нэгдэл болох феодалын түрүү улс Орхон голын сав газраар төвлөрөн байгуулагджээ. Эртний түрэгүүдийн төр улсаа байгуулж суурьшин байсан тэр үеийн газар нутгийнх нь тухай түүхч Рашид-ад-диний “Судрын чуулган” зохиолд “...Балар эртнээс одоо болтол түрэгчүүд гэж нэрлэж байсан, нэрлэсээр байгаа түмэн Дешт-Кипчак, орос, черкес, Башкир түмэн, Талас ба Сайрам, Ибир ба Сибир, Булар ба Ангар мөрний уудам тал уул, ойд Туркистан, Уйгуристан гэгддэг нутгийн найман түмэн гол, уулсаар жишээлбэл Хөх Эрчис, Ирдыш, Хар Хүрэм (уул), Алтай уулс, Орган мөрөн (Орхон), хиргис, кэмкэмжиутын нутагт Могулистан (Монголчуудын нутаг) гэж алдаршсан олон зуслан, өвөлжөөтэй газарт мөн Хэрэйд түмэнд хамаарагдах, жишээлбэл: Онон, Хэрлэн, Далан Балжиус, Бурхан Галдун, Кукан нуур, Буйр нуур, Каркаб, Куйин, Эргүнэ гүн (кун), Халайр, Сэлэнгэ, Баргужин төхөм, Хархалжийн элээт, мөн хятадын Цагаан хэрэмтэй хиллэсэн Утхук-т нутагладаг байжээ...” хэмээн өгүүлсэн байдаг. [Рашид-ад-дин, 33]

          Энэхүү “буюрук” цолыг эртний монголын овог аймгуудын дотор хэрэглэж байж уу, хэрэглэж байсан бол хэрхэн хэрэглэж байсныг түүхэн баримтаас сонирхоё.

          Хамаг Монгол улстай хөрш байсан том аймгуудын дотроос ихээхэн хүчтэй байсан нь Хэрэйд байжээ. [БНМАУ-ын түүх, 1966, 180] Аль 13-р зуунаас өмнө Хэрэйт, Жиркин, конкайд, сакаид, тумауд, албат, тункайд, хиркун гэдэг Хэрэйдийн найман аймаг байжээ. Хэрэйдийн хожуухан үеийн (М.Э. 11-13 дугаар зуун) нутаг нь Яг, Ябган (Заг Завхан), Туул, Сэлэнгэ, элсэн говийн хооронд байж баруун талаараа Наймантай зах нийлж, хойд талаараа Мэргэдтэй хил залгаж, зүүн талаараа Монголчуудтай нутаг савлаж, өмнөд талаараа Тангудын Ся улстай хязгаар тулсан байжээ. Түүхч Рашид-ад-диний “Судрын чуулган”-д өгүүлснээр: “Ван ханы хувийн зуслан нь Далан-Гусэур, Даваан нуур юм. Түүний баруун жигүүрийн цэргийн бууц нь Тулсутан, Жалсутан юм. Зүүнийх нь Илат, Тарат (Тариат), Айжми, Кутукэн Урут, Укурут, Йилет, Тертит юм. Өвөлжөө нутаг нь Утекин мөрөн, Орон-куркин, Төш, Барау Ширэ (Баруун Ширээ), Кулусан, Отку-кулан, Желаур-кулан юм” [Рашид-ад-дин, 78]. “Эрт үед нэг хантай тэр нь долоо (найман) хүүтэй байсан, тэд цөм бор царайтай учир хээр (хэрэйд) гэж нэрлэжээ” гэсэн яриа байдаг [Рашид-ад-дин, 79].

Хэрэйд аймгийн тэргүүн нь “буюрук” цолтой байжээ. Сонирхолтой санагдаж буй нэгэн зүйл нь энэхүү Бүрэгийн нуруу нь тэр үедээ Хэрэйд аймгийн эзэмшил нутагт багтаж байгаа явдал юм. Хэрэйдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний буюрук хан бол Маркуз болно. Маркуз хан 12 дугаар зууны эхэнд Хэрэйдийн төр барьж байсан тэр цагт Хэрэйдтэй Татарууд эв түнжингүй байжээ. Алтан улсад хараат байсан тэр татарууд нь Хэрэйдийн хан буюрук Маркузыг гэндүүлэн барьж Алтан улсад хүргүүлэн модон илжигт хадаж алсан гэдэг. [БНМАУ-ын түүх, 1966, 180]

Бүрэгийн нурууны баруун талд нь Огол, зүүн талд нь Дархан нэртэй хоёр уул бий. Дархан хэмээх нь буюрукийн адил цолны нэр бололтой. Эртний түрэг үгийн толиос үзвэл “tarqan (дархан) хэмээх үгийг цол хэргэмийн нэр (титул) хэмээн тайлбарлажээ. [Древнетюркский словарь, 1969] Эл дархан гэдэг цолын тухайд ном сударт өгүүлсэн нь: “...Түрэгийн төрийн дээд эрхийг хаан эзэрхэх бөгөөд хааны зөвлөх сайдууд эзлэгдсэн орныг захиран суух “ябгу” буюу “шад” хэмээх цолт дээд түшмэл, мөн дагаж орсон аймгуудын хаад, аймгуудын зонхилогч “түдүг”, алба татвар хураагч “дархан” хэмээх түшмэл, “буюрук” гэдэг шүүгч зэрэг албаны хүмүүс төрийн төв аппарат болдог байжээ. Дархад алба татвар хураах эрхийн тэмдэг-алтан зэвтэй сум авч явдаг байжээ. “Дархан” гэдэг цолыг анх төр улсад гавьяа байгуулагсдад шагнаж, аливаа алба татвараас хэлтрүүлдэг байсан нь хожим алба татвар хураагч түшмэдийн зэрэг болсон бололтой”. [БНМАУ-ын түүх, 1966, 323]

Бүрэгийн нурууны баруун талд байх Огол хэмээх уулын нэр ч эртний түрэг хэлний үг бололтой. Толиос үзвэл энэхүү уулын нэртэй төсөө бүхий Ogla, Oglan гэх зэрэг үгс байх бөгөөд эдгээр үгсийг хүү, хүүхэд, хөвгүүн (юноша, ребёнок, мальчик, сын) гэх зэргээр орчуулжээ. [Древнетюркский словарь, 1969, 363] Огол бол эртний түрэг үг мөн.

Буюрук, дархан, огла гэсэн энэ гурван үг эртний түрэгийн рун бичгийн дурсгалуудад ч бас тааралдах ажээ. Тухайлбал, Күл-тегиний хөшөөний бичээст: “Tengri teg tengride bolmпs tűrűk bilge qagan bű цdke olurtum. Sabпmпn tűketi esidgel, ulaju ini-jegűnűm oglanim biriki oguum bodunum (bodanim), berije sad-apit begler, jiiraja tarqat bujruq begler otuz… гэх мэт. Үүний орчуулга нь: “Тэнгэр шиг тэнгэрээс заяатай түрэгийн Билигт хаан, эдүүгээ хаан ширээнд суув, би. Үгийг минь цөмөөрөө сонсогтун, улирах дүү-зээ нар минь, хүү нар минь, нэгдэлтэй харьяат аймаг минь, баруунаа шадапат түшмэд, зүүнээ дархад, захирагч түшмэд, гуч...” гэх мэт байна. [Базылхан, 1987, 46]

Ийнхүү энэ гурван нэрийн (Бүрэг, Дархан, Огол) утгыг энэ мэтээр мөшгөн үзвэл хоёр нь цол хэргэмийн нэр (Бүрэг, Дархан), нэг нь (Огол) нөгөө хоёр нэрээсээ арай багын утгыг илтгэсэн (тус уул нь хэмжээний хувьд ч нөгөө хоёроосоо бага) ураг удмын хамааны нэр ажээ. Бүрэг, Дархан, Оголын ойр орчмын уул усны нэрсийг харвал энэ гурав шиг хоорондоо холбоотой гэмээр содон нэр алга байна гэж хэлж болмоор. Тухайлбал, эдгээрийн эргэн тойрон Шувуут, Асгат толгой, Баян хангай, Эрдэнэ уул, Бага дулаан, Тахилт, Номт толгой гэсэн дан монгол нэртэй уул нурууд байна (Харин эдгээрээс нилээн өмнө “Хүү” нэртэй уул бий). Энэ гурван уулын нэр Түрэгийн үеийн түүхтэй холбоотой болов уу хэмээн таамаглана. Учир нь, монгол нутагт газар усанд хүндэтгэл, билэг дэмбэрэлийг ерөөж Отгонтэнгэр, Богд хан, Зайсан толгой зэрэг цол хэргэмийн нэрийг ч хайрладаг уламжлал байсан ба дээрх нь үүний эрт үеийн баримт хэмээлтэй.

Бидний сонирхон буй “Бүрэг” хэмээх нэрийн эртний хэлбэр бол “буюрук” мөн. Буюрук нь буюруг-бүрүг-бүрэг гэх мэт, Тархан нь дархан, Огла(н) нь огла-огло-огол гэх зэргээр эдгээр үгэнд авианы хувирал хувьсал явагдсан болно.

 

SUMMARY

 

There are traces that people of different nationality lived in present Mongolian land in ancient time such as various tombs, stone man, inscription as well as names of places.

          The author tried to prove that the name of Bureg Mountain in Bureghangai soum of Bulgan aimag means “governor” in ancient Turkish with history and language facts.

 

Ном зүй

 

[Базылхан, 1987] – Б.Базылхан, Күл-тегиний хөшөөний бичээсийн монгол орчуулга (бага бичээс), Хэл зохиол XYI боть, УБ 1987

[БНМАУ-ын түүх, 1966] БНМАУ-ын түүх, Тэргүүн боть, УБ 1966

[Дашцэдэн, 1985] – Ц.Дашцэдэн, Монголын нууц товчоо, УБ 1985

[Древнетюркский словарь, 1969]Древнетюркский словарь, Ленинград, 1969

[Рашид-ад-дин]Рашид-ад-дин, Судрын чуулган. 1-р боть, 1-р дэвтэр, Орч: Ц.Сүрэнхорлоо, УБ

[Ринчен, 1966] – Б.Ринчен, Монгол бичгийн хэлний зүй, Гутгаар дэвтэр – Хэлбэр судлал, УБ 1966

[Сумъяабаатар, Наваан, 1987]Б.Сумъяабаатар, Д.Наваан, Өвөг монгол хэл, бичгийн чухаг дурсгал, УБ 1987

[Сүхбаатар, 1997] – О.Сүхбаатар, Монгол хэлний харь үгийн толь, УБ 1997

[Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, 1983] – Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, УБ 1983

[Цэвэл, 1966] – Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ 1966

[Цэрэнсодном, 1993] – Д.Цэрэнсодном, “Монголын нууц товчоо”-ны орчуулга тайлбар, Бээжин 1993

[Шагдар, Дамдинсүрэн, 2006] – Ш.Шагдар, С.Дамдинсүрэн, Монголын нууц товчооны газар ус, УБ 2006

Бичсэн: Боролзой | цаг: 10:49 | Эрдэм шинжилгээний өгүүлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


андуурсан бөлгөө
Бичсэн: Зочин цаг: 02:37, 2017-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax