Монгол улсын шинжлэх ухаан-108 боть
“Монголын уран зохиолын 108 боть” гэж бий. Мөн Монгол улсын Шинжлэх ухааны академиас “Монгол улсын шинжлэх ухаан” хэмээх 108 боть цуврал бүтээлийг санаачлан бүтээж байгаа нь амжилттай үргэлжилж байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид цувралын өмнөх үгэнд “...Хэн нэгэн хүн зохиолчдыг дуурайгаад гэж биднийг шүүмжилж магадгүй. Тэгвэл түүний түмэн зөв. Бид зохиолчдыг дуурайсан юм. Сайн үйлсийг дуурайх нь ичгэвтэр хэрэг огт биш. Монголчууд бид сайн бүхнийг дуурайгаад байвал өөрсдөө маш сайн болох нь дамжиггүй шүү дээ” гэжээ.
Ийнхүү үндэсний монгол эрдэмтдийн оюун билгээр бүтсэн эрдэм судлалын бүтээлүүдийн охь дээж нь энэхүү 108 ботид шингэжээ. Өөрөөр хэлбэл Монгол улс дахь байгалийн болон нийгмийн салбарын шинжлэх ухаануудын судалгааны түүхийг энэ цувралаас мэдэж чадна. Шинжлэх ухааныг сонирхдог, хүндэлдэг, оролддог хэн бүхэнд хамаатай бүтээлүүд ийнхүү хэвлэгдэн гарч байна.
“Монгол улсын Шинжлэх ухаан” хэмээх 108 боть цувралын XI боть “Монгол хэлний нутгийн аялгуу судлал” [2009]-ыг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахмад ажилтан, нутгийн аялгуу судлаач доктор Ж.Цолоо, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар, С.Энхжаргал нар зохиож гаргав.
Мөн XII боть нь “Монгол хэлний үгийн сангийн судлал” [2009] бөгөөд “Монгол хэлний үгийн сан судлалын товч тойм”-ыг доктор Э.Пүрэвжав, “Монгол хэлний утга судлал”-ыг профессор Д.Бадамдорж, “Монгол хэлний үгийн сангийн үндсэн бүрэлдэхүүн”-ий хэсгийг Ц.Батдорж, “Монгол оноосон нэрийн судлал”-ыг профессор Э.Равдан, “Монгол хэлний өвөрмөц хэлц хэллэгийн судалгаа”-г Ж.Ганбаатар, “Монгол толь бичгийн уламжлал”-ыг профессор Ц.Шагдарсүрэн нар бичсэн. Харин миний бие “Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүн”-ий судлалын хэсгийг нь хариуцаж бичсэн бөгөөд энд өөрийн бичсэн хэсгээ нийтэллээ. Шалтгаан нь, монгол хэлний хуучин үг, шинэ үг, нэр томъёо, этгээд үг, нутгийн аялгууны үг судлалаар реферат бичиж байгаа оюутанд ч атугай хэрэг болж юуны магад гэж бодоод. Ном энэ тэр олдохгүй бол интернэтээс “хуулчихвал” амар ш дээ, юм хөгжсөн цагт. Гэхдээ "зохиогчийн эрх" гэж нэг юм бийг бүү мартаарай, ямар нэг судалгаандаа ч юм уу үүнийг ашиглах гэж байгаа бол зохиогчдынх нь нэр усыг нь тавьж "хуулахгүй" бол соёлгүй юм болно шүү.
МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН САНГИЙН
ҮҮСМЭЛ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУДЛАЛ
Хуучин үг судлал
Хуучин үг (archaic expression. англи) гэж “өнөөгийн аман ба бичгийн хэлэнд идэвхтэй хэрэглэгдэхээ больсон боловч идэвхгүй үгийн нөөцөд хадгалагдаж байгаа үг хэллэгийг хэлдэг [Баянсан, Одонтөр, 1995, 177]. Аливаа хэлний үгийн санд тодорхой цаг үед хэрэглэгдэж байсан боловч нийгмийн хэрэглээнээс шалтгаалж хэрэглэгдэхээ больсон үгс байдаг. Энэ нь үгийн сангийн хэрэгцээнээс бүрмөсөн гарч байна гэсэн хэрэг биш идэвхтэй үгийн хүрээнээс идэвхгүй үгийн нөөцөд орж байгаа хэрэг юм. Энэхүү үйл явц нь нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарах бүрд илүү хурдацтай болдог бөгөөд хуучин нийгэмд хэрэглэгдэж байсан үгс хэрэглэгдэхээ байж хуучин үг болж (социалист өмч, сонин уншлага, нэгдэл гэх мэт үгсийг одоо тэр бүр хэрэглэхгүй болсон) байхад зарим хуучин гэж байсан үгс (ноён, түшмэд, хатагтай гэх мэт үгсийг одоо нэгэнт хэрэглэж хэвшжээ) шинэ үгийн нөөцөд орж ирдэг нь хэлний хэвийн үзэгдэл юм.
Үг хуучрахын гол шалтгаан нь нийгмийн хөгжил өөрчлөлт мөн бөгөөд энэхүү өөрчлөлт нь дараах байдалтай байна.
1. Нэрлүүлж байсан зүйл нь хэрэглээ шаардлагаас гарахад, жишээ нь: намбух-сав, богц-цүнх, улаач-шууданч
2. Солин нэрлэлтийн аргаар, жишээ нь: манцуйг өлгий, чийчаан-машин, нийслэл хүрээ-Улаанбаатар
3. Шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой уламжлалт үг хуучрах, жишээ нь: онохуй-обьект, хувилахуй ухаан-хими, ариутган шүүгч-редактор
4. Гадаад үгийг хуулбарлан орчуулснаас, жишээ нь: сүрчиг-духи-үнэртэй ус, их хуралдай-парламент-их хурал гэх мэт”. [Орчин цагийн монгол хэл, 2008, 350]
Өнөөгийн бидний үед учрыг нь тэр бүр ухаарч мэдэхгүй болж хуучирсан олон үгийг бүртгэн түүж сан бүрдүүлэх нь таарч тохирох үгсийг орчин үед сэргээн хэрэглэхэд болон нөгөө талаас монголын эртний түүх соёл сонирхон судлах хүмүүст тус нэмэр болохоор чухал ажил юм. 1384 оны “Хуа-И И-юй” монгол-хятад толь, 1742 оны “Мэргэд гарах орон нэрт тогтоосон даяг” төвд-монгол толь, 1743 оны “Хорин нэгтийн тайлбар толь”, 1746 оны “Гучин зургаатын тайлбар толь”, 1929 оны С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар чандманийн эрхи” зэрэг нь бүгд одоо хуучин үгийг судлахад үнэт хэрэглэгдэхүүн болдог.
Хуучин үг судлалын талаар хийсэн нэгэн дорвитой хамтын бүтээл бол 1992 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь” билээ. Тус тольд өнөө үед идэвхтэй хэрэглээнд нэгэнт орсон “авлига“ гэх мэт үгсээс авахуулаад хуучирсан, ховор хэрэглэгддэг 4500 орчим үг, хэллэгийг хуучны толь бичиг, түүхэн сурвалж, ном судруудаас түүвэрлэн авч оруулжээ. Мөн Ч.Нарантуяагийн “Дундад эртний монгол үгийн товч тайлбар толь” хэмээх бэсрэг тольд эртний судар түүхийг уншихад тохиолдох хуучин, монгол 2100 үгийн тайлбарыг утга зүй, үгсийн сангийн талаас нь “ав хомрого – зэрлэг амьтан, жигүүртэн шувууны олзыг ан гэнэ. Хайдаг ав, ав хомрого гэж ялгана. Хайдаг ав – анчин ганцаар, ав хомрого – олон анчин оролцоно” [Нарантуяа, 2002, 5] гэх зэргээр дөхөм тайлбарлажээ.
Найруулгын бүрэлдэхүүн, үүрэг, хэрэглээний талаас нь профессор Д.Отгонсүрэн хуучин үг хэллэг, түүхэн үг хэллэг гэж хоёр хуваагаад “хуучин үг хэллэг, түүхэн үг хэллэгийн аль аль нь хэл найруулгад ховор орох учир хүн бүхэн ойлгомжтой байдаггүй. Тийм ч учраас тухайн хэлний нийт утга зохиолын хэлний идэвхгүй үгсийн бүрэлдэхүүнд ордог байна. Энэ шалтгаанаас нь үндэслэн хэл найруулганд аль болохоор бага хэрэглэж, ойлгомжгүй үг олшрохоос зайлсхийхийг чухалчилдаг” [Отгонсүрэн, 1998, 103] гээд хуучин үг хэллэгийн найруулгын хэд хэдэн үүргийг дурджээ. Энэ нь: “1. Өнгөрсөн үеийн түүхт үнэн байдал, үйл явдал, хүний дүр төрхийг бодитойгоор дүрслэн үзүүлэхийн тулд уран зохиолд хэрэглэнэ. 2. Аль нэг зохиолын (түүхэн зохиолын ч юм уу, орчин цагийн зохиолын) юм үзсэн, ахмад хүн/баатрын дүрийг тодруулж хэл ярианы онцлогийг гаргах зорилгоор хэрэглэж болно. 3. Нийгмийн тусгай бүлэг хүмүүсийн хэл ярианы онцлогийг гаргахад түүхэн үг хэллэг, хуучин үг хэллэгийг хэрэглэж болно. 4. Түүхэн үг хэллэгийг шог хошин зохиолд (шог хошин аясаар найруулахад) хэрэглэнэ. 5. Зарим хуучирсан үгийн утгыг шинэчлэн, орчин цагийн монгол хэлэнд сэргээн хэрэглэсэн байж болдог” [Отгонсүрэн, 1998, 103-106] гэжээ.
Хуучин үг хэллэгийг найруулгын талаас нь профессор Ц.Сүхбаатар “Үгийн хуучрал гэдэг нь үгийн сангийн өөр нэг ижил утга нэгжээр солигдон хуучирсан үгийг хэлдэг. Үүнд тэмдэглэгдэхүүн хуучирснаас болж хэрэгцээнээс гарсан түүхэн үг хэллэгийг оруулж бас болно” [Сүхбаатар, 2002, 134] гээд хуучирсан үг хэллэгийн найруулгын дараах хэдэн үүргийг дурджээ.
1. “Түүхийн юм үзэгдлийг заан нэрлэхийн зэрэгцээгээр өнгөрсөн үеийн ерөнхий амьсгал, дэвсгэр хөг оруулах үүргээр хэрэглэж болдог. (Б.Ринчений “Үүрийн туяа”, “Их нүүдэл”, Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоо”-ны орчуулга зэрэг түүхийн сэдэвт бүтээл)
2. Уран зохиолын баатрын хэл ярианы онцлогийг гарган, уг баатрын тухай тодорхой төсөөлөл бий болгохын тулд, үг ярианд нь тэр үеийн хэллэгийг хэрэглэдэг.
3. Үг ярианд сүрлэг ёсорхуу, ойр зуурын ярианаас эрс ялгаатай бичиг соёлын уур амьсгал оруулах зорилгоор хэрэглэж болдог” [Сүхбаатар, 2002, 135] гэх мэтээр ангилжээ.
Ер нь ихэнх “хэлний шинжлэлтэн нар хуучирсан үгийг түүхэн үг хэллэг ба хуучирсан үг хэллэг гэж хоёр зүйл болгон ангилсаар иржээ”. [Төмөрцэрэн, 2001, 112] “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс” бүтээлд “Орчин цагийн монгол аман ба бичгийн хэлнээ идэвхтэй хэрэглэгдэхээ больсон үгсийг хуучирсан үг гэнэ. Хэл шинжлэлд хуучирсан үгийг 1. Эртний үг, 2. Түүхэн үг, 3. Хуучирсан үг гэж ялган үздэг” [Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс, 1985, 51] гэжээ. Эртний үг гэдэгт “Монголын нууц товчоо” зэрэгт гардаг боловч одоо нэгэнт ойлгогдохгүй болсон үгсийг (Ж: жубур, өлжиг, хараут, чэрби), түүхэн үг гэдэгт зарим ойлголтууд хуучрахад тэдгээрийг нэрлэж байсан үгс хамт орхигдож хэлэнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ больсныг (Ж: феодалын төрийн цол хэргэмийн ван, гүн, бэйл гэх мэт үгс), харин тухайн юм, үзэгдэл, ойлголт нь хэвээр байгаа атал ойролцоо утга бүхий өөр үгэнд дийлдэн байраа тавьж өгөөд идэвхт чанараа алдсан үгсийг нь хуучирсан үг гэжээ (Ж: уурын тэрэг-машин, эш-онол г.м).
Хуучин үгсийг нутгийн аялгуу судлалын хүрээнд тодруулж ордос аман аялгууг үгсийн сангийн талаас нь орчин цагийн монгол бичгийн хэлтэй харьцуулан судалсан нэгэн сонирхолтой судалгаа бол Н.Батжаргалын “Ордос аман аялгууны үгийн сангийн судалгаа” (хуучин болон онцгой үгийн жишээн дээр) хэмээх хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилж бичсэн ганц сэдэвт зохиол болно. Судлаач “энд ярьж бүхий хуучин үгс гэдэг нь үгийн сангийн судлалын ерөнхий ном зохиолд дурдагдсан “хуучирсан үг” гэдэгтэй үндсэндээ дүйх авч монгол хэлний харьцангуй эртний сурвалжуудад тэмдэглэгдэж байгаад орчин цагийн монгол бичгийн хэл болон бусад аялгуу, аман аялгуунд орхигдсон буюу эсвэл үндсэн утга нь хувирсан үгсийг зааж байна” [Батжаргал, 2001, 19] гээд ордос аман аялгуун дахь хуучин үгсийг дараах байдлаар ангилжээ:
1. Уугуул хэвээрээ үлдэн байгаа хуучин үгс. Энэ нь орчин цагийн монгол бичгийн хэл болон олонх аялгуунуудад нэгэнт гээгдсэн үгс нь ордос аман аялгуунд нэлээд идэвхтэй хэрэглэгддэг байна. Ж: dauli – дээрэм, aldas – алдын олон тоо, esűg – гүүний сүү (айраг буюу цэгээ), biši – өөр, бусад гэсэн үг.
2. Утгын хувьд эртний онцлогоо хадгалж байгаа хуучин үгс. Энэ нь ордос аман аялгуунд үлдэж хоцорсон нэг хэсэг эртний хэлний үгсийн утга нь орчин цагийн бичгийн хэл болон олонх аялгуу, аман аялгуунд нэгэнт хувиралт гарсан байна. Зарим үгийн утга нь шилжиж, зарим үгийн утга нь явцуурч, зарим үгийн утга нь өргөжсөн байна.
· Эртний утгаа бүрэн хадгалж байгаа хуучин үгс. Ж: “шудургу” гэсэн үг нь орчин цагийн бичгийн хэл болон олонх аялгуу, аман аялгуунд “үнэнч, голч” гэсэн утгатай байхад ордос аялгуунд бас “шулуун” гэсэн утгатай байна.
· Уугуул утга ба салбар утгаа хадгалж байгаа хуучин үгс. Ж: “далай” гэсэн үг нь орчин цагийн бичгийн хэлэнд “аугаа, их” гэсэн утгатай хэрэглэж байгаа бол ордос аялгуунд “их олон” гэсэн утгаар “далай хүн (олон хүн)” гэх мэтээр хэлж байна.
· Уугуул утга нь шилжиж хувирсан хуучин үгс. Ж: “Оорцаг” нь эртний утга нь “хулгай, дээрэм” гэсэн утгатай байсан бол ордост “оорцог зан гаргах” гэж байна.
3. Бүтцийн хувьд эртний хэлбэрийг хадгалсан хуучин үгс. Ж: “Үсү” гэсэн үг ордос аман аялгуунд эртний хэлбэрээрээ үлдсэн байдаг бол орчин цагийн бичгийн хэл болон олонх аялгуу, аман аялгуунд эхний эгшиг нь гээгдэж “сүү” болсон байдаг.
Хуучин үгийн бүрэлдэхүүнд байгаа үгийг хэрэглээ, утгаар нь бүрмөсөн мартагдсан, мартагдаж байгаа, мартаагүй боловч хэрэглэгдэхгүй байгаа үгс гэж тухайн үгийн идэвхтэй үгийн хүрээнээс гарсан цаг хугацаатай холбоотой хэмээн үздэг байна. Сүүлийн үед монгол хэлний эх бичгийн судалгааны хүрээнд хуучирсан үг хэллэгийг судлан утга учрыг ухаарах, эргээд тэр хэрээрээ эх монгол хэлнийхээ баялаг үгсийн санг баяжуулж шинэ үг хэллэг үүсгэн хэрэглэх боломж бололцоог олгож байгааг дурдах нь зүйтэй. XIII зуунд Монголчуудын зохиосон гайхамшигт түүхэн дурсгал болох “Монголын нууц товчоо”-ны хувьд “түнэ-хар шугуй”, “ич-баруун тал”, “үлэтгэх-алах” гэх мэт үгсийн утгыг зөвхөн судлаачид тайлбарлахаас бус нийт хүмүүст ойлгомж муутай байлаа. Энэ талаар гэхэд л Цэнд гүний монгол бичгээр анх сэргээн босгосон эхээс авахуулаад Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном, Б.Сумъяабаатар нарын үе үеийн эрдэмтдийн хөрвүүлэг, үгийн тайлбар зэрэг олон талаас хийсэн судалгаанууд нь хуучин үг хэллэгийг судлан тайлбарлах ажил нэлээд амжилтад хүрснийг илтгэж байна.
Үгийн санг нийгэм-хэл шинжлэлийн талаас нь Н.Нансалмаа судлан “хуучирсан байдлаар нь хуучин үг хэллэгийг:
а) Тухайн хэлээр хэлэлцэгчдэд ойлгомжгүй болсон учир толь бичигт хандах шаардлагатай үг, хэллэг
б) Тухайн хэлээр хэлэлцэгчдэд ойлгомжтой боловч тодорхой хүрээ, тодорхой бичвэрт тодорхой зорилгоор ашигладаг идэвхгүй үг хэллэг гэж хувааж үзэж болно” [Нансалмаа, 2005, 114] гээд “хуучин үг хэллэг орчин цагийн ойролцоо утгат үг хэллэгээс дуудлага, авиа, хэл зүйн хэлбэр, утга, бусад үгтэй холбогдох байдлаар ялгаатай байдаг. Орчин цагийн монгол хэлний үгээс дуудлага, авиа зүйгээр ялгарах: үгүүлэгч-өгүүлэгч, чээж-цээж, үг зүйн хэлбэрээр ялгарах: бодохунаа, ажиглах ахул, бусад үгтэй холбогдох байдлаар ялгаатай: бичигт шунах-дуртай байх, цааз тогтоох-хууль тогтоох” [Нансалмаа, 2005, 116] гэх мэтээр хэлний нийгмийн шинжийг харгалзан үгийн санг хэрэглэгдэх байдлаар нь журамлан судалжээ.
Шинэ үг судлал
Хүмүүсийн амьдрал ахуй, соёл боловсрол, үйлдвэр, шинжлэх ухаан, техник, улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ зүйл, мэдлэг ухаан бий болж, түүнийг хэлэнд тэмдэглэж илэрхийлэх хэрэгцээ шаардлагаас үүсгэсэн үг хэллэгийг шинэ үг хэллэг (neologisms. англи) гэдэг”. [Баянсан, Одонтөр, 1995, 192]
Нийгэм хувьсан өөрчлөгдөж хөгжихийн хамтаар хүмүүсийн ахуй амьдралд зарим шинэ юм үүсэж, зарим хуучин юм алга болж байдаг хуультай. Хүмүүсийн хэл ярианд ч гэсэн ялгаагүй шинэ юм, ойлголтыг тэмдэглэсэн үг буй болж, хуучин юм, ойлголтыг нэрлэсэн үг алга болж байдаг нь хэлний зүй тогтолт үзэгдэл билээ. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд шинэ үг олноор бий болдог. 1990 оноос Монгол улс зах зээлийн харилцаанд орсонтой холбоотойгоор бүхий л салбарт гарч байгаа шинэчлэл, өөрчлөлтийг тусгасан шинэ үг хэллэг сүүлийн 20 орчим жил улам их ажиглагдах болсон.
Монгол хэлний үгийн сан шинэ үг хэллэгээр баяжих талаар судлаачид янз бүрийн саналтай байдаг бөгөөд шинэ үг хэллэг үүсэх нийгмийн нөхцөл байдал, тэдгээр үг хэллэгийн найруулга, хэрэглээний онцлог, давтамж, гарал үүсэл, төрөл зүйл, хэв маяг зэргийг цогц байдлаар судалсан ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл хараахан гараагүй боловч П.Бямбасан, Ц.Өлзийхутаг, Ж.Төмөрцэрэн, Г.Гантогтох, Л.Болд, Э.Пүрэвжав, Ш.Баттөгс, Л.Нарантуяа нарын эрдэмтэд энэ асуудлыг ямар нэг хэмжээгээр авч үзсэн байдаг билээ.
Ж.Төмөрцэрэн үг нийлэх аргыг “өгүүлбэр зүйн арга” гэж нэрлээд үүнийгээ а. Нийлмэл үг бүтэх (цахилгаан шат, загасан талх), б. Хоршоо үг бүтэх (орлого зарлага, уул уурхай) хэмээн ангилсан байна.
П.Бямбасан “Монгол хэлний шинэ үгийн тухай” [Бямбасан, 1971] өгүүлэлдээ шинэ үг бүтээх үндсэн 7 арга байгааг дурджээ.
1. Үг бүтэх ёсны зүй тогтлоор үг бүтээх арга (дархлаажуулалт, зурагт, хөлдөөгч, цахилгаанчин)
2. Үг хорших, нийлэх арга (улс төрийн зөвшилцөл, үндэсний хөтөлбөр, эвслийн засгийн газар)
3. Харь хэлний үг зээлэх арга (аудитор, бизнес, биоритм, бирж, магистр, сүмо, факс, элит)
4. Нутгийн аялгуунаас үг авах арга (заядах, тунхуу)
5. Харь хэлний үгэнд монгол хэлний дагавар залгах арга (автоматжуулалт, коджуулах, лифтчин, лоббидох)
6. Хуучирсан үгийг шинэ утгаар хэрэглэх арга (бооцоо, дамжаа, засаг дарга, тамгын газар, түшмэл, шадар сайд)
7. Үг хурааж товчлох арга (БАРМАШ, ЕБС, МОНЕЛ, САПУ, ХАС) тэргүүтэн болно.
Зохиогч шинэ үгийг ерийн үг биш, шинэ үг болох нь тодорхой мэдэгдэж байгаа, хүмүүс харилцаандаа хэрэглэж хэвшээгүй, үгийн сангийн идэвхтэй нөөцөд ороогүй байгаа үгсийг “шинэ үг” гэж тодорхойлжээ.
Ц.Өлзийхутаг шинэ үг хэллэгийн талаар “Хэлэнд шинэ үг хоёр замаар бий болж байна. 1. Нийгэм ба хүмүүсийн амьдралд бий болж байгаа шинэ юм, үзэгдэл, чанарыг дагаж үүссэн түүний нэр болох үгс байна (бичгийн машин, мал бэлтгэл г.м.). 2. Хуучин байсан юмаа шинэ өөр үгээр нэрлэх журмаар шинэ үг үүснэ (оточ-эмч)” [Өлзийхутаг, 1976, 82-83] гээд шинэ бий болсон юмыг дагаж шинэ үгс үүсэх нь хамгийн бодит арга гэжээ. Мөн шинэ үгсийг шинээр орж ирсэн үг үү, аль эсхүл шинэ утга санааг зааж байгаа хуучин үг үү гэдэг талаас нь “а) Өөрийн хэлний үгсийн бааз суурь дээр тулгуурлан боломжтой нууц үгийг бодитой ил үг болгох буюу гадаад хэлний үгийг зээлдэн авах журмаар бий болсон шинэ үг (өмгөөлөх, яллах-өмгөөлөгч, яллагч), б) Хуучин үг шинэ утгатай болох замаар үүсэн шинэ үгс байна (худгийн онгоц-нисэх онгоц)” [Өлзийхутаг, 1976, 83] гэж хоёр хувааж үзжээ.
Өвөрмонголын эрдэмтэн Баатар шинэ үгийн талаар өгүүлэхдээ “шинэ үг хэллэг үүсэх гол шалтгаан бол даруй нийгмийн хөгжил хувьсал, хүмүүсийн бүтээлч үйлдэл мөн. Хүмүүс шинийг бүтээж, нийгмийн хөгжлийг түлхэн урагшлуулахын хамт харилцааны хэрэглүүр болмон хэлээ баяжуулж байдаг” гэжээ. Тэрбээр шинэ үгийг “Нийгмийн хөгжлийн тодорхой зааг болсон цаг үеэс өмнө хэрэглэж байгаагүй, шинээр хэрэглэгдэх болсон үгийг “шинэ үг” гээд ийм үг нь анх үүсэхдээ дан ганц утгатай байх бөгөөд сүүлдээ олон утгатай болдог, зарим шинэ үг хэрэглээний явцад амьдарч чаддаг, зарим үг хэрэглээнд орж чаддаггүй идэвхгүй үгийн эгнээнд ордог” [Баатар, 1988] гэсэн байна.
Профессор Д.Отгонсүрэн “шинэ үг хэллэг гэдэг нь харьцангуй ойлголт юм. Шинэ үг хэллэгийн үүссэн цаг үеийг тогтоож болох боловч шинээрээ байх нь ховор байдаг. Ардын хувьсгалын эхэн үед монгол хэлэнд шинээр орж ирж байсан хувьсгал, нам, эвлэл, намын үүр, зохион байгуулагч, сонин, сэтгүүл, тээх нэвтрүүлэх, харилцаа холбоо, соёл шинжлэх ухаан зэрэг үг одоо “хуучирч” орчин цагийн утга зохиолын хэлний жирийн үг болсон нь шинэ үг хэллэг гэхэд хэцүү болсныг харуулна” [Отгонсүрэн, 1998, 119] хэмээн шинэ үг хэллэгийн хөдлөнги хувьсамтгай шинжийг нь анзаарч шинэ үг хэллэгийн ямар найруулгад хэр зэрэг орох боломжийг зааглан ялгаад найруулгын үүргийнх нь талаас авч үзжээ.
1990 оноос хойш ардчилал, чөлөөт зах зээл, эдийн засгийн шинэчлэлийг даган олон арван шинэ үг хэллэг монгол хэлний үгийн санд эрчимтэй нэвтэрсээр байгаа бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг нийгэм судлаачид 1990 оноос нэгэн онцлог үе болгон авч үздэг бөгөөд үгийн сан судлал болон ялангуяа шинэ үг судлалын асуудлыг ч энэ үеэс онцгойлон авч үзэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн өөрчлөлт их гарч техник технологи сайжрах тусам шинэ үг хэллэг олон болж тэр хэрээрээ хэлэндээ нөлөөлж байдаг.
Сүүлийн үед монгол хэлэнд орж ирж байгаа гадаад үг хэллэг, нэртомьёог (өөрөөр хэлбэл шинэ үг хэллэг) зохих дүрэм журмын дагуу зөв хэрэглэх, гадаад нэртомьёоны утга агуулгад нийцсэн монгол үгийг оновчтой тогтоон эх хэлнийхээ үгийн санг шинэ үгээр баяжуулах нь чухал ажил юм. “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэртомьёоны хамтлаг чухамхүү үүнийг ихэд анхаарч 1999 оноос “Үгийн учир” буланг “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” зэрэг төрийн сонин хэвлэлд ...алдаг оног гарч байсан ба харин “Эрдэм” сонин 2000 оноос түүнийг дугаар бүртээ нийтлэн гаргадаг болсон нь өмнөхтэй харьцуулахад тодорхой хэмжээний ахиц” [Үгийн учир, 2003, 4-5] болсон байна. Эдгээр нийтлэлээ нэгтгэн 2003 оноос анхны дугаараа гаргасан бөгөөд “зах зээлийн нөлөөгөөр монгол хэлнээ нэвтрэн орж ирээд манай сонин хэвлэл, радио телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэрчилэн нийслэл хотын аж ахуй, үйлчилгээний зарим байгууллагын нэр хаяг, зар сурталчилгаанд орлуулж болох монгол үг хэллэг байсаар байтал харь хэлнийх нь дуудлагаар шууд хэрэглэж байгаа олон зуун гадаад үг хэллэг, нэртомьёоноос гадаад үгээр “гангардаг” зарим хүний амны уншлага болчих шахаад байгаа хэсэг ормол үгийг зориуд жишээ болгон авч, тэдгээрийн уг гарал үүсэл, утга учрыг боломжийн хэрээр нарийвчлан тайлбарлаж, тэдгээрт тохирсон монгол нэр оноон тогтоохыг гол зорилго” [Үгийн учир, 2003, 5] болгожээ. Эл дугаарт нийгэм-улс төр, эдийн засаг-зах зээлийн салбарт шинээр орж ирээд тэр чигээрээ идэвхтэй хэрэглэгдэж буй гадаад үг түлхүү буй бол дараагийн цувралд “сүүлийн үед монгол хэлнээ орж ирж буй шинэ үг, нэртомьёоноос гадаад бичлэг дуудлагаараа сонинд олонтоо хэрэглэгдэж буй зарим үгэнд тайлбар хийн” оруулжээ. [Үгийн учир, 2006, 9] Ийнхүү урьд өмнө нь огт сонсож байгаагүй нэртомьёо, шинэ үг хэллэг маш хурдацтайгаар монгол хэлний үгийн сан руу орж ирж байгаа тул үүнд тохирсон монгол нэртомьёог шуурхай оноон тогтоож хэвшүүлэхэд энэ мэт мэргэжлийн толь бичгийн шаардлага хэрэгцээ улам өндөрсөх нь зүйн хэрэг юм.
Э.Пүрэвжав “Нийгэм эдийн засаг, соёл боловсрол, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техникийн хөгжил нь шинэ шинэ утга санаа, эд юмыг буй болгож, улмаар үүнийг заан нэрлэх шинэ үг хэллэгийг үүсгэдэг. Шинэ үг хэллэг нь үүсч бий болохдоо тухайн хэлнийхээ хуучин хэрэглэгдэхүүн, түүнтэй шүтэн зохиолдсон хэлний арга барилаас ангид үүсдэггүй” [Пүрэвжав, 2005, 67] гээд “Нийгмийн хувьсалт, өөрчлөлтийн үед этгээд үг хэллэг бий болох нь тун эрчимтэй байдаг. Зах зээлийн эдийн засгийн үе хэмээн тунхаглаж байсан тэр үед “ажиллах” (нэг нь нөгөөгөө хохироох), “бөөндөх” (эд барааг бөөнөөр нь худалдан авах), “гахай” (наймааны том цүнх), “шархаа нөхөх” (наймаанд гаргасан алдагдлаа нөхөх) гэх мэтийн этгээд үг хэллэг, этгээд нэртомьёо буй болжээ. Үг хэллэг бол нийгмийн амьдралын бодит тусгал мөн” [Пүрэвжав, 2005, 68-69] хэмээн шинэ үг хэллэгийн үүсэх нөхцөл хийгээд тухайн үеийн нийгмийн байдал хэлэнд хэрхэн нөлөөлж шинэ үг хэллэгийг бий болгодог шалтгаан зэргийг хэлний үг, хэрэглээний хэм хэмжээний талаас авч үзжээ.
Дээрх судалгаанууд нь шинэ үгийг ихэвчлэн онолын төвшинд авч үзсэн судалгаа бөгөөд нийгмийн хөгжлийн үе шат, онцлогтой нь холбон дагнан судалсан бүтээл гэвэл Ш.Баттөгсийн “Орчин цагийн монгол хэлний шинэ үгийн судалгаа” [2004] бүтээл юм. Олонх судлаачид “бидний өдөр тутмын хэл ярианд шинээр хэрэглэгдэж эхэлж байгаа идэвхгүй үг хэллэгийг шинэ үг” гэж тодорхойлсон бол Ш.Баттөгс шинэ үгийг “нийгмийн хөгжлийн үрээр утга зохиолын хэлэнд шинээр хэрэглэгдэж байгаа, цоо шинэ үзэгдэл юмыг заасан, идэвхгүй нэрийтгэл үг хэллэгийг шинэ үг” [Баттөгс, 2004-2, 4] гэж тодорхойлжээ. Ийнхүү шинэ үг хэллэгийг судалсан эрдэмтдийн тодорхой саналыг харьцуулан авч үзээд, дараах хэдэн онцлогийг гаргаж тавьжээ:
1. Нийгмийн хөгжлийн явцад шинэ зүйлийг нэрлэх явцад үүсдэг.
2. Тухайн шинэ үгийн шинэ соргог байх хугацаа нь харилцан адилгүй.
3. Шинэ үгийг голдуу үгсийн сангийн, утга зүйн, зохиогчийн гэж ангилдаг.
4. Идэвхгүй үгийн нөөцөд хамаардаг.
5. Эх хэлний үг бүтэх аргаас гадуур үүсэхгүй.
6. Голдуу үг нийлэх аргаар үүсдэг.
7. Нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд хамааруулдаг, өөрөөр хэлбэл үе үеийн шинэ үг гэж байдаг, тэдгээр нь тухайн үе шатандаа “шинэ” байна.
Ш.Баттөгс монгол хэлний шинэ үгийг гарал үүслээр нь төрмөл ба ормол гэж ангилаад төрмөл шинэ үг гэдэгт монгол хэлний үг бүтэх ёсны зүй тогтлоор үүссэн үгс, ормол шинэ үг хэллэгт харь хэлнээс шууд хуулбарлан орчуулсан үг хэллэгийг хамааруулж монгол хэлний шинэ үг хэллэг үүсэх аргуудыг үг бүтээх чадвар боломжоор нь идэвхтэй буюу үндсэн арга, идэвхгүй буюу туслах арга гэж ангилжээ.
Шинэ үг үүсэх идэвхтэй буюу үндсэн аргад а) үг нийлэх, б) дагаврын, в) үгийн сан-утга зүйн аргуудыг багтаажээ. Ер нь монгол хэлний үг бүтэх, шинэ үг үүсэх аргуудаас хамгийн бүтээлч идэвхтэй аргын нэг нь үг нийлэх арга юм. Ш.Баттөгс үг нийлэх аргыг а) Үг зэрэгцэн нийлж үг бүтэх (олонх цөөнх, халаа сэлгээ), б) Үг угсран нийлж шинэ үг бүтэх (гар утас, хуулийн төсөл, мянгат малчин) гэж ангилжээ.
Дагаврын аргаар шинэ үг үүсэхдээ язгуур үндсэнд дагавар залгаж үүссэн үгсээс үүсмэл үндсэнд дагавар залгаж үүссэн үг (зөвшилцөл, сэргээш, намчирхах) болон харь гаралтай үгэнд үг бүтээх дагавар залгаж шинэ үг бүтээх, ялангуяа харь хэлний үгээс үйл үг бүтэх хэлбэр (бингодох, канондох, бойкотлох) нь нэлээд түгээмэл тохиолддог онцлогууд байгаа гээд а) нэрээс нэр үг бүтэх (хувьцаа, борчуул, өвгөнтийнхөн), б) нэр үгээс үйл үг бүтээх (улс төржих, үзэглэх, спонсордох), в) Үйл үгээс нэр үг бүтэх (бодомж, сорил, тэтгэлэг) гэж 3 хуваажээ.
“Урьд өмнө утга зохиолын хэлэнд хэрэглэж байсан үгийг шинэ утга агуулгаар баяжуулан өөр зүйл ухагдахууны нэрлэлт болгон утгыг нь шилжүүлэх арга” [Баттөгс, 2004-1, 110]-ыг үгийн сан-утга зүйн арга гээд 1. Дан үгийн утгыг шилжүүлэх (шатах-наймаа арилжаа бүтэлгүй болох), 2. Холбоо үгийн утга шилжүүлэх (ногоон гэрлээр гарах-аливаа зүйл саадгүй бүтэх) гэж тус тус ангилжээ.
Шинэ үг үүсгэх идэвхгүй буюу туслах аргад 1. Хуучин үгийг сэргээх (дамжаа, тамгын газар), 2. Нутгийн аялгууны үг хэллэгийг ашиглах (ойрд аялгуунаас цэрд), 3. Үг товчлох (АПУ-Архи, пиво, ундаа), 4. Харь үгийг ашиглах (караоке, шоу), 5. Зохиолч, бичгийн хүмүүсийн хэл найруулгаас үүсэх (солгой тэмдэглэл-аливаа юмсын бараан сүүдэртэй талыг нь голлон бичих), 6. Авиа сэлгэх (давших-дэвших, ахар-охор) хамаарна. [Баттөгс, 2004-1, 111]
Шинэ үгийн найруулга, хэрэглээ, хэл зүйн талаас нь судлахын хажуугаар сүүлийн үед монгол хэлэнд шинээр орж ирж байгаа үгийн хэдэн толь бичиг гарсан. Судлаач Л.Нарантуяагийн хэвлүүлсэн “Шинэ үгийн толь” [2006]-д 1990 оноос хойш монгол хэлэнд шинээр гарч хэрэглэгдэх болсон үгсийн гарал үүслийг тодорхойлж, ямар ухагдахуун илэрхийлж байгааг тайлбарлахыг зорьжээ. Жишээлбэл, “Авлига” хэмээх одоо нэн идэвхтэй хэрэглэгдэх болсон үгийг “Албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, ажил бүтээсний төлөө авах хахууль” гэж тайлбарлаад, жишээ сэлттэй орос, англи орчуулгын хамт оруулжээ.
Шинэ үгийг нийгэм-хэл шинжлэлийн талаас нь Н.Нансалмаа судлаад “шинэ үг хэллэг нь хэлний хөгжлийн тодорхой үе шатанд бий болсон үг, үгийн утга, холбоо болон хоршоо үг хэллэг юм. Хэлэнд шинэ үг хэллэг бий болох үйл явц нь алгуур аажим байж болох боловч мөн маш хурдацтай байж болно. Эхнийх нь нийгмийн амьдрал харьцангуй тогтвортой байхад болдог бол хоёр дахь нь нийгмийн амьдралд далайцтай их өөрчлөлт гарсан үед ажиглагддаг байна” [Нансалмаа, 2005, 118] гэжээ.
Шинэ үг хэллэг нь анх эхлээд нийтэд танил биш байдаг боловч яваандаа нийгмийн хөгжлийг даган нийтэд ойлгомжтой болон идэвхтэй үгийн нөөцөд ордог тийм хөдлөнги, сонирхолтой судлагдахуун билээ. Ялангуяа 1990-ээд оноос нэн идэвхтэй монгол хэлэнд орж ирж хэвшин тогтоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа нэртомьёо судлаачдын бүтээлүүд болон “Нэртомьёо судлал” сэтгүүл, “Үгийн учир” шинэ үгийн тайлбар зэрэг нь шинэ үгийн судалгаа өнөө үед идэвхтэй, санаачлагатай явагдаж байгаагийн илрэл билээ.
Нэртомьёо судлал
Нэртомьёо (term. англи) гэдэг нь соёл урлаг, шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зэрэг тодорхой салбарын мэдлэг ухаан, ухагдахуун, үйл ажиллагааг тусгайлан оноож нэрлэсэн үгс бөгөөд нэртомьёог зориуд боловсруулан зохиож хэрэглэдэг [Баянсан, Одонтөр, 1995, 145] билээ.
Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн баяжиж байгаа явц, түүний хөгжилд тохиолдож байдаг үзэгдлүүд нь ихэнхдээ нэртомьёо боловсруулах салбарт зонхилсоор иржээ. Нэртомьёо боловсруулах ажил нь орчин цагийн монгол хэлний үгийн сангийн чухал бөгөөд эрчимтэй ажлын нэг болсоор ирлээ.
Монголчууд нэртомьёо тогтоох эртний уламжлалтай. Тухайлбал “хамгийн ойрмогхоны 250 гаруй жилийн тэртээ 1741-42 онд жанжаа хутагт Лалидаабазар буюу Ролбидоржийн удирдлагаар гүүш Шэйровдорж, гүн Гомбожав, далай гүүш Агвандампил зэрэг монголын дөч гаруй шилдэг эрдэмтэн “Мэргэд гарахын орон” гэдэг төвд-монгол нэртомьёоны толийг зохио” [Адъяа, 1999, 33]-сон байдаг байна.
Манай эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, гарын авлага, нэг сэдэвт бүтээл туурвиж, монгол хэлний нэртомьёог оноон тогтоох, нэг мөр болгон журамлах, нэртомьёоны тогтолцоог бий болгох зэрэгт асар их хувь нэмэр оруулсан бөгөөд энэ ажилд төр засгаас ч ихээхэн анхаарч ирсэн билээ. 1921 онд ардын хувьсгал ялснаар уламжлалт дорнын соёлтой байсан монголчууд хөрш зэргэлдээ Оросын нөлөөгөөр европын соёлтой танилцаж эхэлжээ. Энэхүү соёлын нөлөө шинжлэх ухааны бүх салбарт хурдацтай нэвтэрсэн тул тэдгээрийн үг хэллэг, нэр томьёог даруй орчуулах, оноох, тогтоох шаардлагатай болсон учраас 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улсын нэртомьёоны комисс байгуулагдан зөвлөгөө өгөх, нэртомьёог боловсруулан толь бичиг болгон хэвлэх зэрэг ажлыг эрхэлсээр ирсэн байна. 1931 онд “Орос-латин-монгол гурван нийцэт утгын ургамлын аймгийн нэрс”-ийг хамгийн анх хэвлүүлсэн билээ.
1950 оноос эхлэн “Улсын нэртомьёоны комиссын мэдээ” гэдэг нэртэй олон салбарын шинжлэх ухааны нэртомьёоны товч бичгийг улиралд нэг удаа, жилд дөрвөн дэвтэр болгон нийтэлсээр ирсэн бөгөөд 1959-1967 онуудад “Нэртомьёоны цуврал бичиг” хэмээх тодорхой шинжлэх ухааны зүйлд зориулсан толь бичиг нийтэлж байлаа. ШУА 1961 онд байгуулагдсанаар нэр томьёог өргөн цар хүрээтэй тогтоох ажил идэвхтэй өрнөж, үүнийг улсаас ихэд анхаарч “МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 8-ны 125/225-р тогтоолоор Улсын нэр томьёоны комиссын дүрмийг баталж энэ арга хэмжээний үрээр нэр томьёоны комисс [Болд, 2000, 263] нь албан ёсны улсын байгууллагын нэг болжээ.
Улсын нэр томьёоны комиссоос 1950-аад оноос эхлэн “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” хэмээх цувралыг 1989 он хүртэл 147 дугаарыг хэвлэжээ. Анхны дугаар нь дотроо улс төр, олон улсын харилцаа, хууль цааз, цэрэг, биеийн тамир, спорт, эрдэм шинжилгээ, астрономи ба түүнтэй холбогдох нэрс цаг уур, геологи, газар зүй, зарим амьтан, ургамал, утга зохиол урлаг, төмөр зам, автомобиль, техник, мал аж ахуй, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, сүү тосны зүйл, худалдаа, жижиг бараа, бүс бараа, нэхмэл, сүлжмэл бараа, оёмол бараа, зуушны зүйл, архи дарс, махтай хоолны зүйл, монгол үндэсний хоол, торгон савхин үйлдвэрлэл, гэрэл зураг, элдэв зүйл гэсэн олон салбарыг багтаасан мэдээ гарчээ. Тус цувралын олонх нь орос, монгол хэлээр гарсан байна.
Харин 1957-1967 онуудад нэр томьёоны тусгай цуврал бичиг нийтэлж байлаа. Эдгээр цуврал бичгүүд нь хөдөө аж ахуй, худалдаа, бараа, малын бие бүтэц, эдийн засаг, хэлний шинжлэл, газар зүйн салбарыг хамруулсан томоохон толь бичиг юм. Олон салбарын нэр томьёог хэрхэн тогтоож тэдгээр нь хэрхэн монгол хэлний идэвхтэй үг болсныг “багажийн зүйлийн нэг хэсэгт нь монголоор бүтэн үг хэрэглэлгүй –уур дагавар залгаж үг үүсгэхэд эвтэй байна. Жишээ нь: шприц-тариур, хлодильник-хөргүүр” зэрэг арга хэрэглэж байжээ. [Гэрэлмаа, 2008]
Нэр томьёоны толиудад монголоор нэр томьёо оноон тогтоох арга замуудыг судлан олж байсан бөгөөд үүний үр дүнд монгол хэлний үгийн сан шинэ үг хэллэгээр баяжсаар байлаа. Жишээлбэл, “Орос-монгол хадмал бодисын зүйн нэр томьёоны нэрс” [УБ, 1937]-ийг үзвэл нэр томьёог хэд хэдэн аргаар тогтоож байсан ажээ.
Нэгдүгээрт, бодисын зүйн шинжлэх ухааны гадаад нэрийг тэр хэвээр нь авч хэрэглэсэн байна. Анод–anod, Ватт-vatt гэж зээлдэн авсан үгс. Хоёрдугаарт, гадаад үгийг хэсэгчлэн орчуулж нэр томьёо болгосон амперметр-amper kemnegűr гэхэд ампер гэдгийг зээлдэн авч метр гэдгийг “хэмнүүр” хэмээн орчуулан авсан байна. Гуравдугаарт, бүтэн орчуулсан нэр томьёо байна. Тухайлбал: бароскоп-darulta űjegci, термометр – qalaγun kűiten kemnegűr гэх мэт.
Улсын нэр томьёоны комиссоос өмнө нь тогтоосон олон салбарын нэр томьёогоо нэгтгэн цэгцэлж “Орос-Монгол нэр томьёоны толь” нэртэйгээр 3 боть нийтлүүлжээ. Судлаачдын хожим нь тооцоолон үзсэнээр энэ гурван ботид 16461 нэр томьёо багтсан байна. [Адъяа, 2000, 31] 1964 онд нэр томьёоны нэгтгэсэн томоохон толь болох “Орос-Монгол нэр томьёоны толь”, I ботийг хэвлэн гаргажээ. Уг тольд “үндсэндээ 1962 он хүртэл Улсын нэр томьёоны комиссоос тогтоосон нэр томьёоноос хоёр түм таван мянга гаруйг нэгтгэн” [Төмөрцэрэн, 1967, 36] оруулсан байна. Уг тольд нэр томьёог тогтоохдоо утгачлан орчуулсан, хуулбарлан орчуулсан нэр томьёо нэлээд хэсгийг эзэлж байна.
Академич Ш.Лувсанвандан “монгол хэл шинжлэлийн олон салбарын дотроос үгийн сангийн судлал, нэр томьёо тогтоох талаар хамгийн их амжилт олсон” [Лувсанвандан, 1962, 10] хэмээн тэмдэглэжээ. Нэртомьёо оноон тогтоох ажлыг Улсын нэр томьёоны комисс ерөнхийд нь удирдан чиглүүлж байсан бөгөөд эрдэмтэн Э.Вандуй, Чой.Лувсанжав, Б.Содномдорж, Го.Мижиддорж, Б.Ринчен, Ж.Төмөрцэрэн, Х.Лувсанбалдан, Ч.Догсүрэн, Ц.Шагдарсүрэн нар голлон үүрэг гүйцэтгэжээ.
1990-ээд оноос Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр Улсын нэртомьёоны комиссын байнгын үйл ажиллагаа үндсэндээ зогссон бөгөөд гаргаж байсан нэр томьёоны толь, мэдээ гарахаа больсон ч тухайн мэргэжлийн хүмүүс салбарынхаа нэр томьёоны толь бичгийг хэвлэн гаргасаар иржээ. 2000 онд хэвлэсэн “Тооцоолуурын англи-орос-монгол нэр томьёоны толь”-ийг энд дурдаж болно.
1997 онд Улсын нэр томьёоны комиссын ажлыг сэргээн Төрийн хэлний зөвлөл нэрээр дахин байгуулж, даргаар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд ажиллах болж, салбар комиссыг эмхлэн байгуулсан билээ. Комиссын нарийн бичгийн дарга нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал бөгөөд Нийгмийн ухааны салбар комисс, Байгалийн ухааны салбар комисс, Техникийн ухааны салбар комисс гэсэн бүтэцтэй ажиллаж байна. [Нэртомьёо судлал, 2001, 27-30] Нэр томьёоны комиссын ажлыг Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх нэр томьёоны хамтлаг гүйцэтгэх болсон үеэс эхлэн тус хамтлагаар хянуулж, цуврал дугаар авсан нэр томьёоны толиуд бий. Зах зээлийн харилцаанд шилжсэнээр урьд өмнө байгаагүй салбарын ухагдахуун, нэр томьёог тогтоох шаардлага бий болж шинэ нэр томьёо толиуд гарахын хажуугаар аливаа салбарт шинээр олон зүйл бий болохоос шалтгаалан шинэ нэр томьёо зохиох шаардлага бас гардаг байна.
Доктор О.Адъяа “Орос, монгол нэртомъёоны бүтэц-утгазүйн харьцуулсан судалгаа” [УБ, 2000] нэг сэдэвт бүтээлдээ нэртомьёо бүтэх утга зүйн арга, үг зүйн арга, өгүүлбэр зүйн арга гэсэн гурван үндсэн аргыг ялгаж, тус бүрийнх нь дотор нарийн ангилал хийсэн байна. Мөн тэрээр нэртомьёог оноон тогтоох үндсэн зарчим, арга хэлбэрийн талаар судлан “гадаад үгийг эх хэлэндээ авч хэрэглэх үндсэн хоёр арга зам байдаг. Нэгдэх нь зээлдэх буюу гадаад үгийг эх хэлнийхээ дуудах, бичих ёс зүйд нийцүүлэн тэр хэвээр нь оруулж авах, хоёрдахь нь тэдгээрийг утгачлан орчуулж шинэ нэртомъёо бүтээх арга юм” [Адъяа, 2000, 16] гээд “өнө эртний уламжлал, өвгөд дээдсийнхээ сургаал айлдварыг даган эх хэлээ цэвэр ариун байлгах зорилгод нийцүүлэн, нэгд, бүрэн орлох уугуул монгол нэр байсаар байтал хэмээс хэтрүүлэн гадаад үг хэрэглэхийг зогсоох; хоёрт, монгол хэлнээ орчуулахад нэгэнт яг таарах үггүй бол улс хоорондын чанартай гадаад үгийг хэлнийхээ хуульд нийцүүлэн шууд авч хэрэглэж байх энэ хоёр замыг зөв хослохыг өнөөгийн монгол хэлшинжлэл биднээс зүй ёсоор шаардаж байна” [Адъяа, 2000, 22-23] гэжээ.
Даяаршлын энэ үед эх монгол хэлээ цэвэр хэвээр нь хадгалан үлдэхэд нэртомьёоны үүрэг их байдаг. Энэ талаар сүүлийн үед төр засгаас анхаарч байгаагийн илрэл бол нэртомьёоны судлалтай холбоотой хурал зөвлөгөөнүүд тогтмол зохион байгуулагдаж олон нийтийн анхаарлыг хандуулсаар байгаа бөгөөд “Нэртомьёо судлал” сэтгүүл жил бүр хэвлэгдэн гарч хэвшиж байгаа нь нэртомьёо судлал өнөө үед ямар чухал болсоор байгааг илтгэн харуулж байна.
Нутгийн аялгууны үг судлал
Нутгийн аялгуу судлал (dialectology. англи) нь асар их судлагдахуун, арвин судалгаа бүхий хэл шинжлэлийн чухал салбар билээ. XIX зууны сүүлийн хагасаас эхлээд эдүгээ хүртэл зуу гаруй жилийн турш олон арван эрдэмтэн монгол хэлний нутгийн аялгуунуудыг судалсаар ирсэн бөгөөд нутгийн аялгууны үгийг үгсийн сангийн үүднээс судалсаар иржээ.
Академич Ш.Лувсанвандан “Бид эх хэлнийхээ үгсийн санг баяжуулах талаар олсон их амжилт дээрээ улам их амжилт гаргахын тулд монгол бичгийн хэл, нутгийн аялгууны үгсийн сангийн баялгийг гүнзгийрүүлэн судлах ёстой байна” [Лувсанвандан, 1962] гэсэн байдаг.
Монголын ард түмний нийтийн хэлэнд хэрэглэгдэхгүй боловч түүний доторх нэг нутгийн аялгуунд буюу нэг хэсэг нутаг орны ярианд хэрэглэгддэг үгс бий. Ийм үгнүүдийг нутгийн аялгууны үг гэдэг. Нутгийн аялгуу судлал нь хэлний түүхэн судлал, түүний чиг хандлагыг хэлний түвшин бүрээр тодорхойлоход чухал хувь нэмрээ оруулдагаараа түүхэн хэлний зүй болоод авиа зүй, хэл зүй, эх зүй-найруулга зүй, үгийн сан судлал зэрэг хэл шинжлэлийн уламжлалт бүхий л салбаруудад холбогдох нарийн судалгаа юм. Үгийн сан болоод найруулга зүй нь хэлний хамгийн хөдөлгөөнтэй, гадаад хэсэг бөгөөд орчны нөлөөллийг хамгийн түрүүн тусгадаг. Мөн үгсийн сангийн судлалын хувьд утга зохиолын хэл болон бусад аялгуунуудад дайралддаггүй зөвхөн эртний бичгийн дурсгалуудад тохиолддог үгс, бичгийн дурсгалуудад ч байдаггүй хуучирсан үгс нутгийн аялгуунуудад хадгалагдан үлдсэн байдаг билээ.
Манай эрдэмтэн судлаачид монголын олон ястны нутгийн аялгуу судлах талаар нэлээд их зүйлийг хийж бүтээж ирсэн. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс монгол хэлний нутгийн аялгуу судлахад ихээхэн анхаарч судалгаа, шинжилгээний олон удаагийн экспедиц илгээсний үр дүнд халх, буриад, дөрвөд, торгууд, үзэмчин, захчин, дархад аялгуу судлан нутгийн аялгууны толь бичгүүд хэвлүүлсэн бөгөөд Х.Лувсанбалдан, Э.Вандуй, Ж.Төмөрцэрэн, Ж.Цолоо, Л.Болд, Б.Амаржаргал, Г.Гантогтох нарын эрдэмтэд нэлээд үүрэг гүйцэтгэжээ. Нутгийн аялгуу судлаач Ж.Цолоо “өнгөрсөн 80 гаруй жилд монгол хэлний нутгийн аялгуу судлалд Монгол улсын шинжлэх ухааны төв байгууллага асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулжээ. Үүний үр дүнд монгол хэлний халх, буриад, ойрад, үзэмчин, барга аман аялгууны авиа зүй, хэл зүй, үгийн сангийн тухай 500 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад дотоодын шинжлэх ухааны нэр хүндтэй хэвлэлд гарсан байна” хэмээн тэмдэглэжээ. [Цолоо, Энхжаргал, Ганбаатар, 2009]
1950-аад оноос нутгийн аялгуу судлах ажлыг төлөвлөгөөтэй, далайцтай явуулж 1970-аад он гэхэд аялгуу судлах шинжилгээний ангийн эрдэмтэн судлаачид монгол хэлний бараг бүх аялгууг судлан нутгийн аялгууны үгсийн сан, авиа зүй, хэл зүйн холбогдолтой арвин материал цуглуулснаар монгол нутгийн ихэнх аялгуунуудын бүдүүвч судалгааг тухайн газар нутаг, аймаг, сумдаар хийж үндсэндээ дуусгаад нарийвчлан судлах ажил эхэлсэн байна. Нутгийн аялгууны үгийг хэрэглээ, найруулгын талаас нь Д.Отгонсүрэн, Ц.Сүхбаатар, үгсийн сангийн бүрэлдэхүүний талаас нь Ц.Өлзийхутаг, Б.Амаржаргал, Б.Гантогтох, Ж.Цолоо нар гүнзгийрүүлэн судалжээ.
Ц.Өлзийхутаг “Утга зохиолын хэлэнд түгээмэл хэрэглэгддэггүй зөвхөн нутгийн аялгуу, аман аялгуунд хэрэглэгддэг, орон нутгийн чанартай үгсийг нутгийн аялгууны үгс гэнэ. Нутгийн аялгууны үгийг утга зохиолын хэлэнд хэрэглэвэл тэр хэлний үг биш, харин өөр хэлний үг шиг санагдана” [Өлзийхутаг, 1976, 90] гээд утга зохиолын үг, нутгийн аялгууны үгийн ялгааг “1. Нутгийн аялгууны үгс нь утга зохиолын хэлний үгсээс бүр өөр бүтэцтэй бүр өөр үг байж болно (Тэрлэг гэхийг баяд, дөрвөдөд лавшиг гэнэ), 2. Нутгийн аялгууны зарим үг нь утга зохиолын хэлний адил бүтэц бүхий үгтэй тохирч байх боловч утгын хувьд өөр өөр байна.ийм ялгаврыг утгын ялгаа гэнэ (Дариганга нутгийн аялгуунд бяцхан гэдэг үг олон гэсэн утгатай байна), 3. Нутгийн аялгууны үг, утга зохиолын хэлний үг хоёр хоорондоо дуудлагын хувьд ялгамжтай байх явдал тохиолддог (Утга зохиолын хэлэнд маргааш гэхийг ойрд аялгуунд мангадар, үзэмчин аялгуунд мангаатар гэнэ)“ [Өлзийхутаг, 1976, 91-92] гэж гурав хувааж үзсэн байна.
“Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлал” гэдэг хамтын бүтээлд орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн бүрэлдэхүүнийг хэрэглээний талаас нь нийт хэлний үг ба хязгаарлагдмал хэрэглээний үг гэж хоёр хуваагаад хязгаалагдмал хэрэглээний үгэнд нутгийн аялгууны үг, мэргэжлийн үг, этгээд үгнүүдийг багтаажээ. “Утга зохиолын хэлэнд, ялангуяа шинжлэх ухаан техникийн нэртомьёонд зайлшгүй хэрэгтэй зарим үгсийг нутгийн аялгууны үгээс авдаг. Ер нь, нутгийн аялгуу бол үндэсний утга зохиолын хэлний үгсийн санг баяжуулах сурвалжийн нэг” [Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс, 1985, 40] хэмээн нутгийн аялгууны үгсийн хэрэглээний ач холбогдлын талыг нь түлхүү анхаарчээ.
Монгол хэлний халх, буриад, дөрвөд, торгууд, урианхай, өөлд, захчин, үзэмчин, барга зэрэг олон нутгийн аялгуунууд нь төв аялгуундаа улам ойртсоор байгаа бөгөөд энэ үйл явц нь гүнзгийрэх тусам аялгуу, аман аялгуу, салбар аман аялгууны авиа зүй, хэл зүй, ялангуяа үгсийн сангийн өвөрмөц ялгаа нь арилдаг байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс монгол хэлний нутгийн аялгууг судлах талаар 1950-аад оноос эхлэн монгол улсын бүх аймаг, сумаар нутгийн аялгуу судлах шинжилгээний анги явуулсан бөгөөд үр дүнд нь олон монгол хэл аялгуунуудын баялаг материалууд бүрдүүлсэн бөгөөд олон арван өгүүлэл, ганц сэдэвт бүтээлүүд хэвлэгдэн гарсан байна. Олон арван жил цуглуулсан энэхүү баялаг материал дээр суурилсан нэгэн даацтай бүтээл бол “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” (1. Халх аялгуу, 2. Ойрд аялгуу, 3. Буриад аялгуу) юм. Нутгийн аялгууны олон үгс бичиг утга зохиолын хэлний үгсийн санд орж баяжуулахаас гадна бас олон үгс хэрэглэгдэхээ больж хуучран мартагдахад хүрдэг бөгөөд тус толь нь тухай тухайн аялгууны үгсийн сангаас дээжлэн толь болгон оруулснаараа нутгийн аялгууны үгсийн судлалд үнэ цэнэтэй бүтээл болсон юм. “Халхын салбар аман аялгуунуудад авиа зүй, үг зүй, үгсийн сангийнхаа талаар бусад аялгуунуудаас өвөрмөц ялгаатай хэлэгдэж байгаа үгсийг аль болохоор багтаан оруулахыг хичээсэн” [Амаржаргал, 1988, 25] бөгөөд халхын салбар аман аялгуунуудад үгсийн сангийн талаар ялгаатай байдаг бөгөөд “хувин” гэдэг үг л гэхэд “агаруу, андуу, бортого, бутан, даллаг, дэлдүү, достог, дөрөө, гонзон, зандан, савхан” [Амаржаргал, 1988, 25] гэх зэргээр 30 гаруй хувилбараар хэлэгдэж байгааг тэмдэглэжээ.
Г.Гантогтохын зохиосон “БНМАУ-дахь Монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” хэмээх гурван боть зохиолын III боть буриад аялгууны “Буриад–халх–орос толь бичиг” юм. Зохиогч толийнхоо оршилд “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс удаа дараалан томилон явуулж цуглуулсан нутгийн аялгуу, аман зохиолыг судлах шинжилгээний ангийн хэрэглэгдэхүүнийг түшиглэн монголын утга зохиолын хэлнээс авиазүй, үгийн сангийн онцлог 6000 толгой үгийг сонгон авч уг толийг зохиосон [Гантогтох, 1988] бөгөөд энэ толь буриад – монгол – орос хэлний үгийг харьцуулж зэрэгцүүлсэн Монгол улсын буриад аялгууны нэг төрлийн орчуулгын толь бичиг юм.
Д.Отгонсүрэн “Ард нийтийн ярианд ойлгомжгүй, утга зохиолын хэлэнд нийц муутай, хэрэглэгдэх явцуу хүрээтэй байдаг болохоор нутгийн аялгууны үг хэллэг, найруулгын үүргээр хязгаарлагдмал байдаг этгээд, бүдүүлэг үг хэллэг, албархаг үгстэй адил шинжтэй. Нэг нутгийн цөөн хүний эрхэлдэг аж ахуй, заншил, хэлний түүхтэй уялдан гарч ирдэг учраас бусдад ойлгомжгүй, нийтээр уншиж судлах бичиг зохиолын хэлэнд оруулахад тохиромжгүй байдаг” [Отгонсүрэн, 1998, 158] хэмээн нутгийн аялгууны үг хэллэг уран зохиолд орох боломж байдаг ч гэсэн аль болохоор утга учир, үүрэг зорилготой хэрэглэхийн чухлыг зааж найруулгын хэрэглээ, үүргийнх нь талаас судлав.
Нутгийн аялгууны үгээр монгол хэлний үгийн сан баяжиж байдаг. Академич Ц.Дамдинсүрэн “Монгол аймгийн хэлнүүдэд байгаа олон зүйлийн үгийг шүүрдэн авч нэртомьёог тогтооход хэрэглэвэл зохионо. Сармагчны төрлийн амьтныг сармагчин, шарбич, бич, мич, монио гэх зэрэг олон зүйлээр нэрлэж байна. Энэ олон үг бидэнд цөм хэрэгтэй. Учир нь сармагчны төрлийн дотор олон зүйлийн ялгавар бий. Тэр ялгаврыг гаргахын төлөө зарим төрлийн сармагчныг бич гэж, нөгөө төрлийн сармагчныг мич гэх зэргээр нэрлэвэл монгол хэлний баяжихад тус болох бөгөөд тодорхой нэртомьёотой ч болох юм” [Дамдинсүрэн, 1957, 160] гэж нутгийн аялгууны үгсийг судлахын ач холбогдол, хэрэгцээний онцлогийг маш оновчтой тодорхойлжээ.
Монгол хэлний нутгийн аялгууны суурин дээр үгсийн санг судалсан Э.Вандуй [Вандуй, 1970], Ш.Барайшир [Барайшир, 1961], Ж.Цолоо [Цолоо, 1982] нарын өгүүллүүд байдаг боловч Б.Амаржаргалын “Халхын аялгууны үгийн сан, утгын судалгаа” бүтээл шиг халхын аялгууны үгийн сангийн үндсэн нэгжүүдийг хамруулан авч үзсэн тусгай бүтээл алга байна. “Б.Амаржаргал энэхүү бүтээлдээ халхын аялгууны үгийн сангийн гол нэгжүүд болох ижил дуудлагатай үгс, ойролцоо болон эсрэг утгатай үгсийг тусгайлан боловсруулсан арван үндсэн асуултын дагуу статистик аргаар судалж, улмаар тухайн аман аялгуунуудын үгийн сангийн дотор тэдгээр утгын ангилалд багтах үгсийн эзлэх хувь хийгээд утгын онцлог шинжүүдийг барагцаалан ангилах зорилт тавьжээ”. [Амаржаргал, 2007, 3] Үгийн сангийн судалгаандаа ижил, ойролцоо, эсрэг үгийн гурван төрлийн судалгааг нарийвчлан авч гаргахын тулд халх аялгуунд хамгийн түгээмэл өргөн хэрэглэгддэг үгсийн хүрээгээр асуулт сонгон авч үндсэн 10 асуултын дагуу судалжээ. “Судалгаа хийсэн асуултын заримаас нь дурдвал 1. Хүний эшийн болон хүний бие эрхтэн, гадаад байдлын холбогдолтой үг 2. Хувцас, аж байдал, эд агуурс, үйл хөдлөлийн холбогдолтой үг 3. Хүнс тэжээл, идээ ундааг нэрлэсэн үг 4. Мал аж ахуй, мал маллагаатай холбогдолтой үг зэрэг асуултуудын дагуу халхын аялгуунд нэлээд түгээмэл яригддаг 1200 гаруй үгийг түүвэрлэн авч судалгаа хийжээ. Жишээлбэл “халх аялгуунд яригдаж байгаа 573 (бичлэг дуудлага ижил хэлбэрээс зөвхөн нэг нэгийг л авсан) ижил үгийг дээрх 10 асуултаар судлахад төв халхын аман аялгуунд 330, өрнөд халхад 180, дорнод халхын аман аялгуунд 63 үг тус тус ноогдож байна. Энэ нь төв халхын ярианд 57,6%, өрнөд халхын ярианд 31,4%, дорнод халхын ярианд 11% тус тус эзэлж буй юм. Дээрх 573 ижил үгийг салбар аман аялгуугаар ангилж үзэхэд төв халхад 252 үг буюу 76,4%, говийн халхад 57 үг буюу 17,3%, Өвөрхангай орчмын халхад 21 үг буюу 6,3%-ийг, өрнөд халхын салбар аман аялгуунд 50 үг буюу 27,8%, дархад 31 үг буюу 17,2% хотгойдод 16 үг буюу 8,9%, сартуул 29 буюу 16,1%” [Амаржаргал, 2007, 44-45] гэх зэргээр сонирхолтой судалгаа болжээ.
Монгол хэлний нутгийн аялгуу судлалын талаар гарсан даацтай бүтээл бол Ж.Цолоо, С.Энхжаргал, Ж.Ганбаатар нарын “Монгол хэлний нутгийн аялгуу судлал” [2009] болно. Тус бүтээлд монгол хэлний олон нутгийн аялгууг судалсан эрдэмтэд болох Ш.Лувсанвандан, Б.Ринчен [Ринчен, 1968], Х.Лувсанбалдан, Ц.Шагдарсүрэн, А.Лувсандэндэв, Л.Мишиг, Э.Вандуй [Вандуй, 1957], [Вандуй, 1970], Г.Гантогтох, Д.Төмөртогоо, Төмөрцэрэн, Ш.Барайшир [Барайшир, 1961], М.Шинэхүү, С.Мөөмөө, Б.Амаржаргал [Амаржаргал, 2007], Д.Бадамдорж [Бадамдорж, 1987], О.Самбуудорж, Ж.Санжаа, Г.Батзаяа, Ж.Цолоо [Цолоо, 1967] зэрэг судлаачдын авиан зүй, хэл зүй, үгсийн сан зэрэг талаас нь хийсэн ажил, судалгааны онцлог, хувь нэмрийг нь хүн тус бүрээр тодорхой өгүүлжээ. [Цолоо, Энхжаргал, Ганбаатар, 2009] Академич Б.Ринчений монгол хэл, соёлын түүхийн тухай дэлгэрэнгүй томоохон суурь судалгаа бол Х.Лувсанбалдан Ц.Шагдарсүрэн, Х.Нямбуу нарын эрдэмтэдтэй хамтран зохиосон “Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас” [Ринчен, 1979] гэдэг томоохон бүтээл юм. Тус атласын 1-р ботийн 1-77-р зурагт хуудас бол монголын улс гүрэн, шавь, засаг захиргааны нэрс, угсаатны бүрэлдэхүүн, овогийн нэрс, монгол сүм хийдийн газарзүйн холбогдолтой нэрс, монгол хүний нэр зүй, монгол аж байдлын холбогдолтой үгс зэрэг монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүний идэвхтэй (active vocabulary) ба идэвхгүй (passive vocabulary) хэрэглээний уугуул монгол үг (vernacular words) нутгийн аялгууны (dialect words) үг, түүхэн үг (relic words)-ийн хувилбар дуудлагыг хамарсан түүхэн хэл шинжлэлийн чухал судлагдахуун болсон юм. [Цолоо, Энхжаргал, Ганбаатар, 2009]
Монгол хэл судлалд нутгийн аялгуу гэдэг нэртомьёо гүн нэвтэрч монгол хэл шинжлэлийн уламжлалт салбар ухаан болон хөгжсөн бөгөөд нутгийн аялгууг үгийн сангийн талаас судлах нь орчин цагийн монгол хэлний үгийн санг баяжуулах, хэл зүйн тогтолцоо, хөгжлийн үе шатыг тодруулахад чухал үүрэгтэй судалгаа мөн.
Этгээд үг судлал
Нутаг нутгийн байдлаар хэлэнд ялгаа гарч үгсийн сан өөр өөр болдог бол хүмүүсийн нийгмийн байдлаас шалтгаалж үгсийн санд өөрчлөлт ордог нь этгээд үг (jargon. франц) байдаг. Эрдэмтэн О.Самбуудоржийн ажигласнаар “Монголын нүүдлийн соёл иргэншил, өргөн уудам нутаг дэвсгэр, зан заншил зэрэг нь этгээд үг хэллэгийг тогтолцоотой үүсэж хөгжих нөхцөлийг бүрдүүлдэггүй байсан байна. Харин ХХ зуунд монголын нийгэмд шинээр олон хот суурин бий болж, зорилго болон мэргэжлээрээ нэгдсэн хүмүүсийн бүлэг бий болсон нь этгээд үг хэллэгийг идэвхтэй хэрэглэх нөхцөл үүсч, 1950, 1960-аад он болоход нийгмийн болон хэлний тогтолцоотой үзэгдэл болон хувирч нийгмийн аялгууг бүрдүүлж эхэлсэн байна.1970-аад он болоход этгээд үг хэллэг нь монголын уран зохиолд байр сууриа эзлэх” [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 5] болжээ.
Этгээд үг хэллэг нь монгол хэлний бичгийн болон ярианы хэлний тогтолцоот үзэгдэл болжээ. Монгол хэлний этгээд үг хэллэгийг олон талаас нь нарийвчлан судлах шаардлага энэ үеэс эхлэн бий болсон гэж үзэж болох юм.
Монгол хэлний этгээд үг хэллэгийн талаар тусгайд нь авч үзсэн судалгаа тийм ихгүй бөгөөд судлаачид судалгааныхаа бүтээлдээ гол төлөв дам өгүүлэх болон өгүүлэл бичих төвшинд судалсаар иржээ. Тоймлон өгүүлбэл Ж.Төмөрцэрэн [Төмөрцэрэн, 1974] үгийн сангийн судлагдахуунаар, Д.Отгонсүрэн [Отгонсүрэн, 1998], Ц.Сүхбаатар [Сүхбаатар, 1997, 2000] нар найруулгын талаас нь, Э.Пүрэвжав [Пүрэвжав, 1996] хэлний үг хэрэглээний хэм хэмжээний талаас нь, С.Сүхээ [Сүхээ, 1996], Д.Бадамдорж [Бадамдорж, 1997] нар утгын талаас нь, О.Самбуудорж [Самбуудорж, 2002], Н.Нансалмаа [Нансалмаа, 2005] үүсэх арга, утга, үүрэг, хэрэглээний талаас нь, Л.Эрдэнэсувд [Эрдэнэсувд, 2000] судлалын талаар тус тус судалгаа хийжээ. О.Самбуудорж, Л.Эрдэнэсувд нар “Монгол хэлний этгээд үг хэллэг” хэмээх бүтээлээ товч толийн хамт хэвлүүлсэн нь үгийн сангийн хязгаарлагдмал үг хэллэгийн судалгаанд зориулсан анхны бие даасан бүтээл болсон юм. Мөн С.Сүхээ “Гэмт хэрэгтнүүдийн этгээд үг хэллэг” [2003] нэг сэдэвт бүтээл бичиж судалгааны эргэлтэд оруулсан юм.
“Монгол хэлний этгээд үг хэллэгийн талаар хамгийн анх Ж.Төмөрцэрэн “Этгээд аялгууны үг” гэсэн нэрээр тэмдэглэсэн” [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 19] бөгөөд түүний авч үзсэнээр “хэл нь мөн чанартаа олон зүйлийн хувилбарт шинжийг өөртөө агуулсан байдаг бөгөөд тэрхүү хувилбарт шинж нь орон нутгийн байдлаар өөр хоорондоо ялгаварлагдан нутгийн аялгууны хэлбэрээр илрэх, эсвэл хэлэлцэгч этгээдийн нийгмийн дотор эзлэх байр суурийн өвөрмөц онцлогоор илрэх, бас тэр хэлээр хэлэлцэгч хүний насны ялгавраар илрэх гэх мэтчилэн хэд хэдэн янз байж болох юм” [Төмөрцэрэн, 1974, 111] гээд “хэл бол нийгмийн бүх гишүүдийг анги давхарга ялгаварлахгүй цөмийг үйлчилж, хүн бүхэнд хүрэлцээтэй хүртээл болсны хувьд бүх нийтийг хамарсан түгээмэл шинжтэй байна. Гэвч тэр хэлээр хэлэлцэгч олон түмэн нь мэдлэг боловсрол, ажил хөдөлмөр, амьдрал ахуй, нийгмийн түвшин харилцан адилгүй байдаг. Ийнхүү нийгмийн байдлын элдэв ялгавраас үндэслэн тэд нарын үг ярианд мэдэгдэхүйц өвөрмөц онцлогууд үүсэх нь илэрхий ажиглагддаг. Ялангуяа хуучин нийгмийн үед ниймгийн тусгай бүлгээс өөрийн сонирхлыг хэлний үгийн санд нэвтрүүлж, өөрийн явцуу, ангийн аялгуу, (жаргон), этгээд аялгуу (арго) гэх мэтийг зохион гаргах хандлага хэлний хөгжлийн түүхэнд үзэгдсээр ирсэн байна” [Төмөрцэрэн, 1974, 111-112] гэх мэтээр монгол хэлний үгийн сангийн этгээд үгийн талаар тайлбарлажээ.
Д.Отгонсүрэн, Ц.Сүхбаатар нар найруулгын үүрэг, хэрэглээний талаас нь авч үзсэн байна. Д.Отгонсүрэн “Бүдүүлэг этгээд үг хэллэг нь ярианы найруулгад бага сага байх боловч, нийтээр үзэх сурах бичиг, зохиолд байх нь харш юм. Харин уран зохиолын найруулгад этгээд үг хэллэгийг зохиолын баатрын ямар хүн болохыг үзүүлэхийн тулд ашигладаг” [Отгонсүрэн, 1975, 32] бөгөөд “этгээд үг хэллэг нь нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн томъёолон ярьдаг үг яриа тул хэл найруулгад оруулахгүй байх ёстой үгс мөн” [Отгонсүрэн, 1998, 152] гэх зэргээр монгол хэлний найруулгад этгээд үг хэллэгийн эзлэх байр суурь, түүнийг хэрэглэх байдлын талаар өгүүлжээ.
Профессор Ц.Сүхбаатар монгол хэлний этгээд үг хэллэгийг мэргэжлийн этгээд үг хэллэг, нийгмийн этгээд үг хэллэг гэж хоёр хуваагаад этгээд үг хэллэгийн бүтцийг: 1. Ердийн үгийн утгыг шилжүүлэх, 2. Үгийг хагаслан хэлсэн буюу дуудлагыг гуйвуулах гэсэн байна. Мэргэжлийн бүлгийн этгээд үг хэллэг нь яриагаа хөгжүүн болгох, нийгмийн явцуу бүлгийн этгээд үг хэллэг нь санаагаа нуухтай холбоотой” [Сүхбаатар, 1998, 166-167] гэх зэргээр этгээд үг хэллэгийн найруулгын учир холбогдлыг өгүүлжээ.
Э.Пүрэвжав “Этгээд үг хэллэг нь нийгмийн байдал, ажил мэргэжил, ашиг сонирхлын адилхан төсөөтэй тал зэргээрээ холбоотой тодорхой хэсэг бүлгийн аман ярианд голчлон хэрэглэдэг үг хэллэг” [Пүрэвжав, 1996, 52] гэж тодорхойлоод үүсэл гарлынх нь хувьд “Монгол хэлний этгээд үг хэллэг нь тухайн ярилцагч этгээдээсээ бусад хүнд санаа бодлоо шууд мэдэгдэхгүйн тулд үгийн үндсэн утгыг монгол утга зохиолын хэлний үг хэрэглээний хэм хэмжээнээс гажуудуулан хэрэглэж, алиалж марзаганан этгээд байдал гаргаснаас годуу үүссэн бололтой. Монгол хэлний этгээд үг хэллэг нь монгол хэлний идэвхгүй үгийн санд хамаарна. Этгээд үг хэллэг нь үгийн утга шилжүүлэх, зүйрлэх, авиаг өөрчлөн дуудах зэрэг аргаар монгол утга зохиолын хэлний үгийн сангийн үндсэн бүрэлдэхүүн дээр түшиглэн үүсдэг” [Пүрэвжав, 1996, 52] гээд “Монгол хэлний этгээд үг хэллэгийг ерөнхийд нь суралцагчдын, жолооч нарын, жүжигчдийн, наймаачдын, тамирчдын, хоригдлын, хулгайч нарын этгээд үг хэллэг гэхчлэн төрөлжүүлэн ангилж болно” [Пүрэвжав, 1996, 53] хэмээн этгээд үг хэллэгийг нарийвчлан авч үзсэнээрээ онцлог юм.
Д.Бадамдорж “Монгол хэлний нийгмийн аялгуунд үгийн утгыг шилжүүлэн нууцлах, дэгжирхэх, танхайрах, явцуурах санаа сэдлээр этгээд утганцартай үг хэрэглэнэ гээд дэгжирхэх (нэг л но бий, окей), ёгтлох (шаг-архи, гахай-ачаа), танхайрах (будаа болох-бүтэлгүй болох), мэргэжлийн байдлаас явцуу (цонхлох-хичээл орохгүй байх) утгыг илтгэнэ” [Бадамдорж, 1997, 202-203] гэх зэргээр монгол хэлний этгээд үг хэллэгийг утга зүйн талаас нь ангилж хуваасан байна.
Этгээд үг хэллэг хэд хэдэн онцлогтойг судлаач Н.Нансалмаа дараах байдлаар тодорхойлжээ.
· “Үгийн сангийн нэгжүүд харьцангуй цөөн боловч олон утгатай байх хандлагатай,
· Үгийн сангийн нэгжүүд зүйрлэл хэлбэрээр өргөн хэрэглэгдэнэ,
· Этгээд үг хэллэг урт насалдаггүй. Үүсч бий болоод үг бүтээх үүр үүсгэж, үгийн утгад өөрчлөлт оруулах боловч хэрэглээнээс гарч мартагдах, эсвэл зарим үед утгандаа агуулж буй дүрслэлийн ачаар нийтийн хэрэглээний үгийн санд орох нь ч бий” [Нансалмаа, 2005, 131-132].
Дурдсан судалгаануудаас О.Самбуудоржийн бүтээл монгол хэлний этгээд үг хэллэгийн талаар дагнан судалсан хийгээд этгээд үг хэллэгийн толь хийсэн зэргээрээ бусад судалгаануудаас ялгарч байна. Урьд өмнөх судалгаануудын талаар “монгол хэлний этгээд үг хэллэгийн хэлний найруулга, хэлний хэм хэмжээнд хэрхэн нөлөөлөх хийгээд утгын ангиллыг анхааран судлах болсон нь тодорхой байна. Олонх тохиолдолд этгээд үг хэллэгийн гол гол асуудлыг дурдаж өнгөрсөн байна. Этгээд үг хэллэг гэж юу болох, хэлэнд гүйцэтгэх эерэг нөлөөг тодруулах асуудал илт орхигдсон байна” [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 22-23] гэсэн дүгнэлт өгөөд зарим судлаачдын этгээд үг хэллэг үүсэх нөхцөл, арга хоёрыг хутгасныг анзаарч цааш нарийвчлан судалжээ. Монгол хэлний этгээд үг хэллэг нь нийгмийн орчноос гадна хэлний шалтгаанаар үүсэн бий болдог гээд энэ онцлогоор нь “Монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэх нийгмийн нөхцөл”, “Монгол хэлний этгээд үг хэллэг үүсэх хэлний нөхцөл” хэмээн ангилжээ. “Монголын нийгэмд 1921 он хүртэл этгээд үг хэллэг нийгмийн аялгууг бүрдүүлэн тогтолцоотой үүсэж чадаагүй нь монголд олон хүн цугласан том хот суурин цөөн үүсэж, хүмүүсийн ажил мэргэжлийн байнгын бүлгийг бүрдүүлэх давхарга бий болж чадаагүйтэй холбоотой байж болно” [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 25] гээд этгээд үг хэллэг үүсэх хэлний шалтгаануудыг “хөнгөн хөгжүүн байдлыг бий болгох, товч ярихыг эрмэлзэх, хуучин байдлаас зайлсхийж шинийг эрэлхийлэх, чамирхаж дэгжирхэх, бодол санаагаа нуух, доромж аяс гаргах, бүдүүлэг соёлгүй байдлыг илэрхийлэх, харилцагчийн тодорхой орчин бий болгох, тухайн ухагдахууныг илэрхийлэх үгийг үл мэдэх” [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 29] гэжээ.
Орчин цагийн монгол хэлний этгээд үг хэллэгийн үүсэх аргыг 1. Үгийн сан-утгазүйн арга 2. Хэлзүй-үг бүтээх арга хэмээн хоёр хуваасан бөгөөд үгийн сан-утга зүйн арга нь үгийн утгыг шилжүүлэх арга (Зүйрлэх: мулзлах-хүний эд зүйлийг булаан авах. Адилтгах: гахай-том цүнхтэй ачаа. Төлөөлөх: шар сүүлт-янжуур. Эерүүлэх: морь харах-бие засах. Егөөдөх: янаглах: дотносог байдлаар хорлох. Ёгтлох: аавын цээж-бүхээг богино боловч тэвш том ачааны тэрэг), гадаад хэлний үг зээлэх арга (атмаан-бусдыг хүчээр дарангуйлах), хэлц үгийг үүсгэх арга (хазаар гүйлгэх-хулгайлах), хэлзүй-үг бүтээх арга нь авиаг өөрчлөх арга (гатнуулдах-тагнуулдах), товчлох арга (зуз /зузаан/ болох-дотно болох), дагавар залгах арга (онжав-нэг оны цэрэг), нийлмэл үгийн арга (хор найруулах-муу хэргийг зохион байгуулах) [Самбуудорж, Эрдэнэсувд, 2002, 33-40] гэж ангилжээ. Монгол хэлний этгээд үг хэллэгийн утгыг ил ба далд утга, өнгө ялгамжааны утга, бүдүүлэг утга, чамирхсан утга, хөгжүүн утга, басамжилсан утга, тохуурхсан утга, хошигносон утга гэх зэргээр, этгээд хэллэгийн үүргийг нийгмийн үүрэг, сэтгэлзүйн үүрэг, соёлын үүрэг гэх зэргээр, этгээд үг хэллэгийн хэлний үүргийг харилцааны үүрэг болон найруулгын үүрэг гэж, этгээд үг хэллэгийн хэрэглээг ”Монгол хэлний чөлөөт бус бүлгийн этгээд үг хэллэг (хулгайч нарын этгээд үг хэллэг, гэмт хэрэгтний этгээд үг хэллэг, цэргийн албан хаагч нарын этгээд үг хэллэг)”, “Монгол хэлний чөлөөт бүлгийн этгээд үг хэллэг (хүүхэд залуучуудын этгээд үг хэллэг, оюутан сурагчдын этгээд үг хэллэг, бусад бүлгийн этгээд үг хэллэг)” гэх мэтээр өргөн хүрээнд судалжээ.
Нийгмийн хөгжил өөрчлөлтийг хамгийн их тусгаж, хувьсаж өөрчлөгдөж байдаг салбар нь тухайн хэлний үгийн сан бөгөөд этгээд үг хэллэг нь нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийн хэл ярианд хамгийн хурдан хугацаанд бий болдог үгийн сангийн бүрэлдэхүүн юм.
Ашигласан хэрэглэгдэхүүн
[Адъяа, 1999] – Адъяа.О, “Монгол нэртомъёо тогтоож ирсэн гол гол зарчим”, Нэртомьёо судлал № 2, УБ 1999. х 33-45
[Адъяа, 2000] – Адъяа.О, “Нэртомьёог оноон тогтоох үндсэн зарчим, арга хэлбэр”, Нэртомьёо судлал № 3, УБ 2000
[Адъяа, 2000] – Адъяа.О, Орос-Монгол нэртомьёоны бүтэц-утгазүйн судалгаа (хэл бичгийн ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон зохиол), УБ 2000
[Амаржаргал, 1989] – Амаржаргал.Б, Халх аялгуу – БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгуу, Ред. Г.Лувсан, Д.Төмөртогоо, УБ 1988
[Амаржаргал, 2007] – Амаржаргал.Б, Халх аялгууны үгийн сан, утгын судалгаа, УБ 2007
[Баатар, 1988] – Баатар, Үгсийн сангийн шинжилгээ, 1988
[Бадамдорж, 1987] – Бадамдорж.Д, “Өөлд аялгууны үгсийн сангийн онцлог”, Ховдын багшийн дээд сургуулийн ЭШБ, № 3, 1987. х 83-123
[Бадамдорж, 1997] – Бадамдорж.Д, Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс, УБ 1997
[Барайшир, 1961] – Барайшир.Ш, Зарим нутгийн халх аман аялгууны үгсийн бүрэлдэхүүний тухай, УБ 1961. Х 14-35
[Батжаргал, 2001] – Батжаргал.Н, Ордос аман аялгууны үгийн сангийн судалгаа, УБ 2001
[Баттөгс, 2004-1] – Баттөгс.Ш, “Монгол хэлний шинэ үг хэллэг үүсэх арга замын асуудалд”, УБИС-ийн “Монгол хэл шинжлэл” сэтгүүл № 6, УБ 2004
[Баттөгс, 2004-2] – Баттөгс.Ш, “Орчин цагийн монгол хэлний шинэ үгийн судалгаа” диссертаци, УБ 2004
[Баянсан, Одонтөр, 1995] - Баянсан.Ж, Одонтөр.Ш, Хэл шинжлэлийн нэртомьёоны зүйлчилсэн тайлбар толь, УБ 1995
[Болд, 2000] – Болд.Л, “Миний мэдэхгүй Содном буюу монгол хэл шинжлэлд холбогдох Со багшийн бүтээлүүдийн тухай”, Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал, УБ 2000
[Бямбасан, 1971] – Бямбасан.П, “Монгол хэлний шинэ үгийн тухай”, УБДС-ийн Эрдэм шинжилгээ-заах аргын бичиг, № 1(9), УБ 1971. х 38-48
[Вандуй, 1957] – Вандуй.Э, Зарим нутгийн аман аялгууны үгсийн сангийн тухай, УБ 1957
[Вандуй, 1970] – Халхын аялгуу ба түүний үгсийн сан. Халх аялгуу, УБ 1970
[Гантогтох, 1988] – Гантогтох.Г, Буриад аялгууны толь, УБ 1988
[Гэрэлмаа, 2008] – Гэрэлмаа.Г, “Орчин үеийн нэртомьёоны толь бичиг, тэдгээрийн онцлог”, Нэртомъёо судлал № 10, УБ 2008
[Дамдинсүрэн, 1957] – Дамдинсүрэн.Ц, Монгол хэл бичгийн тухай, УБ 1957
[Лувсанвандан, 1962] – Лувсанвандан.Ш, “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн зарим асуудал”, МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг-YI боть № 2, УБ 1962
[Нансалмаа, 2005] – Нансалмаа.Н, Үгийн сан судлал, УБ 2005
[Нарантуяа, 2006] – Нарантуяа.Л, Шинэ үгийн толь, УБ 2006
[Нарантуяа, 2002] – Нарантуяа.Ч, Дундад эртний монгол үгийн товч тайлбар толь, УБ 2002
[Нэртомьёо судлал, 2001] – Улсын нэртомьёоны комисс, түүний салбаруудын бүрэлдэхүүн, Нэртомьёо судлал № 4, УБ 2001
[Үгийн учир, 2003] – Үгийн учир (зарим ормол үгийн товч тайлбар), УБ 2003
[Үгийн учир, 2006] – Үгийн учир (зарим ормол үгийн товч тайлбар) № 2, УБ 2006
[Орос-латин-монгол гурван нийцэт утгын ургамлын аймгийн нэрс, 1931] – Орос-латин-монгол гурван нийцэт утгын ургамлын аймгийн нэрс, УБ 1931
[Орчин цагийн монгол хэл, 2008] – Орчин цагийн монгол хэл, Ред. Ц.Өнөрбаян, А.Цог-Очир, Ү.Ариунболд, УБ 2008
[Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс, 1985] – Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс, Ред. У.Ж.Дондуков, Г.Жамбалсүрэн, Б.Сумъяабаатар, УБ 1985 (1986), 264 тал
[Отгонсүрэн, 1975] – Отгонсүрэн.Д, Монгол хэлний найруулга зүй, УБ 1975
[Отгонсүрэн, 1998] – Отгонсүрэн.Д, Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй, УБ 1998
[Өлзийхутаг, 1976] - Өлзийхутаг.Ц, Монгол хэлний үгсийн сангийн судлал, УБ 1976
[Пүрэвжав, 2005] – Пүрэвжав.Э, “Монгол хэл яриан дахь шинэ үг хэллэг”, Нэртомъёо судлал, № 7, УБ 2005
[Пүрэвжав, 1996] – Пүрэвжав.Э, “Монгол хэлний этгээд үг хэллэг”, Монгол хэлний хэм хэмжээ, УБ 1996
[Ринчен, 1968] – Ринчен.Б, Монгол ард улсын хамниган аялгуу, УБ 1968
[Ринчен, 1979] – Ринчен.Б (атласыг ерөнхийлөн эрхэлсэн), Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас, УБ 1979
[Самбуудорж, 2002] – Самбуудорж.О, Монгол хэлний этгээд үг хэллэг үүсэх арга, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, УБ 2002
[Самбуудорж, Эрдэнэсувд, 2002] – Самбуудорж.О, Эрдэнэсувд.Л, Монгол хэлний этгээд үг хэллэг, Этгээд үг хэллэгийн товч толь, УБ 2002
[Сүхбаатар, 1997, 2002] – Сүхбаатар.Ц, Монгол хэлний найруулга зүй, УБ 1997, 2002
[Сүхээ, 1996] – Сүхээ.С, “Гэмт хэрэгтнүүдийн этгээд үг хэллэг ярианы хэлний өвөрмөц хэсэг болох нь”, Монгол ярианы хэл (хамтын бүтээл), УБ 1996
[Төмөрцэрэн, 1967] – Төмөрцэрэн.Ж, Нэр томъёоны талаар хэвлэгдсэн зүйлийн цэс, Улсын нэр томъёоны комиссын мэдээ № 69, УБ 1967
[Төмөрцэрэн, 1974] – Монгол хэлний үгийн сангийн судлал, УБ 1974
[Төмөрцэрэн, 2001] - Төмөрцэрэн.Ж, Монгол хэлний үгийн сангийн судлал, УБ 2001. 214 тал
[Улсын нэр томъёоны комиссын мэдээ № 138-139, 1986] – Улсын нэр томъёоны комиссын мэдээ № 138-139, Бараа худалдааны нэр томъёо, УБ 1986
[Цолоо, 1967] – Цолоо.Ж, “Говийн халхын аман аялгууны үгийн бүрэлдэхүүний зарим онцлог”, Монголын судлал 6-р боть, 15-21-р дэвтэр, УБ 1967
[Цолоо, 1982] – Цолоо.Ж, “Монгол хэлний нутгийн аялгууны ижил үгийн тухай”, Хэл зохиол судлал, Tom XYII, УБ 1982
[Цолоо, Энхжаргал, Ганбаатар, 2009] – Цолоо.Ж, Энхжаргал.С, Ганбаатар.Ж, Монгол хэлний нутгийн аялгуу судлал (“Монгол улсын шинжлэх ухаан” цувралын 11-р боть) Ред. Д.Төмөртогоо, УБ 2009
P.S: Энэхүү хүндтэй ажилд оролцохыг санал болгосон Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Э.Пүрэвжав, мөн "Нэртомъёо судлал"-ын хэсгийг бичихэд тусалсан тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа нартаа баярлалаа.