Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ... (Яруу найрагч Б.Галсансүхийн 2006 онд “Болор цом”-д уншсан шүлгээс)
“Соёл иргэншлээс хол хөндий уудам талын дунд монгол гэрт хэдэн монгол ердөө л өрнө зүгт Египтийг эзлэх, дорно зүгт өмнөд Хятадыг дайлах “яль шальгүй” төлөвлөгөөг хэлцэж байв. Дэлхийг эзэгнэх ийм том цар хүрээтэй төлөвлөгөөг үнэнээсээ буурьтай хэлэлцэж байсан өөр тохиолдол хүний түүхэнд гараагүй ээ. Мөнх хаан дүү Хүлэгүдээ Африк хүртэл аялах саналыг тавьсан нь зуун жил үргэлжилсэн Хүлэгүгийн хаант улс буюу Персийн Ил хаадын улсын суурийг тавьсан байна”.
Баабарын “Монголын түүх” номын надад таалагддаг, миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг гоё хэсгүүдийн нэг энэ л дээ. Энэ хэсгийг уншихаар Баабар яаж ингэж гоё мэдэрч, үнэнийг хэлж чадав аа гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Нээрээ л миний өвөг дээдэс хэдэн зууны тэртээд шавар байшинд биш эсгий гэрт л ярилцаж таараа, нээрээ л тэр эсгий гэрт ярьсан яль шальгүй төлөвлөгөө нь одоо бодоход дэлхийг эзлэх төлөвлөгөө байсан байж таарах нь байна шүү дээ. Гэтэл бас тэндээс Мөнх хаан, дүү Хүлэгүдээ Африк хүртэл аялах санал тавилаа ч гэх шиг, үнэхээр гайхалтай. Өвөг дээдсээ бодоход бахархана, басхүү уярна.
Тиймээ, монголын түүхийн талаарх хамгийн сайхан номуудын нэгийг Баабар л бичсэн. Үүгээрээ олон ч түүхчдийн атаархлыг хөдөлгөж, дургүйг нь хүргэдэг шиг харагддаг. Миний анзаарснаар, итгэлтэй бодож байгаагаар минь Майскийн номноос зарим нэг санааг иш татаагүй авчихсан харагддаг ч энэ нь номын үнэ цэнийг бууруулах зүйл яавч биш билээ. “Бүү март”-аасаа эхлээд л монголын түүхийг өөрөөр харж эхэлсэн түүний энэ бүтээл нь үнэхээр олон жилийнх нь хөдөлмөр биз ээ. Далайцаараа ч зохиогчдоо алдар хүнд, суу билиг, хөрөнгө мөнгийг ч харамгүй олж өгсөн байх. Бичсээр байгаад л тэр “Зууны нийтлэлч” болсон. Энэ бол ёстой хэн дуртай аавын хүүд хүсээд ч олдохгүй нэр хүнд юм даа.
Гэтэл нөгөө залуучуудын хэлдэг “чулуу гэж бодсон жонш байж” гэдэгчлэн мань хашир нөгөө төрийн шагналыг улсынхаа ерөнхийлөгчийг анх удаа доош бөхийлгөчихсөн авч зогсох юмаа. Уг нь Баабар авахгүй бол хэн авахав дээ. Надад бишээ, миний бүтээлд өгч байгаа юм гэсэн. Үнэн үнэн, энэ төрийн олон шагналуудаас уг нь хамгийн шударга нь, хүн авах гэж зүтгэмээр нь энэ Төрийн шагнал юм шүү. Түүнтэй санал нэг байна.
Баабар дээхэн “ардчилал надад эрх чөлөөг л өгсөн, тэр л хангалттай, эрх чөлөөгөө эдлээд, юмаа бичиж нийтлээд төр засгийг харахгүй амьдарч чаднаа ах нь” гэсэн шиг ярьж байсан санагдана. Алдарт Robert Zemeckis-ийн “Forrest Gump” кинон дээр мань Гамп баахан хүмүүс дагуулаад Америкийг хөндлөн гулд тойроод гүйгээд байдаг даа. Тэгснээ өөрийг нь дагаж гүйж байгаа олон хүмүүсээ гэнэт орхиод гэртээ харья гэж огцом тэнэгтдэг дээ. Нөгөө хүмүүсийнх нь хувьд ёстой утгагүй юм болно биз дээ, удирдагч нь гэнэт зангаа хувиргахаар. Манай ардчилсан удирдагчид одоо яг л түүн шиг байна. Сайн сайхан зүйл рүү баахан залуучууд дагуулж гүйсэн, шинэ үеийн хүмүүсийн хамгийн бахархан дууриах хүмүүс маань гэж бодож явсан Баабар, Да.Ганболд, Э.Бат-үүл нар маань гэнэтхэн "гэртээ харья" гэдэг байгаа.
Ийм л юмыг байхгүй болгоё гэж тэмцсэн хүмүүс, одоо амьдралын үнэнд гүйцэгдэв үү, бууж өгөв үү, өтөлцгөөв үү, зорьсон зүйл нь энэ үү, угаасаа ийм хүмүүс байсан юм уу. Өөрсдийнх нь 20 жилийн өмнөх залуу нас нь эзнээ хараад ч танихааргүй хүмүүс болчихсон зогсож байх шиг.
Ер нь хоёр нийгэм дамжаад төрд олон жил үнэнч ажиллачихсан, угаасаа шагналыг эсэргүүцэх бодолгүй 40-өөс дээш насныхныг хараад би ойлгодог л доо. Угаасаа л үзэл бодол нь ингээд төлөвшчихсөн , ингэж л нийгэмдээ үнэлүүлсээр ирсэн хүмүүс шагнал авч байхад яахав байж болох л зүйл. Жишээ нь би бурханч лам Пүрэвбатыг иймэрхүү шагнал аваад зогсож байхад гайхахгүй. Авах л хүн, иймэрхүү л характертай хүн. Уг нь зураг урлал талаасаа үнэхээр их авъяастай хүн мөртөө нэр хүнд, улс төрийн амбиц ихтэй, хүний толгой эргүүлсэн дэмий юм бурж явааг нь сонсоод сонин санагддагаа нуух юун. Угаасаа ирээдүйд Гандангийн хамба болох гээд байгаа юм шиг аяглаад ч байх шиг. Дашрамд хэлэхэд, миний л хувьд Пүрэвбат гэдэг хамбатай болж хангүүг "эх дагина"-тай болмооргүй л байна шүү.
Би үнэндээ ардчилагчдыг өөрсдийг нь хайрлаад коммунист шагнал авахуулмааргүй байдаг, тэд маань болохоор аваад байдаг. Монгол улсын төрийн шагналт Баабар, Монгол улсын гавъяат эдийн засагч Да.Ганболд, Монгол улсын баатар Э.Бат-Үүл, өөр хэн хэн ч билээ. За надад ч ямар хамаа байхав.
“Түмний нэг” кинон дээр Жигмэдданзангийн “хамаг учир энэ Жав тарвагачны хүү Чимэдэд байгаа юм биш ээ” гэдэг шиг миний хөндсөн асуудал Баабар гэдэг хувь хүндээ биш л дээ. Ер нь ч Баабар ахыгаа гутаахад ч зориулсангүйг хэлье. Надтай надгүй хүлээн зөвшөөрөгдсөн том хүн. Харин та хэдэн жилийн дараа хөдөлмөрийн баатар авах үе ирж болох юм. Тэр үед ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хүндэлдэг залуусын итгэл үнэмшил бас л нэг “үхэх” байх даа.
Эцэст нэг л зүйлийг баттай хэлэхэд бидний үеийн залуусыг өтөл өвгөд, эмгэд болох үед энэ шагналууд хэвээрээ байгаад, нийгэм иймэрхүү маягаараа хүмүүсийг үнэлсээр байвал, би бас дээр нь өөрөө ядуу байвал эдэн шигээ шагналаас татгалзаж чадахгүй нь гарцаагүй.
Өнөөдөр ардчиллын 20 жилийн ойн өдөр. Надад ч бас энэ өдөр ардчиллын одон өгөхгүй байгаад уур минь хүрч байна ха ха. Нөгөө Гүрээгийн “Хурандаагийн цээжин дээр чихэлдэж болсийм, Үнэнд ичсэн Дэрэмийн энгэр дээр үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ” гэдэг шиг одон горьдож онигоо болох нь уу, юүхэв ингэсгээд дуусгая.
P.S: Энэ өгүүллийг бичээд мунгинаж суух хооронд л Бат-Үүл ах маань улсын баатар болчихлоо. Ерэн онд уг нь баатарласан нь баатарласаан, гэхдээ ганцаараа баатарлаагүй л юмсан. Коммунизмыг нураалцсан хүн нь коммунист шагналаа авахаар би яах уу. За за би ерөөсөө бууж өглөө, Сэрэлтийн Бумаа шиг хадгаа нууж өвөртлөөд багш лам руугаа явах минь. Би буруу бодоод ч байж болох юм.
Түүх судлаачид өөр зарчмаар ажилдаг юм- түүхч хүнээс үнэн гэж юу байдгыг асуугаарай.