Одоогийн бидний ярианы хэлэнд авхай, авгай хэмээх үгс нь хоёулаа эмэгтэй хүнийг дуудах үгс л дээ. Авхай гэж дээхнэ үед язгууртан хүний охиныг, харин орчин үед залуу хүүхнийг егөөдөх маягаар хэлдэг бол авгай гэж хүний гэргий болсон хүнийг, эсвэл өөрөөсөө эгч эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр юм.
Гэтэл авгай гэж ах настныг хүндэтгэх өөр нэгэн утга бий. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаагүйгээр нэрийнх нь ард залгаснаар хүндэтгэх утгыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гуай гэсэн үг. Жишээлбэл, Монгол улсын одоогийн ерөнхийлөгчийг Элбэгдорж гуай ч гэж хэлж болно, Элбэгдорж авгай ч гэж хэлж болно. Мөн түүний гэргийг Болормаа авгай ч гэнэ, Болормаа гуай ч гэнэ. Аль аль нь л хүндэтгэж буй хэлбэр болно. Харин Элбэгдорж авхай гэвэл бурхан минь, улсынхаа ерөнхийлөгчийг эмэгтэй хүн гэж доромжилсон хэрэг болох байлгүй дээ.
Харин сүүлийн үед сонины хуудаснаа, ихэвчлэн шинээр хэвлэгдэн гарч буй номууд дээр “Уншигч авхай танаа”, “Уншигч авхай” хэмээн их тааралдах боллоо. Уг нь “Уншигч авгай” буюу “Уншигч гуай” гэсэн хүндэтгэл байгаа болов уу. “Уншигч авхай” гэхээр ганцхан эмэгтэй хүнд л зориулсан буруу утга агуулаад эрэгтэй хүнд бол хамаагүй ээ л гэсэн санаа болно.
Энэ байдал “Дал” сонин дээр чиг л харагдах юм, “Утга зохиол, урлаг” сонин дээр ч байх л юм, шар сонины жишээг ярих нь бүүр илүүц юм байгаа биз дээ. Төсөрхөн хэвлэгдсэн хэл шинжлэлийн эрдэмтэн, доктор С.Галсангийн “Хэл шинжлэл ба бусад зүйл” номонд ч тэгэж л харагдана лээ. Тэгэхээр үгийг зөв хэрэглэцгээе.