Ерээд он. Монголын нийгмийн нэн сонирхолтой нэгэн үе. Хамаг юм задгайрсан, идэж уух юмаар өлсгөлөн, харин ер бусын элдэв хов живээр цатгалдсан тийм нэг “солиотой” цаг хугацаа байсан санагддаг. Тэнд ч нэг нь биенээсээ гал гаргаад л, толгой дээгүүр маань нисдэг тавгууд сүлжилдээд л, эсвэл хэн нэг нь тэр хөлөгт нь орж нисээд л, бас нэг нь уулан дээрээс харь гаригийнхантай холбоо ч тогтоож байх шиг...
Цаг хугацаа алслан холдохын хамтаар монголчууд бидний нүд маань ч харьцангуй нээгджээ. Нөгөө харь гаригийнхан бидэнтэй уулзсан ч үгүй нисээд алга болж, ер нь гал гэдэг зүйл биенээс биш шүдэнз энэ тэрээс л гардаг гэдгийг ойлгохтойгоо болоод авлаа. Тэр үеийг ингэж боддог юм. Тэдгээр солиотнуудыг буруутгахаасаа илүүтэйгээр “Ямар ард түмэн байна тийм төр засаг байна” гэдэгчлэн тийм зүйлийг хүлээн авах хөрс шороог нь бид өөрсдөө бэлдээд өгчихдөг юм биш үү. Юу ч хэлсэн итгэхэд бэлэн мэдээлэлгүй, мэдлэггүй, гэнэн цаг үе байж дээ. Ийнхүү хүлээн авах хөрс нь бий болонгуут түүн дээр тоглогчид нь аяндаа гараад ирдэг аж.
Шинэ зуун ч гарлаа, монголчууд маань харьцангуй мөнгөжлөө, мэдээлэлжлээ, юм үзэж нүд нээлээ. Гэтэл нөгөө тоглогчдын дараагийн үе нь гараад ирдэг байгаа. Бас л тэдний урган төлжих таатай хөрс нь бэлэн болоодохож л дээ, золиг гэж. Мөнх тэнгэрийн зараал бөө нар, монгол суу ухаан, Дахи бурхан, толгойны түгжээ мултлагч, мөнгөний тархи, тулганы гал, Чингис хааны төрөл садан. Эднийг бишрэгсэд мундахгүй их, толгой дохин сонсогсод түүнээс дутахгүй.
Бишрээд сонсоод байвал үргэлжлүүлээд л яриад байхаас яахав дээ. Уг нь сонсож байгаа зүйлдээ итгэхгүй байгаа мөртөө л бид “За яршиг шүүмжилчихвэл намайг юм уншаагүй, мэдлэг муу гээд саначихна, түүхээ мэдэхгүй гээд бодчихно, олон хүн хүндлээд байхад би тоохгүй бол бусдад тэнэг харагдана” гэж бодсоор, хэлбэрдсээр байтал сүүлдээ өөрөө ч тэгээд аяндаа итгээд ирдэг шиг байгаа юм.
Шалдан байгаа хааныг шалдан гэж хэлэхгүй бол харин ч бид өөрсдөө тэнэг болох бус уу. Хамгийн гол нь манай суутнууд ярьж байгаа зүйлээ яг Чингис хаанаас өөрөө сонсчихсон юм уу, эсвэл Чингис хааны ярьсныг Жамух түүнд дамжуулсан юм уу, аль эсвэл зүүдэндээ үзчихсэн юм уу, ядаж л яг аль ном судраас харчихсанаа иш татаад хэлчихвэл маргалдах зүйлгүй л дээ. Тийм юм байхгүй болохоор ярьж байгааг нь эрдэм мэдлэг биш харин тэр хүний өөрийнх нь бодож олсон уран зохиол, уран санаа, чөлөөт фантааз гэхээс өөр юу гэхэв. Энэ удаад үг үсэгтэй холбоотой хэдэн зүйлээр нь л хөөцөлдье.
Нэгэн суу ухаантан ингэж байна. Бөө гэдэг үг бол “Б-Ө-Ө” буюу “Бөөнөөр нь Өртөөлөн Өрнүүлэхүй” гэдэг үгийн товчлол гэжээ. Энэ үг Ц.Дамдинсүрэнгийн зохиосон кирилл үсгээр л гурван тэмдэг харагдаж байгаа болохоос цаанаа монгол бичгээрээ бол “бөгэ” гэж бичдэг үг. Монгол бичгээр бөх барилдахын бөхийг ч бас ингэж бичдэг. Тэгэхээр ядаж бөө гэдэг үг бөх гэдэг үгтэй ойр юм гэж ойлгож болно. Тэр эрт цагт бөөг “бөөнөөр нь өртөөлөн өрнүүлэхүй” гэж нэрлээд, тэр нэрлэснээ товчлоод бөө хэмээн дуудсаар өнөөг хүрээгүй нь лавтай.
Этимологи буюу үгийн гарал судлал хэмээх хэл шинжлэлийн нэг салбар бий. Зарим үгийн гарлыг тайлбарлаж байгаа нь үнэмшихэд бэрх санагдавч юутай ч шинжлэх ухаан талаа баривал үүгээр л тайлбарлана. Дээрх мэт уугуул монгол үгийн гарлыг монгол хэлний үгийн бүтэц болоод авианы бүтэц бүрэлдэхүүн, түүхэн хөгжил хувьслаас гаргахаас өөрөөр судлах, тайлбарлах боломжгүй билээ. Энэ нь хамгийн энгийндээ л монгол бичгээр хэрхэн бичигдсэнийг нь анзаарна гэсэн үг. Тэрнээс хамаа намаагүй кириллээр бичсэнийг үсгээр нь товчлоод тайлбарлахгүй л дээ. Эрт цагт монголчууд ямар одоогийн кириллээр бичээд үг товчлоод яриад байсан хэрэг биш шүү дээ.
Үгийн гарал судлалаар мэргэшсэн Монголын хамгийн алдартай эрдэмтэн бол доктор М.Базаррагчаа. Тэрбээр бөө гэдэг үгийн “бөгэ” хэмээх үндсийг бөөн гэсэн утгатай гээд “бөгэн буюу бөөн”, “бөгэ буюу бөө”, “бөгэлжи буюу бөөлжих” (бөөн бөөнөөр гаргах) зэрэг үгсийг бүтээсэн гэжээ. Ингээд “Бөгэ” гэдгийн “бө” нь багларах, хуралдах, ид шидийг хуралдуулах, харин “-гэ” нь уул хүч чадал нь байнгад орших утгыг заадаг гээд бөө гэдэг нь ид шид нь бөөгнөрсөн эрчтэй хүн гэжээ. Тэр байтугай “бөөс” гэдэг үгийг ч хамаатуулан тайбарласан байна.
Бас нэг хэсэг суутан болохоор үгийг дандаа үеэр нь утгачилан тайлбарлана. “Үндэс” гэдэг үгийг “Үнэт эс”, “оюутан” гэхийг “оюуны тан”, “нийгэм” гэхийг “ний гэм” биш “ний хэм” буюу нийтээрээ хэмтэй байна, “гайхалтай”-г “гайг халж амьдар”, харин “гайхамшигтай” гэвэл “гайг хамсан юм шиг амьдар”, “нам”-ыг “намаг” гэсэн үгнээс гаралтай, “мөрөөдөл”-ийг “мөрөөн үлдээгээд өөдөл”, “зорилго” бол “зориод ойлго” гэх мэтээр үг бүрийг л үе үеэр нь тайбарлаад явчихна. Ингэж болохгүй л дээ.
Одоо хамгийн зугаатайгаар үгийн гарал мөшгөсөн нэгэн суутны тайлбарыг хэлье. Мань хүн үсчин гэдэг үгийг “Ү-С-Ч-И-Н” буюу “Үнэнийг Сэргээн Чиглүүлж Илжүүлэн Нийлүүлэх” гэж ойлгосон байна. Үс засахад үнэнийг сэргээх ч ямар шаардлагатай юм, илжүүлэх гэж юу гэсэн ч утгатай юм, бүү мэд. Уул нь манай монгол бичиг чинь юман доогуур шургадаг болохоор нь “ширгулжи” (шоргоолж) гээд, шавааралдааад шаваад байдаг болохоор нь “шибажи” (шавж) хэмээн биччихдэг, энэ нь ч үгийн гарлыг нь сайхан харуулчихдаг ойлгомжтой бичиг билээ.
Эцэст хэлэхэд дээрх зүйлүүд өчүүхэн зүйл мэт харагдаж байж болох юм. Гэхдээ аливаа жижиг гэлтгүй зүйлд мэргэжилтнүүд нь, эрдэмтэд нь үгээ хэлэхгүй байгаад байвал орлон тоглогчид өмнөөс нь ажлыг тань өлхөөн хийчихдэг болох нь байна шүү. Үнэндээ орлон тоглогчдоос илүү гол тоглогчид өөрсдөө зай тавьж өгөөд байгаа нь л хамгийн буруутай байх даа. Зүй нь атомын цахилгаан станцын хор хөнөөлийн талаар улс төрчид биш физикчид нь, хэл бичгийн асуудлаар бөө нар биш хэл шинжээч эрдэмтэд нь, түүхийн асуудлаар зохиогчид биш түүхчид нь маргалддаг болчихвол хичнээн аятайхан.
Д.Боролзой
2011.10.18