2011-01-18
Шашингүй монголчууд

 

-         Нөгөө хэн гуай ойрд харагдахгүй байх чинь, ингэхэд хаана явна вэ?

-         Хэн гуай нээрээ баларсан, бөө болсон гэсэн шүү, ажил төрөлдөө ч ховор ирэх болсон...

-         Өө за за, тэр ч яахав ахмад настай хүн хөөрхий, харин чи нөгөө тэр хүүхнийг танина даа, тэр чинь бас удган болчихсон байна лээ шүү дээ.

-         Хөөх, одоо тэр үү дээ?...

гэх мэт яриа монголчууд бидний дунд сүүлийн үед элбэг сонсогдох болов. Уг нь аль солиотой амьтдын аяглахыг хэлж барах вэ, тэгэж л байг гэж бодох. Гэтэл бидний боддогоор нөгөө боловсролтой, соёлтой гэгдэх хүмүүс маань хүртэл тэр дунд нь орчихсон цохиж явааг харахаар энэ чинь нээрээ юу болоод ийм олноороо гэнэт солиорцгоогоод эхлэв гэж бодогдоно, басхүү гайхна. Гайхахын хамтаар энэ солиорлын уг шалтгаан, учрыг нь олохыг хүснэ.

          Ердөө уржигдархан коммунист бөгөөд шашингүй үзэлтэн байсан хүн өчигдөр бурхан багшийн үнэнч боол болчихсон намируулж явсан бол харин өнөөдөр мөнх тэнгэрийн элч болоод бөөлчихсөн, амьтан хүн айлгачихсан тууж яваа нь энэ. Маргааш гэхэд бас өөр ямар нэг дүрд хувирсан явахыг нь өнөөдөр таашгүй. Энэ мэтийг харахаар монголчууд бид шашныхаа хувьд лав нэг тийм тууштай улс ердөө биш юм шиг. Гэхдээ одоогийн бид ийм болчихоод байгаа ч бус угаасаа л, эцэг өвгөдөөсөө л шашинд айхтар сүсэггүй хүмүүс мэт.

          Мэдээ мэдээллээс үзэхэд нийт монголчуудын ер орчим хувь нь буддист гэсэн айхтар өндөр статистик манайд бий. Энэ ч ортой байх, гудамжинд таарах захын хүнээс асуухад л өөрийгөө буддын шашинтан хэмээн эргэлзэлгүй хэлнэ. Ингэж хэлээд зогсохгүй баяртай болоод зовлонтой үедээ шашны ёс жаягийг ламбугай нараар гүйцэтгүүлэхээр бурхан номын газрууд руу цувцгааж байгааг нь харахад бараг л зуун хувь бурхны шашинтнууд юм уу ч гэмээр. Харин үнэн сэтгэлээсээ шүтдэг эсэх, Буддагийн сургасанчлан хүнлэг энэрэнгүй, муу үйлийг тэвчиж буяны үйлийг хичээх тал дээрээ харин ямар ч шүтлэггүй гэдгээ харуулна даа, бид.

Өөрсдийгөө хөндлөнгөөс нэг харахыг оролдъё. Элдэв хэрүүл тэмцэл, атаа жөтөө хаа сайгүй, дээр дооргүй хулгайч, ядарснаа дээрэлхэнэ, чадуудаа долигононо, хавтгай архидалт, завхайрал, бие биенээ үл хүндлэх нь монголчууд бидний л өдөр тутмын амьдралын тохиолдлууд, үнэн дүр төрх. Тэгэж их шүтэцгээдэг, ингэж их сургаал номыг нь дагадаг хүмүүс ийм байдаг юм уу, тэгээд? Уг нь их л өөр баймаар.

Үнэн чанартаа бид бол юмыг яаж мэдэх вэ гэсэн үзлээр хий дэмий төвд ном уншуулагчид, лам нарт сайн дураар татвар төлөгчид, бүүр үнэн дүр төрх нь цугаараа шашингүй үзэлтнүүд. Шүтэж байгаа нь ч ёс болгож ном уншуулагсад, лам нар нь ч бидэндээ таарсан, ямар утгатай юу хийгээд байгаа нь ч үл ойлгогдох ном уншсан дүр эсгэгчид юм. Яг л нөгөө өнгөрсөн зууны эхэнд монголоор аялсан нэгэн жуулчны анзаарсанчлан аль нэг нь хэрэг болж магадгүй хэмээн бөө, будда, христ гурвууланг нь шүтдэг гэдэг шиг тэр хандлага одоо ч яг хэвээрээ.

Манайхан Христийн сүм хийд монголд дүүрлээ, харийн шашинд автлаа гээд их санаа зовцгоодог. Санаа зовох хэрэггүй ээ, бид чинь шүтлэггүй улс, тэр шашинд нь тэгтэл манайхан орохгүй. Яг шүтдэг нь байдаг л биз, тэр нь цөөхөн дөө. Уйдсан ганцаардсан нь очдог л биз, өлсөж ундаассан нь очдог л биз, орох оронгүй нь очдог л биз, бас зарим нэг хийж байхаа олж ядсан нь очдог л биз. Цаад шашин нь бас л муу бүхнээс ангид байхыг уриалдаг ч манай аваргуудыг харахад тэндээ очиж бүгдээрээ шүтсэн дүр эсгэчихээд гарангуутаа бол нөгөө муу бүхнээ хийгээд л яваа харагддаг. Тэгэхээр энэ асуудалд санаа зовоод хэрэггүй юм шиг.

Энгийн хүн байтугай лам нар нь ч үнэн чанартаа шашнаа үл тооно. Цагийн өнгө аясаа дагаад хувийн компани гэдэг шиг хувийн сүм хийдүүд ч одоо цагт олон болжээ. Хийд бүхэн компаний захирлууд мэт хамбуудтай, бизнес-лам ч гэмээр юм уу. Бас зарим нэг нь хоорондоо зах зээлээ булаацалддаг юм уу, яадаг юм хөөрхий хэвлэлээр хааяадаа хөөрхөн толхилцоно. Энэ үед нь харин шашны нэрийг барьсан бурангуй явдлууд нь илчлэгдэх нь харин ч зугаатай гэмээр.

Олон хамбын нэг нь дээхэн ярьж байна билээ. Өөрийнхөө хийддээ лам нарыг түрээсээр суулгадаг гэж. Тэгээд орлогоо лам нь өөрөө авдаг ч гэнэ үү, камераар хянадаг ч гэнэ үү сонсоход бол их сонин л юм билээ. Энэ хүнийг одоо шашныг шинэчлэн хөгжүүлэгч гэх үү, бараан захын лангуу түрээслэгч гэх үү? Үсчний суудал түрээслэнэ гэж дуулж байснаас “ламын суудал” түрээслэнэ гэхээр нэг л хэл эвлэхгүй. За ямартай ч мань хамба бол шашнаа бизнес гэж харж байгаа нь эндээс харагдана. Манай хүрээ хийдүүд цагаан сараар ул боовны бизнес хийгээд байгааг нь харахаар үнэхээр ч бизнесийн байгууллага аятай болчихоо юу ч гэмээр. Лам ч амьтан, би ч амьтан, ялгаагүй хоол идэж л амьдарна. Гэхдээ энэ нэг л биш дээ.

Дээрх хамба бол бизнесмэн хамба юм байна. Зарим нэг хамбуудыг харахаар коммунист маягийнх нь ч байх л юм, улс төрч намын гишүүн шиг ч хамба харагдах л юм. Сүсэгтэн олных нь амнаас “Манай хамбын залуу, шинэ авгай” энэ тэр гээд сонсохоор ямар эвгүй дуулдана гээч. Энэ мэтээр лам нар маань өөрсдөө л шашныхаа нэр хүндийг хамгийн ихээр унагацгаасаар байна.

Зарим улс төрчид нь нөгөө ариун шашнаа улс төрдөө ашиглаж олз ашиг олохыг бодоцгооно. 2008 оны сонгуулиар манай нэгэн нам бурхны шашныг төрийн шашин болгоно ч гэлүү уриа лоозон дэвшүүлээгүй юу. Ингээд хэлэнгүүт л намд нь бөөн бөөн санал ороод ирнэ гэж санаж л дээ. Манийгаа мөн ч муу судалж дээ, бид чинь шашингүй хүмүүс, тэрийг нь ямар тэгэж сүрхий шүтдэг ч биш, юу гэж тэгэж хэлэнгүүт л санал өгөөд л тэдний намыг ялуулаад байх вэ дээ.

Мэдээж маш олон шүтлэгтэй, зөв мөрийг хөөсөн ариун явдалтан хүмүүс зөндөө бий. Шашин шүтдэггүй ч муу бүхнээс ангид явдаг, тусархуу, хэн хүнийг ялгалгүй хүндэлдэг хүмүүс байгааг алийг тэр гэх вэ? Ер нь хүн өөрөө л ухаарчихаж чадвал заавал шашин шүтэж ламд өндөр төлбөр төлөн байж сайн хүн болдог ч юм гэж байхгүй биз.

          Монголчууд бид үнэндээ шашингүй хүмүүс юм. Өөрсдийгөө нэг л их шашин шүтлэгтэй улс гээд байгаа болохоос биш үнэндээ тийм биш. Эрх чөлөөнд дуртай, хүлцэнгүй байх дургүй, прагматик тийм л ард түмэн. Айсандаа зарим нь бөө шүтэж л байгаа биз, зарим нэг уйдсан нь христийн цуглаанд очдог л биз, юу хэлээд байгааг нь ойлгохгүй ч ламаар ном уншуулдаг л биз. Бөө нь уул усаа бүү бохирдуул гэнэ, бид бохирдуулсаар л. Будда нь хулгай худлыг тэвч гэнэ, бид хулгайлсаар л. Христ нь цэвэр ариун хайр, итгэлийг эрхэмлэ л гэнэ, бид эсрэгийг нь хийсээр л. Ийм шүтлэгтнүүд гэж хаа байсан юм бэ?

Монголчууд бид өвөг дээдсээсээ, түүхээсээ, бүүр уг углуургаасаа л шашингүй үзэлтнүүд мэт. Бидний уугуул шашин бөөгийн шашин л гэнэ. Бөө маань шашин гэхээсээ шүтлэгтэй л арай ойр. Манай өвөг дээдэс ухаантай юм болохоороо арван гуравдугаар зуунд, Хархорин хотдоо олон шашныг эв найрамдалтайгаар зэрэгцүүлэн байлгаж чадаж байсан гэж бид ярьдаг. “Хэрхэхийг нь зөвхөн тэнгэр л мэддэг” шашингүй шахуу эрх чөлөөт өвөг дээдэст минь үнэндээ Лал нь байна уу, Христ Будда нь байна уу тийм сонин байсан юм болов уу даа.

Бичсэн: Боролзой | цаг: 16:14 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


Шашинлаг,буддын шашин шүтдэг гээд ТӨВД шиг шашины боол байх ёстой юу?. христос шүтдэг гээд ВАТИКАН шиг ПАПынхаа хэлэх үг болгоныг хүлээгээд тагт нь доор нь хүлээх үү?

шашингүйчүүд гэхээсээ илүү бид сүсэгтэнүүд юм...Шашиний боол болж байсанаас сүсэгтнүүд байх нь зөв гэж бодож байна.
Бичсэн: Zuu цаг: 18:24, 2011-02-12 | Холбоос | |


аль аль нь байнаа байна. шүтлэггүй гэх мөртлөө засал нтрээ хийлгээд явж байгаа хүн ч цөөнгүй л байх. тэгээд ч та сүсгээрээ зөв санаж, зөв үйлдэж байгаа л бол болж байгаа нь тэр биз дээ
Бичсэн: Zurai цаг: 17:42, 2011-02-12 | Холбоос | |


Шүтлэг гэж та нар яг юу ойлгож байгаа юм.Шүтэж байна гэхээрээ лалыхан шиг цаг тутамд хэрэггүй ёс жаяг хийхүү?...Би ШҮТЛЭГТЭН БИШ,БИ БОЛ СҮСЭГТЭН...Буддын буюу шарын шашинаа сүсэглэж бишрээд л явдаг...Хүн өнгөрвөл луужингаа тавиулж байна,цагаан сараараа засал номоо хийлгээд гандан пиг байна...Ийм ард түмнийг шашингүй гэж дүгнэх нь орой оносонгүй...
Бичсэн: Zuu цаг: 17:34, 2011-02-12 | Холбоос | |


manaihan bugd l shutlelggui sh dee. lam awchirch nom unshuulaad l chuham suuj bhad utas ni dugarwal lam ni utsaa awch yarihdaa dawhar nomoo unhij bwal hen shutehew dee
Бичсэн: tamerlan13 цаг: 17:22, 2011-02-12 | Холбоос | |


Уул нь бодоод байхад шүтлэгтэй байна гэдэг хүнийг дотоод сэтгэлийн хувьд ариун байлгах учир утгатай байх юм шиг ээ.
Бичсэн: Zurai цаг: 17:07, 2011-02-12 | Холбоос | |


Бөө нь уул усаа бүү бохирдуул гэнэ, бид бохирдуулсаар л. Будда нь хулгай худлыг тэвч гэнэ, бид хулгайлсаар л. Христ нь цэвэр ариун хайр, итгэлийг эрхэмлэ л гэнэ, бид эсрэгийг нь хийсээр л. Ийм шүтлэгтнүүд гэж хаа байсан юм бэ?

Үнэн дээ л ийм байна. Шашин уг нь хүнийг бага ч гэсэн соёлтой болгодог зүйл санагддаг. Гэхдээ л хэцүү дэж дээ
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:22, 2011-02-11 | Холбоос | |


Хэнэггүй нь дэндсэн улс юм дөө. Алива умны учрыг нь хурдан олчихдог болохоороо уйдчихдаг юм болов уу. Хэн нэгний нөмөр нөөлгөнд байх дуртай юм байх дөө.
Бичсэн: Zurai цаг: 17:31, 2011-01-18 | Холбоос | |


гоё шүү smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:46, 2011-01-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax