2011 он – Богд хаант Монгол улс байгуулагдсаны зуун жилийн ойн жил. Энэ түүхэн ойд зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ням-Очир “Арилан дэлгэрсэн монголчууд” хэмээх нэгэн ном тэрлэж буй юм байна. Г.Ням-Очир өвөг дээдсийн минь түүхийн нэгээхэн хэсгийн баяртай, гунигтай, бахархалтай, басхүү зугаатай түүхийг энэ бүтээлдээ өгүүлэх ажээ. Бас урьд өмнө сонсож байгаагүй сонин содон түүх ч байж юуны магад, уншиж үзээрэй. Сонирхолтой санагдсан тул зохиогчийн өөрийнх нь зөвшөөрснөөр нийтэллээ.
Ирэх жил Богд хаант Монгол улс байгуулагдсаны 100 жилийн ой болно. 100 жилийн өмнө өвөг дээдэс минь юунд итгэж биширч, юуг мөрөөдөж явсан түүхийг өөрийн судалж, сурвалжилсны хирээр бичихээр шийдлээ. Мэдээж хэрэг туулайны тархи шиг болтол ”мөлчийтөл угаадаг” Маархсын түүхээр биш. Өвлийн урт шөнө галын захад, номын ширээний ард, бор авдрын өмнө бөгтийн суугаад, ямар ч найдваргүй болсон хүн шиг, уртаар санаа алдаж, уужиртлаа ярьж, өгсөн тэр аман түүхүүдээс уран сайхны амт шимтийг нь алдуулалгүй болж өгвөл яг тэр хэвээр нь бичье гэж.
Эн тэргүүнд ”Арилан дэлгэрсэн” хэмээх үгийг тайлбарлая. Бид л нэг их боловсролтой хүн болж, оростой хүн болж харагдах гэж чамирхаж яриад хэвшчихсэн болохоос ”буддист” гэсэн үгийн монгол орчууулга нь юм шүү дээ. ”Буддха” хэмээх нь бидний хэлэнд ”бурхан” болж хувираад, утга нь ” сэтгэлийнхээ гэм бүхнийг арилгаж, эрдэм бүхнийг дэлгэрүүлсэн” буюу ”арилгасан, дэлгэрүүлсэн” хоёр тус эрдмийг нь нэг болгон найруулж, ”Арилан дэлгэрсэн” хэмээн цоллох ажгуу. Сэтгэлийнхээ гэм бүхнийг арилгаж, эрдэм бүхнийг дэлгэрүүлсэн өвөг дээдэс, багш нартаа мөргөе.
Өө бид чинь өөдгүй улс шүү дээ. Өвөг дээдсээ бөөстэй хуурстай, ядуу дорой, хоцрогдсон бүдүүлэг байснаас нь ичээд, эв хамтын, энэрэнгүй ардчилсан хүнлэг нийгэм байгууллаа гэсэн чинь, яс нарийн дээрээ ”нохойн орон” байгуулаад байна. Яахав бидний аз амны хишиг энэ биз. Саяхан нэг Кембрижд багшилдаг Булаг хэмээх өвөр монгол эрдэмтэн ирж, Их сургууль, Түүхийн хүрээлэн дээр илтгэл айлтгал тавив аа. Одоо болтол ”Хуучин хүү”-гийн хөмөрсөн тогоон дотроо амьдарсаар байгаа бидэнд ”улс төрийн хүн судлал” гэж нэг иймэрхүү юм байна гэдгийг ухуулж, сэнхрүүлж байгаад явлаа. Ихэнх хүнд таалагдсан л байх, ямар аймаар юм болоод өнгөрөө вэ? энэ ”соёлын хувьсгал” гээч зүйл. Монгол үндэстний эсрэг ”геноцид” ч гэнэ үү? ”хүйсээр нь аймаглан устгасан байна”. Харин нэг үнэн юм хэлнэ лээ. ”Соёлын хувьгал”-аас болж, өвөр монгол хүний царай зүсэнд маш их өөрчлөлт орсон гэж... Тэд минь сүр сүлдгүй, нүүрний буян гээч зүйл нь үгүй болсон нь надад бэлхнээ харагддаг билээ. Соёлын хувьсгал маягийн зүйл өнөөдөр болбол өөр хэрэг л дээ. Бид энэ ухаанаараа юу ч гэж тайлбарлаж болно. Харин ”Арилан дэлгэрсэн Монголчуудын үе”-д бол:
1937 онд болсон ”хэлмэгдүүлэлт”-ийг юу гэж үзэж байв. Яг тэр үеийн хүмүүс нь шүү. Зарим нэгийг нь түүхийн ухааны доктор Лонжид гуай надад хуучилдсан юм.
1. Хэлмэгдүүлэлт: ”Бариа тавианы үе”. Энэ үг бүсгүйчүүдээс гарсан үг гэдэг. Сүм хийдээс хөдөөлсөн лам нарыг эхнэр аваагүй, хүүхэдтэй болоогүй байвал бариад явчихдаг байсан гэдэг. Заримыг нь бариад, хэдэн жил болсны хойно тавьчихдаг. Тухайн үед төрөлт ихссэн мэдээ байдаг. Учир нь нэг эмэгтэй хүн 2-3 лам хүний хүүхдийг гаргаж өгч, өөрт өгч нь, өргүүлж, өсгүүлээд, баригдаад явахаас нь сэргийлж, хамгаалж авч, үлдэж байсан. Тэр үед өнөөгийнхөөс эсрэгээрээ ”өрх толгойлсон эрчүүд” олон байжээ.
2. Ленин: ”Деннин”. Арилан дэлгэрсэн үзэлтэй хүн ямар ч зовлонг, жаргал болгон урвуулах эрдэмтэй. Зовлонгийн үрийг таригч хүнийг буруутгах бус, бурхан болгон шүтэх учиртай юм. Суурь мэдлэг, ертөнцийг танин мэдсэн хир хэмжээ нь ”бурхнаас ч давсан” тэд минь. ”Бид энэ хүний нэрийг буруу дуудаад байх шиг байна. Ленин биш Дэннин байх аа” гэж ярьдаг байж. Дэн гэдэг нь шүтээн, Нин гэдэг нь зүрх. ”Зүрхний шүтээн” гэсэн үг билээ. Үнэндээ ч айл гэрийн хоймор байсан бурхан тахилыг хураагаад оронд нь Маркс, Энгельс, Ленинг хүчээр шүтүүлж, суртал ухуулга хүчтэй байснаас гарсан үг байх
3. Сталин: ”Шитолин” Гарма гаржүдва ёсны ”Савчой шито” гэж нэг эмхэтгэл ном байх. ”Амирлангуй хилэнтний гүн номын аймаг” гэсэн утгатай үг л дээ. Энэ аймаг номын эмхэтгэлд хүмүүний сүнсийг тонилгохын олон арга, увидасууд байдаг. ”Сонсгоод тонилгох буюу Тойдол”, ”Зүүгээд тонилгох буюу Дагдол”, үзүүлээд, зуурдад гэхчлэн ертөнцөөс тонилгох шалтгаан бүрийг увидас болгон зохиосон байжээ. ”Тойдол буюу Сонсгоод тонилгогч” Монголд хамгийн их дэлгэрсэн ном. Одоо Америкт хамгийн их хэвлэгдэж, уншигдаж байгаа ном. Энэ номын дотор хүн нас болж, сүнс нь биеэс хагацаад, зуурдын хавцгай хэмээх үүлний мөн чанартай хүйтэн хонгилд айлгах, амирлуулах олон хүн дүрст амьтадтай учирдаг юм биз дээ. Тэднийг ”шито” буюу ”амирлангуй хилэнтнүүд” гэнэ. ”лин” бол ”орон суурин, тив” гэсэн үг.
4. Бо нам: ”Пой нам” большвик намын түүх гэж хичээл их ордог. Түүнийг хураангуйлаад ”Бо нам”, ”Бо намын түүх” гэж багацуул нь их ярьдаг байж л дээ. Тэгээд тэд хоорондоо ”Энэ хүүхдүүд пой-г л ингэж яриад байх шиг байна. Шамбалын дайн болоход энэ хийхэд хэцүү пой ч амархан болно гэж номонд урьд гарсан юм билээ. Энэ нам мамд нь элсээд, орчихоор л пой заадаг байх нь” гэж ярьж байжээ. ”Потид” буюу ”сүнс тонилгохын хөтөлбөр” гэсэн утгатай. Энэ дасгалаар хичээллэж, амь наснаас хагацах дадал суудаг. Хүссэн үедээ төрөл арилждаг. Олон жил хичээллэсэн хүний зулай нь хүүхдийн зулай шиг зөөлөн болсон байдаг. Энэ тухай ном ХХ зууны эхээр монголд олон гарсан. Төвдүүд ”пэм” гэсэн үгээр пойлдог бол монголчууд ”хэг”-ээр пойлдог.
Энэ мэт жишээ яривал элбэг. Арилан дэлгэрсэн бидний өвөг дээдэс үхэхээс огтхон ч айж байгаагүй юм. Тэдний арилан дэлгэрсэн соёл иргэншил үхлийг даван туулж, үнэнийг олсон байсны жишээг ганцхан баримтаар нотлохыг хичээе. Одоо энэ англи хэл, дэлхий дахины хэл болоод байна аа даа. Английн, Энэтхэгийн, Америкийн тэр бүү хэл Монголын англи хэл ч гэж гарах нь шиг байна. Таван тивийн далан хэлийн улс түмэн яриад яриад, хөгжүүлээд хөгжүүлээд ”Эр эмийн ажил” гэдэг үгийг 80 гаруй янзаар ”утга шилжүүлэн” илэрхийлж байна. Монгол хэлэнд... Монгол хэлэнд шүү. ”Үхэл” гэдгийг 300 янзаар илэрхийлдэг гээд бод доо. Ийм л баялаг агуа их арилан дэлгэрсэн ухаан, соёл иргэншилээс бид төрсөн юм.
Огторгуйн цагаан гарьд багшийн минь
Ой тойнд минь шингээж өгсөн
Монголын төвд хэлт утга зохиолын судлал
Мандан бадарч, дэвжин дээшлэх болтугай!
Г.Ням-Очир
2010.10.07