“Сүхбаатар нь нэлээд мөрийтэй тоглох дуртай хүн байжээ. Зарим мэдээгээр тэрээр 1920 онд Орос явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад эхнэр хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан байдаг. Түүний нас барахад мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг Засгийн газраас төлж цайруулжээ” хэмээн Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” хэмээх бүтээлд бий. Бидний хайртай жанжны маань тухай нэлээн өөр дүр зураглал байгаа биз? Одоогийнхоор бол тэрээр нэлээн “сайн эр” явжээ.
Мөн эхнэрийнхээ толгойн гоёлыг зарж бүр өөрийн отго жинсээ жасын газарт барьцаалан мөнгө зээлж явсан, ойролцоох гудманд байсан тэргүүн тайж Лувсандэндэвийн охин Цэрмаа болон бас нэг өөр хүүхэнтэй уулзаж учирдаг байсан, Сүхбаатарыг 17-той, Янжмааг 19-тэйд нь ээж, аав нар нь ярилцаад Хужирбулангийн дээд талд Туулын хар усан тохойд Сарлаг Дэндэвийнх гэдэг айлын гадаа овоохой барьж гэрлүүлсэн гэх мэтээр түүний талаарх бидний урьд өмнө сонсож байгаагүй сонин содон үүх түүх одоо нэгэнт ил болжээ. Өмнөх үеийн зохиомол түүхээр тэрбээр өндөг шиг л өөгүй нэгэн байлаа. Гэхдээ л цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар жанжин маань алдаатай оноотой, баяртай гунигтай хэн хүнд л тохиолдох амьдралыг туулжээ.
Коммунизм байгуулж байсан тэр үед түүнийг “монгол Ленин”-гээр тодруулж жанжин Сүхбаатарын талаар өчнөөн олон худал үнэн түүх домог бидэнд зохиож өгч байлаа. Одоо хүртэл энэ худал түүхийн улбаа тасраагүйгээр барахгүй зарим нэг ойворгон хүмүүс цаашид ч үргэлжлүүлсээр байх сонирхолтой нь харагддаг. Тухайлбал, Сүхбаатар жанжин ардын намыг байгуулж хувьсгалыг оройлон хийсэн мэтээр ярьсаар байгаа ч цэрэг зэвсгийн хүчээр дайн байлдаан хийж байсан тэр үедээ Цэргийн яамны сайдын албын хашиж байсны хувьд ард түмнийхээ дунд нэр хүндтэй нэгэн байсан нь үнэн хэдий ч лав л МАХН-ын дарга байгаагүй нь бас үнэн. Тэр үед Хүрээний Консулын дэнжид Догсомын Бодоогоор толгойлуулсан нэгэн дугуйлан үүссэн нь “Ардын нам”, Зүүн хүрээнд Солийн Данзан санаачилсан дугуйлан үүссэн нь “Түшмэдийн нам” гэдэг нэртэй байсан гэдэг бөгөөд Сүхбаатар сүүлийн бүлгийнх нь хамгийн залуу гишүүний нэг байсан гэдэг.
Тэр олон түүх домгийн нэг нь “Жанжин Д.Сүхбаатар ЗХУ-аас тусламж гуйхаар очоод Ленинтэй уулзсан” гэдэг яриа билээ. Гэтэл бас уулзаагүй ч гэж яригддаг. Уулзлаа ч яг хоёулхнаа улс төр, үзэл бодол яриад байсан юм гэж юу байхав, учир нь төлөөлөгчдийг С.Данзан тэргүүлж явсан гэдэг. Энэхүү уулзалт болсон байж болох талаар түүхч О.Пүрэв ингэж өгүүлжээ:
“1921 оны XI сарын 5-нд Ленин монголын төлөөлөгчийг хүлээж авлаа” гэж Лениний нарийн бичиг Л.А.Фатиева гэгч эмэгтэй түүний ширээний календар дээр тэмдэглэсэн байдаг. Энд манайхаас С.Данзан тэргүүтэй дөрвөн төлөөлөгч, бусад туслах хүний хамт наймуулаа явсан бөгөөд гэрээнд хоёрдугаар гарын үсгийг Д.Сүхбаатар зурсан байгаа юм. Манай найман хүний Москвад байх үеийн зургийг Английн нэг гэрэл зурагчин авсан байсныг бид сүүлд 70-аад оны үед Англиас олж авсан. Төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж гэрээнд хоёдугаар гарын үсэг зурсан хүн Ленинтэй уулзаагүй байна гэж байхгүй. Орост тэднийг уулзаагүй гэж үздэг цөөн хүн бий. Үүнийг л манайхан ашиглаж ийм шуугиан тараасан байх. Гэхдээ уулзсан нь баримтаар нотлогдсон шүү”.
Алдарт уулзалтыг нь бид түүхэн киноноос зөндөө харсан, мөн тэд нэгэн зураачийн уран бүтээлд “уулзжээ”. Тэднийг уран зурагт “уулзуулж” мөнхлөн үлдээсэн уран бүтээлч бол ардын зураач Адьяагийн Сэнгэцохио (1917-1986) билээ. “Ленинд бараалхсан нь” хэмээх цаасан дээр гуашиар зурсан 179 х 105 см хэмжээтэй түүхэн бүтээлээ 1967 онд зурсан бөгөөд одоо Уран зургийн галерейд хадгалагдаж байна. Зураг дээр Д.Сүхбаатар тэргүүтэй монголын төлөөлөгчид болох таван хүн байх бөгөөд бүгд монгол хувцас өмсчээ. “Гоймон баатар” хэмээх хочтой гоймон шиг нарийн өндөр Д.Сүхбаатар хадаг сүү барин төлөөлөгчдийг тэргүүлсэн харагдана. Зураач маань тухайн үеийн гуйвсан мэдээллээр л зургаа зурсан нь мэдээж бөгөөд Сүхбаатар Ленинтэй уулзсан нь үнэн байсан ч тэрээр хадаг сүү барин тэргүүнд нь биш дагаж яваа олон дунд л байх байжээ. Өрөө нь пролетарийн удирдагч В.И.Ленинийх бололтой, эрдэм номтой хүнийх нь хувьд номоор дүүрэн ажлын өрөөг нь дүрсэлжээ. Хананд нь өлгөөтэй дэлхийн газрын зурагт Монголыг их тод харагдахаар зурсан нь үзэгдэнэ. Зарим нэг уран бүтээл цаг үеийнхээ тусгал байдгийн нэгэн жишээ нь энэ бүтээл биз ээ.
А.Сэнгэцохио “Ленинд бараалхсан нь” (1967)
Ардын зураач А.Сэнгэцохио Өвөрхангай аймгийн Уянга суманд малчин ард Адьяагийнд мэндэлжээ. Өвөрхангай аймгийн Уянгын хүрээ уран сийлбэрч, уран хатгамалч, дархчуудаараа халх даяар зартай байсан бөгөөд одоо ч гэрийн мод, гэрийн тавилга хэрэгсэл хийдэг уламжлал нь хэвээрээ билээ. А.Сэнгэцохио 1940-өөд онд Улаанбаатар хотод шилжин суурьшихдаа хилийн цэрэг болон сэргийлэхэд алба хааж байсан байна. Энэ үеэс Төв театрын дэргэд уран зургийн дугуйлан байгуулагдахад Сэнгэцохио үүнд суралцаж байсан нь цаашдаа уран бүтээлч болох замыг нь нээжээ.
1950 оноос Улсын төв музейд зураачаар ажиллаж үзмэрийг зохион байгуулах, сэргээн засварлахын зэрэгцээ түүх хувьсгалын сэдэвтэй бүтээл, хөрөг зураг, шог зураг, ухуулах хуудас зэрэг дзрслэх урлагийн төрөл бүр дээр бүтээлээ туурвиж байжээ. 1956 онд Москва хотын Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх курст явсан байна. Тэрбээр “Ард Аюуш”, “Шинэ төрийн эзэд”, “Цэнгүнжав”, “Нийслэл хүрээг эзэлсэн нь” зэрэг түүх хувьсгалын сэдэвтэй бүтээлүүд туурвисан бөгөөд ардын гар урлалыг сэргээх болж бүтээдэг хүмүүс нь цөөрсөн тэр үед А.Сэнгэцохио монгол ардын урлагийг зурах ажилд шилжин орж “Шарав”, “Уурга”, “Бэлчээр” зэрэг аж байдал, байгалийн сэдэвтэй олон арван зураг бүтээсэн юм. Багаасаа Уянгын хүрээний бурханч лам нарын сийлэх, оёх, дархлах бүх зүйлийг харж тусгаж авсан болохоор тэр бүхнийг сэргээхэд амархан байсан гэдэг.
Түүний хань А.Цэрэнхүү уран хатгамалч бөгөөд Лениний 100 жилийн ойгоор өөрийн нөхөр А.Сэнгэцохиогийн “Ленинд бараалхсан нь” бүтээлийн загвараар хатгамал хийсэн нь одоо Кремлийн ордонд хадгалагддаг гэнэлээ. А.Сэнгэцохиогийн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор 1974 онд, ардын зураач цолоор 1978 онд шагнасан юм.