Дээрх үгийг гурван өөр хэлбэрээр бичсэн байх нь бий. Тухайлбал, МУБИС-ийн багш нарын өрөөний хаягт тэнхэм гэж бичсэн нь харагддаг. Олонх нь тэнхим хэмээн бичнэ, ховор боловч тинхим гэж бас тааралдана. Тэгэхээр энэ гурван хэлбэрийн чухам аль нь зөв бэ?
“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хурал чуулган хийх болон зочин гийчнийг дайлах, хичээллэх том тасалгаа”, “их дээд сургуулийн салбар шинжлэх ухаанаар мэргэшүүлэх хэсэг” гэх мэтийг “тэнхим” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжавын “Монгол бичгийн хадмал толь” аль алинд нь “тэнхим” хэмээн бичжээ.
Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “танхим” гэж байхаас “тэнхим” хэмээх үгийг тайлбарлаагүй байна. Монгол бичгээр энэхүү үгийг “тингхим” хэмээн бичих бөгөөд хуучин бичгийн уламжлалыг даган бичигсэд “тинхим” хэмээн бичдэг нь үүнээс улбаатай. Тэнхэм хэмээн бичиж байгаа нь тун ойлгомжгүй агаад монгол бичгийн уламжлалаа дагалаа гэхэд “тинхим” гэж бичихээс “тэнхэм” хэмээн бичих учиргүй баймаар. Багш нар суудаг өрөөг нь “тэнхим”, сурагчдын хичээлийн өрөөг “танхим” гэж бичдэг билээ.
...Гитлерийн бичсэн цорын ганц ном шүү дээ...