Нэгэн үгийг хоёр янзаар бичиж хэвшсэний жишээ бол “зөвлөлгөө”, “зөвлөгөө” билээ. Чухам аль нь зөв бол, толь бичгүүдээс харцгаая. Хамгийн сүүлд хэвлэгдсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “Дагаж мөрдүүлэхээр хэлж сургасан юм” хэмээн тайлбарлаад “зөвлөгөө” хэмээн бичнэ гэжээ. Бид “зөвлөлгөөн” гэх бас нэгэн өөр үг байдагтай андуураад “зөвлөгөө” гэхийг “зөвлөлгөө” хэмээн буруу бичээд хэвшсэн ч байж болох юм.
Цаашлаад Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” гээд бүгдэд нь “зөвлөгөө” хэмээн байхаас “зөвлөлгөө” хэмээн алга. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д энэ үгийг тайлбарласан зүйл алга. Монгол бичгээр энэ үгийг “зөблэгэ” хэмээн бичих ба үүнээс ч “зөвлөгөө” гэж бичих зөв нь харагдана. “Зөв” хэмээхээс “зөвлөх” гэдэг үйл үг үүсэх ба үүнээсээ “зөвлөгөө” хэмээн нэр үг үүсэж байгаа билээ.