2010-07-13
Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?

Түлхүүр үгс: Байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, орчин үеийн хэл шинжлэл, хэлний нийтлэг

Хэл шинжлэлийн ухаан нь ямар чиг хандлагаар чухам юуг судалдаг шинжлэх ухаан бэ, бусад шинжлэх ухаанаас юугаараа ялгаатай байдаг вэ зэрэг асуудал нь хэдийгээр нэлээн ойлгомжтой мэт боловч одоо үед зарим талаар эргэлзээтэй гэж хэлмээр асуудал болжээ. Хэл шинжлэл нь хамгийн товчоор хүний хэлийг судалдаг ухаан юм. Өөрөөр хэлбэл хэлний дотоод бүтэц, зүй тогтол, түүний мөн чанар, хөгжлийг судалдаг ухаан билээ.

Гэхдээ “Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан мөн үү?” хэмээх эргэлзээ нь шинэ юм биш гэж хэлж болох бөгөөд энэхүү өгүүллээр хэл шинжлэлийг байгалийн ухаан хэмээн шууд шийдэх зорилго тавиагүй, тийм ч боломжгүй бөгөөд шаардлагагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Харин хэл нь нийгмийн хүчин зүйлээс дутахгүйгээр байгалиасаа заяагдмал, өгөгдмөл болохынх нь хувьд байгалийн шинжлэх ухаантай холбож авч үзэхийг хичээсэн болно. Ингэхэд шинжлэх ухаан гэж юуг хэлэх вэ?

“Шинжлэх ухаан гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг” [Шинжлэх ухаан] билээ. Шинжлэх ухааныг дараах хоёр үндсэн том бүлэгт хуваадаг. Энэ нь:

-         Байгалийн шинжлэх ухаан (Natural sciences): Энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судалдаг (биологи багтана) бүх төрлийн шинжлэх ухаанууд,

-          Нийгмийн шинжлэх ухаан (Social sciences): Энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаанууд юм.

-         Зарим тохиолдолд математикийг гурав дахь бүлэг буюу хийсвэр шинжлэх ухаан (formal science) болгон ялгах нь байдаг ажээ. Учир нь математик байгалийн болон нийгмийн шинжлэх ухаануудын аль алинтай нь төстэй болон ялгаатай талуудыг агуулсан байдаг байна. Хийсвэр шинжлэх ухаанд статистик, логикийн шинжлэх ухаанууд багтана. Мөн шинжлэх ухааны дээрх гурван салбар дээр хэрэглээний шинжлэх ухаан (applied sciences) гэсэн бүлэг ч хамаардаг байна. Үүнийг голдуу байгалийн шинжлэх ухаануудад хамаатуулан авч үздэг байна.

Харин хэл шинжлэлийн ухаан гэж чухам юуг хэлэх вэ? Нийгмийн шинжлэх ухааны салбарт хамаардаг томоохон судалгааны чиглэл бол хэл шинжлэл юм. “Хүн төрөлхтөний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ”. [Томтогтох, 2009, 11]

Түүхийн хувьд хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр иржээ. Тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна:

1.     Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)

·        Танин мэдэхүйн хэл шинжлэл (Cognitive linguistics)

·        Үүсгүүр хэл шинжлэл (Generative linguistics)

·        Авиалбар зүй (Phonology)

·        Үг зүй (Morphology)

·        Өгүүлбэр зүй (Syntax)

·        Үгийн сан судлал (Lexis)

·        Утга зүй (Semantics)

·        Бодит хэл шинжлэл (Pragmatics)

2.     Тодорхойлох хэл шинжлэл (Descriptive linguistics)

·        Хүн судлалын хэл шинжлэл (Anthropological linguistics)

·        Харьцуулсан хэл шинжлэл (Comparative linguistics)

·        Үгийн гарал судлал (Etymology)

·        Түүхэн хэл шинжлэл (Historical linguistics)

·        Авиа зүй (Phonetics)

·        Нийгэм хэл шинжлэл (Sociolinguistics)

3.     Хавсарга хэл шинжлэл (Applied linguistics)

·        Компьютер хэл шинжлэл (Computational linguistics)

·        Шүүх эмнэлгийн хэл шинжлэл (Forensic linguistics)

·        Хэл эзэмшихүй (Language acquisition)

·        Хэлний үнэлгээ (Language assessment)

·        Хэлний хөгжил (Language development)

·        Хэлний боловсрол (Language education)

·        Хэл шинжлэлийн хүн судлал (Linguistic anthropology)

·        Мэдрэл хэл шинжлэл (Neurolinguistics)

·        Сэтгэц хэл шинжлэл (Psycholinguistics)

·        Найруулга зүй (Stylistics) [Linguistics]

 

Хэл шинжлэлийн ухаан нь нийгмийн ухаан гарцаагүй мөн. Хэл шинжлэлийг чухам ямар учраас нийгмийн ухаанд оруулан тооцох болсныг зарим нэг түүхээс тодруулъя.

 

“Маугли” яагаад ярьж сурдаггүй вэ?

Бидний сайн мэдэх хүүхдийн киноны баатар Маугли шиг араатны дунд өссөн олон арван хүүхэд шинжлэх ухаанд бүртгэгдсэн байдаг билээ. Гэтэл энэ олон хүүхдийн нэг нь ч ярьж чаддаггүй байсан гэдэг. Тухайлбал, “1694 онд баавгайн дунд амьдарч байсан хүүхдийг олоход тэрээр ярьж чадахгүй, сэтгэхүй нь маш бүдүүлэг, амьтан мэт дуу гаргаж байсан ажээ. 1927 онд Энэтхэгт сармагчны дунд өссөн хоёр охиныг олсон. Мөн л маш бүдүүлэг сэтгэхүйтэй байсан юм. 1954 онд Энэтхэгээс олдсон Раму нэртэй жаал ч дөрвөн мөчөөрөө явдаг, зөвхөн түүхий мах иддэг байсан бөгөөд хүмүүсийн дунд байлгасан ч түүний сэтгэхүй нь хоцрогдонгуй сулхан хэвээр, үг хэлж ярьж чадахгүй 16 жил болсон байдаг”. [Мөөмөө, 1996, 16-17]

Эсвэл “Женни гэдэг охиныг харгис эцэг нь төрснөөс нь хойш 13 нас хүртэл нь нэг өрөөнд ганцаар нь хорьж, нийгмээс тусгаарлан түүнтэй ерөөсөө ярьдаггүй байжээ. 1970 онд 13 настайд нь энэ явдал илэрч охинд хэл зааж эхлэн 1978 он хүртэл долоон жилийн турш судлаачид түүний хэлний хөгжилд ажиглалт хийхэд охин ярьсныг ойлгож байсан боловч үг зүй, өгүүлбэр зүйг сурч чадахгүй байжээ”. [Мөнхцэцэг, 2009, 21]

Эндээс урган гарах энгийн нэгэн дүгнэлт бол “Хүний ярих чадвар байгалиас заяагддаггүй” гэсэн үзэл баримтлал билээ. “Хэл нь бусад чадварын адил хүн төрөлхтөний нийгмийн ололт бөгөөд тэр нь хүний нийгэмтэй хамт хөгжиж, улмаар бие хүн түүнийг бусадтай харьцсаныхаа үрээр эзэмшиж авдаг байна. Хэрэв хүний нийгэм байгаагүйсэн бол хэл яриа нь мөн л байхгүй байсан” [Леонтьев, 1980, 6], “...хүний хэл бол нийгмийн орчин нөхцлөөс шалдгаалдгаас амьд бодисын удам залгах явдлаар шийдвэрлэгддэггүй байна” [Мөөмөө, 1996, 17] гэх зэрэг үзэл онолууд гарсан биз ээ. Энэхүү үзэл баримтлалуудаас шалтгаалж “Хэл шинжлэлийн хөгжлийн бүх түүхэнд хэлний мөн чанарын тухай янз бүрийн тайлбар байсан, байгалийн болон бусад шинжлэх ухааны үзэгдэл ч гэж андуурч байсан түүхтэй юм. Тэд хэлийг байгалийн үзэгдэл, арьс өнгөтэй ч холбож байжээ” [Мөөмөө, 1996, 17], “Хэл бол нийгмийн л үзэгдэл” гэх мэт дүгнэлтүүд гарсан байдаг билээ. Гэхдээ л хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид хэл нь байгалийн үзэгдэл үү, нийгмийн үзэгдэл үү гэдэг талаар өнөөдрийг хүртэл маргасаар ирэв.

Тэгэхээр хэл шинжлэлийн асуудлыг нийгмийн шинжлэх ухааны асуудал хэмээн үзэж судалгааны обьекттой нь хамаатуулан түүнийг судалдаг ухааныг ч нийгмийн шинжлэх ухаанд хамаатуулдаг билээ. Гэхдээ ерөнхий хэл шинжлэл нь нийгмийн шинжлэх ухааныхаа хувьд гүн ухаан, түүх, нийгэм, социологи, угсаатны зүй, урлаг уран зохиол, сурган хүмүүжүүлэх ухаан ялангуяа байгалийн шинжлэх ухаанд хамаарах математик, компьютер, физик, биологи (biolinguistics), анагаах ухаан гэх мэт бусад шинжлэх ухаануудтай гүн гүнзгий холбоотойг хэл шинжлэлчид судалсаар ирсэн билээ.

 

Гэхдээ “Маугли”-д ч ярих чадвар бий, яагаад?

Дээр бидний авч үзсэн түүх болох зэрлэг амьтдын дунд байсан хүүхэд ердөөсөө ярьж сурдаггүй нь үнэхээр л үнэн түүх. Мэдээж аливаа хүн нийгэм буюу өөртэйгээ адилхан бусад хүмүүсийн хүрээлэл дунд л байсан тохиолдолд хэл сурна, гэхдээ түүний хэл эзэмших (Хэл эзэмшихүй-Language acquisition) чадварт биологийн хүчин зүйл ердөө ч нөлөөлөхгүй гэж үү?

“Тавин жилийн турш хэл шинжээч Ноам Чомский (Noam Chomsky) ба Эрик Лэннбэрг (Eric Lenneberg) нар хүүхэд төрөлхийн хэлний тусгай чадвартай төрдөг гэсэн таамаглал дээр маргасаар ирсэн” [Мөнхцэцэг, 2009, 21] байна.

Мөн Элизабет Бэйтс (Elizabeth Beits), Катрин Снөү (Catrine Snow), Майкл Томасэло (Michael Tomaselo) зэрэг судлаачид хэл сурахын үр дүн нь танин мэдэхүйн чадвар, хүмүүсийн хоорондын харилцаа тэдний хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэдэг таамаглалыг дэвшүүлжээ. Зарим судлаачид хэл эзэмшихүйн төрөлх чанар болоод олдмол шинжийг аль алийг нь чухалчилж үзсэн байдаг.

Энэ талаар сүүлийн 50 гаруй жилийн хэл эзэмшихүйн процессийн талаар нэлээд хэдэн онол гарчээ. Эдгээр онол нь:

·        Скиннер (B.F.Scinner)-ийн бехавиорист онол (Behaviorist): Хүүхэд насанд хүрэгсдийг даган дууриаж хэл сурдаг

·        Н.Чомскийн нативист онол (Nativist): Хүний тархи хэл сурах тусгай механизмтай

·        Ж.Пиажет (Jean Piaget)-ийн когнитив онол (Cognitive): Хэл бол хүүхдийн оюун санааны хөгжлийн зөвхөн нэг тал юм

·        Ж.Брунер (Jerome Bruner)-ийн интерактив онол (Interactive): Хүүхэд эцэг эхийн хоорондын харилцаа чухал

гэх мэт болно.

          Хэл нь нийгмийн үзэгдэл гэхээсээ илүү байгалийн үзэгдэлтэй холбоотой гэх Н.Чомскийн нативист үзлээр “Аливаа хэл тоолшгүй олон өгүүлбэртэй учраас энэ бүгдийг хүүхэд даган дууриаж сурах боломжгүй. Харин хүний тархинд LAD (Language acquisition device) буюу хэл эзэмших хэрэгсэл байдаг бөгөөд төрөлхийн энэ механизм нь хүүхдийн хэлний чадварыг хөгжүүлдэг. Энэ үзэл онолоор хүүхэд бүх хэлний түгээмэл шинжийг хүлээж авах нийтлэг хэл зүйтэй төрдөг. Хэл зүйн ийм программ тархинд нь байдаг учраас хүүхэд тухайн хэлний хэл зүйг амархан эзэмшдэг. Чомскийн хэлснээр, англи хүүхэд англи хэлний хэл зүйн мэдлэгтэй төрөхгүй нь мэдээж харин хүн төрөлхтөний бүх хэл нийтлэг зарчимтай” [Мөнхцэцэг, 2009, 22] ажээ.

          Хэлний нийтлэг (Language universal)-ийн хувьд орчин үед дэлхийн олон хэлнүүд ямар нэг шинжээрээ бие биенээсээ ялгарах нь гол биш харин нийтлэг зарчмуудаар адил төстэй талыг нь нээн гаргах явдал чухал болжээ.

Дотоод мөн чанарт нэвтрэн орж юмсын учрыг тайлбарлаж чаддаг “Хэлний нийтлэг” хэмээх ойлголт нь 1960-аад оны эхээр АНУ-ын хэл шинжлэлд гарсан бөгөөд 1961 оны 4 сард Нью-Йоркийн Доббс Феррид болсон Жозеф Грийнберг (Joseph Greenberg), Чарльз Осгүүд (Charles Osgood), Жеймс Женкинс (James Jenkins) нарын санаачилсан нэгэн эрдэм шинжилгээний хурлаар хэлний нийтлэгийн талаар баримт бичиг гаргаж “Хэл шинжлэл нь хэлнүүдийг тоочин бичих хэрэгсэл байснаа больж хэлний тухай бүрэн боловсорсон шинжлэх ухаан болсныг энэ хурал харуулж өглөө” гэжээ. Харин 1967 оны 4 сард Аустин хотын Тексасын их сургууль дээр болсон хурлаар Н.Чомский (Noam Chomsky) хэл шинжлэлийн нийтлэгийн талаарх онолоо зарлан тунхагласан юм. Ж.Грийнбергийн онолыг “Хэлний нийтлэг” (Universals of Language) гэдэг бол Н.Чомскийн онолыг “Хэл шинжлэлийн нийтлэг” (Linguistic Universal) хэмээдэг [Цэрэнпил-2, 2009, 5-11].

Ж.Грийнбергийн онол маш олон хэлний баримт дээр тулгуурлаж авиа зүй, үг зүй гэх мэт бүх түвшинд антропологи, психологийн талаас авч үздэг бол Н.Чомскийн онолын хувьд бусад хэлийг төлөөлүүлж ганц англи хэлээр загвар болгон авч зөвхөн өгүүлбэр зүйн түвшинд философи талаас нь судалсанд эдгээр онолын гол ялгаа нь оршино. Ийнхүү Ноам Чомский хүний бүх хэлэнд байдаг нийтлэг дүрмийн цогцыг “Universal grammar” буюу “Түгээмэл хэл зүй” хэмээх ойлголтоор гаргаж иржээ.

“Грийнбергийн хандлага хүний хэлийг нийгмийн үзэгдэл гэж тодорхойлоод хэл шинжлэл нь хүн судлалын (антропологи) үндсэн бүрэлдэхүүн хэсэг, тухайн хэл нь түүгээр хэлэлцэгч ард түмний соёл, ёс заншилтай угийн салшгүй холбоотой гэж үздэг бол Чомскийн хандлага хүний хэлийг байгалийн үзэгдэл, өөрөөр хэлбэл хүний тархины бүтээгдэхүүн гэж тодорхойлоод түүнийг судлах нь гүн ухаан, математикийн хийсвэр загварчлалд илүү холбогдоно гэж үздэг” [Цэрэнпил-2, 2009, 8] байна.

Мөн 1860-аад оны үед Паул Брока (Paul Broca) хэмээх хүн хэл судлалд том нээлт хийсэн ба энэ нь хүний тархины зүүн тал бөмбөлөг хэлийг удирддаг хэмээх үзэл юм. Тархины тэр хэсгийг “Брокийн хэсэг” (Broca’s area) гэх ба хэлний гаргалгааг зохицуулдаг бөгөөд тэр хэсэг гэмтэхэд хэлний гажиг үүсдэг байна. Энэ нь мөн хэл нь хүнд байгалиас заяагдсан байж магадгүйг баталдаг байна. Мөн Карл Вэрнике (Karl Wernicke) 1874 онд тархины зүүн тал хэсэгт Брокийн хэсгээс өөр нэг хэсэг гэмтсэнээр хэлний гажиг үүсдэгийг нээсэн байдаг. Гэхдээ Вэрникийн хэсэгт (Wernicke’s area) үүссэн хэлний гажиг нь Брокийн хэсгийн хэлний гажгаас өөр бөгөөд энэ гажиг нь хүний хэлснийг ойлгох чадвараа алдаж, ярьж чадах боловч хэл яриа нь замбараагүй болдог байна.

Энэ мэтээс үзэхэд дээрх олон асуудлуудыг судалдаг ухаан болох хэл шинжлэлийг дан ганц нийгмийн ухаанд хамаатуулах нь учир дутагдалтай болох нь харагддаг гэж хэлж болно. Чухамдаа Маугли хүмүүсийн дунд л байгаагүйдээ хэл сураагүй болохоос биш тодорхой насандаа, тодорхой нөхцөл бүрдсэн үед хэл сурах авъяас чадвар нь өөрт нь заяагдмал хадгалагдаж байна гэсэн үг юм. Гэвч хүн байгалиас заяагдсан хэлний чадвартай боловч нийгмийн орчин байхгүй бол хэл сурахгүй нь ойлгомжтой.

Хэдий эдгээр хүүхдүүд хэл сурахгүй байгаа нь нийгмийн харилцаанд байгаагүйгээс болсон хэдий ч ерөөсөө хэл сурах нас нь өнгөрчихсөнөөс шалтгаалж байгаа хэмээх нативист онолтой бас холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд 12 нас хүртлээ хэл сурахдаа зовлонгүй, төдийлөн хичээл зүтгэлгүйгээр идэвхтэй сурдаг ба нэгэнт энэ насыг өнгөрчихсөн бол мөн гадаад хэлийг хэзээ ч эх хэл шигээ сурдаггүй гэдэг.

Сүүлийн үед гарсан зарим нэг хэл шинжлэлийг шууд биш ч гэсэн байгалийн шинжлэх ухаантай холбосон зарим нэг бүтээлүүдийг дурдъя. Тухайлбал, Голландын Гронингений их сургуулийн профессор Жан Костер (Jan Koster)-ийн “Хэл шинжлэл байгалийн шинжлэх ухаан уу?(Is linguistics a natural science?), Сэдрик Бөкс (Cedric Boeckx), Массимо Пиателли-Палмарини (Massimo Piatelli-Palmarini) нарын “Хэл нь байгалийн обьект-хэл шинжлэл нь байгалийн шинжлэх ухаан” (Language as a natural object-linguistics as a natural science, 2005) зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно. Эдгээр өгүүллийн хувьд эхнийх нь Н.Чомскийн нативист хандлагаар хэл нь байгалаас заяагдмал зүйл болох талаар өгүүлсэн бол дараагийн өгүүлэл нь хэл шинжлэлийн онол дахь байгалийн шинжлэх ухаан талаас үзсэн минимал хөтөлбөр (Minimalist programm)-ийн талаар бичжээ. Минимал хөтөлбөр гэдэг бол хэл нь танин мэдэхүй, физиологи, биологийн талаас бүрдэж буй хүний нэгдмэл чадвар юм хэмээх үзэл бөгөөд энэ нь түгээмэл хэл зүйтэй салшгүй холбоотой. Зарчим ба шалгуур (Principal parameter) гэсэн хандлагын нэг чиглэл юм.

Монголын маань хувьд ч хэл шинжлэлийг байгалийн шинжлэх ухаантай холбож үзэх энэ хандлагад сүүлийн үед хэл судлаачид анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, доктор Д.Цэрэнпил (“Хэл шинжлэл дэх Чомскийн хувьсгал ба монгол хэлийг судлах шинэ зорилт”, “Оюуны хэлхээ” эрдэм шинжилгээний бичиг, Боть III (05) УБ 2009, х 57-63), доктор С.Галсан (“Хорин нэгдүгээр зууны амьд хэл”, х 43-44, “Хэл шинжлэлийн онолын тухай бодол” х 36-38, Хэл шинжлэл ба бусад зүйл, УБ 2008), доктор Э.Равдан, доктор Б.Чулуундорж, судлаач Н.Мөнхцэцэг (“Хэл эзэмшихүй нь байгалийн болоод нийгмийн хүчин зүйлтэй холбогдох нь”, Нийгмийн ухааны салбарын “Хүрэлтогоот-2009” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл, УБ 2009, х 21-24; “Хэл сэтгэхүйд нөлөөлдөг үү, сэтгэхүй хэлд нөлөөлдөг үү?”, “Хэл зохиол судлал-2010” эрдэм шинжилгээний хурлын илтгэл) зэрэг судлаачдыг дурдаж болох юм.

          Доктор Д.Цэрэнпил хэл шинжлэлийн ухаанд хувьсгал хийсэн хэмээгддэг Америкийн хэл шинжлэлч Ноам Чомскийн онолыг тайлбарлахын хажуугаар хүний хэл ямар байх ёстой жор, загварт таарсан хэл зүй бичихийг эрмэлзэж байгаа бол судлаач Н.Мөнхцэцэг хүний хэл байгалиас заяагдмал байдаг хэмээх онолын чиг хандлагаар судалгаа хийж байна.

Жишээлбэл, доктор С.Галсан энэ хандлагын талаар “...Өнөө хүртэл хэлийг нийгмийн үзэгдэл гэж томьёолсоор байгаа. Гэтэл хэл бол хүнд л заяасан. Хүн гэдэг зүйлээс байгаль-нийгмийн тогтолцоог нь салгаж үзэх бололцоогүй. Тийм болохоор хэл бол байгалийн ч үзэгдэл мөн. Бас нийгмийн ч үзэгдэл мөн. Энэ хоёр чанар салшгүй холбоотой. Ер нь байгалийн ба нийгмийн шинжлэх ухаан гэж салган тавьдаг уламжлал нэг л биш ээ. Учир юу хэмээвээс эцсийн дүнд энэ хоёр шинжлэх ухаан хүн амьтантай л холбоотой. 21-р зууны шинжлэх ухааныг тодорхойлох чиглэлийн нэг болох синергетикийн хуулиар ч үзсэн энэ хоёр шинжлэх ухаан бүхэл бүтэн нэгэн цогц зүйл болох аястай байна” [Галсан, 2008, 36], “...хэл бол хүний амьдралын бодит хэрэгцээг л хангаж байх зорилготой нэгэн үед бий болсон, нөгөө үед устаж алга болж магадгүй ийм л нэг байгаль-нийгмийн үзэгдэл мөн” [Галсан, 2008, 44] гэх зэргээр анзаарсан байдаг билээ.

 

Дүгнэлт

1.     Хэл шинжлэл нь нийгмийн шинжлэх ухаан мөн. Учир нь хэл бол нийгмийн үзэгдэл юм.

2.     Хэлний нийтлэгийн үүднээс хэл бол байгалийн ч үзэгдэл мөн. Тэгэхээр энэхүү байгалийн үзэгдлийг судалдаг шинжлэх ухаан нь байгалийн ухааны шинж чанартай. Тэгэхээр хэл шинжлэл нь байгалийн шинжлэх ухаан ч мөн гэж үзэж болно.

3.     Хэл шинжлэл бол хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухааны зааг дээр оршдог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь зөвхөн хэл шинжлэл төдийгүй өөр олон салбараар судалгаа хийхийг шаарддаг бөгөөд хүн судлаачид, түүхчид, биологичид, сэтгэл судлаачид болон бусад салбарын эрдэмтдийн судалдаг судлагдахуун юм.

4.     Хэлийг нийгмийн үзэгдэл болох талаас нь хангалттай судалсаар ирсэн. Одоо шинжлэх ухааны зарим нэг хандлагууд өөрчлөгдөхийн хэрээр хэлийг зөвхөн нэг талаас нь, нийгмийн ухааны талаас нь, байгалийн ухааны оролцоогүйгээр дангаар нь судлах хангалттай биш болжээ. Хэл шинжлэлийн судлагдахууныг байгалийн шинжлэх ухаан талаас нь анхааран судалвал илүү олон боломж ч нээгдэнэ, ингэвэл монгол хэл шинжлэлийн мэргэжлийн нэр хүнд ч өсөх юм.

5.     Монголын хэл шинжлэлийн судалгаанд чухам энэ талаас нь харсан, анзаарсан судалгаа илүү чухал шаардлагатай байна.

6.     Монгол хэл шинжлэлийн судалгаа нь ихэвчлэн онолын судалгаанд анхаарлаа хандуулсан, бусад өөр олон хэл шинжлэлийн салбарыг (хэрэглээний г.м.) зарим талаар орхигдуулж ирсэн гэж хэлж болохоор байна.

7.     Хүний хэл гэдэг юу вэ гэдэг нийтлэг мөн чанарт нь тааруулж, монгол хэл дэлхийн хэлнүүдийн нэг хэсэг болохынх нь хувьд нь илүү их анхааран судлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүний хэл ямар байх ёстой тэр нийтлэг жор, загварт тааруулсан монгол хэл шинжлэлийн судалгаа шаардлагатай байна. Монгол хэл дэлхийн бусад хэлнээс ангид, ялгаатай зүйл их гэхээсээ илүүтэйгээр адил төстэй шинжээрээ илүү ойр болно. 

8.     Энэ чиглэлийн ажил нь монгол хэл шинжлэлийн судалгааг илүү өргөн хүрээтэй болгоод зогсохгүй дэлхийн чиг хандлагад нийцсэн, нөгөө талаас дэлхийн хэл шинжлэлийн судалгаанд оруулах монгол эрдэмтдийн нэмэр хандивыг илүү их нэмэгдүүлэх юм.

 

Ашигласан болон иш татсан хэрэглэгдэхүүн

[Галсан, 2008] – Галсан.С, “Хорин нэгдүгээр зууны амьд хэл”, Хэл шинжлэл ба бусад зүйл, УБ 2008, х 43-44

[Галсан, 2008] – Галсан.С, “Хэл шинжлэлийн онолын тухай бодол”, Хэл шинжлэл ба бусад зүйл, УБ 2008, х 36-38

[Леонтьев, 1980] – Леонтьев.А.А, Хэл гэж юу вэ?, УБ 1980

[Мөнхцэцэг, 2009] – Мөнхцэцэг.Н, Хэл эзэмшихүй нь байгалийн болоод нийгмийн хүчин зүйлтэй холбогдох нь, Нийгмийн ухааны салбарын “Хүрэл тогоот-2009” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, УБ 2009, х 21-24

[Мөөмөө, 1996] Мөөмөө .С, Ерөнхий хэлний шинжлэл, УБ 1996

[Томтогтох, 2009] – Томтогтох.Г, Хэл шинжлэлийн удиртгал, УБ 2009

Хэл шинжлэлд хувьсгал хийсэн эрдэмтэн: Авраам Ноам Чомский, ШУА-ийн “Эрдэм” сонин, 2010 №2 (132)

Цэрэнпил.Д, Хэл шинжлэл дэх Чомскийн хувьсгал ба монгол хэлийг судлах шинэ зорилт, “Оюуны хэлхээ” эрдэм шинжилгээний бичиг, Боть III (05), УБ 2009, х 57-63

[Цэрэнпил-2, 2009] – Цэрэнпил.Д, Хэлний нийтлэгийн хоёр хандлага, “Оюуны хэлхээ” эрдэм шинжилгээний бичиг, Боть II (04), УБ 2009, х 5-11

[Шинжлэх ухаан] – Шинжлэх ухаан, http://mn.wikipedia.org/

Jan Koster, Is linguistics a natural science?

Cedric Boeckx and Massimo Piatelli-Palmarini, Language as a natural object-linguistics as a natural science, 2005

[Linguistics]http://en.wikipedia.org/wiki/Linguistics

 

P.S: Дээрх өгүүлэл нь 2010 оны 7 сарын 8-нд Гадаадын залуу монгол судлаач эрдэмтдийн зуны сургуулийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл бөгөөд мэдээж төгс зүйл болоогүй гэж бодож буй тул нэмэрлэх санал, шүүмжлэх зүйлээ хэлж тус болвол баярлана шүү!

Д.Боролзой

Бичсэн: Боролзой | цаг: 15:14 | Эрдэм шинжилгээний өгүүлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


mhn
Бичсэн: Зочин цаг: 15:44, 2017-02-16 | Холбоос | |


Би гадаадад онолын хэл шинжлэлээр судалгаа хийдэг. Ийм юмыг олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл болгож хэлэлцүүлнэ гэдэг бол монгол хэл шинжлэл үнэхээр хоцрогдсон байдалтай байгааг гэрчилж байна. Эрдэм шинжилгээний хуралд хийсэн судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлж, шинэ санаа дэвшүүлдэг болохоос ийм инээдтэй юмаар бусдын цагийг бардаггүй юм. Ашигласан бүтээл нь юун инээдтэй юм. "Түгээмэл хэл зүй үхсэн" гэж Michael Tomasello (Max Planck Institute for Evolutionary Anthropology) аль хэдийн хэлсэн байдаг. Чомский аль хэдийн хоцрогдсон.
Бичсэн: Зочин цаг: 19:23, 2016-11-17 | Холбоос | |


Үгийн сан судлалыг Lexicology гэвэл оновчтой болов уу.
Бичсэн: Болор (зочин) цаг: 14:04, 2013-05-07 | Холбоос | |


bayrlalaa une tsenetei medeelel avlaa dahin olon iim medeelel gargahiig husej bna tanii erdem sudlald amjilt husie
Бичсэн: Зочин цаг: 00:06, 2013-02-07 | Холбоос | |


Uneheer goy boljee ^^ goy medeell bn bayrllaa баярлах
Бичсэн: litt!e devil (зочин) цаг: 22:13, 2012-09-05 | Холбоос | |


Тэр охины зөв
Уучлаарай, миний бодлоор тэр маргалдсан охины хэлж байгаад жаахан үнэн байх шиг байна шүү. алга ташилт
Бичсэн: Боролзой цаг: 16:03, 2011-10-25 | Холбоос | |


bna
sain bna uuu? bi ochigdorhon hel shinjleliin talaar neleen margaan vvsgesen, bi mongol helee baylagtai sudalgaa shinjilgee hiideg geh met batlah tal deer zogsloo, gevch japan sudlal hiisen ohin mongol helnii hel shinjlel zogsongi vhmel baidaltai bgaa mongol erdemted hunii gargasan sudalgaan deer ajilladag geh metchilen sorog handlagiig ogch blaa, harin tanii bodloor mongol hel shinjlel haana yvaad bna ve? hariult uguuch
Бичсэн: asuudal цаг: 11:16, 2011-10-21 | Холбоос | |


баярлах thank you so much wish you success гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 00:13, 2011-09-08 | Холбоос | |


баярлалаа сайхан зүйл болсон байна.
Бичсэн: Зочин цаг: 16:16, 2011-06-05 | Холбоос | |


амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 23:58, 2011-04-29 | Холбоос | |


үнэхээр сонирхолтой сайхан бичсэн байна. гялайлаа алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 12:47, 2010-11-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax