2010-07-06
"Эр (эм)-ийн гурван наадам" мину!

 

“Эрүүл явбал улсын наадам үзнэ...”

их зохиолч Дашдоржийн Нацагдорж

 

Агваансамдангийн Сүхбат хэмээх агуу бөх “байлаа”. Уг нь одоо ч амьд сэрүүн, цэл залуу, хүч чадалтайгаа хэвээр сайхан залуу л даа. Гэвч тэрбээр нэгэнт зодог тайлсан учраас эдүгээ бөхийнхөө хувьд “байлаа” хэмээн яригдахаар түүхт бөх болон үлджээ. Хүрэн дээлтэй аварга маань монгол бөхийн спортод үнэхээр шинэчлэл хийсэн нэгэн билээ. Түүнийг орж ирэхээс өмнөхөн арваад жил нэг хэв загварын “унтаа” маягийн барилдаантай ганцхан хүн түрүүлчихсэн, гоц өрсөлдөөн байхгүй, начны найраа гэдэг нь ч одоог бодвол ил тод цагаандаа гарчихсан нэг тиймэрхүү үе байсан. Даян аваргын барилдаан нь үнэхээр нэг эрчимтэй, сонирхолтой, үзүүштэй, амттай, хурдтай бөгөөд бас рисктэй. Эрчүүд байтугай хүүхнүүдийг ч бөхөд дуртай болгосон байх гэж бодогддог.

Шагдарын Чанрав хэмээх бөхийн агуу тайлбарлагч байлаа. Харамсалтай нь тэр эрхэм хүн харьцангуй залуу насандаа бурхны оронд морилсон билээ. Өөрөө ч ноцолдож явсан улсын начин цолтой бөх хүн болоод тэр үү ямар барьц авахаар тэр бөх нь хэр цуцдаг эсэх, ямар барилдааны онцлогтой зэрэг, хамгийн гол нь барилдаж байгаа хүмүүсээс ямар хувилбар мэх гараад барилдаан хэрхэн цааш өрнөхийг нь хүртэл урьдчилан хэлж чаддаг үнэхээр нэг бөхийн дотор нь орж гайхамшигтай тайлбарладаг байлаа. Ялангуяа А.Сүхбат аварга барилдаад түүнийг нь Чанрав гуай тайлбарлаж байгаа энэ хоёрын хослол одоо ч чихэнд хоногшин үлджээ. Нэг нь гал маналзтал барилдаад, нөгөөх нь түүнийг нь гайхамшигтай тайлбарлаад үнэхээр сайхан! Одооны тайлбарлагчид зүгээр л нэг хүнгэнэсэн бүдүүн хоолойтой л бол болчих мэтээр ханддаг болсон нь харамсалтай санагддаг. Үүнийг бичигч миний бие нэгнийх нь барилдаан, нөгөөгийнх нь тайлбар хоёрт гүн орчихсон хүн учраас одоо бөх үзэх ажлаас “зодог тайлсан” нэгэн билээ.

Бодвол бөхчүүд гэдэг бодвол “бат бөх” хүмүүс байдаг юм байлгүй, бөх хэмээх нэр ч тийм утгатай биз. Одоо их л соёлжсон өнөө цагт тийм ч сонирхолтой биш баймаар спорт. Оюун ухаанаар биш хар хүч, булчин шөрмөсөөр балбалддаг балар эртний л сэтгэлгээний  угшил байх. Гэхдээ л оюун ухаан, эрдэм номыг эн тэргүүндээ тавьдаг оюунлаг гэгддэг хүмүүс маань хүртэл бөхийн хиртэй хөлс баасыг долоох нь холгүй шимтэхийг бодоход түмний сонирхол татах нэг учиг бий. Тэр нь өрсөлдөөн, шударга ёс, за тэгээд монгол бөхөд хадгалагдан үлдсэн жудаг, ёс заншил, зан суртахуун гээд олон зүйл байдаг. Нөгөө талаар үзэж байгаа хүндээ тэрхэн үедээ өөр ажлаа мартаад стресс тайлах тархины сайхан амралт ч болдог.

Сүхбат, Чанрав хоёроос болоод бөх үзэхээ болидог нь над мэтийн цөөн хүний шалтгаан. Харин бөхөд байдаг шударга ёс нь алдагдаад, хүнлэг энэрэнгүй сэтгэл нь хатуураад, эс бөгөөс орчин үетэй хэт нийцүүлэх гээд удаан барилдсан бөхчүүдийг барьц сонгуулан азыг нь үзүүлдэг гэх мэтээс болоод бөх улам л сонирхолгүй болсоор байна. Хэдхэн тооны том биетэй бөхчүүдийн хувьд хичнээн барьц нөгөө хүний талд таарсан ч гэсэн “унаж өгдөггүй” шударга бус барилдаан газар авчээ. Бараг энэ заалтын “цоорхойгоор” бүхэл бүтэн нэг аварга хүртэл төрчихсөн л тууж явна шүү дээ.

Гадаадынхан манай бөхийг үзээд цаг наргүй, нэг талбай дээр баахан хүн ноцолдоод хэн нь бүү мэд болдог, хамгийн гол нь хамгийн том нь хамгийн жижгийгээ амлаж аван хаяад байдгийг гайхдаг гэдэг. Тэр ч үнэхээр тийм гээд цаг нартай болгох барьц сонгуулах мэтээр монгол бөхийн мөн чанартаа зохицохгүй өөрчлөлт хийх нь бөхөө улам л сонирхолгүй болгоод байх шиг. Бидний наадам болохоос гадныхны ч наадам биш. Том нь жижгийгээ амлаж авдаг ч үнэндээ монгол бөхийн үнэхээр нэг сайхан онцлог юм. “Аваргыг хаяж аварга болдог” гэгчээр сайн бөхийг хичнээн томчууд нь амлаж аваад ч хаяж чадахгүй байх төдийгүй нөгөө жижигт нь ч түрүүлэх боломж болоод эрх өөрт нь байгаа нь үнэн шударга зүйл л дээ. Цаашлаад мөн “тунаа” гээд бөхийг улам сонирхолтой болгодог онцлог сайхан зүйлс монгол бөхөд зөндөө бий.

Гадныхан гэснээс тэдэнд хамгийн ойлгомжтой нь нөгөө “эрийн хоёр наадам” нь байдаг гэсэн шүү. Наадмын өдөр сурын талбай дээр л гадаадын жуулчид хамгийн их байдаг нь үүнийг илтгэнэ. Сур харваа бол дэндүү ойлгомжтой, дэндүү найраагүй, дэндүү шударга спорт л доо. Бас жендерийн хувьд ч хамгийн боломжийн спорт. Эрчүүд төдийгүй хүүхдүүд, тэднээсээ тооны хувьд ердөө дутахгүй олон хүүхнүүд наадамдаж эм бяраа (эр бяр)-аа үзэлцдэг. Даан ч бид өөрсдөө л үндэсний сурын харваагаа хамгийн бага үзнэ, хамгийн бага шагналыг л тэдэнд өгдөг нь жаахан тиймхэн хандаад байна уу даа гэмээр харагддаг. Гэхдээ энэ спортыг сүүлийн үед хүмүүс маш их сонирхож харваачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харахад тун удахгүй гайхамшигтайгаар сэргэн мандах гэж байгаа нь тодорхой.

Харин хурдан морины хувьд золигийн гадаадынхны шүүмжилж байгааг хэлэлтгүй өөрсдөө ч бодоод үзэхэд үнэхээр нэг ичмээр эвгүй зүйл одоо болтол байнаа. Энэ бол хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал л даа. Монгол морь жижгийг ч хэлэх үү дээр нь том хүн суулгаад уралдуулахаар нэг тиймэрхүү байх, ядаж хүүхэд морь унаж уралдах насны доод хязгаарыг зааж өгдөг болмоор санагддаг юм. Тэгэхгүй бол бараг “хүн болж” амжаагүй тэр жаахан амьтдыг уралдуулж бах таваа ханган наадацгаах нь арай л зэрлэг наадаан байна шүү, нээрээ бодох тусам арай л дэндүү байна шүү!

Наадмын өдөр бүгдээрээ төв цэнгэлдэхээ заавал нэг тойрдог, мөн заавал ч үгүй наадмын хуушуураа иддэг “эрхэм нэгэн заншил” бидэнд бас бий. Шороотой ч гэсэн наадмын талбай тэр өдөр сайхаан. Ерөөсөө бид ч биш хаа газрынхан иймэрхүү идэж уун, наадаж наргин баяраа тэмдэглэдэг нь угаасаа л хүний л ёс юм даа. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж маань зүгээр ч нэг хэлээгүй биз ээ. Харин “наадмын маргааш намар” гэдэг, удахгүй намар л болох нь, одоогоор энэ л хамгийн муу мэдээ байна даа.

Эцэст хэлэхэд УИХ-д хүртэл эмэгтэйчүүд маань квоттой болох гээд байгаа өнөө цагт хамгийн ардчилалгүй наадмын нэг төрөл болох бөхөд хүртэл эмэгтэйчүүд маань нэг л өдөр оролцъё гэх цаг ойрхон болж байгаа байх шүү. Тэр үед эрийн гурван наадам маань бүүр сонирхолтой, бүүр ч “гоо сайхантай” гоё болох биз. Харин тэр үед одоогийн “нээлттэй” байгаа зодгийг “хаалттай” болгох эсэхээ эмэгтэйчүүд өөрсдөө л шийдээрэй! Харамсалтай нь “Эрийн гурван наадам” л гэж хэлж болохоо болих байх даа.

 

Бичсэн: Боролзой | цаг: 09:00 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Тийм шүү
Гэхдээ аль юмыг дандаа шүүмжлэх вэ, бидэндээ сайхаан
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:17, 2010-07-16 | Холбоос | |


хэн нь даваад, хэн нь унаад байгаа нь мэдэгдэхгүй, бөхөөсөө олон засуултай ч болчихсон юм шиг..кола чацаргана аваач гэсэн найдварын харц тавьсан хүүхдүүд дүүрэн байна лээ. Хажууд сууж байгаа гадныхан олгож байгаа юм уу гүй юу бүү мэд хараал суугаад байсан. Бороо орсон чинь хорогдох газар байдаггүй. Хдээн майхнууд нь усаар дүүрэх шахуу, өнөө хэд нь юун хуушуур манатай л байна лээ. Гэхдээ наадам сайхаан гэж.. баярлах
Бичсэн: director цаг: 18:13, 2010-07-16 | Холбоос | |


bi bas suhbat avargiin barildaaniig l uzeh durtai baisan odoo boh ogt uzdeggui
Бичсэн: saraahai (зочин) цаг: 20:39, 2010-07-10 | Холбоос | |


Нээрээ үнэн хэлжээ. Бөх үзэх үнэхээр сонирхолгүй болсон. Удаан барилдах нь Монгол хүний мөс чанарыг шалгаж, тэсвэр тэвчээрийг харуулж буй бас нэг хэлбэр байх аа. Уран сайхан мэх хийгээд давдаг нэг нь байхад, шөрмөс тэвчээрээрээ давах нь яагаад байж болохгүй гэж, ер нь л байсан юм байгаагаараа л байсан бол сайхан байсан юм даа. Хэдхэн жилийн дотор хачин бантан болсон мэт.. Тэглээ гээд үзээд л суух байх даа.

Харин тэр хурдан морины хүүхдийн хувьд хэцүү л асуудал л даа. Тийм байдаг болохоор ч аргагүй дотроосоо огшиж хоолой зангирч нүднээс нулимс дусалдаг биз дээ. Нэг их дэнхийсэн юмнууд унаад, морио зовоож байгаа уралдаан үзсэнээс бас үзээгүй нь ч дээр юм шиг... За аль өнцгөөс харахаас л болох байх даа...

Олон зүйл бодогдуулсан сайхан бичлэг байна. Зарим нэг зүйлтэй яг санал нийлэхгүй ч гэсэн. За удахгүй наадам боллоо доо. Шороотой тоостой болохоор тийм амттай болдоггүй л байх л даа, ямар ч муухай байсан наадмын талбайн хуушуур айм мөн чиг хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 22:50, 2010-07-06 | Холбоос | |


Vneen vnen
Bidnii sport bidnii ulamjlal soel zanshil. Bid oorsdooroo bh heregtei bna. Shan naadatsgaagaarai minii bidnii Mongolchuudaaa
Бичсэн: Чойрын Хүү цаг: 10:43, 2010-07-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax