Ленин багшийн маань “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэр үед үзэл суртлаа дэлгэрүүлэхэд нь бичиг үсэггүй хүн ч байсан хамгийн амархан хүрэх “зэвсэг” нь кино байсан бол одоо ч хүмүүсийг гэгээрүүлэх, зугаацуулах үүргийг кино гүйцэтгэсээр л байна. Дэлхийд анх 1895 онд Францын ах дүү Люмьерийн бүтээсэн киноноос энэхүү урлаг үүссэн гэдэг бол манай монголчууд 1936 онд оросуудтай хамтран “Монгол хүү” киног бүтээснээр кинотой танилцжээ. Киног бүтээхээсээ өмнө үзэж байсан байж таарна, тэгэхээр кинотой танилцсан нь үүнээс ч эртнийх гэж хэлж болох биз ээ.
Дэлхийг байлдан дагуулсан энэ урлагийн хэлбэр Монголын өргөн уудам тал нутгийн алс бөглүү хязгаарт ч хүрч байсны гэрч бол зураач Л.Гаваагийн “Кино механикч” хэмээх алдарт бүтээл билээ. Элсэн говьд хэдэн тэмээн дээр киноны аппарат хэрэгслээ ачаад хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарихаар зүтгэн яваа хүн бол кино механикч. Тэр үедээ л асар том соёлыг хүмүүст хүргэхээр явж буй хүн. Ганцхан кино гаргахын тулд л ийм их ачаа болдог байсан нь энэ зурагнаас харагдана. Энэ бол түүх. Нүүдэлчин ард түмний кино театр нь хүртэл нүүдлийн байх аж.
“Хэдэн тэмээнд аппарат хэрэгслэл, авдар саванд дугуй лаазтай кино хальсаа хийж ачаад уул даваа, ус голыг гатлан хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж яваа механикч... Ямар их саад бэрхшээл... Зуны бороонд өвс шиг норж, зуурам халуунд хад мэт халж, тэнгэрийн хаяанд байгаа өдрийн од мэт ганц цагаан гэрт хүрч, ид шидийн гэмээр ертөнцөд умбуулах гэж бурантаг сунган яваа ахимаг насны эр... Хөтөлж яваа тэмээний нь хойд хөлний хөдөлгөөн... Ямар уран, ямар үнэн гээч” хэмээн энэ зургийн тухай сэтгүүлч А.Лхагва “Монгол зураачид” номдоо бичжээ. Гаваа зураач өөрөө ч говийн хүн, энэхүү бүтээлдээ говийн элсэн манханг уран яруу дүрсэлжээ. Энэхүү тосон будгийн зургийг 1961 онд бүтээсэн бөгөөд бодит хэмжээ нь 120 х 80 см, одоо Уран зургийн галлерейд хадгалагдаж байна.
Л.Гаваа “Кино механикч” (1961)
Арван гурван настайдаа Улсын хэвлэх үйлдвэрт алдарт зураач марзан Шаравын дагалдан зураачаар ажиллаж байсан түүхтэй Лувсангийн Гаваа 1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төржээ. Ах Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Гавааг Лувсандорж гэж цэргийн хурандаа үрчлэн авсан байдаг. Энэ хурандаагийн эцэг нь Лувсан гэдэг өвгөн байсан бөгөөд Гаваа өвөөгөөрөө овоглосон байна. Тэрээр Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И.Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Л.Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.
1945 онд Б.Ринчен, Ю.В.Тарич нарын зохиосон “Цогт тайж” хэмээх түүхийн том кинонд Л.Гаваа мэргэжлийн дагуу тайз чимэглэл болон бусад зүйлийг зуржээ. Тэрбээр энэ киног бүтээлцсэн хэсэг нөхдийн хамт 24 настайдаа төрийн шагнал хүртсэн. “Гаваа бол ургуулан бодох авьяас билгийн мастер. Байгалийн том зураач. “Цогт тайж” киноны зураг чимэглэлийг Гаваа л хийсэн. Б.Ринчен гуай магтахаас ондоо юм хэлж байгаагүй. Харин би “Цогт тайж”-д жижиг хэрэглэл, зэр зэвсгийн юмсыг зурж Ринчен гуайд бишгүйдээ загнуулж байсан даа” гэж ардын зураач Н.Цүлтэм дурссан байдаг.
1950 онд Л.Гаваа Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж байхдаа К.И.Померанцев багшийнхаа зурсан зураг, түүний гэргий барималч В.И.Шаршуны баримлуудыг ар гэрийнхнээс нь худалдан авах тухай жагсаалт гаргаж, Москва дахь манай ЭСЯ-аар дамжуулан тавьсан хүсэлтийг нь Д.Чойдог дэмжиж дээрх бүтээлүүдийг авсан нь манай архивт хадгалагдаж байдаг ажээ.
Л.Гаваа нь тайз чимэглэлийн монголын анхны зураач бөгөөд манай улсын урдаа барьдаг зураачдын нэг байжээ. Тэрбээр 71 насандаа хорвоог орхисон юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Театрын музейг байгуулах ажилд Д.Гүрдорж, эрдэмтэн Э.Оюун нарын хамт хичээн зүтгэж ажилласаар энэ музейн нээлтийг үзэж чадаагүй боловч хамтрагчид нь үүнийг үргэлжлүүлж дуусгажээ. Хүний амьдрал гэдэг баян. Гаваагийн гэнэн томоогүй, залуу халуун насны анхны хайр нь нэгэн цагийн монголын хамгийн сайхан хүүхэн Л.Цогзолмаа байсан бөгөөд түүнтэй ханилж байсан гэдэг. Мөн “Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэнгийн дүрийг бүтээсэн жүжигчин С.Мандахтай сууж байсан түүх бий.
Төр засаг Л.Гаваагийн бүтээлийг өндрөөр үнэлж 1946 онд Төрийн шагнал, 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1975 онд Ардын зураач цолоор шагнажээ.