2010-05-11
"Universe best songs" гооё, гэхдээ...

 

Эх орны минь өнцөг булан бүрт янз бүрийн л үйл явдлууд үргэлжилсээр, амьдрал өрнөсөөр, биднийг мэдээ мэдээллээр ар араас нь бөмбөгдсөөр... Чих тавихнээ, нэг их хурлын гишүүн нь нөгөөгийнхөө хоолойг нь боолоо, хятад хүн монгол хүнийг аллаа, уурхайд хоёр хүн шороонд дарагдлаа, далан мянга тарааснаас болоод архи уух хүмүүс ихэссэн ч гэх шиг сүүлийн үед дандаа л хар мэдээнүүд голлох болж. За тэгээд хэдэн улс төрчид нь Таван толгойгоо юу ч болгох гээд байгаан, нэг иймэрхүү.

Хэдэн уйтгартай улс төрчдөөсөө өөр ярих хүнгүй, өөр сонирхолтой сэдэв, илүү гэрэл гэгээтэй аятайхан зүйл бидэнд үнэхээр алга гэж үү? Одоохондоо монголчууд бидний амьдрал ядуудаа л, хэдэн төгрөгтэй байх эсэх маань улс төрчдийн шийдвэрээс шалтгаалаад байгаадаа л эд сонин байгаа болохоос амьдрал дээшлээд ирэхийн хэрээр улс төр улам л сонин биш болох биз ээ. Гэхдээ өөр сонирхолтой зүйл байнаа байна, цаана чинь хэдэн хүүхдүүд “алж өгч” байна. Монголын хөгжмийн ертөнцөд том биш боловч лав л бага гэмээргүй үйл явдал болж байна. Энэ бол Улаанбаатар телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Universe best songs шоу билээ. Отгонжаргал, Бурмаа нарыг хасагдахад нь дагаж харамссаар, Баярцэнгэл, Соёмбо нарыг дуулахад нь дагаж хөөрсөөр үзэгчид энэ шоуг шимтэн үзэж байна.

Гэхдээ энэ нэвтрүүлэг том багадаа биш үүнээс олон зүйлийг харж ухаарах бололцоог бидэнд олгож байгаад л гол нь байгаа юм. Энд орж байгаа, сайн дуулж чадахгүй “Чи сайн караокечин” шоолуулаад гарч байгаа эдгээр залуус бүгдээрээ нэг зүйлээр бахархал төрүүлмээр. Энэ нэвтрүүлэгт орох зориг нь дутсан, өөртөө итгээгүй мянга мянган хүмүүсийн хажууд зориглож ороод олон нийтийн өмнө хүнээр сайн муу, авьяастай авьяасгүйгээ дуудуулаад зогсоно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэд өөртөө итгэсэн үнэхээр саак залуус. Надад таалагдаж байна, би дэмжмээр байна.

Үнэхээр сайн дуулж байгаа залуучуудыг нь хараад өөрсдийнхөө хэдэн рок, попын нөхдүүдтэй жишмээр санагдлаа. Эдгээр залуус дандаа “амьдаар” дуулж байна. Харин манай одууд “ам барьж” үзэгчдээ хуурдаг, амьдаар дуулахаараа үнэхээр “мэдрэмжгүй, монотонный, цэвэр биш, хоолой муу” сонсогддог. Гэхдээ... бүгдээрээ тийм биш шүү. Ихэнх нь муу дуучин биш, бид мэднэ. Тэд илүү сайн дуулж чадна. Энэ залуусыг хараад тэд маань нэг юм бодож байгаа байх аа. Одуудаас илүү дуулж байгаа хүүхдүүд нэг биш байна шүү, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхгүй бол хэдэн хүүхдэд зах зээлээ алдах нь байна шүү. Хэрэв манай дуучид биднийгээ хулхидсаар байвал рок попын од та нарыгаа “бид дэмжихгүй, уучлаарай тэнцэхгүй”.

Хэдийгээр бидний албан ёсны хэл маань монгол хэл боловч гадаад хэлээр дуулах тэмцээний давуу тал үнэхээр харагдаж байна. Яагаад ч юм манай гадаад хэл эзэмшсэн залуус бусдаасаа арай илүү соёлтой, боловсролтой, мэдрэмжтэй, цэвэрхэн байх юм. Үүнийгээ дагаад дуулж байгаа дуу нь хүртэл хоолойны чадал чансаа, мэдрэмж их шаардсан дуу дуулах болохоос адуу мал, уул овоо, ээж аавыгаа санан гансарсан хэдэн хэвшмэл дуугаар үзэгчдийг залхаахгүй сайн талтай юм. Хэдий аялгуу сайхан хэдий ч монгол хэл маань одоохондоо өндөр цалин авдаг, илүү их мэдлэг, мэдээллийг авч чаддаг хэл болоогүй л байна. Тэгэхээр гадаад хэлний мэдлэг чухал бөгөөд түүнийг эзэмшээд илүү их баялагт хүрэхэд нь энэ шоу залуучуудад үлгэр дууриал, нэмэр болох биз ээ.

Шүүгчдийн тухайд хүмүүс янз бүрээр л ярьж байна. Монгол Саймон нь аль нь вэ ч гэх шиг. Үүндээ гол нь биш, хэн нь хэрхэн шүүж байгаа нь чухал. Долгион хүүхдүүдэд урам өгч тун аятайхан шүүж байгаа харагддаг, Ариунаа жаахан бөөрөнхий л болохоос боломжийн, харин Рагу хамгийн шударга шүүх юм. Монголчуудыг нэг их сайн танихгүй, монгол хүний сэтгэл зүйн шинж чанарыг бидэн шиг нарийн мэдэхгүй болохоор сайн биш л бол гомдоно ч гэж айхгүйгээр инээж байгаад хасах нь үнэхээр “гооё”. Рагу гэснээс манайхан гадныхныг хэт шүтлээ гээд тэднийг үгүйсгэх хандлага хааяа байдаг. Тэрээр хичнээн Сингапурын алдарт хөгжмийн найруулагч биш байж болох ч мэргэжлийн өрсөлдөх чадварын хувьд биднээс илүү л харагдаад байгаа юм даа. Гадныхнаас бидний өрсөлдөх чадвар сул байгаагийн буруу биднээс л шалтгаалахаас Рагу хэмээх эрд ямар ч буруу байхгүй ээ. Ажиглагч нар, тухайлбал Ухнаа гуайн хувьд жаахан ширүүн, хуучинсаг мэт харагдавч бас ч гэж хамгийн үнэн үгийг тэр хэлэх юм. Ахмадынхаа үгийг бид сонсох ёстой.

Шүүгчид шударга ба шударга бус шүүнэ гэхээсээ илүүтэй урлаг гэдэг үнэхээр өөрөө шударга юм. “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг л цаад хүн нь чадаж л байвал яаж ч дарах гээд нэмэргүй, эсвэл чадахгүй хүнийг яаж ч зүтгүүлээд ахихгүй шударга эд юм даа. Тэгэхээр шүүгч нарт бурууг өгөхийн ч арга байхгүй, чадахгүй бол өөртөө л гомдох шиг сайхан юм хаа байхав.

Энэ жил Буриадаас, Өвөрмонголоос залуучууд ирж оролцож байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Цус нэгт монголчуудын маань оюун санаа, үндсэрхэг үзлийн төв энэ Монгол улс маань л байх ёстой. Монголд ирж оролцож байгаа эдгээр залууст “миний найзууд, үнэхээр таалагдаж байна, би дэмжмээр байна” гэж хэлмээр байна.

“Эхэнд ургасан эврээс сүүлд ургасан эвэр урт” гэж үг бий. Монголчууд хуураа барин үлгэр туулиа өнжин хонон хайлахаас эхлээд урлагт дуртай, бараг бүгдээрээ дуулах дуртай авьяаслаг ард түмний үр сад. Бидний уламжлал тасрах нь, монголоо алдах нь гээд л ярьдаг. Гэвч бүүр тийм биш ээ, одоогийн залуус улам л соёлтой, боловсролтой болоод байх шиг. Нэгэн жишээ хэлэхэд, “ТВ-9” телевизээр “Гэгээн алсын одод” гээд хөөрхөн нэвтрүүлэг гарч байна. Бас л манай зууны манлай дуучин Сарантуяа, Донжийн Төгөлдөр, бүжгийн Бэхбат гээд манай “томчууд” шүүж байна. Түүнд оролцож байгаа манай бяцхан авьяастнуудын бараг дал наян хувь нь монгол үндэсний дуу бүжгээр оролцож байна гэсэн. Үүнийг харахаар манай улс эх орон улам л мандан бадрах гээд ч байх шиг. Гэрэл гэгээтэй зүйлс бага багаар ч болтугай нэмэгдээд байгаа нь үнэхээр сайн цаг ирэхийн бошго бус уу.

Сайхныг сайхан гэж хэлэх долигонуур зан биш, бурууг буруу гэж хэлэх муу хэлж байгаа юм биш. Улаанбаатар телевизээс зохион байгуулж байгаа энэ шоуг, энэ сайхан зүйлийг сайхан гэж хэлмээр байна. Бид үүнийг дэмжмээр байна. Баяр хүргэе, надад таалагдаж байна. Надад “гэхдээ...” алга, үнэхээр “гооё” байна.

 

Бичсэн: Боролзой | цаг: 12:19 | Шүүмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Аяганы тухай
Миний аяга жижиг ч би түүгээрээ ууна гэнэ ккк. Аяга жижиг ч 7 дахиад хусчихвал нилээ ариван хоол цохичихно шүү дээ. ккк
Утга нь юу юм бол доо. Утгыг нь ойгоогүй байж гангарах дуртай жижиг гар гэж энийг хэлдэг юм. Бодвол жижиг аягатай шуналгүй хүн гэх гэсэн юм болов уу ккк. Шуналгүй хүн мөн үү бишүү гэдгийг нь танилуудаас нь асуулаа. Овоо шуналтай хүн гэсэн мессеж ирж байх юм. rolling on the floor
Бичсэн: Аяганы тухай (зочин) цаг: 14:36, 2011-10-04 | Холбоос | |


Донжийн Төгөлдөрийг "томчууд" гэж "гооё" хэллээ. хэ хэ
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:43, 2011-10-04 | Холбоос | |


www.citi.mn энүүгээр ороод үзэж болно. баярлах
Бичсэн: Зочин цаг: 10:26, 2010-06-04 | Холбоос | |


interneteer uzeh bolomjitoi yu ene nevtruulgig bi gadaadad baidag bolhoor iim nevtruuleg baidag ch gej medeegui yum baina. гуниглах
Бичсэн: Lolya. (зочин) цаг: 23:38, 2010-06-02 | Холбоос | |


дууны сонголтон дээрээ их алдаад байхымаа...хоолойны хүчээ л харуулж байвал болох юм шиг болсон болоогүй дэмий орилоод.
Бичсэн: friska (зочин) цаг: 12:10, 2010-05-12 | Холбоос | |


үнэн шд
Загатнасан газар маажсан юм шиг л бичлэгболж.Ажлаа тараад энэ нэвтрүүлгийг үзэх гэж хүлээдэг болсон. Ёстой нөгөө орой сэмхэн дуу аялж үздэг болоод байгаа гэдэгшиг л......
Бичсэн: Зочин цаг: 11:22, 2010-05-12 | Холбоос | |


гэрэл гэгээг олж харсан сайхан бичлэг байна
надад ч бас таалагдаж байгаа одоо 4-р үе эхэлцэн дандаа гайгүй дуулдаг залуус байнлээ хараад байхнээ гоё шүү

монгол монголоороо л байна
үргэлж энэнд итгэлтэй байдаг шүү тэврэлт ярзайтал инээх
Бичсэн: arch_tseegii цаг: 12:41, 2010-05-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax