Бэлчих гэдэг нь “адгуус мал тархан идээшлэх, сэтгэл санаа төвлөрөхгүй тархах”, харин бэлчээр нь “мал идэшлэх өвс, ус бүхий эдэлбэр газар” гэсэн утгатай хэмээн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Бэлчих гэдгээс бэлчээр үүснэ. Бид заримдаа энэ хоёр үгийг билчих, билчээр хэмээн буруу бичдэг.
Монгол бичгээр эдгээр үгсийг “бэлчихү”, “бэлчигэр” хэмээн бичнэ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бэлчээр гэж байхаас билчих гэж алга байна. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “билчээр” хэмээн байх авч “бэлчих”, “бэлчээр” гэсэн хэлбэрийг зөв гэжээ. Тэгэхээр бэлчих, бэлчээр хэмээн бичих ёстой юм.