Нийтлэг тохиолдох алдаа биш боловч “цаг мөч, түүхэн геологийн он тооллын хуваарьт хэрэглэгддэг хамгийн том нэгж” болох “эрин” хэмээх үгийг “эрэн” хэмээн бичиж байгаа нь сонин хэвлэлээр тааралдах юм. “Эрэн” хэмээн бичих нь буруу бөгөөд “эрин” хэмээн бичих нь зөв болно. Зөв буруу аль нь болохыг гагцхүү толь бичиг л бидэнд хэлж өгдөг.
ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “эрин” хэмээн бичнэ гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д бас “эрин” гэж байна. Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “эрэн” гэж байх ажээ. Энэ алдааг хожмын толь бичгүүдэд залруулж “эрин” болгосон бололтой. “Эрин” нь зөв болохын учир нь монгол бичгээр “эрин” хэмээн бичдэгтэй холбоотой билээ.