“Дуудах нэрийг эцэг эх, дуурьсах алдрыг өөрөө олдог” хэмээх сайхан үг бий. Энэ үгний “дуурьсах”-ийг “дуурсах” хэмээсэн бичлэг сонин сэтгүүл, ном товхимол дээр олон тааралдах боллоо. Зүй нь зөв бичих дүрмийн дагуу “дуурсах” бус “дуурьсах” хэмээн бичих нь зөв болно.
“Дуурьсах” хэмээх энэ үгийг “нэр нь алдарших, олноор магтан хэлэлцэх, яруу тунгалаг сонстох, дууриан цуурай гаргах” гэсэн утгатай үг хэмээн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн бүтээл “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарлажээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” зэрэгт “дуурьсах”, харин Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дуурсах” гэж байх ажээ.
“Дуурсах” бус “дуурьсах” нь зөв гээд байгаагийн учрыг монгол бичгийн бичлэгийн хэлбэрээс нь төвөггүй мэдэж болно. Монгол бичгээр “дагурисаху” гэж бичдэг. Энэ үг нь дуу чимээний “дуу”-гаас гаралтай бөгөөд хөгжмийн бүтээлийн нэгэн төрөл дуурийг ч монгол бичгээр “дагури” хэмээн бичих ба дуурьсах гэсэн үгтэй утгын холбоотой билээ.