2010-03-29
Буган чулуу - Буга шүтээн

 

“Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Хоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглаж Батачи хан хэмээх нэгэн хөвүүн төрүүлвэй” хэмээн алдарт “Монголын нууц товчоо” эхэлдэг билээ. Марал гэдэг нь буга гэсэн үг бөгөөд мэдээж чоно, буга хоёроос бидний өвөг дээдэс болоод хүн төрөлхтөн үүсээгүй нь магад боловч эртний хүмүүс өөрсдийнхөө үүсэл гарлыг ингэж домоглон шүтээнээ болгосоор иржээ. Энэхүү шүтлэг эрт үеэс байсны биет баримт, ул мөр нь монгол нутагт байдаг буган чулуун хөшөөнүүд билээ.

Манай нутагт байгаа хамгийн эртний зураг гэвэл хадны сүг зураг, харин хөшөө дурсгал гэвэл буган чулуу юм. Он цагийн хувьд МЭӨ VIII-III зуунд холбогдоно гэж үздэг бөгөөд даруй 3000 жилийн настай ажээ. Ази, Европ тивийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судалж 700 орчим буган чулууг нээн илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 550 орчим нь монголын нутгаас олдсон ажээ. Тархацын хувьд Хөвсгөл, Архангай аймаг, Хангайн нурууны салбар уулсаар төвлөрдөг. Хойд хязгаар нь Байгаль нуур, урд хил нь говийн хойгуур, баруун тийшээ Элба мөрөн хvртэл тархсан.

          Гонзгой урт чулууг засч оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар хийж доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөөг буган чулуу гэдэг. Хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал хутга, билүү, байлдааны алх, сүх, нум, саадаг, жад, бамбай, толь дүрслэхээс гадна заримдаа бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр зэрэг амьтадыг хааяа дүрсэлсэн байдаг байна. Буган хөшөө голдуу 1-4 метр гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй бөгөөд үүнийг хийхдээ цоолбор, сийлбэрийн аргуудыг хэрэглэсэн байдаг.

          Буган хөшөө тал хөндий, уулын бэлд юм уу, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ тохиолдох бөгөөд хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд, хана болон булангийн хөшөө чулуу болгож босгосон байдаг юм. Үүнээс харвал оршуулгын зан үйл, өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбоотой ажээ. Буган хөшөөнүүдийг хэлбэр төрхийн хувьд дараах гурван төрөлд хуваан авч үздэг байна: 1. Монгол-Өвөр Байгалийн бугын загварчилсан дүрс бүхий буган хөшөө, 2. Саян-Алтайн амьтны бодит дүрст буган хөшөө, 3. Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө.

          Буган чулуу бол эртний урлагийн бүтээл мөн. Эдгээр хөшөөг урлахдаа дан ганц бодит дүрсийг харуулахаас гадна хийсвэрлэн бугыг шувуу шиг урт хошуутай, үл мэдэгдэм хөлтэй, нисч байгаа мэтээр уран нарийн угалзалсан эвэртэй, мөн эврийг ар тийш нурууг дагуулан налуулж, зөвхөн хоёр салааг урагш гарган үзүүрийг өөд нь ээтийлгэн, нүдийг нь томоор урлаж, хоёр хөлийг нугалан дүүлэн харайж буй мэт хөдөлгөөн оруулан дүрсэлсэн нь хөнгөн хөдөлгөөнтэй, тэмүүлэл бүхий дүртэйгээр загварчлан дүрсэлсэн байдаг. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байх Дунд жаргалантын буган хөшөөнд бугыг хажуугаас нь ихэд гоолиг урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу төмбөгөр хондлойтой, богино сүүлтэй, урт нарийхан хөлтэй, хоншоорыг шувууны хошуу мэт урт нарийн, эврийг хээ угалз мэт дүрсэлжээ.


Судлаачид буган чулууны гарал үүслийг янз янзаар тайлбарлажээ. Зарим нь Скифээс, зарим нь Сак омгийнхноос үүсэлтэй гэсэн бол манай судлаачид монголоос үүсэлтэй хэмээн үздэг гэнэ. Харин юуг бэлгэдсэн, ямар учиртай дурсгал вэ гэдэг дээр маш олон өөр санал байдаг ажээ. Судлаач Ж.Баярсайханы авсан жишээнүүдээс дурдвал:

“Монгол улсын түүх” таван ботид “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан, арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг, хүнд ямар нэгэн хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон”, доктор С.Дулам “Эртний хүмүүс тухайн овгийнхоо шүтэж ирсэн тотемоос өөрсдийгөө үүсэлтэй хэмээн үздэг байсан тул бугын чулуун хөшөө нь түүнийг бүтээгчдийн сүлд буюу тэдгээр хүмүүс эрт цагт өөрсдийгөө бугаас гарсан гэж үзэж байсантай холбоотой”, Оросын судлаач Ольховский Буган чулуун хөшөө нь үржлийн бэлгэдлийг агуулсан эр хүний бэлэг эрхтэнийг шүтэхтэй холбогдсон дурсгал хэмээн тус тус үзжээ. Ж.Баярсайхан буган чулууг олон жил судалсан хүний хувьд юуны өмнө бөө мөргөлтэй холбон үзэх нь зүйтэй гэсэн санал хэлжээ. Бөөгийн ёсонд бугын арьсаар хэнгэргээ хийж, түүн дээр ихэнхдээ буга дүрсэлдэг бөгөөд буга нь их онгодын унаа болдог ба учир нь буга, согоог зөөлөн явдалтай унасан эзнээ ядраадаггүй, зорьсон газарт нь хүргэж чаддаг амьтан гэж үздэг ажээ. Буган чулуунд байнга тохиолддог таван талтай тагнай хээг ихэнх судлаачид “бамбай” хэмээн үзсээр ирсэн юм байна. Харин Ж.Баярсайхан энэхүү хээг бөө мөргөлтэй холбон судалснаар маш сонин үр дүнд хүрчээ. Тэрбээр буган чулуун дээрх яг тийм тагнай хээтэй адил дүрсийг бөөгийн хэнгэрэг, онго дээрээс олжээ. Мөн буган чулууны зэр зэвсгийн дүрсийг эртний нүүдэлчдийн оршуулах ёс, зэр зэвсгийг нь дагалдуулан оршуулдагтай холбоотой гэсэн байна. Монгол нутаг дахь буган чулуудын он дараалал яг Хүннүг хүрээд бүрмөсөн зогссон гэжээ.

Буган чулуу нь эртний овог аймгийн ахлагч, алдартай хүмүүст зориулж босгосон дурсгалын хөшөө юм. Тухайн хүний хойт насанд зориулсан тахилгын зан үйлийн газар гэж үздэг байна. Монголчууд бид шүтээн болсон бугандаа хайр гамгүй хандсаар одоо маш ховор болсон, хэдий малын дайсан гэгддэг ч чоно шүтээндээ “дайн зарлан” хүйс тэмтэрсээр л байна. Эзгүй хөдөө хээр байх буган чулуудад ч гэсэн гэмтэх, дээр нь нэр ус сийлэх, алга болгох гэх мэтийн аюул заналхийлсээр л байна. Нэгэнт гурван мянга гаруй жилийг туулаад ирсэн энэ түүх, соёлын гайхамшигт дурсгал энэ цагийн бидний буруу үйл ажиллагаанаас болж сүйдэх ёсгүй билээ.

 

Гэрэл зургийн тайлбар: Дунд Жаргалантын буган чулуу (Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, МЭӨ VII-IX зуун)

Бичсэн: Боролзой | цаг: 11:16 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Энэ бол миний төрсөн нутаг монголын сайхан орон.Миний бахархал
Бичсэн: Шинээ (зочин) цаг: 17:09, 2010-11-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax