“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Хүлэг” гэсэн хэлбэрт дараах утгууд байна. 1. Бурхан, сахиулсан савдагийн унаа, хурд сайтай дээд зэргийн морь, хүлэг баатар, хүлэг зээрд гэх мэт. 2. Дээс, сур, олсыг хэлнэ. Мөн “Хөлөг” гэж 1. Морь, хурдан морь. 2. Шатрын хөлөг. 3. Далай, тэнгис, мөрөн зэрэг их усанд явах том онгоц, агаар тэнгэр, сансраар явах том онгоц, 4. Хөлөг баатарыг хэлэх ажээ.
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “хөлөг” (онгоц, унаа), “хүлэг” (морины хүндэтгэл нэр, уяа) гэж ялгаж өгчээ. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д “хөлөг” гэж морь ба онгоцыг, “хүлэг” гэж морь ба уяаг хэлнэ гэжээ. Я.Цэвэлийн тольд усны онгоц, шатрын хөлөг, унах эдлэх морь, хөлөг баатар бүгдийг “хөлөг”, хүлэх уях хэрэглэлийг “хүлэг” хэмээсэн байна.
Эдгээр олон хэлбэр нь монгол бичигтээ чухам ямар хэлбэртэй байгааг үзье. Унаа морь болон хүлэг баатрыг “хүлүг”, дээс сур олсыг “хүлиг”, онгоц болон шатрын хөлгийг “хөлгэ” гэсэн хэлбэрээр бичнэ. Эндээс үзвэл хүлэг морь, хүлэг баатар, уяа хүлэг, хөлөг онгоц, шатрын хөлөг гэх нь зөв болно. Гэхдээ “хүлэг баатар” ба “хүлэг морь”-ийг “хөлөг баатар”, “хөлөг морь” хэмээн бичих ч бас буруудахгүй ажээ.