Энэ дэлхий тэр чигээрээ л эмэгтэй хүний гоо сайхныг утга зохиолд, уран зурагт, дуу бүжигт зуун зуун жил магтсаар ирсэн, цаашдаа ч магтаж ханахгүй биз ээ. Бид “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үгийг ч эмэгтэйчүүдэд л хаягладаг. Нэг талаасаа ерөөс гоо сайхны хэмжүүр нь эмэгтэй хүн л болчихсон юм шиг. Ертөнц гэдэг угаасаа нэмэх хасах, халуун хүйтэн, арга билиг, эр эм гээд эсрэг тэсрэгийн нэгдэл дээр тогтдог. Адам Ева хоёр муудаж сайдсан ч хамтдаа л оршин тогтнохоос дангаараа бол юу ч биш ээ. Эх хүн гэдэг утгаараа эмэгтэй хүн гоо сайхны төгс илэрхийлэл хэдий ч эрэгтэй хүнд ч гэсэн гоо сайхан гэдэг зүйл хамаатай байх. Ядаж эмэгтэй хүний нүдээр эрчүүд ямар нэгэн гоо сайхантай харагддаг л байлгүй дээ. Тиймдээ ч Шварцнегер шиг булчинтай, Жастин шиг царайлаг, Шаравжамц шиг өндөр нуруутай, Асашёорюү шиг хүчтэй, Баабар шиг ухаантай, Жанцанноров шиг авьяастай хэмээн бахархан ярьцгаадаг.
Одоогоос 500 орчим жилийн тэртээ нэгэн уран бүтээлч эр хүний гоо сайхныг баримлаар илэрхийлсэн нь зуун зууныг даван дуурьсахын шидийг олжээ. Эмэгтэй хүн л эр хүний гоо сайхныг хамгийн их мэдэрч урлах мэт боловч энэ баримлыг эр хүн бүтээсэн юм. Энэ бол Италийн сэргэн мандалтын үеийн суут төлөөлөгч Микеланжелогийн алдарт баримал “Давид” билээ. “Давид” бол түүний хамгийн гол бүтээлүүдийн нэг юм. Эр хүний гоо үзэсгэлэнг тодорхойлж өгсөн бүтээл гэдгээрээ урлагийн түүхэнд алдартай. Олон хүүхнүүдийн сэтгэлийг булаасан нүцгэн “Давид” маань үнэхээр л мах шөл нь таарсан, илүү дутуугүй, спортлог, сайхан биетэй эр байх ажээ. Хэрвээ Микеланжело одоо цагт дахин амьдраад энэ цагийн эрчүүдийн дундаж төрхөөр дахиад нэг Давид бүтээвэл өмнөхөөсөө илүү гоёыг бүтээх байсан болов уу, эсвэл арай л махлаг Давид бүтээх байсан болов уу?
Суут зураач, барималч, уран барилгач, яруу найрагч, зохион бүтээгч Микеланжело Буонарроти (Michelangelo di Lodovico Buonarroti Simoni) 1475 оны 3 сарын 6-нд Италийн Тосканы Капрезе хэмээх тосгонд мэндэлсэн юм. Нэрний утга нь Майкл (Michael) Анжэл (сахиусан тэнгэр буюу angelo) хоёроос бүтсэн нийлмэл нэр ажээ. Баруун европын хамгийн том зургийн бүтээл болох Ватиканы Сикстиний сүмийн таазны "Сүүлчийн шүүх" (The Last Judgement) хэмээх бүтээл, Паулын мөргөлийн сүм дэх "Цовдлуулсан гэгээн Петр", “Паулын шинэчлэл” зэрэг уран зургийн бүтээлүүд түүнийг алдаршуулсан гэдэг. Леонардо да Винчи, Рафаэль нарын нэртэй зэрэгцэн түүний нэр сэргэн мандалтын үеийн их гурав гэгддэг ажээ.
Түүний бүтээлүүд нь Европийн уран зураг, уран барилгын цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлсэн гэдэг. Аль багад нь түүний авьяас тодорсон тул 13 настайд нь Флоренцийн алдарт уран зураачид шавь оруулжээ. 15 нас хүрэхэд нь Флоренц хотын амбан захирагч Лоренцо түүнийг Медичи ордондоо бараг гэр бүлийн гишүүнээр авч ивээн асрамжлагч нь болсон байна. Бүхий л амьдралынхаа туршид авьяас билгээрээ гайхагдаж байсан бөгөөд хамба лам нар, хаад вангууд, төрийн удирдагчид зураг зуруулахаар, баримал хийлгэхээр өндөр шан харамж амлан урьдаг байжээ.
Микеланжело гайхамшигт бүтээл болох “Давид”-ыг гурвыг бүтээсэн гэдэг. Давид хэмээх нэр яагаад уран барималчдын анхаарлыг татдаг вэ гэж сонирхсон судлаачид Эртний Грекийн домог ёсоор аймшигт араатан Голиафыг дарсан Давидын нэр чухал үүрэгтэй болохыг олж мэджээ. Түүний гуч дөхсөн насандаа 1501-1504 он хүртэл гурван жил бүтээсэн бүтээсэн хоёр дахь Давид нь одоо Флоренц хотын Зургийн урлагийн академийн галлерейд хадгалагдаж байгаа билээ. Эр хүний бие галбирын сонгодог загвар хэмээн тооцогддог мөртөө Давид яагаад ийм жижигхэн бэлэг эрхтэнтэй байгаа юм гэж хүртэл судалгаа явуулсан байдаг. Харин энэ нь уран барималч маань Давидыг цэвэр ариун, уян зөөлөн, ухаалаг байдлын илэрхийлэл болгохыг хүссэнтэй холбоотой гэж үздэг байна.
Микеланжело даруухан амьдардаг, бусад зураачдын адил гоёмсог хувцас, моод хөөдөггүй, зожигдуу (эхнэр ч авч байгаагүй аж), нээлттэй биш, орой унтаж эрт босдог, байгалиас заяасан авьяаслаг нэгэн байсан гэдэг. Тэрээр олон хотод очиж уран бүтээлээ туурвиж байсан ч дийлэнх хэсгийг нь Ром, Флоренц хотуудад өнгөрөөсөн бөгөөд 1564 онд 89 настайдаа Ром хотод нас баржээ. Алдарт Микеланжелогийн урланд нэгэн язгууртан ирж цээж баримлаа бүтээж өгөхийг хүсчээ. Тэрээр 10 хоногт баримлыг дуусгаж тавин ширхэг алтан зоос төлнө үү гэлээ. Аравхан хоногт бүтээсэн баримал хэтэрхий үнэтэй байна гэж язгууртан ундууцав. Микеланжело хариуд нь “Ноёнтон, та нэг зүйлийг мартагнаад байна уу даа. Цээж баримлыг аравхан хоногт бүтээдэг болох хүртлээ суралцахын тулд би гучин жил зарцуулсан юм шүү гэдгийг...” гэжээ.
Зургийн тайлбар: Микеланжело “Давид” (1501-1504)