2010-03-19
Албан тушаал хүнийг соронз мэт татах боловч...

 

          Монгол оронд урин дулааныг дохиолсоор хаврын найртай улирал айлчлан ирлээ. Шороотой ч гэсэн хавар минь, синдромтой ч гэсэн монголын улс төр минь хөдөлгөөнд орлоо. Хаврын синдром, хаврын улс төр хэмээх тогтсон хэллэгтэй ч болоод авлаа. Ойрын өдрүүдэд Оюутолгойн гэрээг хүчтэй эсэргүүцсэн дуу хоолой тод сонсогдох боллоо, Ардчилсан намд Алтангадасынхаа эсрэг фракц үүсч байгаагаа ил хэлэхгүй байгаа боловч Ардчилсан хүчний холбоо хэмээх нэгэн фракц мэндэллээ, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр маань намын дарга С.Баяртайгаа бараг “дайн зарлах” хэмжээний хүчтэй ярилцлагууд өгч эхэллээ, үүнтэй зэрэгцээд нөгөө муу “хоёр гайхал” маань гудмандаа гараад ирлээ. Энэ хавар монголын улс төрд хэр “ширүүн зодоон” болох бол?

          Ж.Батзандан, О.Магнай нарыг би сайн танихгүй, мэдэхгүй, хэвлэл мэдээллийн хэмжээнд тэднийг ойлгох төдий нэгэн. Бид тэднийг янз бүрээр л хэлсээр хэдэн хавартай золголоо. Зарим нь дургүй, зарим нь дуртай. Мэдээж эрх баригч дарга нар тэдэнд дургүй байдгийг үнэхээр сайн ойлгож байна. Уг нь эрх баригчдын хичнээн үнэнийг хэлэвч хэнд ч гэсэн түмний өмнө авилгач хулгайчаараа дуудуулах юу нь сайхан байхав дээ. Хүн л юм хойно адаглаад л ах дүү, хамаатан садан, үр хүүхдээсээ зовдог л байх. Бид хүртэл лаглайтал таргалчихаад бүдүүн гэж хэлүүлэх дургүй, ухаан муутай мөртөө л тэнэг гэж хэлүүлэх үнэн дургүй л байдаг биз дээ.

Хөөрхий муусайн ядарсан ард түмний нэг хэсэг тэднийг их дэмжиж байгаа харагддаг, учир нь тэд эгэл ард түмнээ дээрэмдэхээ болихыг эрх мэдэлтнүүдээс шаарддаг, төсвийн хөрөнгөөс хулгайлахаа болихыг анхааруулдаг, уул уурхайн гэрээнүүдийг монголын ард түмэнд ашигтайгаар хийж ард түмний амьдралыг тэтгэх нэгэн сайхан эх булаг байгаасай хэмээн уриалдаг. Зөв зүйтэй санаачлагууд учраас дэмжихээс өөр арга алга. Гэтэл бас тэдэнд дургүй хэсэг бас байна. Энэ бол хамгийн ойлгомжгүй санагддаг хэсэг, гэхдээ минийхээр шүү. Хэдий өөрийнх нь буруугаас байж болох ч ядуу, хангалттай сайхан амьдралгүй хэрнээ л тэднийг доромжлох нэг хэсэг байх. Уг нь таны сайхан амьдралын төлөө, та сайхан амьдрах эрхтэй гээд л өмнөөс нь ярьж байгаагийнх нь төлөө, ядаж л ард түмэн нь ядуу зүдүү амьдарсан хэвээр байгаа гэдгийг хавар болгон эрх баригчдад сануулж байгаагийнх нь төлөө баярлах ёстой байтал тэдэнд учиргүй гомдоод л, үзэн ядаад л, доромжлоод л. Бидний аль улсад дарлагдаж байхдаа тархинд маань наалдаад хоцорчихсон бодол юм бол доо хөөрхий. Энэ муу хоёр эрх мэдэл, албан тушаалд дурлалаа л гэнэ, юу хийж гийгүүлсэн юм л гэнэ, гэхдээ монголын улс төрийг өөрчлөхийг хүсвэл тэр эрх мэдэлд хүрэхгүйгээр яаж хийнэ гэж, яаж “гийгүүлнэ” гэж?

Мань хоёр залуу болоод өөр хүмүүсийн олон шаардлагын нэг болох ердөө Эрүүл мэндийн сайд С.Ламбааг огцруулах саналыг шууд дэмжмээр байна. Сая бурхан минь эрүүл мэндийн салбарт юу юу болоод өнгөрөв дөө. Нэгдүгээр төрөхийн бохирын шугам хагараад хальсан, улмаар нярайн халдвар гарсан, хоёрдугаар төрөхийн засварын ажлыг тендэр зарлалгүй хийсэн л гэнэ, за энэ ч яахав ёстой дүүрсэн асуудал, хариуцлагыг умартсан одоо цагт ялгүй ажил. Харин хүний амийг хэдээр үнэлэх вэ? Гурвын гурван нялх амь манай монголын хариуцлагагүйн зудны золиос, өр төлбөрт явчихлаа. Шинэхэн үрээ хүлээсэн эцэг эх, өвөө эмээд нь, хүн амаа өсгөхийн хүслэн болсон улс эх оронд маань ямар их уй гашуу, гарз хохирол вэ?

Ямар бохирын слесарь биш Ламбаа гуай тэр баас шээстэй ноцолдох ч ёстой биш, үнэн. Шинэ сайхан эмнэлэг байгуулагдлаа, орчин үеийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй боллоо, эрүүл мэндийн салбар хөгжлөө гээд л гавьяа зөндөө байгуулдаг аа. Энэ гавьяаг хариуцаж удирдаж байгаа хүнтэй нь холбоод л эзэн нь магтуулдаг, шагнуулдаг, тушаал дэвшдэг. Тэгвэл хүний амь нас хохирчихоод байхад сайдад шууд хамааралгүй ч гэсэн алдаа дутагдлын эзэн нь болоод зоригтой, золбоотой, эр хүн шиг наад нэг сандлаасаа ховхорчих л доо, салчих л даа, яваад өг л дөө. Хариуцлагын тогтолцоо монголд байдаг гэдгийн үлгэр нь өөрөө болоод дээрээсээ эхлүүлчих л дээ. Хэзээ нэг чадваргүй ч гэсэн эмчийн мэргэжилтэй хүн Эрүүл мэндийн сайд болдог, ядаж цэргийн хувцастай хүн Батлан хамгаалахын сайдаар ажилладаг болно доо.

          “Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгана” гээд нэг үг бий дээ. Одоо “Улс төрч өвчнөөрөө айлгана” гэдэг хэллэг нэмчихэд яг болж байна. Өөр дээр нь алдаа дутагдал, хариуцлага тохоогдох болохоор өвчин тусаад хаа ч юм алга болчихдог, нүдээ дараад нуугдчихдаг. “Өвчтэй хүнийг та нар яадгийн, хүний зовлонгоор битгий тогло, өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм” гэдэг нэг тийм “моод” манай улс төрийн хүрээнд бий болоод нэлээд хавтгайрах шинжтэй. Харин магтуулах болохоор эв эрүүл, тарган цатгалан гэж жигтэйхэн хүн л телевизийн камерын өмнө маасайчихсан зогсож байна даа.

          Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр 127 хүүхэд сургуулийнхаа хоолонд хордон хүүхдүүд халуурч, таталт өгсөн, суулгасан, бөөлжсөн гээд Халдвартын эмнэлэгт бөөнөөрөө хэвтэн арай л хүний аминд хүрээгүй хэрэг явдал болсон билээ. Үүнтэй нь холбогдуулаад тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гаргасан нь маш зөв алхам болсон юм. Тун ноцтой юм болж болох байсан гэдгийг сайд тооцож сургуулийн захирал байх эрхгүй гэж үзжээ. Хоолны хордлогод шууд буруугүй нь тун ойлгомжтой ч сургуулийн захирал үүнийг эсэргүүцэж шүүх цагдаа дээрээ тулж бөөн юм болсон шүү дээ. Ядаж байхад хүүхэд нь үхэх шахаад бөөн юм болж байхад хариуцлага алдсан удирдлагыг баахан эцэг эхчүүд өмөөрсөн дуулдсан. Яасан ч дүүрчихсэн эцэг эх гэж тийм хүмүүс байдаг юм. Ж.Соронзон захирлыг тэр албан тушаал руу соронздох сайхан суудал, эрх мэдэл, өөр юу ч байдгийн юм байдаг л биз, сайн ойлгож байна. Уул шугамандаа амьтны алаг үрсийг нөгөө ертөнцөд илгээчих шахсаных нь төлөө хэрэг төвөгт орооцолдуулалгүй зүгээр л ажлаас нь халсанд сайддаа баярлаад дуугүй яваад өгөх ёстой байсан юм. Ямар хувийн сургуулийн эзэн биш дээ.

Өндөр хөгжилтэй улс орны жирийн хүмүүсээс улс төрийн талаар нь, дарга нарын талаар нь асуудаг юм. Ямар тэнэг хүмүүс нь тийм дэмий юм хийдэг байнаа л гэж хариулах. Нээрээ л ажлаа хийгээд хангалттай цалин авдаг, амралт бүрээрээ л сайхан далайн эрэгт амарч, хорвоо дэлхийгээр жуулчилж явдаг тэдэнд цаг наргүй улс төрийн ажил утгагүй санагдах нь аргагүй. Улс төрч, дарга байх хэцүү ш дээ, төвөгшөөмөөр. Царай алдана, ядарна. Манай дарга нар гэхэд л бүгд бөөн өвчний үүр болчихоод байна шүү дээ цаана чинь. Ёстой хязгааргүй юм шиг эрх мэдэл нь, үрээд барахгүй их мөнгө нь л хөөрхий тэднийг минь тайвшруулж цатгалдуулдаг байх даа.

Албан тушаал хүнийг соронз мэт татах боловч “би хариуцлага алдлаа, шоронд ормооргүй байна, шоронд явуулахгүй байгаад тань баярлалаа, оронд нь намайг зүгээр л албан тушаалаас минь буулгаад өг, би өөрөө зайлъя” гээд чичрээд зогсож байдаг л хариуцлагын тогтолцоотой болмоор байна.

 

Бичсэн: Боролзой | цаг: 15:36 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


цуглаан жагсаал хийхэд хөөрхөн хэдэн төгрөгтөй болно шүү. Манайд сүүлийн хэдэн жилүүдэд дэлгэрч байгаа мэргэжлүүдийн нэг бодож байна.

Би Ламбаа сайдыг гүндалайгаас илүүд үзнэ. Тэр хагарсан барьсан бохир ус энээ тэр бол эмнэлэгийн дотоод асуудал. Сайд харин бодлого боловсруулна. Тэрнээс эмнэлэгийн удирдлагуудын өмнөөс шалан доогуур шагайхгүй. Харин энэ ажлын мэргэжлийн хяналт гэж сайхан газар шалан доогуур нь шагайчаад хөөх гэж байх ёстой.
Мах ч билүү юу ч билээ хордсон юм шиг байлээ. Тэрийн сургуулийн дарга бас өдөр болгон шалгах уу.

Манайхны нэг буруу гажиг байдаг дотоодын болоод гадаадын бүтээгдэхүүнүүдэд мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн бичиг гэж байдаг тэр нь харамсалтай нь гурван сарын хугацаатай байдаг. Энэ бичгэн дор юу ч нийлүүлэгдэж магадгүй л дээ. Тэр захирал хууль дүрмийхээ дагуу л мэргэжлийн хяналтын бичгийг үзээ л байлгүй.
Бичсэн: зоо (зочин) цаг: 15:14, 2010-03-22 | Холбоос | |


Horon buguud unen ug. Saihan bna баярлах
Бичсэн: Зочин цаг: 14:59, 2010-03-22 | Холбоос | |


haha инээх yanztai bichsen

Бичсэн: Зочин цаг: 19:07, 2010-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax