2010-03-12
Сургааль биш сургаал

 

Монгол улсын эрүүгийн, иргэний гээд хуулиуд бий. Хууль зөрчвөл ялтай. Мөн төрийн албан ёсны хэлний тухай хууль ч гэж бий. Харин энэ хуулийг зөрчвөл ялгүй. Монгол хэлний зөв бичих дүрэм нь бичигт үсэгт тайлагдсан хүмүүсийн дагаж мөрдөх бас л нэг хууль гэж хэлж болно. Зөв бичих дүрмээ дагадаггүй энэ байдал улам л нэмэгдэх болжээ. Тухайлбал ном, сонин, интернэтээр дүүрэн л “сургаал” гэдэг үгийг “сургааль” гэж буруу бичсэн нь олонтаа байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “сургаал” гэж “ямар нэгэн үзэгдлийн тухай онолын цогц, номлол, зааж захиж сургамжлан хэлэх үг” гэжээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь” гээд бүгдэд нь “сургаал” гэж байхаас “сургааль” гэсэн толгой үг алга байна. Тэгэхээр “сургаал” хэмээн бичих нь зөв юм.

Монгол бичгээр энэ үгийг “сургал” хэмээн богиноор бичээд ярианы хэлэнд уртаар дуудаж хэвшсэн. Хэрэв монгол бичгээр “сургали” гэж бичдэг байсан бол “сургааль” гэж бичих уламжлал байж болох юм. Монгол хэлний ямар ч толь бичиг дээр байдаггүй хэлбэрээр бичдэг энэ алдаа эх хэлээ эвдэн гутаахын нэгэн жишээ болох биз ээ.

 

Бичсэн: Боролзой | цаг: 16:08 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax