2010-02-27
Хушуу биш хошуу

Google хайлтын системээр хушуу хэмээн бичсэнийг хайн үзвэл энэ хэлбэр их тааралдах ажээ. Их төлөв таван хушуу мал, уулын хушуу, хушуу нэмэх, хушуу дэвсэх гэх мэтээр байна. Өдөр тутмын сонин хэвлэл болон ном товхимол дээр ч ингэж бичсэн нь олонтаа. Гэвч энэ нь зөв бичих зүйн хувьд буруу билээ. Зүй нь одоо бидний хэрэглэж буй кирилл бичигт үүнийг хошуу хэмээн зөв бичих учиртай.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл хошуу гэсэн хэлбэрт дараах дөрвөн утга байна. Энэ нь нэгд: “хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар”, хоёрт: “хуучин засаг захиргааны хуваарийн нэгж”, гуравт: “юмны шувтарч дуусах үзүүр этгээд, уулын хошуу, бийрийн хошуу” зэрэг, дөрөвт: “гурвалжин шовх хэлбэртэй юм, хошуу хоргой, таван хошуу” гэх зэргээр тус тус байна. Эдгээрийг бүгдийг “хошуу” хэмээн бичнэ.

Харин монгол бичгээр эдгээр үгсийг бичихдээ ам хамрын хошуу болон аймаг хошууг “хошигу” хэмээн, уулын хошуу болон таван хошуу малыг “хошуу” хэмээн утгыг нь бичлэгийн хэлбэрээр ялгажээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” болон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д ч хушуу хэмээсэн зүйл алга. Тэгэхээр “хушуу” бус “хошуу” хэмээн бичих нь зөв болно.

Бичсэн: Боролзой | цаг: 17:19 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax