Цагаан сар болохоор бид муу муухайгаа цэвэрлэн хирээ угааж, хэр онд орсноо мэдэцгээн золгоцгоодог билээ. Хир буртгийг хэлдэг “хир”, чадал чинээ, хэр хэмжээ заадаг “хэр” хэмээх үгийг бид заримдаа ялгалгүй бичиж алддаг явдал бий. 2008 онд хэвлэгдсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл “хэр” гэдэг үгэнд дараах хэд хэдэн утга байна. Энэ нь нэгд: Гур хэмээх амьтны арьсыг, хоёрт: чадал чинээ, хэмжээ заасан үг, гуравт: хэр хэр ханиах гэх мэт дуу чимээг илэрхийлэх үгийг, дөрөвт: хэрвээ гэсэн утгыг тус тус илэрхийлдэг байна. Харин монгол бичгээр хэрхэн бичигдсэнийг харвал чадал чинээг заасан “хэр”-ийг “hiri”, бусдыг нь “her” хэмээн бичдэг ажээ.
Мөн “хир” гэдэгт гурван утга байна. Энэ нь хир буртаг, худгийн усанд амьдрах жижиг хорхой, хир хир хэмээх хоршоо үг, эдгээр гурван утга болно. Монгол бичгээр хир буртгийн хирийг “hir” хэмээн бичнэ. Я.Цэвэлийн тольд хир буртаг болон хэр чинээг заасан үгийг хоёуланг нь “хир” хэмээн хооронд нь ялгалгүй бичжээ. Энэ нь эдгээр хоёр үгийг монгол бичгээр бичихдээ дундах “э” эгшгийг “и”-гээр адилхан бичдэгээс шалтгаалсан бололтой. Чой.Лувсанжав нарын “Монгол бичгийн хадмал толь”-д ч Цэвэлийн тольтой адил бичсэн байна. Одоо харин энэ хоёр үгийн утгыг хэлбэрээр нь ялган кирилл бичигт “хэр”, “хир” хэмээн бичихээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д журамлаж өгчээ. Тэгэхээр хир буртгийг “хир”, хэр чинээг заасныг “хэр” хэмээн бичих нь зөв болно.