2010-02-18
Хятадыг биширмү

Дуучин Сэрчмаа дундад улсын иргэнтэй гэр бүл болж бөөн дуулианы эзэн болсон, харин одоо Асашёорюүгийн сүрд дарагдаад сонин биш болов бололтой. Хэдий монголчуудын ихэнх нь дургүйцэн хүлээн авсан ч Сэрчмаа маань монгол хүнтэй суусан байх аа, лав л монгол нэртэй юм билээ. Бидэн шиг жижиг үндэстэнд одоохондоо иймэрхүү зүйлд дургүйцэхээс өөр хамгаалах арга, дархлаа байж чадна гэж үү!? Ер нь хятадтай нь ч суусан яахав дээ, хүний эрх юм. Хамгийн энгийн дүгнэлтийг эндээс хийвэл “хятад залуу”-гийн өрсөлдөх чадвар монгол залуучуудынхаас илүү байна уу, монголын нэг сайхан хүүхнээ л урагшаа алдлаа. Олны нүдэн дээр л Сэрчмаа байгаа болохоос гадныхантай монгол хүүхнүүд зөндөө гэрлэж байгаа.

Угаасаа хятад ганцхан манай хүүхнүүд рүү ч биш, бүх салбараар “дайралт” хийж байна. Ганцхан манайх руу ч биш, хятад дэлхий рүү дайралт хийж байна. Хятад гэж ингэхэд хэн бэ? Энэ зууныг хятадын зуун болно гэж ярьж байна, хятад дэлхийг худалдан авч байна гэж ярьж байна, гэнэт тэднийг “цоорсон” юм шиг ярьж байна. Үнэндээ Хятад бол угаасаа эртний их түүхт, соёлт улс билээ. Дэлхийн түүхэнд алдартай Цин, Хан, Тан, Сүн, Юань, Мин, Чин хэмээх төрт улсууд бүгд тэднийх.

Хятад түүх бичлэгээрээ алдартай. Өөрсдийн түүхээ бичиж үлдээхийн хажуугаар хөрш орныхоо түүхийг бичиж үлдээсэн байдаг. Бидний түүхийг ч хятадууд бичиж үлдээсэн нь бий. Бидний бахархал болсон “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн судар ч Бээжингийн номын санд хадгалагдаж байсан, их хааныг маань ямархуу хүн байсныг баримжаалах бололцоог бидэнд олгосон Чингис хааны маань хөрөг зураг ч урд зүгээс л олдсон юм.

Хятадын түүхэн сударт умрын ху нар гэж тэмдэглэгдсэн Төв Азийн нүүдэлчид бол бидний өвөг дээдэс билээ. Шар мөрний сав газар суурин иргэншил үүссэн тэр л үеэс манай болон тэдний хоёр соёл иргэншил хоорондоо үзэлцсээр ирсэн байдаг. Зэрлэгүүдийн үе үе халдах довтолгооноос хамгаалж эртний Хятадын ханлигууд их хэрмийг босгосныг сүүлд анхны нэгдсэн Хятад болох Цин династийн эзэн хаан Цин Ши Хуандий хооронд нь холбосон гэдэг. Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн нь бид хэмээн Баабар хэлсэн нь бий. Хожим хятадын Мин улс манай Хархориныг хоёр удаа галдан шатаасан түүхтэй. Хэдийгээр Хятад ба нүүдэлчид хэдэн мянганы турш бие биендээ халдан довтлогч байсан боловч ихэнх тохиолдолд нүүдэлчид довтлогчид, хятадууд хамгаалагч байсан гэдэг. Энэ мэтээр манай хоёр улсын харилцаа эртний түүхтэй, хэдэн мянган жилээр яригдана.

Хятадын иргэншил, соёл, мэдлэг, түүх, гүн ухаан, уран зураг, ханз бичиг, яруу найраг нь өөр бусад иргэншлийнхэнд гайхагддаг. Дэлхийд цаас, дарь, луужин гээд зүйлсийг хятадууд анх бодож олсон хэмээн тооцогддог. Харин одоо монгол хөөмий хятадынх болов бололтой. Хөөмий бол мэдээж биднийх. Бид одоо өнгөрсөн хойно нь харамсаад л байна, хэд гурван албан тушаалтныг л их хараалаа, өөр хүмүүс буруугүй юм уу? Бид өөрсдөө хөөмийгөө хэр үнэлж, хүндэтгэж сонсдог юм бэ, үнэндээ гадаадууд л манай хөөмийний фэнүүд байх шүү. Хөөмий нь Хятадын Өвөр монгол, Шинжаан болон Монгол улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын монголчууд оршин суудаг газар нутагт тархсан байдаг байна. Хятад хэмээх их гэр бүлд ч монголчуудын нэг хэсэг амьдарч байна, тэгэхээр хөөмий зөвхөн биднийх гэж хэлэхэд хэцүү зүйл юм даа, гэхдээ л ЮНЕСКО-гийн соёлын өвд түрүүлж бүртгүүлж чадаагүй бидний алдаа.

Бас монгол гэр, дээл, тууль, уртын дуу, монгол бичгийг хятадууд бүртгүүлэх бололтой. Тууль, уртын дуугаа бол манайхан бүртгүүлсэн дуулдана. Заримыг нь хятадууд л бүртгүүлэх байх даа. Хятадууд ч гэж хятадууд, хүний юмыг булааж аваад өмчлөөд байдаг л биз, харин монголчууд бид ч гэж ёстой бид юм даа. Жишээ авъя. Гудамжаар явна, дандаа гадаад хаяг. Гадаад хэл мэдэхгүй хөдөөний хүнийг “Чи ингээд юу ч ойлгохгүй мангартаад явж бай” гэсэн аятай бөөн гадаад нэрс. Хүн бүр заавал тэр гадаад хэлийг сурах алба байхгүй. Энгийн нэг монгол хүн аль нь дэлгүүр, аль нь уушийн газар болохыг үл мэдэн гадны соёлд эх орондоо дээрэлхүүлэн алхана.

Бид монгол бичгээ гэхэд л яаж ад үздэг билээ дээ. Монгол хүн харц дээгүүр алхалж эхэлсэн өнгөрсөн хорин жилд монгол бичгийг нийтээрээ хэрэглэхгүй юм гэхэд төрийн албан ёсны хэрэглээндээ ч хэвшүүлчихэж амжаагүй л явна. Ядаж уншиж хэрэглэдэггүй юм гэхэд бидний хэн маань монгол бичгээрээ гоёж байна? Монгол бичгээр гоёсон малгай, хувцсыг гадаадынхан л өмсөнө, харин бид тэдний тоохоо больсон хогийг нь өмсөнө. Гэтэл цаана чинь Өвөрмонголд яаж байна, монгол бичгийг хэрэглэж байна шүү дээ. Хичээлээ ч зааж байна, ном сониноо ч хэвлэж байна, телевизээрээ ч гаргаж байна. Эзэд нь тоохгүй бол өөд нь татаад авах өөр улс байх аж. Өвөрмонгол бол Хятадын нэг хэсэг, тэгэхээр хятад монгол бичгийг хэрэглэж л байна шүү дээ. Тэгэхээр бид монгол бичгээ харамлаж хэрүүл хийгээд хэр үндэслэлтэй сонсогдох юм бол доо. Уртын дууг ч Монгол улс дангаараа судалж чадахгүй л байгаа, бас л хятадын өндөр төсөвтэй төсөлд манай судлаачид “хавчуулагдан” судалж байна. Палеонтологийн судалгаа ч бас цаашдаа юу болохыг бүү мэд, “Үлэг гүрвэлийн өлгий нутаг Эрээн” гээд яриад эхэлсэн байна.

          Сүүлийн үед хятад манайхаас магистр, докторантын сургалтаар оюутнууд их сургах боллоо. Тэдний докторантын тэтгэлэг нь гэхэд л манай төрийн албан хаагчийн цалингаас өндөр юм билээ. Бас л нэг бодол бий байх, ядаж л хятадын соёлыг талархах хүмүүс нэмэгдэх болохоос буурахгүй нь лав.

          Эдийн засгийн талаар бол манайх хятадын бараг бүрэн хараат болсон байх, энэ байдлаараа байвал урд хөрш хилээ хэдэн өдөр хаахад л биднийг турж үхэхэд дэлхий гайхах аргагүй болсон мэт. Монгол дахь хятадын өөр хөрөнгө оруулалтын талыг бол яриад бараг илүү биз, манай нутгийн хоёр газраас гарч байгаа газрын тосыг гэхэд л хятадын компани урагшаа гаргаж байна. Хятадын үйлдвэрүүдийг дэмжиж ноолуураа урагшаа гаргасаар байтал ямаа маань өссөөр, бүүр төрөөс цалин хангамжтай болсоор, туруунд нь монголын нутаг цөлжсөөр, удахгүй бид өөрсдөө “цөл газрын хонин гүрвэлүүд” болж дуусах нь шиг байна. Удахгүй төмөр зам шууд Таван толгой руу орж ирснээр монголын баялаг эндээ нэмүү өртөгтэй болж монголчуудынхаа аж амьдралыг тэтгэхээс илүүтэйгээр Сэрчмаагийн нөхрийн хамаатнуудыг л улам илүү тэтгэх болчихоод байна даа.

          Эцэст хэлэхэд бүх зүйлд Хятадыг буруутгах арга алга. Бидний зовлонгийн шалтгаан бид өөрсдөө л байна. Бид л өөрсдөө дэлхийн шатрын өрөг дээр мад тавиулж байна, бид өөрсдөө л гүйж очиж далаараа цэвэр тавиулцгааж байна. Монголчууд хятадуудад хайртай, хятадад дуртайдаа ч тэгээд байгаа юм алга, монголчууд бидний нэг тийм өөрсдийгөө хамгаалах дархлаа байна, бид хятадуудад ясны дургүй. Заримдаа ч бид дундаасаа хятадын тагнуулыг илрүүлэх юм, тийм тагнаж чагнаад явдаг тагнуул ч гэж байдаггүй байх, харин тэдний өнгө мөнгөнд нь унаад “тагнуулч” хэмээх эрхэм алдрыг хүртдэг явдал бол бий биз. Бид ердөө хэдэн зүйлээс болоод л тэдэнд хайртай болж байна, нэг л юманд өөрсдөө очоод унаж байна. Энэ бол монгол хүний саруул ухааныг самууруулах ид шидтэй албан тушаал, мөнгө, тарган цатгалан, хангалуун амьдрал, авилгалын их далай билээ.

Ухаантай, алсын хараатай улсыг харах сайхан юм даа. Хятадыг хүндэтгэж байна. Бид улс эх орныхоо амьдралыг дөрвөн жилээр төлөвлөж явдаг байхад тэд хэдэн жилээр ч юм бэ дээ, бараг мянган жилээр төлөвлөдөг юм биш үү. Харин хэзээ бид тэдний уран мэхэнд ордоггүй, алсын хараатай болж тэднийг бишрүүлэх бол?

Бичсэн: Боролзой | цаг: 10:45 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Өрөөлийн толгой дээрхи тэмээг хардаг байж өөрийн толгой дээрхи өвсийг ч монголчууд харахаа болисон байх юм.Ялангуяа одоогийн монгол залуучууд.Нэг л их би монгол гэж хөөрсөн хүмүүс байх юм.Уул нь монгол хүн гэж монголынхоо төлөө цохилох зүрхтэй ,ядаж л муулаад байгаа харийн хүмүүстээажилын байраа алдчихгүй орон гэрээ өөд татаад аваад явчих чадвартай,сайн өрхийн тэргүүн,гэрийн эзэгтэй байж цээжээ дэлдмээр юм.Архидаад айлгүйтээд байвал дэлдэх дуртай цээжийг чинь харийнхан дэлсээд өгнө гэдгийг ойлгхыг хичээгээрэй.
Бичсэн: Оч (зочин) цаг: 13:41, 2011-03-15 | Холбоос | |


saihan bichleg bnaaaa,svvliin ogvvlberiig bodyysht. гоё шүү
Бичсэн: zochinnn цаг: 19:08, 2011-02-10 | Холбоос | |


санал нэг байна. Юань гүрэн монголынх байсан уу хятадынх байсан уу гэдэг дээр монголчууд минь маргахаа болъё. хичнээн ч жил маргав. алдаж бичээ л биз.

Одоо харин ямар бодлого барих вэ. яаж хэрэгжүүлэх вэ. хэрэгжүүлэх бодлого процедур нь ямар байх вэ. Энэ л хэрэгтэй байна. Уг нь бодлогын баримт бичгүүд зөндөө л бий байх. Гэхдээ утаатай хотод байна гэхээр л уур хүрэх юм үнэндээ төрдөө, монгол хүны ухаанд
Бичсэн: dadido цаг: 21:37, 2010-02-18 | Холбоос | |


Үдийн мэнд...
Их Юань гүрнийг чинь Хубилай хаан байгуулсийм ш дээ. Тэгэхээр хятад биш Монгол улс байсан. Хамгийн сүүлийн хаан нь Тогоонтөмөр хаан байж байгаад хятадад улаан алчууртны бослого гарснаар нуран унаж Тогоонтөмөр хаан зугтан амь гарч байсан юм. Энэ тухай Тогоонтөмөрийн гэмшил нэртэй алдартай түүхэн судар бий шүү дээ. Харин Чин улс бол бас л хятад биш харин Манжууд гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Бас л хятадыг дарлаж нэгэн үе мандаж явсан алтай язгууран хэлтэй улс. Бас л бослого гарснаар нуран унасан юм. Бас хятадын дотроос нь уусгах бодлого амжилттай болсон юм. Одоо Манж гэж үндэстэн нэг ч үгүй ууссан билээ...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:50, 2010-02-18 | Холбоос | |


Юань гүрэн чинь Монголын эзэнт гүрэн байсан шүү дээ, бусдыг нь түүх мэдэхгүй болохоор мэдэхгүй юм. Тэрнээс нь хойш сонирхол хүрсэнгүй тул уншсангүй...
Бичсэн: Зочин цаг: 11:11, 2010-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax