Бидний ярианы хэлэнд адил төстэй дуудагддаг үгс зөндөө бий. Тэдгээр үгсийг бид бичих үедээ бичлэгийн хэлбэрээр нь, харин ярих үедээ ярианы ерөнхий өнгө аясаар нь ялгаж ойлгодог билээ. Төстэй дуудагддаг, тэр хэрээрээ бид заримдаа алдаж бичдэг үгс бол бэлгэ, бэлэг, билиг гэсэн 3 үг юм. Эдгээр үгийг ном, сонин зэрэг бичгээр үйлдэх зүйлсэд алдалгүйгээр зөв бичих учиртай.
Хүний оюун ухааны талд хамаатай зүйлийг билиг оюун, сарны тооллын зурхайн билгийн улирал гэх мэт бүгдийг билиг хэмээн бичих нь зөв юм. Заримдаа билэг гэж бичсэн тааралддаг, энэ бол зөв бичих дүрмээс гажсан буруу бичлэг билээ. Бэлгэ гэсэн бичлэгээр дараах утгуудыг илтгэнэ. Энэ нь, шинж тэмдэг, совин ёр, амны бэлгэ, бэлгэ эрхтэн, бэлгэ тэмдэг болно. Бэлгэ эрхтэнг мөн бэлэг эрхтэн гэж бичиж болохыг 2008 онд хэвлэгдсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д зөвшөөрчээ. Үүний шалтгаан нь 1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бэлэг гэсэн хэлбэрээр эрхтэн болон хүнд өгдөг зүйлийг ялгалгүй бичээд ирсэн уламжлалтай холбоотой бололтой. Тэгэхээр одоогийн байдлаар аль аль хэлбэрээр нь бичихэд буруудахгүй гэж хэлэхэд болохоор байна. Кирилл бичгээр бэлэг эрхтэний “бэлэг”-тэй адилхан бичигдэх үг бол хүмүүс нэг нэгэндээ талархаж өгдөг бэлэг юм.
Одоо бидний ялган бичиж байгаа бэлгэ тэмдэг, бэлэг сэлтийг дээхнэ үед, тухайлбал Я.Цэвэлийн тольд ганцхан “бэлэг” хэмээн ялгалгүй бичиж байсан уламжлал байдаг. Харин сүүлийн үед “бэлгэ”, “бэлэг” хэмээн ялган бичих болсон нь монгол бичигт “belge”, “beleg” хэмээн бичдэг уламжлалаа барьдаг болсонтой холбоотой.