Сүүлийн үед телевиз, сонингоор долоо хоногийн гаригийн нэрийг гараг хэмээн хэлж, бичиж бүүр хэвшив бололтой. Уг нь гариг ертөнц, даваа гариг гэх мэтээр хэлж яриад болоод ирсэн үг л дээ. Телевизийн урлаг гэдэг их хүчтэй зүйл. Сэтгүүлч Г.Бадамсамбуугийн “Гараг” студийн “Аяллын цаг” хэмээх нэвтрүүлэг гардаг болсноос хойш гаригийг гараг хэмээн буруу хэвшчихэв үү, эсвэл өөр шалтгаан алин боловч үүнийг засч залруулах ёстой. Эсвэл зөв бичгийн дүрэмд үнэхээр өөрчлөлт орчихсон юм уу. Үзье.
1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д гараг, 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д гариг, 1992 оны Чой.Лувсанжав, Г.Гантогтох, Дармабал нарын “Монгол бичгийн хадмал толь”-д гариг, 2008 онд Хэл Зохиолын Хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д гариг хэмээсэн байна.
Я.Цэвэлийн толь дээр гараг гээд байгаагийн үндэс нь хуучин монгол бичгээр “гараг” хэмээн бичдэг уламжлалтай холбоотой. Энэ нь санскрит хэлний “graha” хэмээх долоо хоног болон ертөнцийг нэрлэх ормол үг юм. “Гараг” хэмээх студийн нэр бол тэр хүний яаж ч нэрлэсэн болох студидээ өгсөн оноосон нэр, гараг хэмээн бичих нь одоогийн зөв бичгийн дүрмээр саа өвчний нэр, гариг хэмээх нь гариг ертөнц, долоон хоногийн нэр юм. Мөн нохойн баасыг ч кириллээр гариг хэмээн адилхан бичдэг. Энэ үгийн бичлэгийн уламжлалаар нь гараг хэмээн бичиж болно л доо. Гэхдээ одоо нэгэнт кирилл бичгээрээ гариг гээд бичээд, хэлээд хэвшсэн, нөгөө талаар одоогийн мөрдөж байгаа зөв бичгийн хууль, дүрмээ дагавал гариг мөн.
Академич Д.Цэрэнсодном бидэнд нэгэнтээ дурсаж өгүүлэхдээ, өөрийн багш Ц.Дамдинсүрэн гуайгаас ийм үгийг ингэж бичих нь зөв үү хэмээн асуухад толь дээр л юу гэж байна, түүнийг л дагана хэмээн айлдаж байсан гэдэг. Тэгэхээр зөв бичгийн дүрэмд өөрчлөлт ороогүй тул бид ч бас толио дагаж зөв бичицгээх нь зүйтэй болов уу.