Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй ээ л гэдэг. Үнэхээр ч амьдралд таараад алдсан боломж хүртэл хожим бодоход ямар нэгэн үнэ өртгийг биднээр төлүүлсэн л байдаг. Мөн үнэгүй хэмээн санал болгож байгаа бүтээгдэхүүн бүр цаагуураа бидний халааснаас төлбөрөө авсан л байдаг. Эсвэл хэн нэгний зүв зүгээр дайлсан архины “жаргалын” төлбөрийг бид эрүүл мэндээрээ хангалттай давуулан төлцгөөдөг. Захын жишээ авахад л саяхан шахуу хязгааргүй эрх мэдэлтэй хэмээгдэж байсан нэгэн эрхэм тэр цагийн их хүндлэлийнхээ төлбөрийг одоо хэрхэн төлж байгааг нь бид харцгааж л байна. Түүнийг асар их хүндлэн “жаргааж” байсныхаа төлбөрийг нөгөөдүүл нь ингэж авах учиртай байсан юм байжээ.
Бүх зүйл үнэтэй гээд байхад л манай эрх баригчид харин бидэнд үнэгүй олон зүйлийг санал болгох аж. Бүүр зарим нэг нь үүнийгээ өөрөөсөө, хувиасаа өгч байгаа аятай аймаар дээрээс хандлагатай ярих нь ч бий. Саяхан манай нэгэн сайд УИХ-ын чуулган дээр ярихыг нь сонслоо. Ингэж байнаа, “Энэ Багшийн дээдийн урд нүхэн гарц бид бариад өглөө, гэтэл манайхан зам дээгүүр нь бэлчээд байх юм” гэж. Үнэн үнэн, манайхан мэдээж бэлчилгүй л яахав. Ийм нүхэн гарц Улаанбаатарт ердөө хоёрхон газарт байдаг, угаасаа бусад замаар дээгүүр нь “бэлчихээс” өөр аргагүй байдаг учраас манайхан соёлгүйдээ ч биш зүгээр л нүхээр гардаг хэвшил тогтоход хэнд ч амаргүй байдаг бололтой. Харин манай сайдын хэлж байгаа хандлага нь нэг тийм коммунист, бид та нарт бариад өглөө, та нар хайр даахгүй байна гэсэн маягийн. Тэр нүхээр нь хөөрхий ард түмэн үүрд зорчих тавилантай, өөрөө ард түмний нэг хэсэг биш юм шиг ийм тасарчихсан.
Өнгөрсөн сонгуулиуд үнэндээ мөнгөний сонгууль нь дийлэнх байлаа. Сонгуулийн үеэр тэд “чихэр авч идээрэй” хэмээн мөнгийг дэвсгэр дэвсгэртээр нь тараасан. Өгч чадахгүйгээ мэдсээр байж сая саяар нь амлаад 2 500 000 төгрөгний хэмжээнд амлалт нь хүрсэн. Ирэх жилийн сонгууль тулаад ирнэ, амласан хэдэн сая төгрөгийг нь хүмүүс мэдээж авч чадахгүй. Зүгээр сууж байхад нь өгөөд байх мөнгөний амлалтад, өөрөөр хэлбэл “үнэгүй” зүйлд нь хууртсан ард түмэн одоо төлбөрөө хийцгээж байна. Үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Хар л даа, Сүхийн талбай дээрээ морь нохойтойгоо хэдэн сар хэвтээд ч тэднийг гөлөөг ч гэж тоож уулзах хүнгүй шахам байна. Огцруулах шаардлагатай гээд байгаа мөртөө л ганц сайдыг өөр хэн нэгнээр сольчиж чадахгүй л сууцгааж байна.
Уул нь ард түмэнтэйгээ ойр байдаг бол шийдвэр гаргагчид өөрсдөө захын хүнээс асуу л даа, сар бүр тараах энэ хорин нэгэн мянган төгрөг танд хэрэг болж байна уу гэж. Ихэнх нь “Ингэж аманд ч үгүй, хамарт ч үгүй хэдэн төгрөг тарааж байхаар нэг сайхан эмнэлэг, сургууль, шинэ цахилгаан станц, ядаж нөгөө нефть боловсруулдаг үйлдвэрээ барьчихаж болдоггүй юм байх даа” л гэцгээж байна. Хөөрхий өлөн зэлмүүн хэсэгт нь харин ч бүүр илүү тусламж хэрэгтэй байгаа. Яг үнэндээ ард түмний нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ нь улам л багасаад байгаа хандлага ажиглагддаг. Уул нь нөгөө бэлэн загасыг биш, барих аргыг нь сурах гээд л хүсээд байх шиг. Гэвч одоохондоо манай улс төрчдөд ард түмнээ “жаргаах” нь ашигтай байна, төлбөрийг дараа нь ард түмнээсээ хангалттай эргүүлээд авчих юм чинь.
Нефтийн хомсдолоос болоод монголчууд хүнд байдалд орлоо. Энэ байдлаараа удвал өнөөх инфляц энэ тэр нь бол одоо талийж өгөх биз. Ард түмэн ингэж утгагүй мөнгө тарааж байхын оронд тэр мөнгөөрөө нефть боловсруулах үйлдвэрээ барьж болдоггүй юм байх даа гэж улам их ярьж байна. Аль эртнээс л “Оюуны ундраа” тийм үйлдвэр барих нь гэж дуулдаж байсан, бариагүй. Олон ч хувийн компаниуд нефть боловсруулах үйлдвэр барих хүсэлтээ илэрхийлсэн л гэдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр барья гээгүй бол хувийн компаниудыг эрсдэлээ өөрсдөөр нь үүрүүлээд маш хурдан бариулмаар санагдана. Монгол орны хувьд одоо болж буй энэ нефтийн хомсдол шиг хаширвал хаширмаар хүнд байдал гэж юу байхав. Гэхдээ удахгүй боловсруулах үйлдвэртэй болж шатахууны хараат байдлаас бага багаар сална гэж дуулдсан. Тэгэхгүй бол оросууд шатахууныг монголчуудад өгч байгаа нь нэг болохоор биднийг их л харж үзэн өөрсдийн адил үзэн хөнгөлөлттэй хандаад ч байгаа юм шиг, аль эсвэл бодлогоо тулгах хэрэгсэл болгоод ч байгаа юм шиг. Үнэгүй зүйл байхгүй, энэ хөнгөлөлтийг удаан эдэлвэл эргээд бид үүнээсээ илүүг төлөх болно.
Шатахууны хомсдолыг дагаад үүсэж буй олон хүндрэлийн нэг нь нийтийн тээврийн асуудал билээ. Энэ бол бас л нөгөө “үнэгүй” учраас үнэ цэнэгүй байгаагийн жишээ бололтой харагддаг. Нэг талд нь ард түмэндээ аягүй их хайртай, үнэгүй хямд үйлчилгээ үзүүлэн “жаргааж” буй төр, нөгөө талд нь үнээ нэмж ард түмэндээ байнга төвөг уддаг нийтийн тээврийнхэн байх аж. Хайртай ард түмнээ үнэгүй зорчуулахаар жилд 30 тэрбумын татаас өгдөг гэсэн, гэсэн ч нийтийн тээврийнхэн өдөрт хэдэн саяын алдагдалтай ажилласан хэвээр гэдэг, мэдээж тэд сэтгэл дундуур, үйлчилгээ нь сайжрахгүй, нөгөө талдаа үнэгүй хямд зорчиж байгаа иргэддээ ч тохигүй, бохир, найдваргүй үйлчилгээ хэвээр байсаар.
Хамгийн гол нь үнэгүй зорчуулдаг тогтолцоо нь буруу ажиллаад байх шиг. Нийтийн тээврээр үнэгүй зорчдог хэсэг бүлэг иргэд үнэгүй зорчдогоосоо болоод автобус, микро гээд нийтийн тээврийн жолооч, кондукторуудад ямар их ад үзэгддэг билээ дээ. Уг нь бүгд үнэгүй зорчих билеттэй, тэгсэн мөртөө тэднийг суулгах дургүй, бүүр микро бол зарим үед улайм цайм суулгадаг ч үгүй байх. Харахад нийтийн тээврийнхний буруу мэт боловч үнэндээ тэдний зөв юм. Автобусаар нь дүүрэн “үнэгүй хүмүүс” байхад яаж ашигтай ажиллах билээ, яаж цэвэрхэн автобус, соёлтой үйлчилгээтэй болохсон билээ.
Уул нь компани нь компанийн дүрмээрээ, төрийн байгууллага нь төрийн байгууллага шиг зарчмаар л ажилламаар санагдах юм. Манай төр ахмад буурлаа хүндэтгэдэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хайрладаг, оюутнуудаа дэмжмээр байгаа бол, цагдаагаа автобусаар тийм хурдан зорчуулах шаардлагатай байдаг юм бол тэдний хэрэгцээнд нь таарсан билетийг автобусны компаниас худалдаж авч өгдөг болох хэрэгтэй. Компани өөрийн ашиг орлогоо тооцоод билет гаргана, түүнийг нь төр нь шаардлагатай хүнд нь худалдаж авч өгвөл хамаагүй шударга болох юм. Ийм байвал компанидаа ч шударга, нийгмийн хөнгөлөлт эдэлж байгаа иргэн ч хөөгдөж туугдаж хялалзуулалгүй сэтгэл амар зорчино. Гол нь автобусанд их бага нь хамаагүй хүн бүр үнэтэй зорчих хэрэгтэй юм.
Энэ мэтээр манай улс төрчдийн биднийгээ “жаргаах”, бэлэн мөнгө тараах, үнэгүй үйлчилгээ үзүүлэх оролдлого бүрийн араас ард түмэн бүүр илүү төлбөр төлөх жамтай ажээ. Үнэгүй, хямд нийтийн тээвэртэй байх гэсээр байтал хамгийн заваан, бохир, тохигүй, “үнэгүй” нийтийн тээвэртэй, хямд үнэгүй хэмээн аргацаасаар байтал хамгийн муу, найдваргүй, хүнд сурталтай үйлчилгээтэй эмнэлэгтэй гэх мэтээр дандаа хүссэн бүрийн маань эсрэг үр дүн гарсаар байна.
Хамгийн гол нь ядуу ард түмэн л эдгээрийн төлбөрийг төлж байна, харин шийдвэр гаргаж байгаа хүмүүс өөрсдөө нийтийн тээврээр зорчдоггүй, Монголынхоо эмнэлгийн үйлчилгээг ч авдаггүй учраас энэ байдлыг өөрчлөхийг тэгтлээ хүсдэггүй ч байж болох юм. Энэ мэтээр улс төрчдийн амласан олон сайхан үнэгүй, “жаргалтай” зүйлийн төлбөрийг ард түмэн биеэрээ, хууртсан сэтгэлээрээ, бүүр амь насаараа хангалттай давуулан төлцгөөж байна.
Ирэх сонгууль өмнөхөөс ч илүү мөнгө зарцуулсан сонгууль байх болно, цаана чинь улс төрчид сонгуульд оролцохоор бүүр их мөнгө бэлдэцгээж байна. Өнгөрсөн сонгууль шиг улаан цайм биш ч ямар нэгэн тойруу аргаар үнэгүй сайхан зүйлүүдийг бүүр их амлах биз, бүүр илүү зузаан “Аз жаргалын жагсаалт” санал болгох биз, ядаж байхад тэр үнэгүй зүйл нь ямар их хорхой хүргэм, дур булаам байдаг билээ дээ. Хэн нэгэнд хууртахад хэзээд бэв бэлнээрээ байдаг ард түмэн маань тэрхүү айсуй жаргалын төлбөрт одоогийнхоос бүүр илүүг л төлөх байх даа. Харин тэрхүү “жаргах мөч бүрийнхээ төлбөр”-ийг цаашдаа чухам юугаар төлөх бол?
Д.Боролзой