“Нам бол төрийн улаан булан мөн” хэмээн Монгол улсын ес дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн тэртээх гучаад онд хэлсэн нь бий. Нам хэмээх зүйл Монголд үүсээд удаагүй байсан “харанхуй бүдүүлэг” цагт хэлсэн гэхэд их л голыг нь олоод хэлчихсэн ч юм шиг, одоо бодоход. Улсын бүх ажил хэргийг зохион байгуулдаг, ард түмнийг төлөөлөн ажилладаг төр хэмээх зүйл байх. Тэрхүү төрийн жанжин шугамыг авч явдаг, ирээдүйг тодорхойлдог, үзэл бодлыг чиглүүлдэг олон нийтийн байгууллага бол нам бөгөөд гэхдээ бас бүх зүйлийнх нь гол төвд байдаг хамгийн чухал зүйл нь биш гэсэн санаа юм болов уу. Бурхан багшийн үнэнч шавь, сүсэгтэн байсан ч тэр хүний гэрт бурхан тахил нь гэрийнх нь хоймрын нэг хэсэгт л байхаас гэр орон нь бүхэлдээ бурхны номд “эзлэгдсэн” байддагүй шүү дээ.
Англид анх үүссэн гэдэг энэхүү нам хэмээх ойлголт нь монгол хэлнээ “нам нийлж сэм хуйвалдах” гэдгийн “нам” гэдгээс үүссэн үг гэдэг. Мэдээж хэл гэдэг дохио тэмдэг болохын хувьд нам гэхээрээ сэм хуйвалдаад байдаг газар биш “party” гэдэг англи үгийн орчуулга гэж ойлгоно. Тайлбар толиос харвал улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага ажээ. Засгийн эрхийг авах эцсийн зорилготой гэдэг нь хатуу сонсогдож байгаа мэт боловч өнөө цагт улс эх орноо хөгжүүлэх тэр эрхийг л авахыг хэлж байгаа хэрэг. Төрийн үүрэг тун өндөр байсан социализмын үед энэхүү ойлголтыг “нам засаг” хэмээн хамтад нь хоршуулан хэлж, басхүү ойлгодог байлаа, ингэж ойлгох ч ёстой нийгэм байсан билээ. Гэрийн нэг буланд байх ёстой тэр зүйл маань гэрийг бүхэлд нь эзлэнхэн байжээ.
Нам хэмээх зүйл хэдий чухал ч гэлээ бүхнийг эзэрхийлэх зүйл биш гэдэг утгаараа одоо харин байх ёстой буландаа буцан очжээ. Одоо цагт хувь хүн, түүний эрх, эрх чөлөө зэрэг зүйлсийг хамгийн өндөрт тавьдаг иргэний нийгэм гэх мэт зүйлс чухал болохоос төр засаг, нам холбоо гэдэг бас тиймчиг чухал биш болсон. Гэхдээ нам гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодлын нэгдэл, тэрхүү үзэл бодлоороо дамжуулаад амьдарч буй нийгмээ илүү аятайхан, аюулгүй, хөгжилтэй болгохын төлөөх хэрэгсэл мөн билээ. Гэвч...
Ажилгүй хүмүүсийг ажилтай болгодог, хөрөнгөгүй хүмүүсийг хөрөнгөтэй болгодог, зарим нэг гиюүрсэн хүмүүсийг ярих яриатай болгодог газар бол нам юм. Гэхдээ монголын хувьд хэлсэн шүү, бусад оронд ямар байдгийг сайн мэдэхгүй учраас. Бас манай намууд хүнийг ажилд оруулдаг, хооллодог, амралтад амраадаг, мөнгө тараадаг, айлуудаар бичиг цаас тараалган цалинжуулдаг. Хэт туйлшруулж ойлговол нэг иймэрхүү. “Сайнтай саартайгаа сав дүүрдэг” гэгчээр ард түмний минь ядарсан, задарсан, язарсан, хорчийсон гээд бүх л давхарга, хэсгийн төлөөлөл намд бий байх. Намын өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдгийг байраар нь хааяа шагайж үзсэн хүмүүс зах зухаас нь мэдэх болов уу. Ялангуяа сонгуулийн үеэр яг л “Ажилд зуучлах товчоо” ийм байдаг болов уу гэмээр бөөн ажил эрж хайсан хүмүүсээр дүүрдэг. Хамгийн томчууд нь УИХ-ын гишүүн, ялагдвал сайд, дүүргийн засаг дарга, хорооны дарга, яамны мэргэжилтэн, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гээд хэр хэрдээ таарсан албан тушаал горьдоцгоосон, мөрөөдөцгөөсөн “ажилгүй хүмүүс”, гудамжинд “лааз өшиглөгсөд”. Уул нь үзэл бодлоороо нэгдсэн, улс эх орноо өөрчлөх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн идэвхтэй, оюунлаг хэсэг нь тэнд байдаг гээд байдаг биз дээ.
Монголын намууд “Ажил олгогч эздийн холбоо” юмуу, эсвэл “Ажилд зуучлах товчоо” юм уу? Уг нь аль ч биш. Нэг талаар манай өнөөгийн дампуу нийгмийн гажуудсан тогтолцоогоор төрийн албанд орох өөр арга ч ховордсонтой холбоотой байх. Дуулахад, зарим хүмүүс төрийн албан хаагчийн шалгалтад нь мянга тэнцээд ажилд орж чаддаггүй л гэсэн. Энэ нь нөгөө талаар нам гэдэг зүйл маань үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн цугларал гэхээсээ эрх ашгаараа сүлбэлдсэн бүлэглэл болсны шинж билээ. Намуудад маань ч хий л тунхагласан бичиг цаас байхаас тухайлсан амьдралд хэрэгжүүлэх тууштай үзэл баримтлал, чиг шугам гэдэг үнэндээ байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Барууны чиглэлийн үзэл баримтлалтай гэдэг Ардчилсан намын хувьд сүүлийн хэдэн жил хэт зүүний чиглэлийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Үнэндээ мөнгө тараах, ингэснээрээ хүмүүсийг ажил хийхгүйгээр амьдарч болохыг хамгийн их уриалан дуудагч, өөгшүүлэгч нь Ардчилсан нам болжээ. Анхнаасаа үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн бол, эхнээсээ бүсээ чангалаад зах зээлийн нийгмийн мөн чанарт таарсан хамгийн чухал эмчилгээнүүдийг эдийн засагтаа эрт хийчихсэн бол өдийд манай улс маш хол явчихсан, ардчилсан нам Монголын хамгийн том лидер намын байр сууринд баттай суучихсан додигор байх байлаа. Одоо бол баруун зүүнээ ч бүү мэд болжээ. Баримтлахгүй бол, стандарт бус шийдвэр гаргах ёстой юм бол үзэл бодол гэж байх хэрэг байгаа болов уу?
Төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх хууль гарснаас хойш одоо бүүр амар болсон доо. Ажил төрөл хийхийнхээ хажуугаар төрийн үйл хэрэгт намаар дамжуулан элдэвийн ашиг завшаан хайхгүйгээр үзэл бодол, санаа оноогоо нэмэрлэн оролцдог байсан хүмүүсийг улс төрөөс бүүр холдуулсан. “Та ажлаа, эсвэл намаа сонго” гэсэн шахалтад орсон хүмүүс мэдээж ажлаа л сонгож таарна. Тэгэхээр нам гэдэг газарт зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө зүтгэгсэдийн дээдэх ба доодохууд л цуглардаг, жинхэнэ ажилгүй хүмүүс шавдаг газар болно биз дээ.
Зүй нь аливаа мэргэжлийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг тухайн байгууллагынхаа доод түвшнээс ажиллаж ирсэн туршлагатай, мэдлэгтэй, сэтгэлтэй, дур сонирхолтой хүмүүсээс томилж байх ёстой. Гэтэл одоо зарим тохиолдолд манайд улс төрийн томилгоо нэрийн дор гадаад хэлний мэдлэггүй, өнгөлсөн гутал, индүүдсэн костюм (ядаж байхад бас 9911-тэй дугаартай) гээд ердөө хэлбэр үзүүлэгчдээр ардчилсан нийгмийн агуулгыг залж чиглүүлж байна. Ядахдаа хувийн хэвшилд ажилладаг мэдлэг боловсрол өндөр, гялалзсан залуучуудаар хариуцлагатай ажлуудыг хариуцуулдаг байвал улс эх орондоо ч хэрэгтэй баймаар. Өөрийнх нь сонирхдог мэргэжил, салбарын ажлыг биш “түр зуур” хэдхэн жил сар хийхээр ирж байгаа “зочин-албан тушаалтан” юу хийх үү? Нөгөө луйвар, хулгай, элдэв болох бүтэхгүйг л хийнэ. Вакум цонх л солино, тоног төхөөрөмж, сандал ширээ, компьютер л шинэчилнэ. Угаасаа иймэрхүү ажлуудаа “Өөдлөх айл үүднээсээ” гээд хэлдэг үгтэй, тэр үгээ л хэлнэ, хэлбэрийн төдий иймэрхүү л ажил хийнэ, зорилго нь ийм байхад элдэв хэтийн хөгжил дэвшил, сайн сайхныг тэднээс хүсдэг нь бидний л мунхагийнх. Бүгдээрээ ийм биш боловч шууд намын татаасаар орж ирж байгаа зарим нэг төрийн боловсон хүчнүүд мэргэжлийн, хамт олны, ёс суртахууны шалгуурыг давж гарч ирдэггүйгээс энэ мэт завхрал гарч байгаа нь ил зүйл.
Нам гэдэг зүйл “Ажилд зуучлах товчоо” биш ээ. Нам бол төрийн “улаан, хөх булан” мөн. Засгийн эрхийг авч бодлогоо хэрэгжүүлдэгийн хувьд бодлогын түвшинд боловсон хүчнээ нам мэдээж байршуулах ёстой, мөрийн хөтөлбөрөө нэгэн гараар тууштай хэрэгжүүлэх ч ёстой. Харин мэргэжлийн байгууллагын боловсон хүчний асуудалд хүртэл “Ажилд зуучлах товчоо”-ны үүргээр оролцоод байвал шударга ёсонд нийцэх үү? Иргэн нь төвдөө, тэр иргэд нь төрийг тулах хамгийн гол тулгуур, нам нь төрийн нэг жижиг хэсэг л байвал ямар вэ? Бүх зүйл зах зээлийн жамаараа өрнөдөг, хэв горимондоо орсон тэр нийгмийг л ард түмэн хүсдэг. Улс орны хөгжил дэвшил, ололт амжилт гээд бүх зүйл “нам засгаас” биш иргэн хүнээс өөрөөс нь хамаардаг ардчилсан тогтолцоог сонгоод хорин жил боллоо, бид.