2010-08-03
"Бөмбөгөр ногоон" улаан байсан уу?

 

Монгол улсын бүх театрын “загалмайлсан эцэг” бол “Бөмбөгөр но­гоон” хэмээх алдарт театр билээ. Энэ театр бол нүүдэлчин монголчуудыг суурин соёлд хүмүүжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан урлагийн голомт юм. Бидний бахархан ярьдаг Цагааны Цэгмид, Ичинхорлоо, Шаравдоо, Лувсаншарав, Цогзолмаа гээд алтан үеийнхэн бүгд л бөмбөгөр ногооныхон. Бөмбөгөр ногооныхон тэр үеийнхээ хамгийн сайхан залуус байсан гэдэг. Үсээ богинохон тайрч, дугуй малгай жишүүлдэсхийн тавьсан хүрээ хүүхнүүд, бүрх малгай духдуулж, урт дээлээр гоёсон харчууд бол бөмбөгөр ногооныхон. Одоогийнхоор бол одууд.

1926 онд Монголын театрын урлагт нэгэн том үйл явдал болсон нь Унгарын барилгын зураг төсөлч Иожефа Лелетагаар шинэ театрын зураг төслийг гаргуулан барилгын ажлыг удирдуулан хятад, монгол мужаануудыг дайчлан 1927 оны намар “Бөмбөгөр ногоон” театр нээлтээ хийж, Ардын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэн даргаар нь М.Дугаржавыг томилжээ. 1930-аад он хүртэл мэргэжлийн уран бүтээлчид дутагдаж мөн түүнчлэн зохиол бүтээл ховор байснаас шалтгаалан голцуу хятад зохиолоос сэдэвлэх, эсвэл хятадын ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байжээ. 1931 оноос Ардын цэнгэлдэх хүрээлэн хэмээх Бөмбөгөр ногооныг Улсын төв театр болгон өргөтгөжээ. Ингэж анхны мэргэжлийн театр байгуулагдсан билээ.

Бөмбөгөр ногоон театрыг хожим харахад томгүй байсан мэт боловч эргэдэг тайзтай, ардаа том хаалгатай, үүгээр нь “Шарай голын гурван хаан” жүжиг тоглох үед гурван морьтон орж ирэн, тайзан дээр гардаг байжээ. Энэ тухай ардын жүжигчин Л.Цогзолмаа “Манай театрын байр нэг их хүйтэн биш байсан. Ханаа дагаад пийшинтэй. Театрын хойд талд сүүлд өргөтгөл барьсан юм. Энэ үүдэнд Э.Оюун гуай орой болтол суугаад байна даа. Гэртээ ер харихгүй шүү. Театрын байр шатах үед Д.Лувсаншарав авдартай хувцаснуудыг авч шидлээд л. Яасан ч хүчтэй байсан юм. Харин дараа нь авдрыг нээж үзтэл хувцаснууд шатаагүй хэрнээ утаандаа шарлачихсан байж билээ” хэмээн ярьсан нь бий. Барилгын дулаалга нь эсгийгээр хийсэн байсан нь шатахад нөлөөлсөн гэдэг бөгөөд “Цогт тайж” монголын уран сайхны кинонд хэрэглэж байсан баатруудын хуяг дуулга, жүжигчдийн өмсгөл, хувцас, тайзны хэрэглэл сэлт цөм шатаж үгүй болжээ.

“Бөмбөгөр ногоон” театр ша­таж, тэр үеийн зарим хүмүүс шоронд орсон үнэн түүх бий. 1949 оны нэгдүгээр сарын 15-ны хагас сайн өдөр “Цогийн идэр нас” жүжиг тавигдсан үдэш шатсан гэдэг. “Анхны алхам” кинонд “Ингээд л би байдаггүй юм” хэмээх хөгжилтэй дүрээр нь бид мэдэх алдарт жүжигчин Шаравдоо гуай “Үгүй бас зүмбэрлээд сайхан шатаж байнаа” гэж хэлснээсээ болж буруутан шоронд суусан ажээ. Хүнийг дэмий хэлсэн үгээр нь хүртэл шоронд ортол нь ял тулгадаг коммунист нийгэм гэдэг энэ. Өөр олон ч хүн хар гэрт хоригдсон ажээ. Уг нь модоор барьсан, эсгий ханатай “Бөмбөгөр ногоон” цахилгаанаасаа болж шатсан бөгөөд тэр их галыг яаж ч чадалгүй бүгд гайхан харцгааж байсан гэдэг.


О.Цэвэгжав “Бөмбөгөр ногоон театр” (1942)

          Шатаж үгүй болсон энэхүү театрын хар цагаан гэрэл зураг нь байдаг бол реалист зургийн томоохон төлөөлөгч, алдарт “Азарганы ноцолдоон”-ы эзэн Очирын Цэвэгжав нэгэн судалбар зурагтаа өнгөтөөр зурж үлдээжээ. 1942 онд зурсан 19 х 29 см хэмжээтэй, зотон дээр тосон будгаар зурсан эл зураг одоо Монголын Уран Зургийн Галлерейд хадгалагдаж байна. Зураач маань мэдээж бөмбөгөр ногооныг нүдээр харж зурсан байж таараа, тэр үед тэрбээр Зураг урлалын газарт зураачаар ажиллаж байжээ.

          Зураг дээрээс харвал ногоон өнгөтэй дээврээрээ “бөмбөгөр ногоон” хэмээн нэрлэгдсэн театр улаан хүрэн дээвэртэй байх аж, зураачийн зурсан 1942 онд ийм өнгөтэй байсан юм болов уу. Энэхүү театр хотынхны соёл урлагийн тоглолт, жүжиг үзэж, наадан цэнгэлдэх бараг ганц газар нь байсан юм. “Бөмбөгөр ногоон” Сүхбаатарын талбайн хойхно одоогийн Төрийн ордны суурин дээр байх үедээ шатсан ажээ.

ХХ зууны манлай зураач, төрийн хошой шагналтан, ардын зураач Очирын Цэвэгжав нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул бөгөөд 1915 онд төржээ. Бид түүний “Азарганы ноцолдоон”, “Эхийн цагаан сэтгэл”, “Эмнэг сургагч”, “Ууланд” хэмээх бүтээлүүдийг нь сайн мэдэх билээ. Уран бүтээлээ өндөр хэмжээнд туурвиж байсан 1975 онд 60 насандаа О.Цэвэгжав өвчний учир бурхан болсон байна. О.Цэвэгжавын гэргий Д.Дамидмаа нь монголын цөөн эмэгтэй барималчийн нэг, түүхэн хүмүүсийн хөргийг бүтээж, монголоос анх удаа гадаадад үзэсгэлэн гаргаж байсан хүний нэг ажээ. Түүний долоон хүүхдээс тав нь зураач болсон байдаг бөгөөд охин Дашиймаа нь анхны мультфильм буюу монголын анхны хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байсан байна.

Алдарт зураач О.Цэвэгжавын энэхүү судалбар зураг алдарт “Бөмбөгөр ногоон” ямар хэлбэр дүрс, өнгө төрхтэй урлагийн хүрээлэн байсныг хойч үеийн бидэнд харуулж байгаагаараа түүхэн ач холбогдол, үнэ цэнэ нь оршино.

 

Бичсэн: Боролзой | цаг: 12:09 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Нөгөө сүүлд шатсан гээд байдаг мөнүүдээ...Сайхан шатаж байна шүү гэж хэлснийхээ төлөө хэн гуай нь гэлээ хөөрхий шоронд хоригдож байсан гэдэг байхаа..
Бичсэн: Зоригт ван цаг: 13:04, 2010-08-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax