2010-07-28
Зүүд гэдэг ийм...

 

          Зүүдэлж үзээгүй хүн гэж үгүй. Хүн байтугай амьтад, шувууд ч зүүдэлдэг гэнэлээ. Дэлхий дээрх бүх амьтдаас муурны зүүд хамгийн урт буюу 200 минут үргэлжилдэг бол үнээ нэг шөнийн дотор 25 минут, шампанзе 90, харин хүн 100 минут зүүдэлдэг ажээ. Зүүд нь хүний хувьд өөрөө өөртэйгөө ярилцаж байгаа нэгэн хэлбэр гэдэг. Бидний зүүдэндээ үзсэн аливаа зүйл нь бидний бодол, мэдрэмж, сонирхолтой нягт холбоотой байдаг. Хүн заримдаа хамгийн их хүссэн зүйлээ л зүүдэлдэг, хэрэв тэр хүсэл нь биелчихвэл зүүд зөнтэй хэмээн итгэцгээдэг.

Төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн мөн адил зүүдэлдэг байна. Хөнгөн нойрны үед хүн ихэвчлэн сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой тод томруун зүүд хардаг бол гүн нойрны үедээ тайван бодол санаатай холбоотой зүйл зүүдэлдэг байна. Хар дарж зүүдлэх нь тийм ч хортой зүйл биш бөгөөд бидний тархи унтаж байх үедээ бодит байдалд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаа нь тэр аж.

Испанийн алдарт зураач Сальвадор Дали өөрийнхөө зүүдийг уран бүтээлдээ ашигладаг байжээ. Ингэж зурахдаа тэрээр зургийнхаа хэрэглэлийг бэлтгэж аваад суух бөгөөд хэрвээ зураач маань үүрэглээд унтвал халбага унахаар тогтоодог байна. Ингээд халбагыг унахад цочин сэрээд дөнгөж сая зүүдэлсэн хачин сонин үзэгдлүүдийг цаас юм уу зотондоо буулгадаг байжээ.


Сальвадор Дали “Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” (1944)

          Тэрбээр яг л хүний зүүдийг нэгэн бүтээлдээ дүрслэн үлдээжээ. Үнэхээр зүүдэнд л ийм сонин тайлбарлаж болохооргүй зүйлс байдаг билээ. Бид ихэвчлэн болоод өнгөрсөн, магадгүй ирээдүйд тохиолдож болох бодитой зүйлсийг л зүүдэлдэг. Эсвэл зарим тохиолдолд дараа нь бодоход хоорондоо авцалдаагүй ч гэмээр маш өөр олон зүйлсийг бид зүүдэндээ “хардаг”. Далигийн ийм нэгэн зураг бол “Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” (Dream caused by the flight of a bee around a pomegranate a second before awakening) хэмээх бүтээл нь билээ. 1944 онд бүтээгдсэн тосон будгийн энэхүү бүтээл нь 51 х 40,5 см хэмжээтэй бөгөөд одоо Испанийн Мадрид хотын Тиссен-Борнемисагийн музейд хадгалагдаж байна.

          Далигийн бүтээлээ туурвидаг сюрреалист урсгал нь Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройдын онолоос эхтэй гэдэг бөгөөд энэ онолоор түүний бүтээлийг бас тайлбарлаж болох аж. “Магадгүй С.Дали зүүдэлж. Зүүд нь тийм ч таатай байсангүй. Тиймээс түүнд айдас төрөв. Тэгээд л тэр дээрх зургийг зурж өөрийн айдсаас салахыг оролдсон. (Зүүднээсээ айсан гэдгээ ухамсарлаагүй, айдсаа зураг болгон гадагшлуулж байгаагаа өөрөө ч мэдээгүй байж болох юм)

Архирч, довтолсон бар (зурагт амьтад дүрсэлсэн нь З.Фройдын онол ёсоор дотроо тухайн хүн айдастай явдгийг илтгэж байна), барын амнаас гарч байна уу даа гэлтэй буу нь түүн рүү чиглэжээ. Тэр айдас, аюулыг зүүдэндээ мэдрэв. Юунаас айсан юм бол? Юу түүнийг түгшүүрт байдалд оруулав? Энэ зургийг зурж байх үед дэлхийн 2-р дайны үе байсан. Иймд үхэхээс айж байсан байж болох юм. Айдаст автсан түүний биеэс хүйтэн хөлс гарсныг зурагт мөсөөр дүрсэлжээ. Нэгэнт хөлс гарсан учир мөс хүүхэн  хоёрын хооронд зайтайгаар дүрсэлжээ. Энэ хүүхэн бол мэдээж Далигийн бүтээл болгондоо зурдаг түүний хайрт Гала нь биз ээ.

Зүүдэнд аливаа зүйл бодит бус, ухамсрын урсгал маягаар дүрслэгддэг байна. Үүнийг жимснээс гарч  байгаа загас, загаснаас гарч буй бар, зургийн үндсэн дүрслэлийн цаана орших зааны хөлнөөс харж болно. Түүний зурганд заан иймэрхүү маягаар хэдэнтээ дүрслэгдсэн байдаг билээ. Ер нь зааныг хэд хэдэн удаа зурсан нь өөрийн гарал угсааг бусдад хэлээд ч байгаа  юм шиг. Учир нь заан бол дорно дахинд дээдсийн унаа болдог, С.Дали өөрөө язгууртан гаралтай хүн байсан.

          Мөн энэ зургийн тухайд урлаг судлаач Ц.Уранчимэгийн “ХХ зууны өрнөдийн урлаг” номд “Анар жимс тойрон нисч буй зөгийний тухай сэрэхийн өмнөх зүүд” бүтээлийн дүрс болгоныг ньуншиж болох мэт бодогддог нь энэ бүтээлд логик санаа байгааг тодхон гэрчилнэ. …Би хар дарж зүүдэлж байна. Зүүдэлж байгаа юм нь ялихгүй өчүүхэн зүйл, гэхдээ яг зөгий шиг дүнгэнээд, хатгаад, анар шүүстэй адил уураг тархийг минь зовоож өгнө. Анар минь задарч, жимснүүд нь бөмбөрөн унахад энэ хар дарсан зүүд намайг буу шиг цочооно, архирсан бар мэт над руу “довтолж” намайг барьж идэх нь. Уурласан заан хаа нэгтэйгээс архиран над дээгүүр алхсан мэт цээж минь давчдаж, халуун шатавч, хүйтэн хөлс асгарна. Гэвч энэ бол зөвхөн зүүд, намайг сэрэхэд хөх тэнгэр цэлийн үзэгдэж, хэдхэн хормын өмнө үзсэн зүүд маань өөр нэг ертөнц мэт, эс бөгөөс Сальвадор Далигийн эл зураг мэт санагдаж өнгөрнө. Шинэ өдөр эхэлнэ…” хэмээн өгүүлжээ.

“Аугаа хүн байхын тулд хоёр үндсэн шаардлага хангасан байх ёстой, нэгдүгээрт испани үндэстэн байна, хоёрдугаарт Сальвадор Дали гэдэг нэртэй байх ёстой” гэж омог төгөлдөр хэлсэн ХХ зууны сюрреализмын эцэг хэмээгддэг суут зураач Сальвадор Дали (бүтэн нэр нь: Salvador Domingo Felipe Jacinto Dali i Domиnech) Испанийн Каталон мужийн Фигюрес хотод 1904 оны 5 сарын 11-ны өглөөний 8.45-д мэндэлжээ. Тэрээр Мадридын уран зургийн сургуульд суралцсан боловч 1921 онд төгсөлгүй орхисон байна. Дали Мадридын “Далмау” галлерейд 1925 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, дараа нь Парис руу аялан алдарт зураач Пикассотой уулзсан байдаг.

Дали бол үнэхээр далий сэтгэдэг зураач юм. Түүний ааш араншин нь ч сонин, дүр төрх нь ч этгээд, амьдралын хэв маяг нь ч бусдаас өөр, дурлал нь ч гайхам, бүтээлийнхээ хувьд бүүр ч онцгой байдаг билээ. Түүнийг уран зургийн сюрреалист урсгалыг үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд урлаг судлаач Ц.Уранчимэгийн хэлснээр сюрреалист уран бүтээлд дараах 3 онцлог байдаг байна. Энэ нь:

1.     Сюрреалист уран бүтээлд орон зай хэзээд нууцлаг, далд утгатай, үйл явдал хаана болж байгаа нь оньсого болно.

2.     Айдсын уур амьсгал байнга оршдог ба үүнийг үхэлтэй холбож хөнддөг.

3.     Бэлгийн инстинкт (төрөлх мэдрэмж) үргэлж байдаг.

70 гарсан өвгөн зураач Дали “Би зургаан настайдаа тогооч болохыг хүсдэг байлаа. Долоон настайдаа Наполеон шиг Европыг эзлэхийг
мөрөөдсөн. Жил бүр хүсэл мөрөөдөл минь өсөн тэлсээр ирсэн” гэжээ.

Бичсэн: Боролзой | цаг: 16:21 | Будаг амилж зураг ярина
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ene hun chn van gaugh-tai negen tsagt bsan uran buteelch biz dee? aguu awiyasaa ashiglaj bayjij chdsan, harin van gaugh mash yaduu bsaar bgad uhsen
Бичсэн: eve цаг: 17:04, 2010-07-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax