2010-04-04
дахь, дах, дахи - Аль нь зөв бэ?

 

“Хоёр дахь, гурав дахь” гэх мэтээр хэрэглэгддэг “дахь”-ийг бид “дах”, “дахи” зэргээр даруй гурван янзаар бичиж байна. Одоогийн мөрдөж буй зөв бичихүйн үүднээс чухам аль нь зөв юм бол? ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д энэ үгийг “эр эгшгээр амилсан тооны нэрд залгах дэс тооны дагавар” гээд “тав дахь”, “гар дахь”, “тогоон дахь” гэх мэтээр бичнэ гэжээ.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “дахь” хэмээн бичсэн байна. 1992 онд хэвлэгдсэн Чой.Лувсанжав, Г.Гантогтох, Дарамбал нарын “Монгол бичгийн хадмал толь”-д мөн “дахь” гэж л байна. Харин Я.Цэвэлийн тольд аль ч хэлбэрээр нь энэ үгийг тайлбарлаагүй байх юм. Энэхүү “дахь” гэдэг үгийг монгол бичгээр “дахи” хэмээн бичдэг бөгөөд үүнийг нь баримтлан зарим хүмүүс “хоёр дахи” гэх мэтээр бичдэг бололтой.

Бидний буруу бичээд байгаа “дах” гэдэг нь хүйтний улиралд хувцасны гадуур үсийг нь гадагш харуулан өмсөх арьсан хувцсыг бичих хэлбэр бөгөөд монгол бичгээр “даху” хэмээн бичнэ. Бас “дахи” хэмээн бичиж байгаа нь ч буруу болох ба ёстой Арго багшийн яриад байдаг бид бүхний бүх үйл хэргийг даадаг, хийдэг гэгддэг Дахи бурхныг нь ингэж бичих байх. Зөөлний тэмдэгтэйгээр “дахь” хэмээн бичих нь одоогоор бидний баримталж буй зөв бичгийн дүрмэндээ нийцэх юм.

 

Бичсэн: Боролзой | цаг: 14:23 | Бүх нийтийн бичиг үсгийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


харин тийн, бүүр 10н жилд байхад л зөөлний тэмдэгтэй бичүүлж сургасан байхад нэлээн тооны хүмүүс "дах" гэж бичээд байдаг юм байна лээ
Бичсэн: Zurai цаг: 17:21, 2010-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax