Монголын төрөөс “тараадаг” төрийн одон медаль хэмээх хүмүүсийн сэтгэлийг татах ид шидтэй золигийн эд нэг байна шүү. Үүнийг мөн ч олон хүн тун ч олон талаас нь шүүмжиллээ, гэсэн хэдий ч коммунист нийгмийг санагалзуулсан энэ эдийг халчихаж чадалгүй та бид хорин оныг үдлээ. Энэ талаар магадгүй зуу зуун өнцгөөс нь харж шүүмжилсэн байх, гэвч энэ маргаанд өөрийн нэгэн өнцгийг нэмэрлэн энэхүү хоцрогдсон шагналын системийг халахад дуу хоолойгоо нийлүүлэн хувь нэмрээ оруулахаар шийдлээ.
Ардчилсан хувьсгалын лидер Э.Бат-Үүл маань Монгол улсын баатар, шилжилтийн хүнд хэцүү цагт шадар сайдаар ажиллаж байсан Д.Ганболд гавьяат эдийн засагч, монголчуудын нэгэн үеийг гэгээрүүлсэн Б.Баабар төрийн шагналын эзэн болцгоолоо. Эд нар маань хийсэн бүтээсэн юмтай, хожим улам хүндлэгдэж хайрлагдах гавьяатай манай цаг үеийн баатрууд билээ. Коммунист нийгмийг нураалцаж явсан эдгээр улс ийнхүү коммунист шагналынхаа эзэд болцгоосон. Гэхдээ эднийг шүүмжилж боломгүй нэг л үндэслэл байна. Шагналыг талархан хүлээн авч буй байдлаараа эд нар маань хуучин цагийн төлөөлөл биш юм аа гэхэд нээрээ яагаад ч шинэ цагийн төлөөлөл биш юм даа гэсэн нэг бодлыг төрүүлсэн шүү.
Манай залуучууд нийгмийн олон зүйлсийг шүүмжилцгээдэг. Шүүмжлэлийнх нь нэг үзүүр нь хоцрогдсон, хөгшин, зайгаа тавьж өгөх болцгоосон гэцгээн ахмадуудаа шүүмжилж байгаа харагддаг. Алдаа дутагдал, хоцрогдол, мэдлэг боловсролын хуучинсаг байдал байдаг л байх. Хэзээ нэгэн цагт өөрсдөө хөгшрөхгүй юм шиг ахмад үеэ үгүйсгэж байгаа залуучуудад би дургүй. Уг нь бид тэднийг үгүйсгэн шүүмжилж биш нөлөөлж хамтдаа өөрчлөлтийг хийх ёстой л гэж боддог. Ингэхэд залуучууд бид өөрсдөө орчин үеийн шинэлэг сэтгэлгээтэй байцгааж чадаж байгаа болов уу? Улс эх орны төлөө, “бусдын төлөө” гэж хий орилдоггүй, “өөрийн төлөө” мөртөө нийгэмдээ сайныг түгээж явдаг сайхан залуучууд зөндөө байгаа хэдий ч өнгөрсөн цаг үеийн хоцрогдолтой зууралдсан залуучууд мэр сэр байсаар л байх шиг.
Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ гээд авьяаслаг сайхан залуучууд байх. Эд бол яахын аргагүй шинэ цагийн төлөөлөл. Монголын ард түмэн тэдэнд хэнээс ч дутахгүй сайхан амьдрал, нэр төр, хөрөнгө харамгүй бэлэглэсэн. Энэ бол капиталист нийгэмд байдаг хамгийн том шагнал юм. Олдохгүйгээ хүрвэл сайхан алдар нэр ч хүсээд олдохгүй л эд. Монголын төрөөс гавьяат гэдэг цол авцгаасан тэднийг “памперстай гавьяат боллоо” ч гэх шиг, “цаг нь болоогүй байхад өглөө” ч гэх шиг, “УИХ-ын гишүүн нөхөр нь авч өглөө” ч гэх шиг, “хоолойгүй хүн авлаа” ч гэх шиг бөөн яриа болсон доо. Гэвч асуудал үүнд биш юм. Эдний царайг хараад яагаад ийм хачин юманд манай залуучууд дурлаад, үхэлдээд байдаг юм бол гэж бодох. Эдний араас ч гавьяат болохыг мөрөөдөцгөөсөн, СТА энэ тэр гэж хэлүүлэхгүй бол “үхчих” гээд байгаа бүхэл бүтэн “сүрэг” хүртэл байгаа гээд бод доо. Үүнийг хараад “манай найзууд” амьдран буй цагийнхаа өнгө аяс, утга учрыг ойлгохгүй байна даа л гэж хий харамсана. Дөчөөс доош насны залуу гэдэгт багтах хүмүүсийн хувьд коммунист шагналын төлөө үхэлдэх нь үзэл бодол, сэтгэлгээний хоцрогдол юм л гэж боддог. Бид хүний төлөө амьдраагүй, зах зээлийн нийгэм гэдэг угаасаа бодит орлогын төлөөх капиталист уралдаан болохоос хоосон уриалж лоозогнодог социалист уралдаан биш ээ.
Хүн гэдэг урмаар, хайраар амьдардаг сэтгэлийн амьтан. Хүн амжилт гаргаад түүндээ таарсан алдар хүнд, нэр төр олж шагнуулах үнэхээр сайхан байлгүй яахав. Ямар нэг заасан болзлыг хангасан, нүдэнд харагдаж гарт баригдах үйлс бүтээлтэй хүнийг тэр чиглэлээрээ мэргэшсэн төрийн бус байгууллага, сургууль соёл нь шагнахад юу нь болохгүй гэж. Хуудас цаас ч байсан шударга үнэлэмжээр хөлс хүчээрээ олсон шагнал, урамшуулал гэдэг хүнд урам өгдөг туйлын таатай эд. Шагнал гэдэг хаа ч байдаг л эд, хаа газрын хэн ч шагналд дуртай. Харин төрийн нэрээр ингэж хавтгайруулан олгоод байгаа нь хэр юм бол гэдэгт л эргэлздэг юм. Баахан л гавьяатууд, гавьяат ч гэж юу гэсэн үг юм, тэгэж яривал ямар ч хүн хэр хэрдээ таарсан гавьяатай л байдаг байх.
Нэгдүгээрт, манайд байгаа засаг төрийн шагналууд маш хоцрогдсон, коммунист утга агуулгатай шагнал юм. Бидний ерэн ондоо орхиод ирэх ёстой байсан олон зүйлсийн нэг энэ л дээ. Буцаад коммунизм руугаа л давхих гээгүй юм бол одоо хэрэггүй. Манай шагналын тогтолцоо нь коммунист нийгэмд л таарсан тогтолцоо юм. Социалист нийгэмд хүн бусдаасаа баян тарган амьдарч болдоггүй байлаа. Хүний л нийгэм хойно зарим хэсэг нь бусдаасаа тодорч товойж, манлайлж таарна. Энэ тодорсон хэсэг нь баян биш юмаа гэхэд бусдаасаа илүү нэр хүндтэй байх ёстой, тэр үеийн шагнал үүнд таарсан цаасан малгай болж байсан байх.
Хоёрдугаарт, үнэхээр шударга биш. Манайхан үүнийг нүдээ олоогүй хэмээн хэлдэг. Шагналыг яг хэнд өгөх болзол нь туйлын бүрхэг. Нутаг нугынхандаа, нэг намынхандаа, найз нөхдөдөө ч түрүүлж өгөөд байгаа юм уу, бүү мэд. Хамгийн сүүлийн жишээгээр хэрэв Н.Энхбаяр ерөнхийлөгч хэвээр байсан бол Б.Баабар, Э.Бат-Үүл нарт төрийн соёрхол болоод баатар хэзээ ч өгөхгүй байсан байх. Эсрэгээр одоогийн ерөнхийлөгч “нөгөө талынханд” ч өгөхгүй биз. Хэн шагналыг хариуцаж байна, тэр хүний үзэмжээс хамаардаг учир нөгөө шагнал тойрсон хэл ам, гомдол гутрал, талцал эндээс л эхэлдэг.
Гуравдугаарт, хүмүүсийн дунд тэгш бус харьцаа үүсгэдэг. Яг тодорхой болзол байхгүй учраас адилхан хүмүүсийн нэгийг шагнан, нөгөөг орхидог. Адилхан хийж бүтээсэн хүн эндээс бөөн гомдол тээх бөгөөд бас л ядаж адилхан шагнуулахын төлөөх тэмцэлдээн ингэж эхэлдэг. Эсвэл адил биш хүмүүсийг яг адилхан шагналаар шагнадаг. Жишээ нь, дуучин С.Жавхлан эрэмбэ илүү дуучин атал Ч.Бат-Эрдэнэтэйгээ адилхан гавьяат байх жишээтэй. Т.Баясгалан гавьяат авахад тэрнээс илүү “Камертон”-ы Болд гавьяат биш гэх мэт. Өөрөөс нь авьяас чадвар дутуу хүмүүст өгөөд өөрт нь юу ч гялтайлгаагүйд төрдөө гомдоод архинд орж үхсэн түүх ч сонсогддог.
Дөрөвдүгээрт, шагнал нь байгаад байгаа учраас л шагналын төлөөх энэ их уралдаан, уралцааныг бий болгоод байгаагаас байхгүй болчиход хүмүүсийн дунд ухаан бодол, уран бүтээлийн шударга өрсөлдөөн аяндаа тогтоно. Тэгэхгүй бол алдар нэртэй, хөрөнгө мөнгөтэй хувийн компанийн захирлууд хүртэл улсаас өгч байгаа энэ шагналд “донтох” хөдөлгөөн өрнөлөө. Ядаж байхад “ард түмний гавьяат” гээд шагналыг нэгэн төрийн бус байгууллагаас гомдогсдод өгч бас л бөөн холион бантан хутгасаар байна. Уг нь нийгэмд танигдсан, хангалттай тийм сайхан нэр хүндтэй, хөрөнгө мөнгөтэй хүнд “төмөр” хэрэггүй л баймаар.
Бүх зүйлийг туйлшруулж болохгүй л дээ, мэдээж төрөөс шагнах хэрэгтэй. Магадгүй “Чингисийн одон” гэдэг нэртэй ч юм уу ганц хоёр том шагнал байж болох юм. Цөөн өгөх учраас капиталист нийгмийн хамгийн гол хөшүүрэг болох өндөр мөнгөн урамшуулал дагах нь зүйтэй. Үүнийг үнэхээр ард түмний дунд домог болсон, маш их гавьяатай цөөхөн хүмүүст буюу бүтээлд хааяа олгодог байх хэрэгтэй. Мэдээж эрдэнэт хүний амь нас аварсан хүмүүст олгодог “Шударга журам” шиг, эх орны төлөө гэдэг утгаараа цэрэг, Онцгойгийнхныг төрөөс шагнах нь зүйтэй байх.
Тэрнээс өөрийнхөө л төлөө амьдарч байгаа хүмүүсийг “Хөдөлмөрийн баатар”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, төрөл бүрийн гавьяат, ардын цолнууд, олон хүүхэд төрүүлсэн “секси” эмээ нарт олгодог алдарт эхийн одон (үнэхээр олон хүүхэд төрүүлсэн хүнд улсаас тэтгэмж өгөх нь л хангалттай хөшүүрэг) эд нар чинь одоо үнэхээр инээдтэй сонсогдох болжээ. Дээрээс нь арай жижиг цолууд болох зах зээлийн ухагдахуунд ердөө таарахгүй соёлын тэргүүний ажилтан, ардын боловсролын тэргүүний ажилтан, Залуучуудын холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” (одоо цагийн ойлголтоор дээд сургууль төгссөн болгон сэхээтэн биш шүү дээ), “хөдөлмөрийн алдар”, “залуу үеийг асран хүмүүжүүлэгч” ч гэх шиг марзан заваан шагналуудыг бүүр устгах хэрэгтэй байна.
Өмнөх нийгмийн үед амьдраад, хөдөлмөрлөөд, тэгэж үнэлүүлээд сурчихсан дөчөөс дээш насныхныг шүүмжлэхээсээ илүү өөрийгөө шинэ үеийн хүн гэж үзэж байгаа бол, илүү сайхан шударга нийгэмд амьдрахыг хүсэж байгаа бол залуус бид шагналаас татгалзаж болохгүй гэж үү? “Өөрчлөлтийг хүсвэл тэр өөрчлөлт нь та өөрөө бай” хэмээх Махатма Гандигийн үг бий. Залуус бид өөрсдөө хоцрогдсон бодол санаатай хэвээрээ байж өмнөх үеэ шүүмжилж хий дөвчигнөөд хэрэг байна уу? Хэрвээ бид шинэ нийгэмд таарахгүй коммунист дүрмээр тоглох гээд байвал бидний нөгөө хүсээд байдаг шударга ёс, тэгш эрх, ардчиллын үнэт зүйлс хэр тогтох юм бол доо, улам л хойшилсоор байх болов уу. Хуучны элэрсэн баларсантай зууралдмаар байгаа бол залуу хүн та эх орноо өөрчлөе, хөгжүүлье, илүү сайхан шударга нийгэмд амьдаръя гээд элдэв сайхан зүйл мөрөөдөөд хэрэггүй ээ.
Капиталист нийгэмд капиталист тоглоомын дүрэм л таарах ёстой бус уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналын тогтолцоог өөрчлөх уралдаан зарласан дуулдсан, хэрэв үнэхээр өөрчилсөн шиг өөрчлөе гэж бодвол одоо энэ шагналын системийг орвонгоор нь зоригтой өөрчлөх хэрэгтэй.
Эцэст хэлэхэд, бидний үеийн залуусыг хөгшрөх үед ийм шагналаар, энэ янзаар үнэлсээр, ядуу хэвээр байсаар байвал коммунист хүмүүжилтэй хүн биш тул надад мөнгө хэрэгтэй байлгүй яахав. Ядаж л надаас өөрцгүй амьтныг шагначихвал бас л нөгөө гомдогсдын нэг болох биз. Гавьяат хэмээх нэрэнд нь биш гавьяатад сар бүр өгдөг 150 000 төгрөгийн төлөө шагнал авах гээд нэг муу ядарсан хөгшин очих байх шүү. Ирээдүй цагийнхан минь тэр үед “Энэ муу хөөрхий олон жил ажилласан юм, улс нийгмийн төлөө л амьдарсан юм” гээд тэр төмрөө надад өгөхийг бодоорой!