Академич Б.Ринчен 1959 оны 1-р сард Бээжин хотноо суух эрхэмд нэгэн захидал илгээжээ. Уг захидлыг хүлээн авагч нь Бээжингийн их сургуульд багшилж буй зочин профессор Шадавын Лувсанвандан байлаа. Энэхүү нөхөрсөг захидалд “Таны биеийг монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд илтгэх монгол эрдэмтний бүрэлдэхүүнд оруулсныг мэдэгдэе. Таны нэг илтгэлийг “Монгол хэл аялгууны учир” гэж төлөвлөсөн. Үүнд монгол хэлийг халимаг хэл, буриад хэл гэх зэргээр хуваадгийг хэлний шинжлэлийн үндэс баримт хайшаа болохыг гаргамуй. Халимаг хэл гэж Ижил, Донын их, бага дөрвөд, торгуудын аялгууг нэрлэдэг бол манай Увс, Ховдын дөрвөд, торгууд, урианхайг бас тусгай хэлтэн гэж үзэх, эсвэл орос үг олон орсноор халимаг, буриад нь тусгай хэл гэх болов уу, автономит улс болохдоо аялгуу нь хэл болдог юм уу гэж бодмоор. Тус их хуралд ирэх эрдэмтэн бүхэн монголын судлалд шинэ нээлт болох илтгэл хийх тул дэлхийн эрдэмтний сонирхол татах бөгөөд тэдний мэддэггүй зүйлээс илтгэл хийх тул Танд илтгэлийн сэдэв, хэмжээний хувьд сонгон тогтоох бүрэн бололцоо олгоё” [Цолоо, Ганбаатар, Энхжаргал, 2009, 14] гэжээ.
Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал тэр оныхоо 9-р сард Улаанбаатар хотноо одоогийн Үндэсний номын сангийн байранд болж энэхүү хурал дээр профессор Ш.Лувсанвандан алдарт “Монгол хэл аялгууны учир” илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Академич Ш.Лувсанвандан бол хэл шинжлэлийн өргөн мэдлэгтэй, монгол хэлний авиа зүй, үг зүй, хэлбэр судлал, өгүүлбэр зүй, үгийн сан, утга зүй, нэр зүй, нутгийн аялгуу, үсэг зүй зэрэг олон салбар ухааныг жигд судалсан, жинхэнэ хэл шинжлэлч хүний анхаарлаа хандуулах ёстой хамгийн чухал ажлуудыг хийсэн, өөрөө одоо судалгааны обьект болсон том эрдэмтэн билээ.
Ийнхүү тэрээр монгол хэл аялгуу, монгол хэлний түүх судлагч урьд өмнөх эрдэмтдийн шинжилгээ судалгаандаа дэвшүүлсэн саналаас дэлгэрэнгүй олон монгол хэл аялгууны талаар нэгэн шинэ ангилал хийжээ. Энэ ангиллаас өмнө монгол хэл аялгууг судалж ангилах асуудлыг голлон Орос болон Зөвлөлтийн монголч эрдэмтэд судалсаар ирсэн бөгөөд монголын өөрийн эрдэмтдээс хамгийн анх монгол хэл, аялгууг ангилсан эрдэмтэн бол Ш.Лувсанвандан гэж хэлж болно. Ш.Лувсанвандан эхлээд монгол хэл аялгууг судалж ангилсан эрдэмтдийн саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ.
А.Руднев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Н.Н.Поппе, Чингэлтэй нарын эрдэмтэд хэл аялгуунуудын адил болон ялгаатай шинж дээр тулгуурлан өөр өөрөөр ангилахдаа засаг захиргааны хуучин хуваарийг голлон харгалзжээ. Мөн харьцангуй бага судлагдсан хэл аялгуунуудыг орхигдуулсан ч байдаг байна.
Өмнөх эрдэмтдийн монгол хэлний нутгийн аялгууг ангилсан туршлагыг академич Ш.Лувсанвандан:
- “А.Руднев монгол хэл, аялгууны тухай баримт мэдээ бүрэн бүтэн болоогүй байсан учир монгол хэл, аялгууг жинхэнэ хэлний нь шинж байдлыг харгалзалгүй, гол төлөв эртний овог, аймаг, засаг захиргаагий нь баримтлан ангилсан нь илэрхий байна. Орчин цагийн монгол хэл, аялгууны байдал нь эртний монголын овог, аймгаар ялгарах газар арвин буй боловч монголын нийгмийн сүүлчийн хэдэн зуун жилийн түүхэн нөхцөл байдалтай холбогдож монгол хэл, аялгууг дан ганц овог, аймаг буюу засаг захиргааг баримтлан ангилж болохгүй болсон газар мөн арвин байна” [Лувсанвандан, 1959, 6].
- “Б.Я.Владимирцовын ингэж ангилсныг А.Рудневийн ангилсантай зэрэгцүүлэн үзвэл, Владимирцов гуай, монгол хэл аялгууны тухай үлэмж нарийн хэрэглэгдэхүүнийг үндэслэн хийсэн нь илэрхий байна. Ялангуяа монгол хэлний зарим аялгууны хоорондын харьцааг нарийн ажигласан газар арвин байна. ...Гэвч монгол хэл, аялгууг Владимирцов гуайн ингэж ангилах үед монгол хэлний олон аялгуу ялангуяа Өвөр монголын олонхи аялгууг сайн судлаагүй байсан учир Владимирцов, Өвөр монголын олон аялгууг мөн л гол төлөв овог, аймаг буюу засаг захиргааг баримтлан ангилжээ. Владимирцов гуайн энэ ангилалд Шинжаан, Хөх нуур, Ганьсу мужийн монголчуудын хэл, аялгууны тухай материал байгаагүй учраас оролцсонгүй” [Лувсанвандан, 1959, 7-8].
- Г.Д.Санжеев ангилахдаа “монгол угсаатны овог, аймгийн тархай бутархай байдал, мөн түүнийг үндэслэн тогтоосон засаг захиргаа, улс төрийн хуваарийг ихээхэн анхаарсан мэт санагдана. Гэтэл орчин цагийн монгол хэл, аялгууны байдлыг ажиглавал овог, аймаг, засаг захиргааны тархай бутархай байдлаар баримжаа болгож ангилахад тохирох газар ч байна, тохирохгүй газар ч байна. Монгор, Могол, Дагурын үг хэлийг тус тусдаа биеэ даасан хэл, Ар, Өвөр монголын олон аялгууг нэгэн монгол хэлний нутгийн аялгуу гэж үзсэн нь үнэн байдалд нийлэвч Ойрад, Буриадын үг хэлийг тус тусдаа биеэ даасан хэл гэж үзсэн нь баахан эргэлзээтэй мэт санагдана” [Лувсанвандан, 1959, 9].
- “Н.Поппегийн энэ ангилалт нь Г.Д.Санжеевын ангилсантай бараг адил бөгөөд гагцхүү халимаг аялгууг тусгаарлан салгаж долоон төрөл хэл болгожээ. Н.Поппе орчин цагийн монгол хэл аялгууг ингэж биеэ даасан долоон төрөл хэл болгон хуваахдаа ар, өвөр монголчууд бол биесээ монгол гэж нэрлэдэг учраас эдний үг хэл нь тус тусдаа биеэ даасан хэл биш, нэгэн монгол хэлний олон нутгийн аялгуу болно. Гэтэл Могол, Монгор, Дагур, Ойрад, Халимагууд биесээ монгол гэдэггүй тул тэдний үг хэл нь тус тусдаа биеэ даасан хэл болно гэж үзсэн байна” [Лувсанвандан, 1959, 11].
- “Үүний урьд монгол хэл аялгууг туршин ангилсан хүмүүсийн гарт Дундад улсын доторхи монгол угсаатны хэл аялгууны тухай ийм арвин их хэрэглэгдэхүүн байсангүй. Энэ учраас нөхөр Чингилтэйн ангилалт илүү нарийн байх нь аргагүй ажээ. Чингээд нөхөр Чингилтэй, монгол хэл аялгууг дан ганц овог, аймаг буюу засаг захиргаагий нь баримтлалгүй, юуны өмнө хэлний шинж буюу аль зэрэг харилцан нэвтрэлцэж чадах эсэхийг нь ихээхэн анхаарч ангилсан учир, монгол хэл аялгууны өнөөдрийн бодит байдлыг илүү нарийн тусгаж чадсан байна. Г.Д.Санжеев, Н.Поппе хоёрын биеэ даасан төрөл хэл гэж үзсэн ойрад ба барга буриадын үг хэлийг нөхөр Чингилтэй монгол хэлний салбар аялгуу гэж үзжээ” [Лувсанвандан, 1959, 15].
гэх мэтээр үнэлж дүгнээд, өөрийн өвөрмөц саналыг дэвшүүлсэн нь:
“Аль нэгэн ястан, үндэстний төвлөрсөн улс төр задравч хэрэв улс төр, соёл, эдийн засгийн талаар байнгын холбоотой байвал тэдний хэл аялгуу заавал задарч, тус тусдаа биеэ даасан төрөл хэл болох албагүй юм. Монголын эзэнт гүрэн задарсны дараагаар Афганистаны моголууд, мөн Ганьсу мужийн монгорууд, төв монголчуудаасаа улс төр, соёл, эдийн засгийн талаар бүрмөсөн тасарсан боловч ар, өвөр монголчууд, мөн ойрд, буриад монголчууд бие биеэсээ ингэж бүх талаар тасарсангүй учраас тэдний хэл аялгуу ч мөн тус тусдаа биеэ даасан төрөл хэл болон хөгжсөнгүй, нэгэн монгол хэлний салбар аялгуу, аман аялгуу хэвээр үлджээ... Түүнчлэн Хөхнуур, Эзнэ гол, Альшаагийн монголчуудын үг хэл нь гарлаараа ойрад аялгуу боловч одоо төв аялгуу руу хэлбийж, завсрын аман аялгуу болжээ. Мөн барга буриад нь халх-буриадын завсрын аман аялгуу юм…” гээд
“Монгол хэл:
Өрнөд аялгуу: Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим)
Умард аялгуу: Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад бүгд (300 000 орчим)
Төв аялгуу: Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим)
Дорнод аялгуу: Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим)
Төв, өрнөдийн завсрын аман аялгуу: Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Ховдын ойрдын аман аялгууТөв, умардын завсрын аман аялгуу: Сэлэнгийн аман аялгуу, баргын аман аялгууТөв, дорнодын завсрын аман аялгуу: Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялгуу”хэмээн, эдгээр аялгуутны өөр хоорондоо хэрхэн харилцан нэвтрэлцэж байгаагаар нь баримжаа болгож, монгол угсаатны түүх нийгмийн хөгжилтэй холбон тайлбарлаж, хилийн цаана орших ойрд, буриад, өвөрмонголчуудын хэлэлцэх аялгууг нийтэд нь хамарч ангилсан байна. [Батзаяа, 2007, 14]
Хамгийн гол нь олон нутгийн аялгууг ангилахдаа Ш.Лувсанвандан юуны өмнө хэлний шинж буюу авиа зүй, үгийн сангийн онцлогийг үндэс болгосон нь судалгаа шинжилгээний шинэ дэг, аргачлал болжээ.
Мөн монгол хэл аялгуунуудыг “төв аялгуу, дорнод аялгуу, өрнөд аялгуу, умард аялгуу” гэсэн дөрвөн үндсэн аялгуу (Аялгуу гэдэг нь хэлнийхээ шинжээр ноцтой ялгавар байхгүй, харилцан өчүүхэн ч саадгүй нэвтрэлцэх бүлэг хүмүүсийн үг хэл болно. Монгол хэлний төв, дорнод, өрнөд, умард аялгуунууд өөр хоорондоо нөгөө нутгийн аялгуунаасаа хэлнийхээ шинжээр мэдэгдэхүйц ялгарна)-нд хуваан үзэхдээ, аялгуу тус бүрд багтах аман аялгуу (Аман аялгуу гэдэг нь хэлнийхээ шинжээр ерийн хэлэлцэхэд ялгавар байхгүй, нэг нутгийн бүлэг хүмүүсийн үг хэл болно), салбар аман аялгуу (Салбар аман аялгуу гэдэг нь нэгэн аман аялгууны дотор багтавч хааяа авиа зүй, үгсийн сангийнхаа талаар гол олонхоосоо өчүүхэн ялгарах нэг нутгийн бүлэг хүмүүсийн үг хэлийг хэлдэг ажээ), тэдгээрийн завсрын шинжтэй аялгуу гэж ангилжээ.
Жишээлбэл: Төв халхын аман аялгуу нь дотроо:
Төв халхын салбар аман аялгуу,Говийн халхын салбар аман аялгуу,Өвөрхангайн Арвайхээрийн салбар аман аялгуу гэх мэтээр хувааж үзсэн байна.Ийнхүү “Орчин цагийн монгол хэлний олон нутгийн аялгуу, аман аялгууг ангилахад юуны өмнө хэлний нь шинж буюу өөрөөр хэлбэл авиа зүй, хэл зүй, үгсийн сангийн нь онцлогийг үндэс болгож аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу гэж гурван зэрэг болгон хуваавал тохиромжтой мэт санагдана” [Лувсанвандан, 1959, 26] гэсэн онолын үндэслэлд тулгуурлан монгол хэл, аялгууны ангиллыг тогтоосон нь дэлхийн монголч эрдэмтдийн анхаарлыг татсан санал болжээ.
Энэ өгүүллийн өөр нэгэн шинэ санал бол монгол хэлний Төв, Дорнод, Өрнөд, Умард дөрвөн аялгууны завсрын шинжтэй аман аялгууг тодорхойлжээ. Энэ нь:
1. “Төв (Халх, Цахар, Ордос) аялгуу ба дорнод (Хорчин, Харчин) аман аялгуу хоёрын завсрын аман аялгуунууд нь хорчин, баарины аман аялгуу, онигуд наймны аман аялгуу.
2. Төв (Халх, Цахар, Ордос) аялгуу ба өмнөд аялгууны завсрын аман аялгуу нь Альшаа, Эзнээ голын ойрдын аман аялгуу, Ховдын ойрдын аман аялгуу.
3. Төв ба Умард аялгууны завсрын аман аялгуунд: Сэлэнгэ нутгийн Буриад аман аялгуу, барга аман аялгуу эдгээр болно” [Цолоо, Ганбаатар, Энхжаргал, 2009, 16].
Ш.Лувсанвандан энэ ангиллынхаа тухай тодорхойлохдоо төв аялгууг дорнод аялгуутай, өрнөд аялгуутай, умард аялгуутай тус тус харьцуулсан байна.
Ер нь олон нутгийн аялгууг ангилахдаа зөвхөн хэл, аялгууны хэлний үндсэн онцлогийг баримтлах, эсвэл засаг захиргаа, газар зүйн хуваарийг харгалзах, заримдаа үсэг бичгийн хэрэглээг баримтлах, мөн энэ хоёр чиглэлийн аль алиныг баримтлах зэрэг аргууд байдаг байна. Ш.Лувсанвандан монгол хэлний олон аялгууг ангилахдаа хамгийн гол нь хэлний шинж буюу авиа зүй, хэл зүй, үгийн сангийн нь онцлогийг гол үндэс болгон аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу гэсэн гурван зэрэг болгон хувааснаараа ялгардаг юм.
Энэхүү ангилал нь доктор О.Самбуудоржийн ажигласнаар “Ш.Лувсанвандан гуайн саналыг бид энгийн нэг санал гэж хэлэх нь гэнэн хэрэг бөгөөд судлаач ар, өвөр, буриад монголд багшийн ажил хийж, ар, өвөр, баруун, зүүн нийт монголчуудтай олон жил харилцаж, ярилцаж ирсэн ажиглалт, туршлага, судалгааныхаа үр дүнд монгол хэл, аялгууны онцлог байдлыг сайтар танин мэдэж ангилсан ангилал бол” [Самбуудорж, 2005, 4]-жээ. Тус судалгааны бүтээл тэр дороо л дотоодод төдийгүй гадаадад судалгааны эргэлтэд орсон нь 1960 онд Бээжингийн их сургуулийн Эрдэм шинжилгээний бичигт хятад хэлээр, 1961 онд монгол эх болон хятад орчуулгаас нь харж Японы Осакагийн Гадаад хэлний их сургуулийн профессор Г.Абемацу япон хэлээр тус тус нийтэлснээр нотлогддог юм.
Эцэст дүгнэн хэлэхэд, энэ бүтээлийн хамгийн ололттой зүйл буюу бидний ойлгож авах хамгийн гол зүйлийг дараах байдлаар томьёолж болох юм:
Ш.Лувсанвандангийн “Орчин цагийн монгол хэлний олон нутгийн аялгуу, аман аялгууг ангилахад юуны өмнө хэлний шинж буюу өөрөөр хэлбэл авиа зүй, хэл зүй, үгсийн сангийн онцлогийг үндэс болгож аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу гэж ...хуваавал тохиромжтой мэт санагдана” хэмээн хэлснээр энэ ангилал нь засаг захиргааны хуваарийг голлон анхаараагүй харин хэлний онцлогийг чухалчилсан ангилал болсон.Монгол хэл аялгууг аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу гэж 3 зэрэгт хувааж авч үзсэнээрээ өмнөх судалгаанаасаа дэвшилттэй болсон.Төв, Дорнод, Өрнөд, Умард дөрвөн аялгууны завсрын шинжтэй аман аялгуунуудыг тодорхойлсон.Ш.Лувсанванданы өөрийнх нь хэлснээр “...монгол утга зохиолын хэл ба бичиг үсгийн ажлыг цаашид сайжруулах, бага, дунд, дээд сургуульд монгол хэл бичиг заан сургах зэрэг ажилд нэгэн адил чухал” [Лувсанвандан, 1959, 4] буюу сургалтын практик ач холбогдолтой болсон.Дараа дараа үеийнхээ судлаачдад энэ талаарх судалгааны чиг баримжаа болж өгсөн.Урьдах ангиллуудаасаа илүү бодитой ангилал болж чадсан.
Ном зүй
[Батзаяа, 2007] – Батзаяа.Г, “Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” Ph.D горилсон диссертаци, УБ 2007
[Баянсан, Одонтөр, 1995] – Баянсан.Ж, Одонтөр.Ш, Хэл шинжлэлийн нэр томъёоны зүйлчилсэн тайлбар толь, УБ 1995
[Болд, 2006] – Болд.Л, “Монгол улс дахь нутгийн аялгуу судлалын тойм”, Монгол хэл шинжлэлийн асуудалд, УБ 2006, х 99-117
[Лувсанвандан, 1959] – Лувсанвандан, Монгол хэл аялгууны учир, УБ 1959
[Пүрэвжав, 2005] - Пүрэвжав.Э, Эх хэлээ эрхэмлэн судлаач Лу багш, Монгол хэл шинжлэл, Tom YIII (XXX), УБ 2005, х 43-50
[Самбуудорж, 2005] – Самбуудорж.О, Хашимото.М, Тод монгол үсгийн бичгийн хэлний тойм, Осака 2005
[Цолоо, Ганбаатар, Энхжаргал, 2009] – Цолоо.Ж, Ганбаатар.Ж, Энхжаргал.С, Монгол хэлний нутгийн аялгуу судлал, “Монгол улсын шинжлэх ухаан-108 боть” цувралын XI боть, УБ 2009
Abstract
Academician Sh.Luvsanvandan is a great scientist who studied many sub-fields of linguistics such as Mongolian phonetics, phonology, morphology, syntax, lexicology, semantics, dialects and orthography equably.
He presented about a new classification of Mongolian language and dialects that is better and more significant than the classification of previous other Mongolists and scientists in the 1st International conference of Mongolists in 1959. Sh.Luvsanvandan made a new rule and method of research work as emphasizing characteristics of phonetics and lexicology to classify many dialects of Mongolian language. Also his classification could be more embodied than previous classifications.
P.S: МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль дээр 2010.01.28-нд болсон “Ш.Лувсанванданы эрдэм ухаан судлал” сэдэвт докторантын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт тавьсан илтгэл.