2010-02-08
Хөдөө хэмээх "цөллөг"

Лоохууз, Нямбуу гээд соц нийгмийн үеийн төрд адлагдсан хэдэн хүмүүс байлаа. Тэр үед хөдөөгүүр тэдний эсэргүү хэргийг таниулах хурал хийж байжээ. Тэгтэл нэг малчин “Төр засгийнхаа эсрэг ийм муухай юм хийсэн хүнийг тэгээд яаж шийтгэдэг хэрэг вэ?” гэж асууж орхив. “Нөхөр Лоохуузыг малчин болгосон...” гэсэн хариуг сонсоод “Үгүй хүү минь, би хэдэн үеэрээ мал маллаж байгаа юмсан. Төр засагтаа ямар гэмт хэрэг хийчихсэн юм болоо?” хэмээн хөөрхий малчин өрөвдөлтэйеэ асуусан гэдэг.

Үнэндээ тэднийгээ бид нэг иймэрхүү маягаар л үнэлсээр ирж дээ. Малчин гэдэг нь нэг л төрлийн мэргэжил, тэгээд ч монголчууд бид угаасаа малчин удмын нүүдэлчдийн үр сад билээ. Хэдий бид нүүдэлчид ч гэлээ өнгөрсөн зууны эхнээс жинхэнэ утгаараа төвлөрсөөр ихэнх нь суурин амьдралыг эрхэмлэх болцгоосон. Гэсэн мөртөө хуучин дэглэмийн үед хот руу түрэх энэ их давалгааг зогсоохоор коммунист маягаар шийдэх гэж мөн ч их үйлээ үзсэн дээ. Цаасан малгай өмсгөж хөдөө илгээнэ, гоё үгээр хуурч ажилчин ангийн эгнээнд элсүүлнэ, хөөргөж атар руу хатаана, харин хотод өөрсдөө коммунизм байгуулна...

Ерэн он гарлаа, байдал өөр боллоо. Угаасаа зохиомол байсан суурьшлын бүтэц эвдэрлээ, амьдралын хэв маяг ч их өөр боллоо, буцаад л хот руу нүүцгээж эхэллээ. Өөрөөр хэлбэл хөдөөнийхөн маань “цөллөг”-өөс мултарцгааж эхэлсэн юм. Монгол улсын иргэн оршин суух газраа өөрсдөө сонгох эрхтэй. Гэхдээ одоо ч гэсэн “цөллөг”-өөсөө бүрэн ангижраагүй л байна. Учир юун хэмээвэл одоогийн засаг захиргааны амьдралд нийцээгүй, зохиомол бүтэц саад болсоор л байх шиг. Монгол улс маань хорин нэгэн аймагтай, аймаг болгон хорь орчим сумтай, суманд бас цаашаагаа хэдэн ч баг байдаг юм, бүү мэд. Сум болгонд л нэг машин унасан дарга, гэхдээ бас ганцхан дарга байхгүй гэж байгаа шүү. Бөөн дэмий зардал.

Сум суманд л хоригдсон хэдэн хүмүүс, төрийн албаа дагасан цөөхөн хэд нь ажилтай, тэр төрийн алба нь ч бараг зохиомол зүйл шахуу, сумын засаг дарга байхгүй боллоо гээд тэнд байгаа ард иргэд хэцүүдэх нь юу л бол. Сумын төвд нь хотынхонд дандаа ажилгүй, анхиагүй хэмээн доромжлуулдаг хөөрхий хэдэн хүмүүс байх, үнэндээ суманд хийх ажил байхгүй юм чинь. Яг хөдөөнөө байдаг малчдын хувьд бол өөр л дөө, ёстой л мэргэжлээрээ ажиллаж байгаа, аз жаргалаа мэдэрцгээсэн улс болов уу. Мал маллах одоо цагийн хэлээр нэг төрлийн бизнес юм. “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гэж шүлэг байдаг. Гэхдээ л малчдын хувьд бэлчээр хомсдож цөлжилт ихэссэн энэ цагт дураараа нүүх нутаг байхгүй, сүүлийн үед өөр сумын нутагт аргагүйн эрхээр өвс усаа даган нүүж ороод бэлчээрээ булаалдаж бөөн зодоон болсоор байгаа нь их дуулдах боллоо.

          Хөдөө бол үнэхээр сайхан л даа, гэхдээ очиж амрах талаасаа шүү. Зун бүр л хотынхон хөгшин залуугүй хөдөө очиж сайхан айраг цагаа ууж, цэвэр агаар амьсгалж амарцгаах. Хотоос очсон зарим хүмүүс хөдөөгийнхөн нутгаа орхиж эзгүйрснийг хараад нэг их харамсацгаана. Эцэг өвгөдийн энэ сайхан нутгаа залуучууд маань яагаад орхицгооно вэ хэмээн шогширцгооно. Гэтэл өөрсдөө олон жилийн өмнө энэ нутгаасаа “зугтаж”, илүү сайхан амьдрал хайн хот бараадсан хүмүүс шүү дээ. Хот руу амьдралаа дээшлүүлэхээр, үр хүүхдээ соёл боловсролд ойртуулахаар, ажилд орцгоохоор ирж байгаа тэднийг буруутгаж хэзээ ч болохгүй. Хөөрхий хөдөөнийхөн биднийг зун очиход маань зугаацуулах гэж тэнд зовж амьдарцгаах ёстой гэж үү. Манай сайд дарга нар ч гэсэндээ, нэг л их малчиддаа хайртай, хотоор нэг нутаг усаа дуулж гиюүрцгээсэн улс. Харин өөрсдөө бол тэнд очоод амьдарч яг л харагдана даа.

Яагаад ч юм хөдөөнийхнийг энэ талаас нь харахаар өрөвдөөд байдаг юм. Хотынхон нь болохоор тэднийг хотод ирж утаагаар утлаа, зам түгжлээ, зохиолын дуучид ч энэ муу хөдөөнийхнөөс болж ихэслээ, хэрэг төвөг их гарах боллоо хэмээн доромжилно, дээрэлхэнэ, ад үзэцгээнэ. Хотоо буруу тийшээ хөгжүүлээд байгаа хотынхны л буруу болохоос ирж байгаа тэдний маань буруу байхгүй ээ. Яг үнэндээ бол унаган хотын гэгдээд байгаа хүмүүс маань тэднээсээ дээрдэх хотын соёлтой юм юу ч байхгүй, адилхан л машины цонхоороо тамхины иш, ундааны шилээ чулуудацгааж, гудамж талбайгаа бохирлон ил задгай бие засаж, нус цэрээ эрээ цээргүй хаяцгаана. Угаасаа ч хотод нь бие засах газар, хогийн сав байхгүй шахуу хойно өөр аргагүй ч юм шиг.

          Хөдөөнөөс хотод ирж сураад тэгээд хотдоо сайхан ажиллаж амьдарч байгаа найзуудаа харахаар тэдэнд баяр хүргэмээр санагддаг юм. Тэдний маань ихэнх нь сургуулиа төгсөөд хөдөө явалгүй хотод үлдэцгээдэг. Хөдөө хэмээх цөллөгөөс хичээл сурлагынхаа сайнаар, өөрсдийн хичээл зүтгэлээр мултарч чадсанд нь талархмаар. Цаашид ч хөдөөийхөн бүр олноороо хотод ирж суурьшицгаана, аяндаа сумын төв бол эзгүй болох тийшээ л хандах байх.

          Тэгэхээр хөдөөгийнхнөө аваръя, түр зуур биш бүүр үүрд аваръя. Өөрөөр хэлбэл төвлөрцгөөе, амьдралынх нь хэв маягийг өөрчилцгөөе. Сум гэдэг засаг захиргааны нэгжийг үгүй болгоё. Яг одоогийн аймаг гэсэн бүтэц нь хэвээрээ байг, дотроо харин олон суманд хуваагддаггүй болъё. Аймгийн төвүүдийг том хотууд болгоё, том хотуудаа мянганы замаараа холбоё. Хотоо тойрч зах зээлээ бараадан малчид маань ёстой нэг дураараа нүүж амьдарцгааг. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдэг үг бий, яг нэг газраа төвлөрөл их болвол адаглаад талх авах зах зээл нэмэгдэнэ, өөрөөр хэлбэл талх идэх амны тоо ихсэнэ, нэгнийх нь бизнес нөгөөхөө дэмжээд босоод ирнэ. Суманд талх, гутал, хувцасны гээд ямар ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд хэр өргөжихөв, яваандаа дампуурах тал руугаа л “хөгжих” болов уу.

Мэдээж хар замаа, эсвэл уул уурхай, газар тариалан, зах зээлээ дагасан тосгонууд жамаараа үүсэцгээнэ. Ингэж зах зээлийн өөрийнхөө жамаар үүсэх суурин газруудаа харин дэмжье. Өөрөөр хэлбэл хот нь хот шиг хот, хөдөө нь хөдөө шиг хөдөө байя. Хүүхдүүд нь ч том төвлөрсөн газраа хамгийн сайн боловсролыг олог. Хөдөөгийн жижиг суманд хэдхэн хүүхэд мэргэжлийн бус шахуу багшаар хичээл заалгахын оронд суурин газар дотуур байранд амьдран тохилог, соёлдоо ойр орчинд боловсрол олвол жинхэнэ утгаараа хүүхэд хөгжинө. Зуны цагт нүүдлийн хэлбэрээр албан бус боловсролыг ч олгож болох юм.

Холбоо харилцаа, техник технологи сайжирсан энэ үед эмнэлгийн үйлчилгээ ч төвлөрсөн том газраа байвал дээр. Малчдын гар утсаараа өгсөн түргэн тусламжийн дуудлагыг жижиг нисдэг тэргээр очоод аваад ирж яагаад болохгүй гэж. Жаран есөөр өвчтэй хүнийг сэгсчүүлэн сумын дэд бүтэц, тоног төхөөрөмж тааруу эмнэлэг рүү зөөх нь бараг өвчнийг нь хүндрүүлэх бус уу.

          Одоо бидний мэдэж байгаа засаг захиргааны хуваарийг өөрчлөх санал нь Сэцэн хан, Алтай хан, Сайн ноён хан, Тvшээт хан гэсэн нэртэй ердөө 4-хөн том аймагтай болъё гэсэн санал байна. Тэгээд одоогийн сумын төвүүдийг цөөлж 68 сум буюу хошуутай байхаар заажээ. Ямар ч байсан тэр олон аймаг, сумыг цөөлж захиргааны дэмий үрэлгэн зардлыг хэмнэх давуу талтай энэ саналыг дэмжүүштэй. Гэхдээ л энэ санал бас л нэг тийм зохиомол, хүчээр тулгасан, амьдралын жамаас тасархай юм шиг санагдана. Ядаж л манай улс дотор казак гээд эртний түүхтэй үндэстний нэг хэсэг амьдран сууж байна. Тэд маань ч монголчуудтайгаа нийлэн нэг том аймагт оръё гэх болов уу даа. Их үндэстнийг соёлтой нь, үзэл бодолтой нь, ёс заншилтай нь, хүсэл эрмэлзлэлтэй нь хүндэтгэх ёстой болов уу.

Тэгээд ч хотынхон, Увсынхан, Булганыхан, Архангайнхан гээд нутаг усаараа бахархах, нутгархах үзэл, ондоошил нэгэнт тогтсон байна. Заавал үүнийг алга болгох хэрэг байна уу. Манайхан л хэт шүүмжлээд байгаагаас нутгархах үзэл хаа ч байдаг зүйл. Алдарт “Манчэстэр Юнайтэд”, “Чэлси” гээд английн хөл бөмбөгийн фэнүүд чинь ердөө л нутгархах үзлийн нэг илрэл болохоос өөр юу ч биш. Хүн болон амьтанд угаасаа л төрсөн газар, угаасан ус нь л таалагддаг нэг тийм юм байна. Нөгөө агуу Германы Кёлн хотынхон нь л гэхэд хажуу дахь Дюсселдорфынхоо шар айргийг уухгүй л гэдэг юм билээ. Монголчууд л жалга довны үзэлтэй гээд байдаг нь бидний нөгөө л өөрсдийгөө доошоо хийх араншин нь юм даа.

Бүүр цаашилбал алсдаа улсынхаа нийслэлийг Хар хорин руу нүүлгэе. Тэнд жинхэнэ нийслэл шиг нийслэлтэй болъё, зэрэгцээд Улаанбаатар гээд нэг том хот байж л байг. Мэдээж одоо биш олон жилийн дараах төлөвлөгөө шүү, магадгүй 50 жилийн дараа. Тэр сайхан хотын жинхэнэ соёлтой, боловсролтой, иргэншсэн оршин суугчид нь бид биш ирээдүй цагийн эзэд маань байг!

Бид л гэхээрээ бусад улс орноос дорой, өнөө маргаашаа аргацаасан, яг одоо л амьдарч байгаа хүмүүс нь юу байгаагаа хамж идээд дуусацгаах ийм ядарсан бодлоготой улс байж яавч таарахгүй ээ. Монгол улс маань цаашдаа үеийн үед, үрийн үрд мянга мянган жил орших агуу их ирээдүйтэй улс байх ёстой!

Бичсэн: Боролзой | цаг: 12:27 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


2
Сум болоод багийн засаг дарга нар гэж энд тэндхий мөнгө сайхан хувааж идсэн нөхдүүд байдгийшдээ угаасаа. Манай Бүрэнгийн засаг дарга эд нар нь юу ч хийдгийн бүү мэд. Багийн дарга Баяраа гэж хүн бий. Миний ухаан орохын л бараг арван хэдэн жил багийн дарга хийж байгаа боловч өөрийх нь л амьдрал дээшлээд өрөвдмөөр хэдэн малчдых нь амьдрал дээшилдгүй харин ч уруудсаар...Тэгсэн мөртлөө юу гэнэ вээ дүү мүү нь цуг идэцгээдэг мөртлөө хүүхэд нь сургуульд нэн ядуу гэсэн тодорхойлолттойгоор сурдаг гэж байгаамдаа...Арай дэндүү юмаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 14:02, 2010-02-18 | Холбоос | |


1
Цөллөг гэснээс манай аавыг Өнжүүл сумын сургуульд сурдаг байхад Уулын улаан Раднаа гэж саяын сонгуулиар чингэлтэй дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшшж байсан Бурмаагийн аав нь хөөрхий цөлөгдөж хөдөөгийн нэгэн жижигхэн сумын сургуульд очиж байсан гэдэг юм...
Бичсэн: Зоригт ван цаг: 13:56, 2010-02-18 | Холбоос | |


ih hyalbar sedviig ih sain ergetsuulj bichsen bna. Taalagdlaa
Бичсэн: Зочин цаг: 14:58, 2010-02-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax